Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогтой Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 1927001510086 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодиз мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ___ дугаар хороо, ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г- овогтой Ц-ын Б- /РД:___/.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц. Б- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг “___” гэх газарт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 5 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос гараад Увс аймгийн Улаангом сум руу явж байсан. Би ер нь хурдаа тааруулаад явж байсан. Тэр үед яг юу болсон талаар би сайн санахгүй байна. Тэгээд осол гарахад манай ээж арын суудал дээр сууж явсан болохоор урд 2 суудлын дундуур орж гараа хугалсан. Бусад зорчигчид нь ямар нэгэн хохирол, гэмтэл аваагүй гэв. 

Хохирогч Т.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос 04 цагийн орчим нөхөр 2 хүүхэд, нөхрийн ах Т- нарын хамт өөрийн эзэмшлийн Приус-30 машинтай Увс аймаг руу нутаг руугаа гарсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум өнгөрч яваад гэнэт машин донслох шиг болоод сэртэл машин замын хажуу тал руу ороод сэрсэн. ...машиныг манай хүү Ц.Б- жолоодож явсан. “...тухайн ослын улмаас миний баруун гар хугарсан. Өөр ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7704 тоот:

“...1. Т.С-гийн биед баруун агтаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №7704 тоот:

           “...___ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 машин жолоодож явсан. Ц.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4Б, 14.4 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх, “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 клометрээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Ц.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын №1180013 дугаартай эрхийн үнэмлэхтэй байна. ....Уг зам тээврийн осол гарах шалтгаан нь ___ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машиныг жолоодож явсан Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт  /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг “___” гэх газарт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Т.С-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7704 тоот “...1.Т.С-гийн биед баруун агтаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №7704 тоот “...___ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 машин жолоодож явсан. Ц.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4Б, 14.4 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх, “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 клометрээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Ц.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын №1180013 дугаартай эрхийн үнэмлэхтэй байна. ....Уг зам тээврийн осол гарах шалтгаан нь ___ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машиныг жолоодож явсан Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт  /хх-ийн 97 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Уг гэмт хэргийн шүүгдэгч Ц.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Т.С- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Б-гийн “В” ангилалын 1180013 дугаартай эрхийн үнэмлэх, ___ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 02334815 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Б-д буцаан олгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г- овогтой Ц-ын Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Ц.Б- нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Б-гийн “В” ангилалын 1180013 дугаартай эрхийн үнэмлэх, ___ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 02334815 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Б-д буцаан олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА