| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1365/Э |
| Дугаар | 0001 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0001
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Ц.Ц.Т.с,
шүүгдэгч Л.Б.н, түүний өмгөөлөгч З.Ганчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1625) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бо.он овогт Лх.йн Бор.онг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0549 91607 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.он овогт Л.йн Б.он, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод .... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар У.9.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч БоБн овогт Лх...нгийн Л.Б.н нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ..... ”эхнэртэйгээ иргэн Ц.Ц.Т.сийг хардсаны улмаас түүнийг хайчаар хатгаж олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь биед зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн суганы ард зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Л.Б.н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ц.Ц.Т.с мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд эхнэрийн бие өвдсөн байсан тул хоол хийх гээд байж байтал гаднаас Л.Б.н орж ирээд чи манай эхнэртэй явалдсан байна гэж уурласан. Өмнө надруу 3, 4 удаа залгаад чи манай эхнэртэй явсан байна. Хоёулаа уулзъя гэсэн тэгэхээр нь за тэгье хүрээд ир гэсэн чинь өөрөө ирээгүй. Ажлаа тараад гэртээ орж ирхэд яг миний араас орж ирээд чи манай эхнэртэй янз бүр боллоо гэсэн тэгэхээр нь би тийм зүйл болоогүй гэсэн. Л.Б.н тэр үед манай хойморт суусан байсан би баруун талд сууж байсан тэгсэн босч ирээд миний зүүн хацар луу цохисон тэгэхээр нь урдаас нь тэврээд авсан чинь нуруу хэсэг рүү цохисон тэгээд манай хүүхэд айгаад уйлахаар нь би Л.Б.ныг хоёулаа гарч байгаад учираа олъё гээд дээгүүр өмссөн хувцасаа тайлсан чинь цус гарч байсан. Тэгээд Л.Б.нтой цуг эмийн сан ороод спирттэй хөвөн бинт аваад боочихоод гэртээ орж ирсэн тэр үед Л.Б.н хаашаа юм гараад явсан тэр хооронд нь би эгчрүүгээ залгаад ийм юм болчихлоо гэсэн. Би банкны зээлтэй 15 хоног ажилгүй гэртээ суусан тэр ажилгүй суусан үеийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...Зүүн салааны 1 дүгээр гудамжинд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн дааман хаалгатай...гаднаа тоон хаяггүй ...монгол гэрт болсон байна. ...гэрт цагийн зүүний дагуу үзлэг хийхэд...гэрийн баруун урд...жижиг шүүгээ...с зүүн хойш 80см зайд газарт бариул хэсэг нь ногоон өнгөтэй ажлын хэсэг нь цагаан метал өнгөтэй 10см урттай жижиг хайч байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-07),
2. Хохирогч Ц.Ц.Т.сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...миний багын найз Л.Б.н гэрт орж ирээд утсаар ярьж байгаад эхнэр Д....энгээ ороод ир гэсэн. Д....эн гэрт орж ирэхэд Л.Б.н шууд над руу дайрч “чи манай эхнэртэй уулзаж янз бүр болоод байгаа юм уу” гэж хардсан байдалтай ярьсан. ...Тэгэхээр нь би “танай эхнэр Д....энтэй уулзсан ...харилцаанд орсон зүйл байхгүй” гэж хэлсэн чинь Л.Б.н гэрийн хойморт сууж байгаад босож ирээд зүүн хацар руу гараараа нэг удаа цохиж авахаар нь би тэвэрч авсан. Тэгтэл толгойгоороо миний нүүр рүү мөргөж цамцны захаар заамдаж аваад миний зүүн гарын булчин руу гараараа цохих шиг болсон. ...үргэлжлүүлээд зүүн талын дал орчим 2-3 удаа цохисон шиг болсон. ...Тэгж байгаад намайг орон дээр унагаад гараа далайхаар нь харсан чинь гарт нь ногоон хуванцар бариултай хайч цус болчихсон харагдахаар нь намайг хатгачихлаа гэж ойлгосон. ...Би Л.Б.ны хайчтай гарыг нь барьж аваад үйлдлийг нь таслан зогсоосон. ...Тэгээд бид хоёр гэрээс гарч миний зүүн гараас цус гарч, бадайраад байхаар нь би Л.Б.нд “миний гар эвгүй болоод байна, чи боогоод өгчих” гэсэн чинь машинаасаа бинт гаргаж ирээд миний зүүн гар, дал нурууг боож өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
3. Гэрч Э.Д....эн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 00 цаг өнгөрч байхад гэртээ байж байсан чинь манай хуучин нөхөр Л.Б.н над руу залгаж “О...эгийн гэрт ороод ир” гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан ....байрлах Од......ийн гэрт яваад орсон. Гэрт Л.Б.н, Ц.Т.с, О....мэг гурав сууж байсан. Тэгтэл Л.Б.н над руу “Ц.Т.с та хоёр ичдэггүй юм уу, та хоёрыг явалдаад байгааг мэдсэн шүү” гээд ...шууд Ц.Т.с руу уурлаж хоорондоо хэрэлдээд, барилцаад авсан. Тэгтэл Л.Б.н Ц.Т.сийг гараа атгаж байгаад гар болон нуруу, цээж рүү нь цохиод байх шиг байсан. ...Тэр хоёрыг гарсны дараа хартал зуухны баруун урд хойхон талд газар ногоон өнгийн бариултай хайч газар байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
4. Гэрч Б.Од...мэг (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Б.н Ц.Т.сийн цээж, гар, нуруу хэсэгт гараараа цохиод байх шиг байсан. Ц.Т.с хоёулаа гэрээс гаръя гээд Л.Б.нтой гараад явсан. Тэгтэл зуухны хойд талд газарт ногоон өнгийн бариултай жижиг хайч байсан. Манай гэрийн хайч биш байсан. Тэгтэл удалгүй Ц.Т.с гаднаас орж ирсэн чинь цамц нь цус болчихсон гараа боочихсон байхаар нь яасан талаар асуухад Л.Б.н түрүүн гэрт байхад юмаар хатгачихсан байна гэсэн...Л.Б.н Ц.Т.сийг гараараа 4-5 удаа цохисон гэрээс гарахдаа хайчаа гэрт хаячхаад гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12795 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн бугалгын ар дунд хэсэгт 0.7х0.3см, зүүн даланд 1х02.см, 1.2х0.2см зах ирмэг тэгш шархтай, зүүн суганы ард 3х0.2см зах ирмэг тэгш зулгаралттай...ДҮГНЭЛТ
1. Ц.Ц.Т.сийн биед зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн суганы ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл унах үед үүсэх боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
6. Шүүгдэгч Л.Б.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...би Ц.Т.ст “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ, намайг хөдөөнөөс орж ирэхэд хүмүүс бүгдээрээ Д....эн та хоёрыг явалдаад байна” гэж хэлж байна гэсэн. Тэгэхэд Ц.Т.с “юу гэж тэгж байх юм бэ зүгээр хамт хоносон” гэж хэлсэн. ...Удалгүй бид хоёр Ц.Т.сийн гэр лүү ороход түүний эхнэр О...эг “наад хоёр чинь угаасаа худлаа яриад байна.” гэсэн чинь Ц.Т.с “юу гэж тэгж байдаг юм” гээд О...эг рүү уурласан. Тэгэхээр нь би Ц.Т.сийг “чи яагаад О...эг рүү уурлаад байгаа юм үнэнийг хэлсэн болохоор уурлаад байгаа юм уу” гэж хэлээд би Ц.Т.с рүү ойртож түүнийг түлхсэн. Тэгтэл Ц.Т.с намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаж аваад гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Ц.Т.с бид хоёр барилцаж аваад хоорондоо бие бие цохисон. Ц.Т.сийн биеийнх нь хаана яаж цохисон талаараа мэдэхгүй байна. ...миний уур хүрээд өмднийхөө халаас руу гараа хийсэн чинь халаасанд ногоон бариултай эсгүүрийн хайч байхаар нь гаргаж ирээд Ц.Т.с рүү дайрч зүүн гар зүүн мөр орчим руу тэр хайчаараа хатгаж байгаад 4 удаа хатгасан. ...Ц.Т.сийг би хайчаар хатгах шалгаан нь Ц.Т.с Д....эн хоёрыг хардаж хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
- эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 11), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 28, 50),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 54), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 57), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 56, 59)
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн. Яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Б.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Б.н овогт Лх...нгийн Л.Б.н нь Сонгинохайрхан .... тоотод, 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, ”эхнэртэйгээ иргэн Ц.Ц.Т.сийг хардсаны улмаас түүнийг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн суганы ард зулгаралт бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...Зүүн салааны 1 дүгээр гудамжинд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн дааман хаалгатай...гаднаа тоон хаяггүй ...монгол гэрт болсон байна. ...гэрийн баруун урд...жижиг шүүгээ...с зүүн хойш 80см зайд газарт бариул хэсэг нь ногоон өнгөтэй ажлын хэсэг нь цагаан метал өнгөтэй 10см урттай жижиг хайч байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-07),
- Хохирогч Ц.Ц.Т.сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...миний багын найз Л.Б.н гэрт орж ирээд утсаар ярьж байгаад эхнэр Д....энгээ ороод ир гэсэн. Д....эн гэрт орж ирэхэд Л.Б.н шууд над руу дайрч “чи манай эхнэртэй уулзаж янз бүр болоод байгаа юм уу” гэж хардсан байдалтай ярьсан. ...Тэгэхээр нь би “танай эхнэр Д....энтэй уулзсан ...харилцаанд орсон зүйл байхгүй” гэж хэлсэн чинь Л.Б.н гэрийн хойморт сууж байгаад босож ирээд зүүн хацар руу гараараа нэг удаа цохиж авахаар нь би тэвэрч авсан. Тэгтэл толгойгоороо миний нүүр рүү мөргөж цамцны захаар заамдаж аваад миний зүүн гарын булчин руу гараараа цохих шиг болсон. ...үргэлжлүүлээд зүүн талын дал орчим 2-3 удаа цохисон шиг болсон. ...Тэгж байгаад намайг орон дээр унагаад гараа далайхаар нь харсан чинь гарт нь ногоон хуванцар бариултай хайч цус болчихсон харагдахаар нь намайг хатгачихлаа гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
- Гэрч Э.Д....эн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хуучин нөхөр Л.Б.н над руу залгаж “О...эгийн гэрт ороод ир” гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүн салааны 1-9 тоотод байрлах О...эгийн гэрт яваад орсон. Тэгтэл Л.Б.н над руу “Ц.Т.с та хоёр ичдэггүй юм уу, та хоёрыг явалдаад байгааг мэдсэн шүү” гээд ...шууд Ц.Т.с руу уурлаж хоорондоо хэрэлдээд, барилцаад авсан. ...Л.Б.н Ц.Т.сийг гараа атгаж байгаад гар болон нуруу, цээж рүү нь цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- Гэрч Б.О...эг (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Б.н Ц.Т.сийн цээж, гар, нуруу хэсэгт гараараа цохиод байх шиг байсан. ...зуухны хойд талд газарт ногоон өнгийн бариултай жижиг хайч байсан. ...Ц.Т.с гаднаас орж ирсэн чинь цамц нь цус болчихсон гараа боочихсон байхаар нь яасан талаар асуухад Л.Б.н түрүүн гэрт байхад юмаар хатгачихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12795 дугаар дүгнэлт “...1. Ц.Ц.Т.сийн биед зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн суганы ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл унах үед үүсэх боломжгүй. ...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.Б.н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай эхнэртэй явалдлаа” гэх сэдэлтээр, хохирогч Ц.Ц.Т.сийг хайчаар хатгаж, шууд санаатай үйлдлээр, олон тооны шарх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу онц харгис хэрцгийгээр учруулсан гэх шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б.н нь хохирогч Ц.Ц.Т.сийн зүүн бугалга, зүүн дал, зүүн суганы ард, хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Л.Б.ныг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь .......... төгрөг нэхэмжилснээс хэрэгт ........... төгрөгийн (хавтаст хэргийн 28, 47) баримттай зардал болох .......... төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч нь хохирол хор уршгийн зардлаас үлдэх .............. төгрөг буюу ажилгүй байсан хугацааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь ........... цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б.н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.Б.ныг хайчийг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн суганы ард зулгаралт шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг хүлээн авч түүнийг ......... цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Л.Б.нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1908 0549 91607 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б.н овогт Лх...нгийн Л.Б.ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг он харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б.ныг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б.н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б.нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Л.Б.н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ