Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/1391/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Н***н Г*** ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, У*** Н*** ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Б*** өд холбогдох

 

Зээлийн гэрээний хүү 267 500 төгрөг, алданги 2 140 000 төгрөг нийт 2 407 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*** , хариуцагч Б.Б*** , нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Н*** , Б.Б*** нарт 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 700 000 төгрөгийг тодорхой хүүтэйгээр зээлж, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаатайгаар иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулж олгосон. Ч.Н*** , Б.Б*** нар нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн авсан зээлээ бүрэн төлж барагдуулах байсан ба 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөр 10 700 000 төгрөгийг төлсөн боловч тухайн 42 хоногийн хугацаанд зээлийн гэрээнд заасны дагуу хүүний төлбөр 267 500 төгрөг, алдангийн төлбөр 2 140 000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Иргэний хуулийг баримтлан зээлийн гэрээнд заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-нөөс 2013 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэлх 42 хоногийн хугацааны хүү алдангийн төлбөр нийт 2 407 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

  

Хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баярмагнай овогтой Б*** миний бие нь 2013 онд Дархан-Өсөх ББСБ-аас авсан 10 000 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулах зорилгоор “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу иргэн Б.Г*** оос 10 700 000 төгрөгийг авч барьцаанд нь өөрийн иргэний үнэмлэх, өөрийн ээж Чимэд овогтой Н*** ийн иргэний үнэмлэх мөн Дархан сум 15-р баг 9-86 тоот 3 өрөө бүхий өөрсдийн эзэмшлийн орон сууцныхаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тавьсан юм. Иргэн Г*** оос авсан мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй байхад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж мөрдөн байцаагч ахмад Мөнхбат энэ асуудлыг шийдвэрлэхээр биднийг дуудаж газар дээр нь авсан мөнгийг эргүүлэн төлүүлж барьцаанд тавьсан бичиг баримтуудаа эргүүлэн авч түүнтэй ямар нэгэн төлбөр тооцоогүй болсон. Бидний хооронд хүү, алданги тооцно гэсэн гэрээ байхгүй тул иргэн Г*** од ямар ч өр төлбөр байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г*** нь хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нарт холбогдуулан зээлийн хүү 267 000 төгрөг, алданги 2 140 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нар нь зээлийг эргүүлэн төлсөн. Бидний хооронд хүү, алданги тооцно гэсэн гэрээ байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Г*** нь хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нар нь харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 700 000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, өдрийн 2,5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байх бөгөөд энэ гэрээний дагуу дахин 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хоорондын тохиролцооны гэрээ, тайлбар гаргсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтууд нь хуурамч, хууль бусаар байгуулсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талууд нь хэдийгээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар хүсэлт зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаж, харилцан тохиролцож нэг баримт бичиг үйлдсэн байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Г*** нь 10 700 000  төгрөгийг бэлнээр хариуцагч нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.  /хх-ийн 6/

 

Хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нар зээлийн үндсэн төлбөр 10 700 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.Г*** од бэлнээр эргүүлэн төлсөн болох нь хэрэгт авагдсан Мөнгө хүлээлцсэн акт, баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 8/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу хариуцагч нараас хүү 267500 төгрөг, хүү 2140 000 төгрөг нийт 2 407 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч нар нь иргэн Г*** оос авсан мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй байхад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж мөрдөн байцаагч ахмад Мөнхбат энэ асуудлыг шийдвэрлэхээр биднийг дуудаж газар дээр нь авсан мөнгийг эргүүлэн төлүүлж барьцаанд тавьсан бичиг баримтуудаа эргүүлэн авч түүнтэй ямар нэгэн төлбөр тооцоогүй болсон гэж татгалзаж байгаа боловч үүрэг дуусгавар болсон эсэх нь тогтоогдохгүй, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ч.Н*** , Б.Б*** нараас 2.407.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г*** од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 53470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА