| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01387/И |
| Дугаар | 1326 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1326
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01387/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, утас: 9905-7748,******* овогт *******гийн*******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Ногоон модны гүүр гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, утас: 9985-3309, ******* овогт *******гийн д холбогдох
689.140 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Дагвадорж, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *** дугаар багийн 5-6 дугаар байрны ***тоот 2 өрөө байраа 1 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээ Б.тай хийж 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 сарын мөнгө болох 960.000 төгрөгийг авч байрандаа оруулсан юм. Тэгээд манай байранд оронгуутаа зар тавьж 1 өрөөг өөр хүмүүст миний зөвшөөрөлгүй дам түрээслэсэн байсан, би юм хэлээгүй. Түүнээс хойш хааяа утсаар ярьж ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөрүүдээ сар сард нь төлөөд байгаарай, байртай холбоотой асуудал гарах юм бол ахдаа хэлж байгаарай гэдэг байсан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр нэг ярихдаа дараагийн саруудын түрээсээ бэлдэж байгаарай, одоо дөхөж байна шүү гэхэд тэгнээ бодож байгаа гэж хэлсэн. Ингээд чимээгүй байгаад байхаар нь 8 дугаар сарын эхээр дахин ярихад би Улаанбаатарт явж байна, удахгүй очоод өгнө гэж хэлсэн. Ингэж байсаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болоход нөгөө өрөөг түрээслэж байсан Отгоо гэдэг эмэгтэй манай эгч хоёр дүүтэйгээ Дундговь аймгаас ирж байгаа, би үргэлжлүүлээд түрээслэж болох уу гэхэд би зөвшөөрч, Б.ыг хурдан ирж төлбөр тооцоогоо дуусгаж, өөрийн байсан өрөөгөө суллаж өгөөч, би өөр хүнд түрээслүүлэх гээд байна гэсэн, сүүлдээ утсаа ч авахаа болисон. 3-4 удаа мессеж бичсэн, хариу өгөөгүй. Арга ядаад Б.ы төлөх ёстой байсан төлбөрүүдийг би өөрөө тоолуурын заалтаар нь бүрэн төлөхөөр болж, эвдэлсэн зүйлүүдийг нь засч, Б.ы эд зүйлийг хайрцаг, сав олж ирэн хийж, гадна талд нь нэрийг нь бичиж скочдоод портер машинд ачиж таньдаг хүнийхээ байшинд аваачиж хоногийн 3.000 төгрөгөөр өгөхөөр тооцож хадгалуулсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс Отгоотой цаашид үргэлжлүүлэн түрээслэх гэрээ хийж Отгоогийн эгч нь хоёр хүүхэдтэйгээ Б.ы байсан өрөөнд орсон. Б.ыг удаа дараа худлаа хэлээд, бүр сүүлдээ чимээгүй болчихоор нь ээжийнх нь утсыг хайж олоод Б.аагийн тухай хэлтэл учиргүй харааж загнаад утсаа салгасан. Иймд цахилгааны төлбөр 37.500 төгрөг, цэвэр, бохир усны төлбөр 54.400 төгрөг, халаалт, халуун усны төлбөр 34.440 төгрөг, байрны түрээс хоногийн 10.666 төгрөг буюу 23 хоног нь 245.300 төгрөг, СӨХ-ийн төлбөр 42.500 төгрөг, хүйтэн усны тоолуур /эвдэлсэн байсан/ 35.000 төгрөг, тоолуур тавилтын хөлс 5.000 төгрөг, суултуурын таг 15.000 төгрөг, эд зүйлийг хайрцаг саванд хийж 20.000 төгрөгөөр портер машин хөлсөлж хүргэсэн төлбөр, эд зүйлийг 1 жил гаран хадгалсны хөлс хоногийн 500 төгрөгөөр тооцож 200.000 төгрөг, нийт 689.140 төгрөгийг нэхэмжилж байна.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Х.Дагвадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 689.140 төгрөгнөөс хадгалсны 200.000 төгрөг, тээврийн хэрэгслийн 20.000 төгрөгийг хасч нийт 469.140 төгрөгийн эвлэрэх санал гаргасан тул түүнийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 100.000 төгрөг өгч үлдэгдэл 69.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Дагвадоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 689.140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 469.140 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөг, үлдсэн 69.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.Дагвадоржийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 689.140 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч 469.140 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс сар бүр 100.000 төгрөг, үлдсэн 69.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.089 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 14.724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дагвадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА