Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0022

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч С.Мөнхгэрэл

шүүгдэгч Г.А..--сүх, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0139),

шүүгдэгч Б.Т-------о, өмгөөлөгч Н.Баатардорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1001) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос То...йт овогт Б...йн Т-------о, Ша...уд овогт Го..ын А..--сүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0065 20080 дугаартай 2 хавтаст хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. То...т овогт Ба...йн Т-------о, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянхонгор .....газар оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .....

2. Ш..д овогт Го..н А..--сүх, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, .....тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .....

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Т-------о нь 2018 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Доод хоолой” гэх газраас Монгол Улсын нэн ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсийн түүхий эд болох 2 ширхэг арьсыг тээвэрлэсэн, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүү....таг дэвсгэр .... хадгалсан,

Г.А..--сүх нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монгол Улсын нэн ховор нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсийн 2 ширхэг арьсыг худалдаалах зорилгоор хадгалсан, түүнчлэн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...... тээврийн хэрэгслээр цоохор ирвэсийн 2 ширхэг арьсыг тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Г.А..--сүх мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Б.Т-------о мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч П.Ч.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1998 онд Пунцаглан хийдэд лам болж шавилан суухад А..--сүх мөн адил лам болж орж ирсэн. Түүнээс хойш бид нар бие биеэ танина. ....2017 оны 5 сард манай хажуу талын ах Т-------огын дүү А....ас марк-2 машиныг худалдаж аваад, тэр машиныг нь би худалдаж аваад А...аг таньдаг болсон. А...а автомашин засаж, зардаг ажил хийдэг. Тэгээд 2018 оны намар А...ийн машин засвар дээр очиход ах Б.Т-------о гэх залуу ирсэн байж байхад нь танилцаж байсан. Анх тэгэж Б.Т-------огын зүсийг үзээд дараа нь тэнд 2-3 удаа тааралдах үед тэрээр ховор амьтны арьс байгаа тэрийг зармаар байна, авдаг хүн байдаг болов уу гэж байсан. Тэгээд би сүүлд нь А..--сүхтэй ярьж байгаад миний таньдаг хүнд ховор амьтны арьс байгаа гэсэн гээд ярьсан. Тэгтэл Г.А..--сүх тэр хүнтэй чинь уулзах юм сан, үзэх юм сан гэхээр нь ...2018 оны сүүлээр Б.Т-------огын дугаарыг Г.А..--сүхэд өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52),

2. Гэрч Х.Ц...йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхээс долуул лаа, ...эцэг, эх нас барсан. Төрсөн ах дүүс Баянхонгор аймгийн .... мал маллаж амьдардаг. ...Манай эхнэрийг От...т гэдэг, Баянхонгор ..... Би Б.Т-------огын аав Ба....най, ...ээж О...ыг танина. ...Манай эхнэрийн аав нь Ба....йн аавын төрсөн нь байгаа юм манай эхнэртэй садан төрлийн холбоотой. ...2018 оны 04 сард би тэмээний эрэл хийгээд Б...нгор аймгийн Ба...г сумын “Ар хоолой” гэдэг газар явж байхдаа манай сумын гаралтай Х...а гэх залуутай таарч ...байсан. Бид хоёр тааралдаад мэнд мэдээд ярьж суухдаа би Ха...ад “чи одоо буу үүрээд хаа хүрэх нь үү гэсэн чинь тэмээ, мал харж явна” гэсэн. Тэгэхээр нь би чи “юу агнадаг юм бэ” гээд асуухад эрээн агнасан гэж яриад байхаар нь би нээх ой шаагаагүй орхисон. Тэгээд бид хоёр, хоёр тийшээ салаад явсан. Х...йн ээж Б..иг суманд амьдардаг На...н гэж хүн байдаг. Ээжээрээ овоглодог. ...Тэгээд 2018 оны 7 дугаар сард сумын наадмаар Б.Т-------отой тааралдсан чинь надаас “панз наймаа сураад, ангийн арьс байна уу” гээд асуухаар нь би сонирхуулаад “Х...а гэх хүнд эрээний арьс байж магадгүй юм шиг байна лээ” гээд хэлээд өнгөрсөн. Сүүлд Б.Т-------о надаас “Х.....а хаана байгаа бэ” гээд асууж байсан. ....Сүүлд нь цагдаагаас намайг дуудахаар нь Б.Т-------ог Ха....аас 2 ширхэг эрээний арьс авсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

3. Гэрч Б.Бу....хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхээс гурвуулаа манай аав Ба...ай, ээж Од...ам нар Баянхонгор аймгийн ....уманд төрж өссөн. ...Манай том ахыг Б.Т-------о, ...бага дүүг Б.Г....нд гэдэг. ...Манай эцэг эх хоёр намайг 4 настай байхад салсан. ...Би аавыгаа дагаж амьдарч байгаад ...2001 онд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт ирж суурьшсан. ...Энэ хугацаанд төрсөн ээж О....м болон ах, дүү хоёртойгоо огт холбоогүй байж байгаад 2 жилийн өмнөөс мэдээд хоорондоо холбогдож ирж очиж уулздаг болсон. Мөн Б.Т-------о ах сүүлийн жилүүдэд ирдэг болсон. Б.Т-------о ахад хотод манайхаас өөр очих айл байхгүй. ...Манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2....оот ...хамгийн сүүлд ах Б.Т-------о 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 3 цагийн үед хөдөө яваад ирлээ гээд орж ирээд манай хажуугийн аавын амьдарч байсан байшингийн түлхүүрийг авсан. ...тэгээд 2019 оны 2 дугаар сарын эхээр аав над руу яриад “Б.Т-------о ах чинь ирвэсийн арьс хүнээс аваад зарах гэж яваад баригдсан байна, хаанаас юу авч зарсан юм бэ” гээд надаас асуухаар нь би “мэдэхгүй” гээд Б.Т-------о ах руу залгаад асуусан чинь “ирвэсийн арьс хүнээс аваад зарах гэж яваад баригдсан”... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-42),

4. Шүүгдэгч Б.Т-------огын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны наадмын өдрүүдээр сум дээр танил ах Х.Цо....той тааралдаад “ирвэсийн арьс байна уу” гэж асуусан. Асуух болсон шалтгаан нь айлд байдаг байшингаас зүүдэг гэж яриад байсан болохоор Цолмон ахаас асуусан. ...Тэр үедээ Цо...он ах “манай сумын гаралтай Өмнөговийн ... нутаглаад байдаг ан хийдэг Х.....а гэх хүний бий тэрнээс асуугаарай, тэрэнд байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд би сүүлд нь 2018 оны 11 сард Баянхонгор аймгийн ... суман дээр явж байсан чинь нөгөө Ха..а гэх хүнтэй тааралдаад “Цо...он ах өөрөөс чинь асуугаад үз гэж байсан танд ирвэсийн арьс байна уу” гэсэн чинь “хоёр юм байгаа ш дээ юм болох юм уу, мэдэхгүй ээ, хоёр арьс байж л байгаа” гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа сумаас урагшаа хөдөө утсаар яриад уулзаад тэр Х:..а гэх хүнээс 2 ширхэг ирвэсийн арьс авсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард хоёр арьсаа Улаанбаатар хот руу зарах гэж авч ирээд Чи....н гээд дүүгийн танил дүүгээр дамжуулаад А..--сүхтэй холбогдоод уулзаад хоёр арьс байна авах хүн байна уу гэсэн. Тэгтэл А..--сүх ирж үзээд ирвэсийн арьс байна, хужаа ч гэл үү, турк ч гэл үү хүнд үзүүлээд борлуулаад өгье гээд аваад явсан. ...Би тухайн үедээ Х.....а гэх хүнээс ирвэсийн хоёр ширхэг арьсыг мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй, ирвэсийн арьс үнэд хүрдэг гэж сонсож байсан болохоор дараа нь зарж борлуулаад мөнгө төгрөг өгье гэж хэлээд авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-82),

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 552 дугаар постоны урд талд улаан өнгийн ..... улсын дугаартай “Toyota” маркийн автомашин...д үзлэг хийхэд уг...автомашины хойд талын сандал дээр байх саарал өнгийн бүрхээр дотор хийсэн цагаан өнгийн шуудай дотор 2 ширхэг ирвэсийн арьс байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-7),

6. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа ...би “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 552 дугаар постод шалгалт хийж байгаад ... маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ...Гомбо овогтой А..--сүх (ЧЖ87040619) нь 2ш цоохор ирвэсийн арьсыг хууль бусаар тээвэрлэж авч явсныг шалгуулахаар ...хүлээлгэн өгөв...” гэх баримт (1 хавтаст хэргийн 8),

7. Гэрч А.Ал...н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..--сүх...өөрөө хэлэхдээ ирвэсийн арьс хүнээс аваад хүнд өгөх гэж байгаад баригдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 49-50)

8. Гэрч С.На...ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..--сүх хэргийнхээ талаар ярихдаа Б.Т-------о гэх хүнээс цоохор ирвэсийн арьс авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 214-215),

9. Шүүгдэгч Г.А..--сүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз Чим...эр дамжаад Т-------о гэх залуутай 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр танилцахад Т-------о надад ховор амьтан ирвэсийн арьс байна, үүнийг худалдаж авах хүн байна уу гэж асуухаар нь би хүнээс асууж өгье гэж хэлээд орхисон байсан. Тэгээд 7 хоногийн дараа Б.Т-------о ахиад утсаар яриад нөгөө арьс авах хүн байна уу гэхээр нь би байхгүй байна гэсэн чинь Б.Т-------о хоёулаа нэг уулзъя гэж хэлээд уулзсан. Үүний өмнө танил ахаасаа ирвэсийн арьс авах хүн байна уу гэсэн чинь хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд Д...оо гэх дүүгийнхээ дугаарыг өгөөд одоо ярьчих гэж хэлэхээр нь би утсаар яриад ирвэсийн арьс авах хүн байна уу гэсэн чинь маргааш өглөө эмээлт зах дээр хүрээд ир гэсэн. Тэгээд тэр өдрөө Б.Т-------од хэлээд гэрт нь очоод ирвэсийн 2 ширхэг арьсыг авсан. Б.Т-------о болохоор чи өөрөө очоод үзүүлж харуулаад мөнгө төгрөгөө аваад ир гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 8 цагийн үед эмээлт дээр очоод утсаар арьсан хүнтэйгээ уулзахад 3 хүн ирээд үзчихээд худалдаж авах хятад хүнээсээ асуугаад ирье гээд буугаад яваад өгсөн. Тэгээд ахиад над руу зуучлаад байгаа хүн нь утсаар яриад эмээлтийн нөгөө талд гараад ирээ гээд машинаа асаагаад явж байтал замын цагдаа зогсоогоод шалгаад баригдсан. Тухайн үед эхнэрийнхээ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өглөө гэрээсээ гарахдаа аваад гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 228-229),

10. Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9),

11. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...1. амьтны арьсыг дэлгэж уртыг хэмжихэд хоншоороос доош нийт 1.20см урттай, биеийн өргөн цээж хэсэг 23см, сүүл хэсгийн өргөн 30см, сүүлний урт 86см, биеийн дээд баруун, зүүн хөлийн сарвуу 41см, биеийн доод баруун, зүүн хөлийн сарвуунаас их бие хүртэл 38см, толгойноос хүзүү хүртэл 45см, шүдгүй, хоёр нүдгүй байв. 2. амьтны арьсыг дэлгэж уртыг хэмжихэд хоншоороос доош нийт 1.80см урттай, биеийн өргөн цээж хэсэг 20см, сүүл хэсгийн өргөн 30см, сүүлний урт 70см, биеийн дээд баруун, зүүн хөлийн сарвуу 37см, биеийн доод баруун, зүүн хөлийн сарвуунаас их бие хүртэл 37см, толгойноос хүзүү хүртэл 40см, шүдгүй, хоёр нүдгүй байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 10-12),

12. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 хавтаст хэргийн 177),

13. Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн  дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 амьтны арьс нь нэг зүйл амьтны буюу Цоохор ирвэс (Panthera uncia)-н хоёр бодгальд хамаарна.

2. Ирвэсийн хоёр арьсыг морфологи шинжээр эм бодгалиуд болохыг тодорхойлов. Цоохор ирвэс (Panthera uncia)-н экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 11.200.000 төгрөг, эм бодгаль 13.00.000 төгрөг,

3. Ирвэсийн арьснаас сүүлний урт, тавхайн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 настай төл, 4 настай бие гүйцсэн бодгалиуд болохыг тодорхойлов.

...5. Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор зүйл, Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. Монгол орны улаан ном, САЙТИС-ийн l  хавсралтад бүртгэгдсэн нэн ховор зүйл...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 62),

14. Хохирогч Ц.Ц...рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг экологи-байгаль хамгааллын ангийг экологич мэргэжлээр төгссөн. Би төгсөөд Монголын Ирвэс төвийн “Мануул” төсөл дээр биологичоор 2016 он хүртэл ажиллаад Нийслэлийн байгаль орчны газарт ...ан, амьтан хариуцсан мэргэжилтэн буюу...биологийн олон янз байдлыг хамгаалах минж нутагшуулах хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Цоохор ирвэс нь хөхтний төрлийн махан идэшт амьтан. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цоохор ирвэсийн арьсанд хийсэн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/29 дугаартай дүгнэлттэй уншиж танилцахад 2 эм бодгаль цоохор ирвэс байсан бөгөөд нэг нь 4 настай нас бие гүйцсэн, нөгөө нь 2 настай төл бодгаль болох нь тогтоогдсон байна. 2012 онд батлагдсан Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Цоохор ирвэс /Uncia uncial/...” орно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж, мөн зүйлийн  37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж тус тус заасан байдаг. Мөн 2011 оны Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан ба үүнд цоохор ирвэс эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөг, цоохор ирвэсийн үр төлийн үнэлгээг тухайн бодгалийн эр, эмээс шалтгаалж, 70 хувиар тооцохоор байгаа. ...Шинжилгээний дүгнэлттэй танилцахад нэг нь эм нас бие гүйцсэн нь 13.000.000 төгрөг, нөгөө нь 2 настай эм төл бодгаль байгаа учраас 13 сая төгрөгийн 70 хувь нь 9.100.000 төгрөг болно. Үүнийг амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар тус бүрийг 2-р үржүүлж нэмэхэд 13.000.000 дээр 9.100.000 төгрөгийг нэмээд 22.100.000 төгрөг, үүнийг 2-р үржүүлэхэд 44.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол гарч байгаа тул 44.200.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-32),

15. Тээврийн хэрэгслийн лавлагаа (1 хавтаст хэргийн 224-225),

16. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...Улсын дугаар: ..., марк, модел: TOYOTA Corolla-Rumion, арлын дугаар NZE1511043897, өмчлөгч: Сүр...ын Н...уян...” гэх баримт (1 хавтаст хэргийн 14),    

17. “ДАМНО” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18-45 дугаар тайланд “...Марк загвар: Toyota corolla rumion, ...Улсын дугаар: ...., арлын дугаар: NZE151043897,... эзэмшигчийн нэр: С.Н...н, ....тээврийн хэрэгслийг....13.000.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 68-69),

18. Иргэний нэхэмжлэгч С.На....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... улсын дугаартай автомашиныг би өөрөө худалдаж авсан, миний эзэмшилд байдаг. Энэ автомашиныг улсын орлого болгож хураалгахгүй, учир нь Г.А..--сүхийн өөрийнх нь автомашин биш, хэрэгт хамааралгүй миний эзэмшлийн автомашиныг улсын орлого болгож авах хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас Г.А..--сүхээс нэхэмжлэх зүйл байхгүй...Би энэ автомашиныг 2018 онд 14.500.000 төгрөгөөр бодоод худалдаж авахдаа 13 сая төгрөгийг “ХААН” банкнаас зээлж авсан. Тэгээд сар бүр 500.000 орчим төгрөгийг “ХААН” банкны зээлд төлдөг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 223-224),

19. Гэрч Б.Га....н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан, дэлхийн хэмжээнд устаж болзошгүй гэсэн ангилалд байдаг нэн ховор амьтан. Дэлхийд 3000-7000 бодгаль байдаг гэсэн таамаг байдаг. Монгол орны хэмжээнд 500-1200 бодгаль байгаа гэсэн таамаг байгаа. Энэ оны сүүлээр манай төслөөс Монгол орны хэмжээнд байгаа нийт цоохор ирвэсийн тоо толгой, тархалтын судалгаа гарна. Ер нь ирвэс нь Монгол Алтай, Говь-Алтайн нуруу дамнаж, том том ууланд цөөн бодгалиар тархдаг. Монгол Улсын Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл гэсэн аймгуудад аргаль, янгирын сүргийг дагаж хооллож амьдардаг. Зуны улиралд тарвага, зурам, хахилаг, хойлог гэсэн амьтдаар хооллодог. Өвлийн улиралд ичдэггүй, янгир барьж иддэг, 11-1 сарын хооронд малчид ирвэсийн амьдардаг ууланд орж өвөлжсөнөөс болоод айлын мал руу орох тохиолдол байдаг. Эмэгчинтэйгээ 2 сард эвцэлд ороод 6 сард 2-4 гүен гаргадаг, 8 сарын эх хүртэл хадны нуугдмал булан, тохойд байрлаж байгаад түүнээс хойш эхтэйгээ хамт ан хийж амьдардаг. Эхийгээ 1,5-2 жил дагаж амьдардаг. 0-2 нас хүртэл төл гэж үзнэ, түүнээс дээш бие дааж ганцаараа шинэ эзэмшил нутаг хайгаад тэнүүлч байдлаар байдаг. Ингэж тэнэж явахдаа 400-500 км явах тохиолдол байдаг, өөрийн эзэмшил газраа олбол тэндээ суурин байдаг. Эр бодгалиудын эзэмшил газар давхацдаггүй, өөр эрэгчин хүний газар луу орохгүй, харин эмэгчингүүдийн эзэмшил газар нь эрэгчингийн эзэмшил нутагтай давхацдаг, эр нь эмийгээ хөөдөггүй. Эмийн эзэмшил нутаг нь эрийнхээ эзэмшил нутгаас арай бага байдаг. Наслалтын дундаж нь байгаль дээрээ 7-8 нас хүрдэг, зоо паркад 14 нас хүрсэн тохиолдол байсан. Дөнгөж төрсөн гүенгүүдийн хагас нь эхний жилдээ үрэгдчихдэг. Эрийн эзэмшил нутаг нь 100-500 км квадрат газар байдаг. Эм нь 2 настайгаасаа үржилд орох боломжтой, эр нь эхлээд эзэмшил газраа олж байж үржилд ордог. Эм нь 2 жилд нэг удаа төллөдөг. Эм нь байгаль дээр 3-4 удаа төллөдөг учраас өсөлт бусад амьтдыг бодвол удаан байдаг. Энэ амьтны арьсыг нь илдээд үзүүлэн маягаар ашиглах, зарим тохиолдолд хувцас, чимэглэл хийсэн байдаг. Монгол Улсад өмнө нь айлд ганц нэг өлгөдөг байсан одоо бол хориотой амьтан учраас айл гэртээ байлгахгүй, ирвэсийн гавлын ясыг гадаадад үзүүлэн маягаар цуглуулдаг хүмүүс байна. Махыг нь монголд хүнсэнд ашигладаггүй, ер нь махыг нь хэрэглэх боломжгүй. Ясыг нь Хятад Улсад ардын эмчилгээнд эм болгож хэрэглэдэг гэсэн.... Энэ амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөг байдаг. Сүүлийн үед малын тоо өсөөд малчид өндөр уул руу малаа бэлчээх болсноос болоод ирвэс мал барьж идэх нь олшроод байгаа. Ирвэсийн амьдарч байгаа газар нутгийн 27 орчим хувь нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа. Ирвэсийн цөм нутаг нь Баян-Өлгий аймгийн Сийлхэмийн нуруунаас Өмнөговь аймгийн Хөрхийн нуруу хүртэл ирвэсийн ихэнх нь амьдардаг. Хангай нуруунд багахан байгаа, ихэнхдээ Завхан аймагт байдаг...Ирвэс нь Монгол Улсын нэгдэн орсон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах буюу Англи нэрийн товчлол нь САЙТИС “CITES” конвенцын 1-р хавсралтад орсон худалдаалахыг бүрэн хориглосон амьтан, зөвхөн тусгай зөвшөөрлөөр улс хооронд тээвэрлэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34),

20. Шүүгдэгч Б.Т-------огын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 166), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 168), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт 1 хавтаст хэргийн 111-151),

- Шүүгдэгч Г.А..--сүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 170), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 176), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 174, 175), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (1 хавтаст хэргийн 111-151, 160, 163 172), хохирол төлсөн талаарх баримт (2 хавтаст хэргийн 104) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.А..--сүх, Б.Т-------о нарыг Монгол Улсын нэн ховор нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсний түүний эд болох 2 ширхэг арьсыг тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Т-------о нь цоохор ирвэсийн хоёр ширхэг арьсыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн ... газар хадгалсан улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тээвэрлэн Улаанбаатар хотод оруулж ирээд Сонгинохайрхан ... хороо ... тоотод 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хадгалсан,  

Шүүгдэгч Г.А..--сүх нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс мөн оны 2 дугаар сарын 01-ний өдөр цоохор ирвэсийн хоёр ширхэг арьсыг шүүгдэгч Б.Т-------огоос худалдан борлуулах зорилгоор авч хадгалж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас шүүгдэгч нар нь амьтны аймагт 44.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан болох нь, 

1. Гэрч П.Чимэдцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1998 онд Пунцаглан хийдэд лам болж шавилан суухад А..--сүх мөн адил лам болж орж ирсэн. Түүнээс хойш бид нар бие биеэ танина. ...Тэгээд 2018 оны намар А...ийн машин засвар дээр очиход ах Т-------о гэх залуу ирсэн байж байхад нь танилцаж байсан. Анх тэгж Т-------огын зүсийг үзээд дараа нь тэнд 2-3 удаа тааралдах үед тэрээр ховор амьтны арьс байгаа тэрийг зармаар байна, авдаг хүн байдаг болов уу гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52),

- Гэрч Х.Ц...ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т-------огын аав Баярмагнай, ...ээж Одонмаамыг танина. ...2018 оны 7 дугаар сард сумын наадмаар Т-------отой тааралдсан чинь надаас “панз наймаа сураад, ангийн арьс байна уу” гээд асуухаар нь би сонирхуулаад “Х...аа гэх хүнд эрээний арьс байж магадгүй юм шиг байна лээ” гээд хэлээд өнгөрсөн. ....Сүүлд нь цагдаагаас намайг дуудахаар нь Т-------ог Х.....агаас 2 ширхэг эрээний арьс авсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

- Гэрч Б.Б...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т-------о ахад хотод манайхаас өөр очих айл байхгүй. ...Манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... тоот ...хамгийн сүүлд ах Т-------о 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 3 цагийн үед хөдөө яваад ирлээ гээд орж ирээд манай хажуугийн аавын амьдарч байсан байшингийн түлхүүрийг авсан. ...тэгээд 2019 оны 2 дугаар сарын эхээр аав над руу яриад “Т-------о ах чинь ирвэсийн арьс хүнээс аваад зарах гэж яваад баригдсан байна, хаанаас юу авч зарсан юм бэ” гээд надаас асуухаар нь би “мэдэхгүй” гээд Т-------о ах руу залгаад асуусан чинь “ирвэсийн арьс хүнээс аваад зарах гэж яваад баригдсан”... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-42),

- Шүүгдэгч Б.Т-------огын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сард Баянхонгор аймгийн .. дээр явж байсан чинь нөгөө Ха...а гэх хүнтэй тааралдаад “Цо..он ах өөрөөс чинь асуугаад үз гэж байсан танд ирвэсийн арьс байна уу” гэсэн чинь “хоёр юм байгаа ш дээ юм болох юм уу, мэдэхгүй ээ, хоёр арьс байж л байгаа” гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа сумаас урагшаа хөдөө утсаар яриад уулзаад тэр Ха...а гэх хүнээс 2 ширхэг ирвэсийн арьс авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-82),

 

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн ::: дугаар постоны урд талд улаан өнгийн ::: улсын дугаартай “Toyota” маркийн автомашин...д үзлэг хийхэд уг...автомашины хойд талын сандал дээр байх саарал өнгийн бүрхээр дотор хийсэн цагаан өнгийн шуудай дотор 2 ширхэг ирвэсийн арьс байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-7),

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа ...би “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 552 дугаар постод шалгалт хийж байгаад :.... Rumion маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ...Гомбо овогтой А..--сүх (ЧЖ87040619) нь 2ш цоохор ирвэсийн арьсыг хууль бусаар тээвэрлэж авч явсныг шалгуулахаар ...хүлээлгэн өгөв.” гэх баримт (1 хавтаст хэргийн 8),

- Гэрч А.Ал...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..--сүх...өөрөө хэлэхдээ ирвэсийн арьс хүнээс аваад хүнд өгөх гэж байгаад баригдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 49-50)

- Гэрч С.Н....ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..--сүх хэргийнхээ талаар ярихдаа Т-------о гэх хүнээс цоохор ирвэсийн арьс авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 214-215),

- Шүүгдэгч Г.А..--сүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз Чи...р дамжаад Т-------о гэх залуутай 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр ...Т-------огын ...гэрт нь очоод ирвэсийн 2 ширхэг арьсыг авсан. Т-------о болохоор чи өөрөө очоод үзүүлж харуулаад мөнгө төгрөгөө аваад ир гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 8 цагийн үед эмээлт дээр очоод утсаар арьсан хүнтэйгээ уулзахад 3 хүн ирээд үзчихээд худалдаж авах хятад хүнээсээ асуугаад ирье гээд буугаад яваад өгсөн. Тэгээд ахиад над руу зуучлаад байгаа хүн нь утсаар яриад эмээлтийн нөгөө талд гараад ирээ гээд машинаа асаагаад явж байтал замын цагдаа зогсоогоод шалгаад баригдсан. Тухайн үед эхнэрийнхээ ... дугаартай тээврийн хэрэгслийг өглөө гэрээсээ гарахдаа аваад гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 228-229),

3. Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн  дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 амьтны арьс нь нэг зүйл амьтны буюу Цоохор ирвэс (Panthera uncia)-н хоёр бодгальд хамаарна.

2. Ирвэсийн хоёр арьсыг морфологи шинжээр эм бодгалиуд болохыг тодорхойлов. Цоохор ирвэс (Panthera uncia)-н экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 11.200.000 төгрөг, эм бодгаль 13.00.000 төгрөг,

3. Ирвэсийн арьснаас сүүлний урт, тавхайн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 настай төл, 4 настай бие гүйцсэн бодгалиуд болохыг тодорхойлов.

...5. Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор зүйл, Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. Монгол орны улаан ном, САЙТИС-ийн l  хавсралтад бүртгэгдсэн нэн ховор зүйл...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 62),

- Хохирогч Ц.Ц......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цоохор ирвэс нь хөхтний төрлийн махан идэшт амьтан. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цоохор ирвэсийн арьсанд хийсэн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/29 дугаартай дүгнэлттэй уншиж танилцахад 2 эм бодгаль цоохор ирвэс байсан бөгөөд нэг нь 4 настай нас бие гүйцсэн, нөгөө нь 2 настай төл бодгаль болох нь тогтоогдсон байна. 2012 онд батлагдсан Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Цоохор ирвэс /Uncia uncial/...” орно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж, мөн зүйлийн  37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж тус тус заасан байдаг. Мөн 2011 оны Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан ба үүнд цоохор ирвэс эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөг, цоохор ирвэсийн үр төлийн үнэлгээг тухайн бодгалийн эр, эмээс шалтгаалж, 70 хувиар тооцохоор байгаа. ...Шинжилгээний дүгнэлттэй танилцахад нэг нь эм нас бие гүйцсэн нь 13.000.000 төгрөг, нөгөө нь 2 настай эм төл бодгаль байгаа учраас 13 сая төгрөгийн 70 хувь нь 9.100.000 төгрөг болно. Үүнийг амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар тус бүрийг 2-р үржүүлж нэмэхэд 13.000.000 дээр 9.100.000 төгрөгийг нэмээд 22.100.000 төгрөг, үүнийг 2-р үржүүлэхэд 44.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол гарч байгаа тул 44.200.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-32),

- Гэрч Б.Г...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан, дэлхийн хэмжээнд устаж болзошгүй гэсэн ангилалд байдаг нэн ховор амьтан. ...Энэ амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөг байдаг. ...Ирвэс нь Монгол Улсын нэгдэн орсон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах буюу Англи нэрийн товчлол нь САЙТИС “CITES” конвенцын 1-р хавсралтад орсон худалдаалахыг бүрэн хориглосон амьтан, зөвхөн тусгай зөвшөөрлөөр улс хооронд тээвэрлэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34),

4. Тээврийн хэрэгслийн лавлагаа (1 хавтаст хэргийн 224-225),

- “ДАМНО” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18-45 дугаар тайланд “...Марк загвар: Toyota corolla rumion, ...Улсын дугаар: . арлын дугаар: NZE151043897,... эзэмшигчийн нэр: С.Н..ян, ....тээврийн хэрэгслийг....13.000.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 68-69) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нар нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатайгаар, нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байна. Үүнээс үзвэл

 Монгол Улсын нэгдэн орсон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах буюу Англи нэрийн товчлол нь САЙТИС “CITES” конвенцын 1-р хавсралтад орсон худалдаалахыг бүрэн хориглосон амьтанд латин нэр нь “Panthera uncial”, монгол нэр нь “Цоохор ирвэс” англи нэр нь “Snow Leopard” хамаарч байна.

Мөн Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн...хамаарна.” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад  “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;” ойлгоно гэж зааж. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ...Цоохор ирвэс /Uncia uncial/,...зэрэг амьтан хамаарна.” гэж хуульчилсан байна.

Түүнчлэн Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн  4.1.20 дахь заалтад зааснаар “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс,...зэрэг эд эрхтнийг;” ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь  хэсэгт “...нэн ховор амьтны... арьс, ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.

Дээрх Олон улсын конвенц, Монгол Улсын хуульд зааснаар “Цоохор ирвэс” нь хөхтөн амьтанд хамаарах, тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон нэн ховор амьтанд хамаарах бөгөөд тухайн амьтныг зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр агнаж, барьж болдог. Хэрэв зөвшөөрөлгүй барьсан, агнасан тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцдог хууль зүйн зохицуулалттай буюу нэн ховор амьтны түүхий эдийг хуулиар худалдах, худалдан авахыг хориглож Эрүүгийн хуулиар эрүүжүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэлд хамаарч байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас амьтны аймагт 44.200.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзнэ.

Учир нь Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”, 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн  дүгнэлт “...2. Ирвэсийн хоёр арьсыг морфологи шинжээр эм бодгалиуд болохыг тодорхойлов. Цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр ...эм бодгаль 13.00.000 төгрөг, 3. Ирвэсийн арьснаас сүүлний урт, тавхайн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 настай төл, 4 настай бие гүйцсэн бодгалиуд болохыг тодорхойлов...” гэж, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд “...нэг нь эм нас бие гүйцсэн нь 13.000.000 төгрөг, нөгөө нь 2 настай эм төл бодгаль байгаа учраас 13 сая төгрөгийн 70 хувь нь 9.100.000 төгрөг болно.” гэж тус тус дүгнэж, мэдүүлсэн байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нарын хадгалсан, тээвэрлэсэн цоохор ирвэсийн 2 ширхэг арьсны нэг нь нас бие гүйцсэн эм бодгаль буюу 13.000.000 төгрөгийн үнэлгээтэй, нөгөө нь хоёр настай төл буюу 9.100.000 төгрөгийн үнэлгээтэй байх бөгөөд нийт 22.100.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэхүү үнэлэгдсэн 22.100.000 төгрөгийг Амьтны тухай хуульд зааснаар хоёр дахин үржүүлж 44.200.000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нараас Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нараас амьтны аймагт учирсан хохирол болох 44.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 22.100.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А..--сүх нь өөрт ногдох 22.100.000 төгрөгийн хохирлоос 4.000.000 төгрөгийг (2 хавтаст хэргийн 104) төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд түүнээс гаргуулах хохирлоос дээрх үнийн дүнг хасаж гаргуулах хохирлыг 18.100.000 төгрөгөөр тогтоов.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хохирлын хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээг тогтоож өгнө үү гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс: шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амьдралын хувьд амьдралын баталгаажих түшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс ихгүй ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.          

Шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх Б.Т-------о, Г.А..--сүх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хүлээж авч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг... цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх..д оршино.” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...ыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж  тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Т-------о нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, шүүгдэгч Г.А..--сүх нь .... лам гэх боловч энэ талаар баримтгүй байна.

Нөгөөтээгүүр, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хувьд нэгэнт учруулсан хор уршгийг арилгах боломжгүйн зэрэгцээ нэн ховор зүйл, Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг хуулиар хориглосон амьтны түүхий эдийг худалдан борлуулж ашиг олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, эсхүл торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т-------о нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс (хавтаст хэргийн 84) 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 56 хоног буюу нийт 56 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй. Харин шүүгдэгч Г.А..--сүх нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...энэ хуулийн тусгай ангид заасан, ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн..ий хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж тус тус заасан байна. 

Иймд шүүгдэгч Г.А..--сүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA” загварын “Corolla-Rumion” маркийн .... эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 13.000.000 төгрөг гэж тогтоосон байна. Тиймээс шүүгдэгчид шүүхээс оногдуулсан ял дээр тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг заавал хурааж хохирол нөхөн төлөх эсхүл улсын орлогод оруулахаар заасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс тухайн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулах талаар дүгнэлт гаргаагүй тул шүүх тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзсэн болно. Нөгөө талаар Г.А..--сүхийн эхнэр гэх С.Насанбуян нь мөрдөн шалгах ажиллагаанд “...... улсын дугаартай автомашиныг би өөрөө худалдаж авсан, миний эзэмшилд байдаг. Энэ автомашиныг улсын орлого болгож хураалгахгүй...” гэх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.Т-------огын хувьд арьс тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байх тул түүнээс хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй гэж үзэв.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар

1. хоншоороос доош нийт 1.20см урттай, биеийн өргөн цээж хэсэг 23см, сүүл хэсгийн өргөн 30см, сүүлний урт 86см, биеийн дээд баруун, зүүн хөлийн сарвуу 41см, биеийн доод баруун, зүүн хөлийн сарвуунаас их бие хүртэл 38см, толгойноос хүзүү хүртэл 45см, шүдгүй, хоёр нүдгүй арьс,

2. хоншоороос доош нийт 1.80см урттай, биеийн өргөн цээж хэсэг 20см, сүүл хэсгийн өргөн 30см, сүүлний урт 70см, биеийн дээд баруун, зүүн хөлийн сарвуу 37см, биеийн доод баруун, зүүн хөлийн сарвуунаас их бие хүртэл 37см, толгойноос хүзүү хүртэл 40см, шүдгүй, хоёр нүдгүй арьсыг тус тус хурааж авсан байна.

Тиймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Цоохор ирвэсийн 2 ширхэг арьсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зохих байгууллагад хэрэгцээний дагуу шилжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэн ховор амьтны арьсыг устгах шаардлагагүй бөгөөд хөхтөн амьтны талаар эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн зохих байгууллагад шилжүүлэх нь ач холбогдолтой гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Г.А..--сүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Т-------од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч То..т овогт Ба..йн Т-------о, Ша....уд овогт Го....ын А..--сүх нарыг Нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч То..т овогт Ба..йн Т-------о, Ша...уд овогт Го..н А..--сүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-------о, Г.А..--сүх нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-------огын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-------огоос 22.100.000 (хорин хоёр сая нэг зуун мянга), шүүгдэгч Г.А..--сүхээс 18.100.000 (арван найман сая нэг зуун мянга) төгрөг буюу нийт 40.200.000 (дөчин сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А..--сүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 (арван гурван сая) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цоохор ирвэсийн хоёр ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А..--сүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-------од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.А..--сүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тэдний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                             Г.МӨНХЗУЛ