| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01407/И |
| Дугаар | 1355 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01407/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *** хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймаг, Хонгор сумын *** тоотод байрлах “*** ” ХХК, захирал Т.М*** д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 504.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Төрийг төлөөлж Хууль цаазын зөвлөх С.Баттамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** хэлтсийн дарга Л.Э*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос өр үүсч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 336.000 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгээд байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөөгүй шимтгэл 336.000 төгрөг, түүнд ногдох алданги 168.000 төгрөг болж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 504.000 төгрөгийг *** ХХК-иас яаралтай гаргуулж санг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Төрийг төлөөлж Хууль цаазын зөвлөх С.Баттамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын тухай хуулинд заасны дагуу *** ХХК-аас нийгмийн даатгалын өр үүссэн шимтгэлийг гаргуулах нь зүйтэй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.М*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
*** ХХК нь өөрийн санаачлагаар 100 хувийн өмчинд тулгуурлан үүсгэн байгуулагдсан. 2010 оны 10 дугаар сараас эхлэн “Амар” хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн билээ. Энэ цагаас хойш 3 дахь удаагаа тусгай зөвшөөрөл авч байгаа ба 2014 онд тусгай зөвшөөрөл авах явцад Татварын газар, Нийгмийн даатгалын газар зэргээр заавал тойрох зуруулж авах болсон. Тойрох авахад заавал 1-2 хүний нийгмийн даатгал төлж байж зөвшөөрөл ав гэсэн шахаанд орсон. Бид хоёр тэтгэврийн насны хоёр хөгшин, гаднаас хүн авч ажиллуулах боломжгүй, өөрөө сууж ажиллана гэсэн боловч заавал нийгмийн даатгалын шимтгэл төл гэсний үндсэн дээр М*** гийн А*** , М*** гийн Оюунтунгалаг гэсэн охин, хүү хоёрын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн билээ. Тэр цагаас эхлэн төлж яваад охин М.Оюунтунгалаг нялх хүүхэдтэй, хүүхдээ гэртээ хардаг байж байгаад 7 дугаар цэцэрлэгт 2015 оноос туслах багшаар ажилд орж, хүү М.А*** ы нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж үлдсэн боловч шимтгэлээ төлж чадахаа болиод өр үүсч эхэлсэн билээ. Байцаагч н.Д*** д хэлж байсан, манайх хүн ажиллуулдаггүй, заавал нийгмийн даатгал төлөх ёстой юм уу, яахаараа тэтгэврийн өөрсдийгөө болгож яваа биднийг ингэж дарамтлаад байдаг юм бэ гэсэн чинь тэгвэл танайх компаниа татан буулгахгүй юу гэж хэлсэн. Бид хоёр өвчтэй, зовлонтой амьдрах гэж л яваа хоёр хөгшин хүн. Улс оронд гавьяа байгуулж явах үедээ байгуулж явсан. Эм тариа, эмчилгээний зардал гээд хоёулаа тэтгэврийн зээлтэй өөрөөр амьдрах боломж нөхцөл байхгүй. Бараа таваар муутай, ийм учраас зохиомол нийгмийн даатгалын өрийг төлж чадахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** хэлтэс нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 336.000 төгрөг, түүнд ногдох алданги 168.000 төгрөг, нийт 504.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *** ХХК-ны захирал Т.М*** нь зохиомол нийгмийн даатгалын өр тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч *** ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахимаар Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ тайлангаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 336 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх,
2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 504 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч *** ХХК-ны захирал Т.М*** д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас 504 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-аас 15770 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА