| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0036/Э |
| Дугаар | 0043 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0043
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Ц.П------рж,
шүүгдэгч Ө.П------ил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ша......о овогт Ө...........н П------илыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0115 20522 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ша...бо овогт Өр....ын П------ил, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн .... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар З.....
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ө.П------ил нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны 9 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” модны захын баруун замд “Тоyota Рrius” маркийн 06-65 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.П------ржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Ө.П------ил мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хохирогч Ц.П------рж мэдүүлэхдээ: “...Хохирогч: Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 47 минутад Хангай захын баруун хойно байрлах автобусны хажууд байдаг явган хүний гарцаар гарч байхдаа “Toyoto Prius” маркийн машинд мөргүүлж, зам тээврийн осолд орсон. Тухайн үед 103 дуудаж гэмтэл ороход “зүүн хөлийн шилбэ” хугарсан гэх онош тогтоогдсон. Эмч хэлэхдээ хэвтрийн дэглэм сахиж гэртээ байх хэрэгтэй гэж хэлсэн. Одоогийн байдлаар би эмчийн хэлсний дагуу хэвтрийн дэглэм сахиж гэртээ байгаа. Хохирол, төлбөрийн хувьд гэвэл би 2 сарын цалинтай дүйцхүйц хэмжээний мөнгийг П------илаас нэхэмжилсэн. П------ил надад 2,500,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр над руу залгаад хохирол барагдуулья мах өгье гэхээр нь хүний л амьдрал учраас би зөвшөөрч, 500,000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мах авсан. Мөн би П------илын гуйлтын дагуу нэхэмжилсэн үнийн дүнгээсээ 500,000 төгрөгийг хассан. Одоо бол би П------илаас 500,000 төгрөг нэхэмжилж байна. Надад учирсан ясны гэмтэл маань удаан эдгэдэг юм байна. П------ил миний хүүхдээс өөрцгүй. Өөрт нь том сургамж болсон байх. Би Пунцагнамжид гомдолгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9),
2. Хохирогч Ц.П------ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 9 цаг өнгөрч байхад ажил руугаа явж байсан тэгээд “Хангай” модны захын баруун талд автобусны буудлын хажуу талын явган хүний гарц дээгүүр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт гарах үед миний зүүн гар тал буюу урд зүгээс нэг Toyota Prius маркийн автомашин ирээд намайг мөргөөд газарт унагаасан. Би тухайн үед шокт ороод босох гэтэл босож чадахгүй байсан. ...Гэмтлийн эмнэлэгт ирээд зураг авахуулаад эмчид үзүүлэхэд таны зүүн хөлийн шилбэ хэсгээр яс нь хугарсан байна гэж хэлсэн...миний зүүн хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан, өөр гэмтэл шарх байхгүй...Би гомдолтой байна сүүлийн 2 сарын хугацаанд ажлаа хийж чадахгүй болсон, иймд буруутай жолоочоос ажилгүй байх хугацааны цалин болох 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- “...Миний бие одоо хугарсан хөл бүрэн гүйцэд эдгэрээгүй байгаа...Надад жолооч талаас нийт 1.500.000 төгрөг барагдуулж өгсөн байгаа...би жолоочоос 2.000.000 төгрөгний хохирлоо авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
3. Гэрч Х.Га....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагт...манай хүргэн ах П------рж тухайн үед буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгэхээр нь би ахыг ажил руугаа явж байна даа гээд харж байтал нэг суудлын Toyota Prius-11 маркийн автомашин П------рж ахыг явган хүний гарц дээр мөргөөд газар унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),
4. Шүүгдэгч Ө.П------илын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 1 дүгээр хорооллоос Ханын материал руу хүүхдээ өдөр өнжүүлэхээс нь авах гээд Хангай модны баруун замд зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд явж байсан, тэгтэл миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг явган зорчигч зам хөндлөн гарч байсан тэгтэл араас нь нэг хүн дуудсан хөндлөн гарч байсан хүн эргэж хараад зогсчихсон, тэгэхээр нь би машинаа зогсоож амжилгүй нөгөө хүнийг очоод мөргөөд газарт унагачихсан. Тэгээд би машинаа шууд зогсоогоод машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод ах гайгүй юу гэж асуутал нөгөө хүн босох гээд босож чадахгүй байсан.. тэгэхээр нь би өргөж босгоод машины хойд суудал дээр хэвтүүлсэн...би гэмтлийн эмнэлэг ороод нөгөө хүнийг эмнэлэгт үзүүлээд тархи нурууны зураг авхуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12157 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн шилбээр аравч гөлтгөнөн боолттой.
2019.10.02-ны ГССҮТ-н ЭХО-д: Цуллаг эрхтнүүдэд гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлтгүй, хэвлийн хөндийд сул шингэнгүй.
2019.10.02-ы “Лазер мед” эмнэлгийн КТГ-д: гавал ясанд хугаралгүй...хамар яс, хоёр талын нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...духны зүүн хэсгийн зөөлөн эдэд бага зэргийн хавантай, духны урд хэсгээр жижиг цэгэн гаднын биетүүд тодорхойлогдоно.
2019.10.02-ны Хүзүүний КТГ-д: С1- Th1-н түвшинд буюу хүзүүний түвшинд хийгдсэн томографууд дээр нугалам ясанд хугарал гэмтлийн өөрчлөлтгүй.
2019.10.02-ны цээжний эгц болон толгойн эгч рентгенд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй. Зүүн хөлийн шилбэний 2 байрлалын рентгенд: зүүн хөлийн тахилзуур яс дээд 1/3 хэсгээр зөрөөтэй, далд хугаралтай...ДҮГНЭЛТ
1. Ц.П------ржийн биед зүүн хөлийн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53)
6. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаар мөрдөгчийн магадалгаа
1. “Toyota Prius” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өрнөхбаяр овогтой П------ил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Ц....ном овогт П------рж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 99),
7. Иргэний хариуцагч Л.Га....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болох үед би хажууд нь байгаагүй...Ө.П------илд машинаа түрээслүүлэх гээд танилцаж байсан, одоогоос нэг жилийн өмнө түрээслүүлж эхэлсэн...би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, П------ил бид хоёрын хоорондоо гэрээ байгуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
8. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 54038 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-65), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14), Түргэн тусламжийн дуудлагын хуудас PCKJ10024110 (хавтаст хэргийн 15),
- Хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15), Eliwood” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 86),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 50, 95), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 110, 112, 115), авто машин түрээслэх гэрээний хуулбар (хавтаст хэргийн 104-108), Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн торгуулийн мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 16-20) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.П------илд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.П------илыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Ө.П------ил нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” модны захын баруун замд буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Баянхошууны гудамж нэртэй замд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 40 минутын үед, Тоyota маркийн Рrius загварын NHW110075822 арлын дугаартай, .... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байхдаа Сонгинохайрхан дүүрэг автобусны зогсоолын явган хүний гарцаар гарч байсан иргэн Ц.П------ржийг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9),
- Хохирогч Ц.П------ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 9 цаг...т “Хангай” модны захын баруун талд автобусны буудлын хажуу талын явган хүний гарц дээгүүр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт гарах үед миний зүүн гар тал буюу урд зүгээс нэг Toyota Prius маркийн автомашин ирээд намайг мөргөөд газарт унагаасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- Гэрч Х.Га....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагт...манай хүргэн ах П------рж тухайн үед буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгэхээр нь би ахыг ажил руугаа явж байна даа гээд харж байтал нэг суудлын Toyota Prius-11 маркийн автомашин П------рж ахыг явган хүний гарц дээр мөргөөд газар унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),
- Шүүгдэгч Ө.П------илын мөрдөн байцаалтад өгсөн: “...1 дүгээр хорооллоос Ханын материал руу хүүхдээ өдөр өнжүүлэхээс нь авах гээд Хангай модны баруун замд зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд явж байсан, тэгтэл миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг явган зорчигч зам хөндлөн гарч байсан тэгтэл араас нь нэг хүн дуудсан хөндлөн гарч байсан хүн эргэж хараад зогсчихсон, тэгэхээр нь би машинаа зогсоож амжилгүй нөгөө хүнийг очоод мөргөөд газарт унагачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12157 дугаар дүгнэлт “...1. Ц.П------ржийн биед зүүн хөлийн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53)
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаар мөрдөгчийн магадалгаа “...1. “Toyota Prius” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өрнөхбаяр овогтой П------ил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна....” гэх баримт (хавтаст хэргийн 99) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нь анхаарал болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.П------рж нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны хохиролд 3.500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжилсэн үнийн дүнгээс 500.000 төгрөгийг хасаж тооцохоо илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 2.000.000 төгрөг өгч, 500.000 төгрөгт эд зүйл өгч нийлбэр үнийн дүнгээр 2.500.000 төгрөг төлсөн. Түүнчлэн үлдэх 500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон байна.
Дээрх хохирол, хор уршгийн үнийн дүн болох 3.000.000 төгрөгийн талаар оролцогч нар маргахгүй байх тул шүүх шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүхийн хуралдаанд оролцсон хохирогчийн эрүүл мэнд бүрэн эдгэрээгүй нөхцөл байдал илэрхий тогтоогдож байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Ө.П------илыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.П------ил нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ө.П------ил нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй. Нөгөө талаар шүүгдэгч нь зам тээврийн осол гаргахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөсөн, түүнчлэн хэрэгт авагдсан баримт болох Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн торгуулийн мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 16-20)-ээр удаа дараа замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг болох нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан торгох ял дээр нэмж эрх хасах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж заасныг журамлан эрх хасах ял оногдуулсан болно.
Тиймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.П------илд торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1153768 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 1903 0051 30281 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Өр............ын П------илыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П------илын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П------илын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.П------илд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хохирол төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.
6. Шүүгдэгч Ө.П------ил нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.П------илын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1153768 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ