| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01267/И |
| Дугаар | 1420 |
| Огноо | 2015-11-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01267/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дүгээр хороолол ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох
Ажлаас халагдсан тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 660.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогт *******ийн ******* би 1959 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 1982 онд Польтехникийн дээд сургуулийг Холбооны инженер мэргэжлээр төгсөж Завхан аймгийн Тосонцэнгэл хотын холбооны салбарт эрхлэгч, инженерээр томилогдон ажлын гараагаа эхэлсэн. 1982-1987 оны хооронд Холбооны салбарт инженер, 1997-2007 онд Баянхонгор аймгийн Холбооны газрын дарга, 2007-2012 онд Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2001-2006 онуудад МЦХ ХК-ийн шилдэг менежерээр шалгарч байсан. 2001 онд Монгол улсад Онц холбоочин, 2014 онд Хүндэт Холбоочин, 2014 онд Хүндэт холбоочин цол тэмдэгээр шагнагдсан. Ял шийтгэж хүлээж байгаагүй. 2012 оны 12 дугаар сард улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас улс төрийн дарамт шахалтаар ажлаа хүлээлгэж өгөхөд хүрсэн. 2012-2016 онуудад Холбооны газрын боловсон хүчин, маркетинг үйлчилгээний ахлах ажилтан, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудыг хийж байгаад 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Холбооны газрын дарга ******* намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа ижил албан тушаалд ажиллаж байгаа 4 ажилтнаас намайг сонгон ажлаас чөлөөлөхдөө үзэл бодол, насаар ялгаварлан гадуурхаж Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан заалтыг зөрчсөн, тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлээ тайлбарлаагүй мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дугаар заалтыг зөрчсөн. МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаалын хавсралт №2-ыг танилцуулаагүй нь цомхотгол зохих журмын дагуу хийгдсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Холбооны газрын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 2-4-8-рт заасан төлөөллийн байгууллагтай хийх зөвшилцөл хийгээгүй дангаараа шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан заалтыг зөрчиж үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдээгүй шийдвэр гаргасан зэргийг үндэслэж байна гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газрын дарга *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Т.*******ын орон тооны цомхотголоор ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна. Тус Холбооны газар нь Монголын Цахилгаан холбоо ХК-ны Дархан-Уул аймаг дахь салбар нэгж ба Монголын Цахилгаан холбоо ХК нь өнгөрсөн 2015 онд 1 тэрбум 500 сая төгрөгийн, Дархан-Уул аймгийн Холбооны газар нь 138 сая төгрөгийн алдагдалтай ажилласан болно. Энэ байдалд Монголын Цахилгаан холбоо ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл дүгнэлт хийж хуралдаад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол гаргаж Улаанбаатар хотын ажиллагсад мөн орон нутгийн бүх салбарууд орон тоог нягтруулж цөөрүүлэх шийдвэр гарсаны дагуу Гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаал гарч компанийн хэмжээнд бүх салбар нэгжүүдэд орон тоог нягтруулж , цөөрүүлсэн ба дан ганц манай салбарт хийгдсэн ажил биш юм. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагийн үед компаниас орон тоог цөөрүүлж хасагдсан Гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаал ирж Ажлын зөвлөлийн гишүүд болон тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсадтай уулзаж тэдэнд ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Монголын Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаал болон тушаалын хавсралтыг ажлаас чөлөөлөгдөж байгаа болон байгууллагын Ажлын зөвлөлийн гишүүдэд нэг бүрчлэн уншиж танилцуулсан ба нэхэмжлэгч Т.******* дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан МТХГТА-ны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2.1.6, 2.1.6.6 дугаар заалтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4.55.737 төгрөгийн тэтгэмжийг бодуулан хүлээн авсан. МЦХ ХК нь гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаал, тэтгэмжийг мөнгөн хэлбэрээр хүлээн авсан үйлдэл нь Т.*******ыг өөрөө сайн дураар, хэн нэгний дарамт шахалтгүйгээр уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолсон нотолгоо мөн болно.
Миний бие ******* 2015 оны 01 дүгээр сард тус газрын даргаар томилогдсон ба ажилд томилогдон ажилласан үеэсээ Т.*******ыг дэмжиж борлуулалт, үйлчилгээний албыг хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажлуулж эхэлсэн ба тэрээр 2016 оны 06 дугаар сар хүртэл борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажилласан.
Т.******* нь борлуулалт, үйлчилгээний ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй, хийдэггүй, өөрийнх нь удирдлага дор олон жил ажилласан *******аар байнга ажлаа хийлгэдэг байсан ба энэ тухай ажлын зөвлөлийн хурлаар хэд хэдэн удаа яригдаж байсан бэ энэ тухай өөрт нь удаа дараа хэлж сануулж байсан. Дээрх ажлыг гүйцэтгэхэд Т.******* үйлчилгээний программууд дээр ажиллаж чаддаггүй, мөн билл тооцоо гаргаж чадахгүй, өдөр тутмын мэдээ тайлан зэргийг гаргахдаа байнга зөрүүтэй гаргадаг зэрэг зөрчлийг гаргаж байсан тул ажлын хэсэг томилж дүгнэлт гаргасны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Холбооны газрын даргын 36 тоот тушаалаар Т.*******ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. ******* миний бие нь Т.*******ыг ажлаас чөлөөлөхдөө үзэл бодол, нас, хүйс, хувийн байдал ямар нэгэн асуудлаар ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй, нэхэмжлэлд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас улс төрийн шахалт дарамтаар ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг худлаа болно. Байгууллагын архивын материалаас шүүж үзэхэд Т.******* нь 2013 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг ба ажлаас чөлөөлөгдснөөс хойш 2 сарын дараа байгууллагаар хуурамч тушаал гаргуулан 4.689.600 төгрөгийн тэтгэмж авсан байсан.
Т.*******ын энэхүү хууль бус үйлдлийг одоо Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа. Манай Холбооны газар нь Монгол Улсын компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна гэж заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Тус Холбооны газрын дарга буюу менежер миний бие эрх мэдэл хэтрүүлсэн, хууль зөрчиж хүмүүсийг хохироосон зүй бус үйлдэл байхгүй ба манай байгууллагын хэмжээнд мөрддөгдөг хамтын гэрээгээ мөрдөж ажилладаг мөн орон тооны илүүдэл нягтралын талаар эдийн засгийн үзүүлэлт зэргийг үндэслэн зөвхөн орон тооны саналыг компанид явуулсан ба зөвхөн санал өгөх эрх үүрэгтэй ба эцсийн шийдвэрийг зөвхөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргадаг. Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаалын талаар МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2.4.8 заалтын дагуу цомхотголын тухай үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Монголын Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заахдаа 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд нэг сарын өмнө тухайн ажилтанд мэдэгдэнэ гэж заасан байдаг ба уг мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Т.*******ад гардуулж өгсөн. Иймд иргэн Т.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасан заалтыг зөрчөөгүй, өөрийг нь ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ хангалалттай тайлбарлаж хэлсэн ба өөрөө ч энэ тухайгаа мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу 1 сарын өмнө мэдэгдэх хуудас түүнд гардуулсан. Мөн МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын А/******* тоот тушаалыг танилцуулж хувийг хувилж өгсөн. Мөн тус Холбооны газар нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тул ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлын тушаалаар цомхотголын орон тоо батлагдаж МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний дагуу компанийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, Т.******* нь мэдэгдэх хуудсанд өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан 4.555.737 төгрөгийн тэтгэмжийг өөртөө хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэж Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 67 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдуулан ажлаас халагдсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 660.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.******* нь Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Холбооны газарт Маркетинг, үйлчилгээний тасгийн Үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад Холбооны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтууд, МТХГТА-ны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь заалт, МЦХ ХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот тогтоол, МЦХ ХК-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаалыг тус тус үндэслэн тус компанийн орон тоог нягтруулах Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолыг хэрэгжүүлж, орон тоог цөөрүүлсэн тус газрын Маркетинг, үйлчилгээний тасгийн Үйлчилгээний ажилтан ажилтай Т.*******ыг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/
Хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газар нь нэхэмжлэгч Т.*******ад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 08-нд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Мэдэгдэх хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 57 дугаар хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, өмгөөлөгч Ё.Ринзаан нар нь Дархан-Уул аймгийн Холбооны газар нь Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн салбар бөгөөд Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай Зарим орон тоо хасч, ажилтны тоог цөөрүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтад заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Холбооны газар нь Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн салбар болох нь хэрэгт авагдсан гүйцэтгэх захирлын тушаалууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан байх тул Т.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох ажлаас халагдсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 660.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Т.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох ажлаас халагдсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 660.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 20.390 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА