Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 583

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2020         3         31                                    2020/ШЦТ/583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гт холбогдох эрүүгийн 1906 07308 0721 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Г.    

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хардалтын улмаас хамтран амьдрагч Б.Үүрийнтуяагийн толгойд цохин, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 07308 0721 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Л.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23:00 цагийн үед хамтран амьдрагч Л.Г бид 2 хамт ажилладаг Батсайхан, үеэл нь гэх Бааска, Идэрмаа нарын хамт Сансарын тунелын дээр байх караокед орж 0.75 граммын нэг шил архи хувааж ууцгаасан. 02:00 цагт архи дуусах үед Л.Г, Батсайхан, Бааска 3 хоорондоо муудалцаад гадаа гарч хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би их согтсон байсан болохоор нэг сэрэхэд миний нүүр хавдсан хамар хавдаж хөндүүр болсон байсан. Хамтран амьдрагч Л.Г намайг Батсайхантай хардаад караоке дотор үснээс зулгааж нүүр рүү өшиглөөд байсан гэж найз эмэгтэй болох Идэрмаа сүүлд нь хэлсэн. Би 02:55 цагт би сэргээд такси барьж баруун салаанд байх ээжийндээ очсон. Би Л.Г руу залгахад “чи муу Батсайхантай явалдаад байгаа юм байна, сайхан явалдаарай” гээд хардаад орилоод байсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 12/,

 

Гэрч М.Идэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... тэгээд манай найз Л.Г, Үүрийнтуяа нар нь хоорондоо утсан дээр ирсэн чатнаас болоод хардалтын улмаас маргалдсан. Тэгээд маргалдаад байхаар нь бид нар тарцгаая гээд гарсан. Тэгээд бөөнөөрөө такси бариад явж байтал тунелын автобусны буудлын доод талд машин дотор Үүрээгийн үснээс Л.Г хальт зулгаасан. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад байхаар нь таксины жолооч зогссон. Батсайхан таксины мөнгийг нь өгөөд би машинд үлдээсэн утас хувцас гэх зүйлийг нь аваад Үүрээ Л.Г хоёрын араас очсон. Намайг очих хооронд тэр хоёр хоорондоо барилцаж авсан байсан. Тэгээд намайг очих хооронд Үүрийнтуяа түрүүлээд такси бариад ганцаараа явсан. Хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тэгээд Л.Г над дээр ирээд өөрийнхөө утсыг аваад гэртээ харьлаа гээд явсан, Батсайхан бид хоёр гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 14326 дугаартай:

 Б.Үүрийнтуяагийн биед тархи доргилт, хамрын нуруу, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 33/,

 

Шүүгдэгч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би эхнэр Б.Үүрийнтуяагийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гутлын жижиг үйлдвэрт хамт ажилладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө шиг санаж байна. Ажлын газрын Батсайхан, Идэрмаа нартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвд байрлах нэгэн караокед орж 0.75 литрийн архи авч уусан. Ингээд эхний шил архи дуусахаар нь дахин архи аваад задалж уусан. Миний хувьд архи уугаад нилээн тасарчихсан байсан ба өглөө нь гэртээ сэргэсэн чинь цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэр шөнө би караокед эхнэр Б.Үүрийнтуяаг цохиж, зодсон байсан. Миний хувьд бол юу болсонг үнэндээ санахгүй байна. Мөн хамт ажилладаг Батсайхан, Идэрмаа нар хүртэл намайг эхнэрээ зодсоныг хэлж байсан. Б.Үүрийнтуяа бид хоёр хэн хэнийхээ үгэнд орохгүй байгаад хоорондоо маргалдаж, тэр үед би эхнэрийгээ Батсайхантай хардаад ам зөрж маргалдсаны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Миний санахаар эхнэр Б.Үүрийнтуяагийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Өглөө сэрээд харахад хамар хэсэгт хавдаж, хөхөрсөн байсан. ...

... би маргааш нь эхнэр Б.Үүрийнтуяагаас уучлал гуйж эвлэрсэн. Одоо хамт амьдарч байгаа. Дээрх үйл явдал болсоноос хойш би архи огт уугаагүй. Миний хувьд архи уудаггүй, уухаараа хурдан согтчихдог юм гэх мэдүүлэг /хх 43-44/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 48/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 56/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Гийн хамтран амьдрагч Б.Үүрийнтуяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Үүрийнтуяа нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ