Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0520/З |
Дугаар | 221/МА2021/0131 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0131
Ж.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-н давж заалдах гомдлын дагуу Ж.С-н нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.С-н нэхэмжлэлйн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн Б.Ш-т холбогдох хэсгээс Ж.С-н газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С давж заалдах гомдолдоо: Миний эцэг Ш овогтой Б нь /социалист тогтолцооны үеэс буюу 1960-д оноос хойш/ Жигжидийн зусланд газар эзэмшин, зусланд гардаг байсан. Миний болон манай эгчийн хүүхэд насны зун энэхүү газарт, зуны зуслангийн байшинд өнгөрсөн билээ. Улмаас Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш мөрдөгдөж буй Газрын тухай хууль, холбогдон гарсан дүрэм журмын дагуу ---- нэгж талбарын дугаартай, 2514.32 м.кв газрыг эзэмших эрхийн үндсэн дээр эзэмшиж, зусланд гарч байгаад 2007 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон. Уг хуулийг дагаж мөрдөх талаар олон журам гарч энэ дагуу кадастрын зураг гэх шинэ ойлголт Монголчуудын дунд үүсч, хуулийн шинэчилсэн журмын дагуу аав Ш.Б, эгч Б.Ц, Б.Ш миний бие эцгийн эзэмшиж байсан газрын кадастрын зургийг зуруулж, анх 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 172 тоот захирамжаар баталгаажуулж байсан. Үүнээс хойш эцэг Ш.Б нас барсан тул эгч дүү нар ярилцаж миний хүү Ш.С, эгчийн хүү Ц.С нарт газар эзэмших эрх шинээр авч энэ тухайгаа мөн л хууль журамд заасны дагуу 2012 он, 2018 онуудад шинэчлэн захирамж гаргуулан хууль ёсоор газраа эзэмшин, төлбөр хураамжаа төлж ирсэн.
Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд “... 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаар захирамжаар Б.Ш-н эзэмшиж байсан газрыг 425 м.кв болгон нэмэгдүүлсэн ...” гэж дүгнэсэн. 4 хүн газар эзэмших болоход бие биедээ саад болохгүй байдлаар орц, гарц гаргасан зурагтай байх ёстой гэсэн газрын албаны шаардлагаар миний эзэмшил бага зэрэг нэмэгдэж, эгч Б.Ц-н эзэмшил хасагдах, бүхэлдээ эцэг Ш.Б-н эзэмшиж байсан 2514.32 м.кв газар багассан тухай шүүх үнэлсэнгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 тоот шийдвэртэй Жигжид зусланд 200 м.кв газар ашиглах эрхтэй газар /газрын хуулийн хэрэгжилтээс өмнө/, 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 м.кв газар эзэмших эрх нь бидний газраас огт өөр газар буюу Жигжидийн автобусны буудлын хажуу зам дагуу газар билээ. Энэ газраа олон жилийн өмнө зарсан гэж ярьдаг байсан. Өөр баримт бичиг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай би хариу тайлбар гаргаж байсан боловч шүүх харгалзаж үзсэнгүй. Нэхэмжлэгч Ж.С-н олон зөрүүтэй газрын бичиг баримтуудыг шүүх буруутгахгүй мөртлөө 2012 онд миний эзэмшил газар нэмэгдсэн байна гэх үндэслэлээр давхцаж байна гэж үзэж байгаа нь Үндсэн хуульд заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим алдагдсан гэж үзэхэд хүргэж байна.
Шийдвэрийн 17 дугаар талд “... нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй газар 537 м.кв газар нь ...” гэж ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгчийн сүүлд хувийн компаниар хийлгэх гэх бүртгэлгүй, хуулийн хүчин төгөлдөр биш зургаар шүүх шийдвэрээ гаргаж байгаад иргэн хүний хувьд гомдолтой байна.
Эдгээр үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад зарим нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байх тул өөрчлөлт оруулж, маргаан бүхий актын тухайн хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.С нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, Жигжидэд 200 м.кв газрыг эзэмших эрхээ баталгаажуулж, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, улмаар 2003 онд зуслангийн байшин барьсан, 2006 оны А/192 дугаар захирамжаар газрын хэмжээ 236 м.кв болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч газрын мэдээллийн санд газрын кадастрын зураг нь түүний зуслангийн байшин байрлаж байгаа газраас өөр, огт амьдарч, эзэмшиж байгаагүй байршилд зурагдан алдаатай мэдээлэл орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээд Б.Ш-т нэхэмжлэгч Ж.С-н зуслангийн байшин байрлаж байгаа газартай хөрш зэргэлдээ байршилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар /Хавсралтын 610-т/ 300 м.кв газрыг эзэмшүүлж, 2012 оны А/15 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгахдаа 425 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлсэн, улмаар маргаан бүхий акт болох 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/745 дугаар захирамжаар /Хавсралт 13-д/ газар эзэмших хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, дээрх 2012 оны А/15 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын Б.Ш-т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.
Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын зураглал нь газрын кадастрын мэдээллийн санд алдаатай орсны улмаас зуслангийн байшин байрлаж байгаа газарт, ялангуяа Б.Ш-т эзэмшүүлсэн газартай хиллэж байгаа хэсгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хил хязгаар нь тодорхойгүй байх тул Б.Ш-т газрын хэмжээг ихэсгэж эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газартай давхцуулсан эсэх, хэрэв давхацсан бол ямар хэмжээгээр давхцуулсныг дүгнэх боломжгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тухайн газарт 1960-аад оноос хойш зуслангийн байшинтай байсан Ш.Б агсны төрөл садангийн хүмүүс байх бөгөөд газрын мэдээллийн санд тодорхой эзэмшигчгүйгээр 2514 м.кв хэмжээтэй газар бүртгэгдсэн боловч энэ хэмжээгээр эзэмшүүлсэн захирамж, гэрээ, гэрчилгээ байхгүй тул тухайн газрыг бүхэлд нь Ш.Б агсныг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэхээргүй байна.
Үүнээс үзвэл гуравдагч этгээд Б.Ш-г Ш.Б агсны эзэмшиж байсан 2514 м.кв газраас 425 м.кв-ыг нь хууль ёсоор шилжүүлж авсан гэж үзэхгүй, харин Б.Ш-т анх 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар /Хавсралтын 610-т/ 300 м.кв газрыг эзэмшүүлснээр газар эзэмших эрх нь анх удаа шинээр үүссэн, улмаар 2012 оны А/15 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгахдаа 425 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлсэн байх тул Б.Ш-н газар эзэмших эрхийг дээрх 2514 м.кв газар хуваагдаж багассан нөхцөл байдалтай холбож дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “... шүүх Ш.Б-н эзэмшиж байсан 2514 м.кв газар хэрхэн багассан талаар дүгнээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Харин Б.Ш-н эзэмшил газрын хэмжээ хэрхэн нэмэгдсэн нь тодорхойгүйн адил нэхэмжлэгч Ж.С-н хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээ, хязгаар тодорхойгүй, газрын мэдээллийн санд буруу байршилд бүртгэгдсэнд нэхэмжлэгч буруугүй боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрыг хязгаарласан хашаа байхгүй, зуслангийн байшин байрлаж буй бодитоор эзэмшиж буй газрын хил хязгаар, хэмжээ тодорхойгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь хийлгэсэн кадастрын зурагт 537 м.кв гэж тусгасан боловч энэ хэмжээ хязгаараар захирамж болон газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй тул нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй газрын хэмжээ, хязгаарыг хариуцагчаас дахин тодруулах шаардлагатай. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 815 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... хэсгээс Ж.С-н газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож” гэснийг “хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” гэж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн Б.Ш-т холбогдох хэсгээс Ж.С-н газартай давхцалтай гэж маргаж буй хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ