Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 937

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Э” ХХК /*****/,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 460 тоот шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, NE-*****(ХА-*****) тоот бүртгэлийн дугаартай өргөдлийн дагуу тус өргөдөлд түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Эх” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай NE-*****(ХА-*****) дугаартай хүсэлтийг “Э” ХХК-иас АМтХ-ийн 18.2-т заасны дагуу Ашигт Малтмал Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтэст гаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Сэлэнгэ аймгийн Засаг Даргаас ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтсийн Даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаартай шийдвэр гарсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д тусгай зөвшөөрөл олгохоос аймаг, нийслэлийн Засаг Дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахаар заасан бөгөөд “Э” ХХК-иас хүссэн. 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Эх” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай NE-*****(ХА-*****) дугаартай хүсэлтэд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хуульд заасан үндэслэл бүхий бус гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн  92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан этгээдэд гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/6140 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д хариу мэдэгдсэн байна.

Дээд шатны захиргааны шийдвэрийг “Э” ХХК үл хүлээн зөвшөөрч буй тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Сэлэнгэ аймгийн Засаг Даргаас ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаартай шийдвэрийг хууль бус тул алдаатай захиргааны акт гэж үзэж ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтсийн Даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаартай шийдвэрээс NE-*****(ХА-*****) дугаартай өргөдлөөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, тус өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтэст даалгана уу” гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Кадастрын Хэлтсээс “Э” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.3, 19.1.4-т заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн тус хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдэлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/9961 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад явуулсан. Уг саналд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичгээр 52 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.” гэж нэхэмжлэл, түүний шаардлагаас татгалзах үндэслэлээ заасан байна.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн 52 дугаартай “Дэмжихгүй” саналыг хууль бус гэж үзэж, тус саналыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “Тус өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг даалгах” гэснийг “Тус өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтсийн Даргад даалгах” гэж өөрчилж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн 52 дугаартай “Дэмжихгүй” саналыг хүчингүй болгож, NE-*****дугаартай өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтсийн Даргад даалгана уу” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын саналыг захиргааны акт мөн эсэхийг тухайн тохиолдол тус бүрээр тусгайлан үзэх ёстой. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актын 6 шинжийн нэгийг шууд үр дагавар болгосон гэж заасан байгаа. 

Хуулийн заалтаас үзэхэд ямар тохиолдолд шууд үр дагавар бий болгох вэ гэвэл үндэслэл бүхий татгалзсан тохиолдолд хүлээж авах шууд үр дагавар бий болгож байгаа гэж үзэж байна. Харин үндэслэл бүхий биш, шаардлагыг хангахгүй тохиолдолд шууд үр дагавар үүсгэж чадахгүй. Учир нь үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тохиолдолд агентлаг нь шалгах буюу “дэмжихгүй” гэсэн санал байсан хэдий ч тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хангаж шийдвэрлэж байгаа учраас тийм боломж хуулиар харагдахгүй байна. Тийм учраас Засаг даргын санал нь захиргааны актын зарим шаардлагыг хангахгүй байгаа” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Э” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Эх” нэртэй 661.43 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-*****дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “Э” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-д заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6/9961 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/65 тоот албан бичгээр 52 дугаартай “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох ажиллагааг хийсэн байна.

Сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсгохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж “Өдрийн сонин”-ны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 005 дугаартай сонин олон нийтэд мэдээллэн хүргэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр NE-*****дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4371 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээд шүүхийн тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тайлбарласан. Хориглосон, хязгаарласан гэдэг нь тусдаа хуультай. Жишээ нь: Газрын тухай хууль, Газрыг тусгай хамгаалалтанд авах тухай хууль зэрэг тусдаа тусгайлсан хуулиудтай байдаг. Тэгэхээр тусдаа хуулиар зохицуулагдсан байгаа учраас маргаан бүхий газар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. 

Чиг үүргийн хувьд тусдаа хуультай орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани зэрэг хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллагууд холбогдох шийдвэрээ гаргаад цаг хугацааны хувьд ийм тохиолдолд манай байгууллага өөр байгууллагын шийдвэрийг харгалзаж үзнэ. Газар нь хувийн аж ахуйн нэгж, иргэнд олгогдсон байхад энэ үндэслэлээр дэмжихгүй гэсэн Засаг даргын саналыг манай байгууллага шалгах боломжгүй учраас саналыг нь үндэслээд татгалзсан шийдвэр гаргаж байгаа. 1 төрийн байгууллага  гаргаад газар олгосон байхад манайх давхардуулаад тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан хариу тайлбараа дэмжиж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Э” ХХК нь 

1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаартай шийдвэрээс NE-*****(ХА-*****) дугаартай өргөдлөөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

2. Тус өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 

Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа “...Тус өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” гэж өөрчилсөн байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт дэвсгэрт орших Эх нэртэй 661.43 гектар талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж NE-027255/XA-*****-001-NE/ дугаарт бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 1/65 тоот албан бичгээр “1 иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцаж байгаа тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн агуулгатай дэмжихгүй саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 460 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу “Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн № 7/5286  тоот албан бичгээр “Э” ХХК-ийн захирал Г.Галбадрахад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” /Энэ  зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц:

• сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 

• аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн, эсхүл татгалзсан хариуг өгөхөөр

• Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр олгохоос татгалзах зэрэг байдлаар хуульд тусгайлан, тодорхой заасан ба Засаг даргын дэмжсэн, эсхүл дэмжээгүй хариу нь ямар шаардлагыг хангасан, юуг үндэслэсэн байхыг хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 1/65 тоот албан бичгээр ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй нь илт байхад буюу холбогдох хурлуудын саналыг авсан эсэх нь тодорхойгүй, хурлуудын саналыг авсан талаарх баримтыг хавсаргаагүй, уг албан бичигт заасан 1 иргэний өвөлжөөний газартай давхцалтай байгааг нотлох баримтыг хавсаргаагүй  байхад хариуцагч уг зөвшөөрөхгүй хариуг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байна.

Тус хуулийн дээрх зохицуулалтуудаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой харилцааг тусгайлан, нарийвчлан зохицуулсан байна.  

Хариуцагч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хуулиар олгогдсон бүрэн эрхтэй захиргааны байгууллагын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой нотлох баримт цуглуулах, шалгах үүргээ биелүүлэх ёстой.  

Дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах зэрэг үүргээ биелүүлээгүй байна. 

Зүй нь хариуцагч холбогдох хурлуудын саналыг авсан эсэх, энэ талаарх нотлох баримт байгаа эсэх, уг албан бичигт заасан 1 иргэний өвөлжөөний газартай давхцалтай байгаа нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, Засаг даргын дэмжихгүй хариу нь хуульд заасан үндэслэлээр гарсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалган үзсэний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй хариу өгсөн үндэслэлээ нотолсон баримтуудыг гаргаж өгөхийг Засаг даргаас шаардах, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

  Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Засаг даргын дэмжихгүй хариу нь үндэслэлгүй нь илт байхад уг дэмжихгүй хариуг үндэслэн “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 34 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичигт “...“Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан NE-027255/XA-*****/ дугаартай өргөдлөөр манай сумын “Эх” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар аймгийн Засаг даргаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг ирүүлээгүй болно” гэсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 301 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичигт “ Сэлэнгэй аймгийн Засаг даргаас ... талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар албан бичиг ирээгүй тул дээрх асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж тогтоол, шийдвэр гаргаагүй болно” гэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 04 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичигт “Танай явуулсан координатуудыг шалгаж үзэхэд тус сумын Өлзийнуга гэх газрын зүүн “Шандын сайр” гэх газарт бууж байна. Тус газар нь Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн зуслангийн бэлчээрийн газар болно. ГАХ Мэргэжилтэн Б.Оюунболд” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ГАХ мэргэжилтэн Б.Оюунболдоос 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн бичигт “...Танай 2017 оны 10 сарын 20-ны 1/11582 тоот бичгийн хариуг хүргүүлж байна. Танай явуулсан координатад багтах газар Орхонтуул сумын 3-р багийн зуслангийн газар бөгөөд уг газарт эзэмшил, ашиглалт, өмчлөхөөр ямар нэгэн эрх үүсээгүй мөн хүсэлт өргөдөл ирээгүй болно” гэсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй болох нь, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай иргэний өвөлжөөний газартай давхцалгүй болох нь тодорхой нотлогдож байх тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу нь нотлох баримтгүй, үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан үндэслэлээр гараагүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан буюу дэмжээгүй хариу нь ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа, хуульд заасан үндэслэлээр гарсан эсэх, хуульд заасан шаардлагыг хангасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг судлан, шалган үзэж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийх зэргээр бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “... ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл эс олгох нь хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд шүүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа болохоос биш хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй болохыг анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 /Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 11.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 /Энэ  зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 460 тоот шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-*****(ХА-*****) тоот бүртгэлийн дугаартай өргөдлийн дагуу тус өргөдөлд түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАТЗОРИГ