| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0002/Э |
| Дугаар | 0004 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0004
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.Х...зул, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бо..он овогт Б...маагийн Б.Х...зулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0570 74734 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бо..гон овогт Б...маагийн Б.Х...зул, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод .....төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... заагч ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, ......... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн ........ түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УК....68.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Х...зул нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр .... тоотод оршин суух Ш.М...яагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хөргөгч дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан бага хэмжээнээс дээш буюу 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Ш.М...яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ дүү М...йн хамт байж байтал гаднаас манай найз болох Б.Х...зул 19 цагийн орчимд ирээд...манайд хоносон. ...Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 8 цаг өнгөрч байх үед Б.Х...зул манай гэрээс гараад явсан ба би өглөө нь босоод “ХААН” банкныхаа картыг хайсан чинь олдохгүй болохоор нь банк орж дансаа шалгасан. Тэгтэл 09 цаг 53 минутад миний данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 5.400.000 төгрөг гарчихсан байсан...хамгийн сүүлд...манай дүү М...энэ хүнсний дэлгүүр орж 8.500 төгрөгийн гүйлгээ хийсэн...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цагдаад өргөдөл гаргачхаад найзтайгаа ярьсан чинь манай найз Б.Х...зул “би мөнгийг чинь авсан одоо аваачаад өгье” гэж хэлээд миний мөнгийг манай гэрт бэлнээр 5.000.000 төгрөг авчирч өгсөн ба үлдсэн 400.000 төгрөгийг удахгүй өгнө...гэж хэлсэн...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний “ХААН” банкны данс руу 100.000 төгрөг...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...50.000 төгрөг хийсэн байсан...одоо 250.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
2. Насанд хүрээгүй гэрч Ш.М.-Э___нэ (хохирогчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би гэртээ байж байсан чинь манай эгч Ш.М...яа намайг дэлгүүр гараад банш аваад ир гэж хэлээд надад “ХААН” банкны картаа өгөөд гаргасан. Би дэлгүүр гарч 8500 төгрөгт тааруулаад банш авсан ба өөр зүйл авалгүй гэртээ орсон. ...би эгчийн “ХААН” банкны картыг хөргөгч дээр тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
3. Гэрч С.Б...маагийн (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний охин Б.Х...зул нь манай хадам ээж Чимэгээ дээр өссөн болохоор их зөөлөн, даруухан зантай болж өссөн...Манай хадам ээж Чимэгээ нь зүрхний өвчтэй ба зүрх нь зогсох гээд байгаа тул зүрхний аппарат суулгах гэж байгаа...10 сая төгрөг болдог гэсэн ба одоо мөнгийг нь хайж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23),
4. Шүүгдэгч Б.Х...зулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Voice шоуны бэлтгэлээ 18 цагийн орчим тараад 19 цагийн үед Ш.М...яагийн гэр болох ..............тоотод очсон. Тэдний гэрт байж байтал араас манай найз залуу Т.--Баяр ирсэн. М...яагийн гэрт М...яагийн аав Шинэбаяр, аавынх нь дүү Сайнаа, дүү М.-Э___нэ нар байсан. Тэгээд бид нар гэрт нь хөзөр тоглож сууж байгаад......Т.--Баяр бид хоёр жижиг сажиг ойр зуурын үл ойлголцол үүсэж маргалдаад Т.--Баяр гэр рүүгээ харих гээд яваад өгсөн. Би М...яагийн гэрт нь хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цагийн орчим гэрээс нь харихаар гарсан. М...яагийн ХААН банкны ...картыг нь аваад Хилчин хотхоны ХААН банкны АТМ дээр очоод картыг нь уншуулаад үзэхэд нийт 5.400.000 байхаар нь эхлээд 5.000.000 төгрөгийг, дараа нь 400.000 төгрөгийг авсан. Тэгээд Voice шоуны бэлтгэлээ хийхээр явсан. Тэгээд бэлтгэлээ тараад орой нь М...яагийн гэрт нь очоод би мөнгийг чинь авчихсан гэж хэлээд М...яагийн гэрт хоносон ба маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө М...яагийн аав Ши....рт 5.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би үлдэгдэл 400.000 төгрөгөөс хоёр хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 08 өдөр 150.000 төгрөгийг, түүнээс 4 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 250.000 төгрөгийг өгсөн...Манай эмээ Чимгээгийн эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг хэрэг болоод байсан ба эмээгийнхээ эмчилгээний зардалд өгье гэж бодоод 5.400.000 төгрөгийг авсан. Би тэр мөнгөнөөс 400.000 төгрөгийг нь Voice шоунд орох хувцас авахад зарцуулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа мэдээд, гэмшээд аваачиж өгөхөөр гэрт нь очсон. Тухайн үедээ үрсэн 400.000 төгрөгөө төлөхөө найздаа илэрхийлсэн ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),
- “...Би М...яагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хөргөгч дээр байхад нь авч гараад мөнгө уншуулж авсан нь үнэн. Урьд нь би айгаад орцноос олсон гээд хэлчихсэн юм. ...Би Ш.М...яагийн картад их хэмжээний мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан. Ш.М...яа надад хэлэхдээ “ээж надад 6 сая төгрөг явуулсан би тэр мөнгөнөөс 500.000 төгрөгийг үрчихсэн байгаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68),
5. Хохирогч Ш.М...яагийн “ХААН” банкны 5925....1119 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...гүйлгээний огноо гэх хэсэгт 11/05/2019, ...цаг гэх хэсэгт 09:53, 09:54..., хуулганы агуулга гэх хэсэгт TRF=002050257227-949618.......8688-АТМ1274>ulaanbaata, ...зарлага гэх хэсэгт 5,000,000.00, 400,000.00...” гэх баримт (хавтаст хэргийн 04),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31, 38), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), “ХООЛОНДОО” цайны газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 88-89), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 33-34), хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-37) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х...зулд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Х...зул нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... тоотод найз Ш.М...яагийн гэрт хонохдоо, түүний хөргөгч дээр байсан “ХААН” банкны картыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй авч улмаар Хилчин хотхоны ХААН банкны АТМ-р уншуулж 5.400.000 төгрөгийг хулгайлсан болох нь
- Хохирогч Ш.М...яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...манай найз болох Б.Х...зул 19 цагийн орчимд ирээд...манайд хоносон. ...Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 8 цаг өнгөрч байх үед Б.Х...зул манай гэрээс гараад явсан ба би өглөө нь босоод “ХААН” банкныхаа картыг хайсан чинь олдохгүй болохоор нь банк орж дансаа шалгасан. Тэгтэл 09 цаг 53 минутад миний данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 5.400.000 төгрөг гарчихсан байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цагдаад өргөдөл гаргачхаад найзтайгаа ярьсан чинь манай найз Б.Х...зул “би мөнгийг чинь авсан одоо аваачаад өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
- Насанд хүрээгүй гэрч Ш.М.-Э___нэ (хохирогчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Ш.М...яа намайг дэлгүүр гараад банш аваад ир гэж хэлээд надад “ХААН” банкны картаа өгөөд гаргасан. Би дэлгүүр гарч 8500 төгрөгт тааруулаад банш авсан ба өөр зүйл авалгүй гэртээ орсон. ...би эгчийн “ХААН” банкны картыг хөргөгч дээр тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
- Шүүгдэгч Б.Х...зулын мөрдөн байцаалтад өгсөн: “...М...яагийн гэрт хоноод... маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цагийн орчим гэрээс нь харихаар гарсан. М...яагийн ХААН банкны ...картыг нь аваад Хилчин хотхоны ХААН банкны АТМ дээр очоод картыг нь уншуулаад үзэхэд нийт 5.400.000 байхаар нь эхлээд 5.000.000 төгрөгийг, дараа нь 400.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),
“...Би М...яагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хөргөгч дээр байхад нь авч гараад мөнгө уншуулж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68),
- Хохирогч Ш.М...яагийн “ХААН” банкны 5925....1119 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...гүйлгээний огноо гэх хэсэгт 11/05/2019, ...цаг гэх хэсэгт 09:53, 09:54..., хуулганы агуулга гэх хэсэгт TRF=002050257227-949618.......8688-АТМ1274>ulaanbaata, ...зарлага гэх хэсэгт 5,000,000.00, 400,000.00...” гэх баримт (хавтаст хэргийн 04) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Х...зул нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр Ш.М...яагийн гэрээс гарахдаа түүний хөргөгч дээр байсан “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Нөгөө талаас энэ гэмт хэргийн улмаас хохирогчид бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Х...зулыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь Ш.М...яа 5.400.000 төгрөгийг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 11) боловч шүүгдэгч Б.Х...зул нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь гомдол санал байхгүй (хавтаст хэргийн 51) гэх тул шүүгдэгч Б.Х...зул нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х...зулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нь манай үйлчлүүлэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х...зул нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Х...зул нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын бүрэн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Х...зулд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1908 0570 41734 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б...маагийн Б.Х...зулыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х...зулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х...зулд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х...зул нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ