| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01443/И |
| Дугаар | 1453 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01443/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг,*** банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, *** 3 тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Ц*** Г*** ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, *** * тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Х*** М*** нарт холбогдох
47.607.210.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*** банкны Дархан салбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн П*** овогтой Г*** , Ш**овогтой М*** нар нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ, *** тоот Ипотекийн гэрээг*** банктай байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр*** банк нь иргэн П.Г*** , Ш.М*** нарт 49.000.000 /дөчин есөн сая/ төгрөгийг Орон сууцны жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлдүүлсэн болно.
Зээлийн гэрээний 3 дугаар заалтын 3.1-д зааснаар Зээлдэгч буюу иргэн П.Г*** , Ш.М*** нар нь зээлийн гэрээний Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.
Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлт хоцроож байсан бөгөөд зээлдэгчтэй удаа дараа холбогдоход зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар байна. Өнөөдрийн байдлаар буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч П.Г*** , Ш.М*** нар нь зээлийн үндсэн төлбөр 512.321.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.480.715.58 төгрөгийг төлөөгүй байна. Иймд иргэн П.Г*** , Ш.М*** нартай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 45.975.007.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.630.207.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.995.90 төгрөг, нийт 47.607.210.18 төгрөг, мөн 395.986.05 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг иргэн П.Г*** , Ш.М*** нараас гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.М*** , П.Г*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн П*** овогтой Г*** , Ш*** овогтой М*** бид нар 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр*** банктай орон сууцны зээлийн гэрээ хийж 49.000.000 /дөчин есөн сая/ төгрөгийг жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан юм. “Дархан-Төмөрлөг” ТӨХК-д ажиллаж байх хугацаандаа зээлээ цаг тухайд нь төлж байсан. Хүндэтгэх шалтгааны улмаас ажлаасаа 2015 оны 09 сард халагдсан. Түүнээс хойш ажилгүй байсан учраас цаг хугацаанд нь төлж чадаагүй. Хувийн байгууллагад ажилласан боловч цалин мөнгө авч чадахгүй байсан. Саяхнаас Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод нүүрс тээвэрлэдэг том тэрэг барьж байгаа.*** банкинд зээлийн эргэн төлөлтөө үүнээс хойш хугацаанд төлж байж болно. Урьд саруудын үлдэгдэл зээлийн үндсэн төлбөр 512.321.73 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 1.480.715.58 төгрөгийг 2016 оны дотор хуваан төлж барагдуулах боломжтой тул энэхүү хүсэлтийг минь харгалзан*** банкинд уламжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч П.Г*** , Ш.М*** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 47 607 210,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь урт хугацаатай зээл тул зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч*** банкны Дархан-Уул аймаг дахь салбартай хариуцагч П.:Г*** , Ш.М*** нар нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр *** дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 49 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай байгуулж, Ипотекийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р баг, 21-р хороолол, 14-р байр, 83 тоот 40,8 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд Орон сууц зээлээр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. / хх- ийн 10-21/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар гэрээг цуцлахад үүргийн зөрчлөөс гадна үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, тогтоосон хугацаанд үр дүн гараагүй байх, эсвэл урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх журмыг гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлийн нэг байхыг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч*** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч П.Г*** , Ш.М*** нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийг зөрчиж байсан тул удаа дараа мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа... 2016 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар хариуцагч П.Г*** , Ш.М*** нар нь зээлийн үндсэн төлбөр 512 321,73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 480 715,58 төгрөг төлөөгүй гэсэн бөгөөд энэ зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д “үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй” гэсэн хуулийн заалтад нийцэж байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулгад гэрээг цуцлах хүртэлх зээлийн үүрэг байгаа тул 2016 оны 9 дүгээр сарын 09-нийг хүртэлх үүрэг 1 480 715,58 төгрөгөөс нэхэмжлэл гаргасны дараа зээлдэгчийн 2016.10.25-нд төлсөн 409 000 төгрөгийг хасч тооцоход 1 071 715 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс гэрээ цуцлах, төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г*** , Ш.М*** нараас 1 071 715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, 46 535 495 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 395 986 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 30271 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА