Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0035

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Т.С-----н, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ....... овогт Т.............н С-----нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0344 51802 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.......... ......хэн овогт То.....йн С-----н, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 1958 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр настай тэтгэвэрт байдаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........... суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар П...............

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.С-----н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод оршин суух Ш.С.--мын гэрт хувийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас Ч.Өл.....ны биед хүч хэрэглэсэн халдаж зүүн гарын сарвууны 4 дүгээр хурууны 2-р шивнүүрийн ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С-----н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ч.Өл....аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нөхөр П....йн ах С.--мын гэрт очсон. Тэнд архи ууж, хоол унд идэж байтал С.--мын хүүхэд Ам....а нь архи нуучихаар нь “яагаад архи уусан юм” гэж загнасан чинь эмээ Т.С-----н нь өмөөрч намайг сандал дээр сууж байсан чинь түлхээд унагаачихсан. ...Тэгж байтал Т.С-----н миний зүүн гарыг мушгисан. Тэр үед миний ядам хуруу эвгүй болчихсон. ...орой нь миний гар өвдөөд байсан. ...маргааш өглөө нь миний гар хавдчихаар нь С.--мын гэрт орж танай худ Т.С-----н миний гарыг өчигдөр гэмтээчихсэн байна одоо бүр хавдчихлаа гэж хэлж үзүүлсэн. Тэрнээс хойш гайгүй болчих байх гэж бодоод давстай цайгаар жин тавиад 10 гаруй хоног яваад бүр болохгүй болохоор гэмтэл дээр очиж эмчид үзүүлсэн чинь яс нь үүрч хугарсан байна гэж хэлсэн. ...физик шарлага хийлгэж байгаа одоо миний авсан эм, тариа гэх юм бол 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Би гомдолтой байна. Хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч Р.П....ийн (хохирогчийн нөхөр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С-----нгийн ач 8 настай Амарболд өвөөгөө гараараа цохиод автал манай эхнэр Ч.Өл....ан “яагаад өвөөгөө зодож байгаа юм” гэж загнасан чинь Т.С-----н өмөөрч “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэж уурлаж Ө------ханыг сууж байсан сандалыг түлхтэл манай эхнэр газар унасан. Би эхнэр Ө------ханы гараас татаж босгоод байж байтал Т.С-----н Ө------ханы зүүн гарыг мушгиж зууралдсан. ...Ч.Ө------хан тухайн үед миний гар эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед би тоогоогүй. Маргааш өглөө нь Ө------ханы зүүн гарын сарвуу нь хавдчихсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулсан чинь хугарчихсан байна гэхээр нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),

3. Гэрч Ө.НямТ.С-----нгийн (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С-----н миний төрсөн эх байгаа юм. Миний хүүхдүүдийг хараад...надтай хамт амьдардаг юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй, Тэтгэвэрт сард 270.000 төгрөг авдаг. Миний ээж нь 62 настай....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

4. Насанд хүрээгүй гэрч М.Д.....ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө------хан эгч, П....рж ах, Т.С-----н эгч нарыг архи уугаад тасарчих бол уу гэж бодоод ширээн дээр байсан архийг нь аваад нуучихсан. Тэгтэл П.....ж ах архи өгчих гээд нэхээд байсан. Тэр үед хажуугаас Ө------хан эгч бид хоёрыг жоохон хүүхэд байж гээд загнасан чинь Т.С-----н эгч өмөөрсөн. Тэгтэл Ө------хан эгч Т.С-----н эгчийг түлхсэн чинь эгч уурлаж Ө------хан эгчийн хувцаснаас зууралдсан. Ө------хан эгч уурлаж байхдаа эгчийг “бэлэвсэн авгай хүүхдүүдийг чинь, алаад булчихна шүү” гэж хэлтэл Т.С-----н эгч уурлаж Ө------хан эгчийн зүүн гарыг мушгиж, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8132 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн гарын сарвууны 4-р хуруунд чиг тавигдсан, биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.06.14-ний зүүн сарвууны 4-р байрлалаар авсан рентген зурагт: зүүн гарын сарвууны 4-р хурууны 2-р шивнүүрийн ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугаралтай.

2019.06.26-ны зүүн сарвууны 2 байрлалаар авсан рентген зурагт: зүүн гарын сарвууны 4-р хурууны 2-р шивнүүрийн ташуу зөрөөтэй хугаралтай...ДҮГНЭЛТ

1. Ч.Ө------ханы биед зүүн гарын сарвууны 4-р хурууны 2-р шивнүүрийн ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

6. Шүүгдэгч Т.С-----нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би худ С.--мын Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод гэрт очсон. ...худ С.--м 0.5 граммтай нэг шил архи гаргаж Нурмаа бид гурав хувааж уусан. ...би нэлээн согтчихсон бараг ухаангүй болчихсон, зарим юм орж гараад байсан, нэг сэрэхэд С.--мын гэрт бүгдээрээ ирчихсэн байсан. тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд Ө------хантай зууралдчихсан байсан. Тэрнээс хойш бас санахгүй байна. ...худ С.--мын охины хүүхэд Дөлгөөнмөрөнгөөс эгч нь согтчихоод Ө------хан эгчтэй нь яасан юм бэ гэж асуусан чинь “таныг орон дээр унтаж байсан чинь Ө------хан эгч нуруу, толгой руу чинь гараараа цохисон чинь та уурлаж босож ирээд Ө------хан эгчийг барьж авсан ш дээ гэж хэлсэн. ...би Ө------ханы зүүн гарт гэмтэл учруулчихсан юм шиг байгаа юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Учирсан хохирол эмчилгээний зардал мөнгийг нь барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75),

7. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 40), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 38, 42, 44-49),  хохирлын тооцоо (хавтаст хэргийн 63)

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 53-62), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 30, 31), тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 34), хохирол төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 96) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.С-----нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.С-----н нь Сонгинохайрхан дүүргийн .... дугаар гудамжны .... тоотод иргэн Ш.С.--мын гэрт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, Ч.Ө------хантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед хүч хэрэглэн халдаж зүүн гарын сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн ясны ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Ө------ханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.--мын гэрт ...архи ууж, хоол унд идэж байтал С.--мын хүүхэд Амараа нь архи нуучихаар нь “яагаад архи нуусан юм” гэж загнасан чинь эмээ Т.С-----н нь өмөөрч намайг сандал дээр сууж байсан чинь түлхээд унагаачихсан. ...Тэгж байтал Т.С-----н миний зүүн гарыг мушгисан. Тэр үед миний ядам хуруу эвгүй болчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- Гэрч Р.Пү....ийн (хохирогчийн нөхөр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С-----нгийн ач 8 настай А....д өвөөгөө гараараа цохиод автал манай эхнэр Ч.Ө------хан “яагаад өвөөгөө зодож байгаа юм” гэж загнасан чинь Т.С-----н өмөөрч “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэж уурлаж Ө------ханыг сууж байсан сандлыг түлхтэл манай эхнэр газар унасан. Би эхнэр Ө------ханы гараас татаж босгоод байж байтал Т.С-----н Ө------ханы зүүн гарыг мушгиж зууралдсан. ...Ч.Ө------хан тухайн үед миний гар эвгүй болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),

- Насанд хүрээгүй гэрч М.Дө....ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө------хан эгч, Пү....ж ах, Т.С-----н эгч нарыг архи уугаад тасарчих бол уу гэж бодоод ширээн дээр байсан архийг нь аваад нуучихсан. Тэгтэл П....рж ах архи өгчих гээд нэхээд байсан. Тэр үед хажуугаас Ө------хан эгч бид хоёрыг жоохон хүүхэд байж гээд загнасан. ...Ө------хан эгч уурлаж байхдаа эгчийг “бэлэвсэн авгай хүүхдүүдийг чинь, алаад булчихна шүү” гэж хэлтэл Т.С-----н эгч уурлаж Ө------хан эгчийн зүүн гарыг мушгиж, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8132 дугаар дүгнэлт “...1. Ч.Ө------ханы биед зүүн гарын сарвууны 4-р хурууны 2-р шивнүүрийн ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгч Т.С-----нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би худ С.--мын Сонгинохайрхан дүүргийн .... тоотод гэрт очиж ...архи ...хувааж уусан. ...би нэлээн согтчихсон ...нэг сэрэхэд Ө------хантай зууралдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.С-----н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хүүхэд загналаа, хэл амаар доромжиллоо” гэх сэдэлтээр, хохирогч Ч.Ө------ханы эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Т.С-----нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд 494.615 төгрөг баримтаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь дээрх зардлыг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 96) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ч.Ө------ханы эрүүл мэнд болох зүүн гарын сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрт ташуу зөрөө ихтэй шаантаглаж орсон мушгирсан хугарал учирсан байдлыг харгалзан энэхүү гэмтэлтэй холбоотой цаашид гарах хохирол хор уршгийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.С-----нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С-----н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх эрүүгийн хариуцлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...тавин таваас дээш насны эмэгтэй ...хүнд оногдуулахгүй.” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Т.С-----н нь 1958 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 61 настай болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Т.С-----нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр 61 настай зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.С-----нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг түүний хувийн байдал буюу тэтгэврийн зээлтэй (хавтаст хэргийн 34-35), нэг сард 270.000 төгрөг авдаг (хавтаст хэргийн 14) зэрэг хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0336 31209 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн хохирогч Ч.Ө------ханы гарын рентген болон оношилгоо хийлгэсэн CD 2 ширхэг, гарын рентген зураг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт То...йн С-----нг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-----нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-----нд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 6 (зургаа)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С-----н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 2 ширхэг, 1 ширхэг гарны рентген зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ