Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 216/МА2017/00001

 

Х.А нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А овогт Х А /РД:/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Н н с /РД:/-д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Туул,

Нарийн бичгийн даргад Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

    Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А миний бие 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн н с н сэлбэн засагчийн ажлын байранд анх ажилд орсон. Тус байгууллагад тасралтгүй 5 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа хариуцлагатай, шударгаар гүйцэтгэж, санаачлагатай ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 25-нд Соёлын ажилтны өдрөөр өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2015 онд байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч тус тус шагнагдаж жил бүр ажил үүргээ дүгнүүлэхэд хангалттай сайн үнэлгээ авч байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Н с захирлын Б/01 тоот тушаалаар ном сэлбэн засагчийн ажлын байрнаас өөрчилж, уншлага үйлчилгээний номын санчаар шилжүүлэн ажиллуулсан. Дээрх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Х.А ажлаас чөлөөлөх тухай Б/01 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал гэж үзэж байна. Учир нь урьдчилан зөвшилцөлгүй ажлын байранд тавигдах шаардлага энэ тэрийг харгалзахгүй хүчээр тулган шилжүүлсэн. Ингээд номын санчаар ажиллаж байтал 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу номын санчийн ажилд мэргэжлийн хувьд тэнцэхгүй тул 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн байсан. Би мэдэгдэл хүлээн аваад зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор захирал Д.Б хэлтэл чи мэргэжлийн бус, мэргэжлийн хүн авч ажиллуулах шаардлага дээрээс тавьсан тул чи тэнцэхгүй хална гэсэн. Энэ мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй, мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох комиссийн шийдвэр гараагүй байхад мэдэгдэл өгсөн байсан. Би энэ бүх шийдвэр үйлдлийг харахад намайг зориуд ажлаас халах зорилгоор ажлын байр шилжүүлж, дараа нь мэргэжил таарахгүй гэдгээр ажлаас халсан гэж үзэж байна. Би хариуцсан ажлаа сайн хийж хамт олонтойгоо эвтэй, нэр хүндтэй сайн ажиллаж байсан гэж бодож байна. Сэлбэн засагчаар ажиллах хугацаанд идэвхи санаачлагатай ажиллаж олон ажил санаачлан амжилттай, үр дүнтэй гүйцэтгэж байсан. Сэлбэн засагчийн ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой гэж мэт тавигдах шаардлагыг ханган ажиллаж ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Н с ажилдаа дуртай болж цаашид мэргэжлийн сургуульд суралцан тогтвортой сайн ажиллах зорилго бодолтой байсан. Би 2-16 насны 5 хүүхэдтэй. Амьдралын төлөө ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Манай бага хүүхэд 2 настай. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан заалтыг мөн зөрчсөн. Иймд намайг уншлага үйлчилгээний номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Н н с захирал Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарнайн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн н с нь 2011 он дуусах гэж байхад 11 дүгээр сарын 10-нд Х.А сонгон шалгаруулалтгүйгээр ном сэлбэн засагч албан тушаалд томилж анх ажилд авсан байдаг. Төрийн албаны тухай хууль болон Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудад байгууллагын удирдлага нь санхүүгийн ажлын эхэнд тухайн оны батлагдсан төсвийнхөө хүрээнд ямар бүтэц, ямар орон тоотой ажиллахаа зохицуулах бүрэн эрх, үүрэгтэйг заасан байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд номын сангийн хувьд 2014, 2015, 2016 онуудад жилийн эхний 1 дүгээр саруудад төсвийнхөө хүрээнд ямар бүтэц, орон тоотой ажиллахыг байгууллагынхаа хуралд танилцуулж, санал хүсэлтийг сонсоод тушаал гаргаж ажиллаж ирсэн. 2014-2015 онуудад аймгийн иргэдээс гаргасан гомдлыг хүлээн авах Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын  нээлттэй утсанд иргэд, уншигчдаас удаа дараа ирүүлсэн /өдөр цайны цагаар ном авахаар очиход нэг номын санчтай учир өдөр цайны цаг нь давхцсан хаалттай байдаг, орой ажил тараад ирэхэд номын санч ажлаасаа буугаад явчихсан. Бямба, ням гарагт номын сан хаалттай байдаг гэсэн/  шүүмжлэлийн дагуу  2015 онд удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр иргэд, уншигчдын хүсэлтийг судалж үзээд 2 ээлжээр номын санчаа ажиллуулах зохицуулалт хий гэсэн үүрэг даалгавар номын сангийн захиралд өгөгдсөн талаар ажилтнуудын хурал дээр хэлэлцэж Х.А уншлага үйлчилгээний номын санчаар ажиллуулахаар ярилцаж шийдвэрлэсэн. Ажлын байранд тавигдах гол шаардлага нь номын сан судлал, мэдээллийн ажилтан, номын сангийн мэргэжилтэй байх ёстой. Гэвч тухайн үед орон нутагт мэргэжлийн хүн байгаагүй учраас дотроосоо Х.А сонгож ажиллуулсан. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Х.А батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжлийн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр ажлаас халсан. Учир нь Соёлын дээд сургуулийг төгссөн мэргэжилтэй хүмүүс мэргэжлийн байгууллагад орж ажиллах гэтэл Аймгийн н с мэргэжлийн бус хүн ажиллуулчихаад бид нарыг ажилд авахгүй байна гэсэн гомдол ирсэн байсныг харгалзан үзээд байгууллагын хурлаар мэргэжлийн номын санч ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Х.А ч яригдаж буй асуудлыг хүлээн авч, үгүйсгээгүй. Х.А ажилд орсноос нь хойш мэргэжлийн болоорой гэсэн шаардлага удаа дараа тавьж байсан боловч өөрөө идэвхи санаачлага гаргаж хариуцлагатай хандаагүй. Гэтэл хамт ажилладаг номын санч нь эчнээгээр сураад мэргэжлийн номын санч  болсон. Х.А ур чадварын хувьд хангалтгүй гэж ажлаас халаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэдгээр мэдэгдэл өгч, ажлаас халсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Х.А Говьсүмбэр аймгийн Н н с уншлага, үйлчилгээний номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Н н с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 162 184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.А олгохоор,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Н н с даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Н н с улсын тэмдэгтийн хураамжинд 102642 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарнай давж заалдах гомдолдоо: ...Уншлага үйлчилгээний номын сангийн ажлын байранд тавигдах гол шаардлага нь номын сан судлал мэдээллийн ажилтан байх шаардлагатай буюу номын сангийн мэргэжилтэй байхыг заавал шаарддаг. Мэргэжлийн сургууль төгссөн хүн байгаагүй учир... , ном сэлбэн засагчаар Х.А тус тус ажиллуулсан..., Х.А нарыг анх ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд тухайн ажлын байранд мэргэжлийн номын санч ажиллах шаардлагатай гэж тусгагдсан тухай тайлбарлан хэлж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан. ..., Х.А нарыг ажилд орсоноос хойш мэргэжлийн болох СУИС-ийн соёлын боловсролын сургуулийн номын сан судлал, мэдээллийн ажилтан мэргэжлээр төгссөн номын санч ирвэл ажлын байргүй болж тухайн ажлаас чөлөөлөгдөх болно гэдгийг  удаа дараа хэлж сануулж байсан боловч Х.А нь мэргэжил эзэмшихэд өөрөө идэвхи  санаачлага гарган хариуцлагатай хандаагүй. ...Уншлага үйлчилгээний номын санчийн албан тушаалд мэргэжлийн номын санчийг сонгон шалгаруулан авч ажиллуулж байгаа. Мөн Төрийн Аудитийн газраас Боловсрол Соёл, Урлагийн газрын салбарын хэмжээгээр 3 жилийн гүйцэтгэлийн аудит хяналт шалгалт хийж салбарын хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин авч ажиллуулах талаар чиглэл өгсөний дагуу мэргэжлийн бус хүн цаашид авч ажиллуулах боломжгүй юм. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ:  ажил олгогч Говьсүмбэр аймгийн Н н с даргын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “уншлага үйлчилгээний номын санч” албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа ажлын байранд тавигдах шаардлагыг “Номын сангийн мэргэжилтэй байх” хэмээн тодорхойлсон хэдий ч уг албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.А томилохдоо уг шаардлагыг хангаагүйг мэдсээр байж томилсон гэж байгаа боловч тухайн үед томилохоос өөр аргагүй байсан гэдгийг дээр дурдсан болно. Ажлын байрны шаардлагад нийцэхгүй байгаа учир чөлөөлөгдөх болно гэдгийг Х.А мэдэж байсан болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т хэсгийн ... гэж  заасныг хариуцагч зөрчсөн байна. Нэхэмжлэгч Х.А 2 нас 4 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, мөн дээрх хуульд заасан тохиолдолд бий болоогүй болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна гэжээ. Гэвч ажил олгогч байгууллагын зүгээс Х.А уншлага үйлчилгээний номын санчийн ажлын байранд тавигдах номын сан судлал мэдээллийн ажилтан байх гол шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус хүн учир цаашид ажиллуулах боломжгүй болсон. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэснийг баримталж Х.А мэргэжил шаардахгүй ажилд томилон ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй, цаашид мэргэжил ур чадвар шаардагдахгүй өөр албан тушаалд томилон ажиллуулахад татгалзах зүйл байхгүй.        

Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлээгүй учир 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 168 тоот  шийдвэрийг хүчингүй болгож,  Х.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч Н.А нь Говьсүмбэр аймгийн Н с холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 Хариуцагч нь уншлага, үйлчилгээний номын санчийн ажлын байранд тавигдах  номын сан судлал, мэдээллийн ажилтан байх гэсэн гол шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус хүн учир ажиллах боломжгүй байсан, мэргэжлийн боловсон хүчнээр хангах шаардлагад нийцүүлж ажлаас чөлөөлсөн, мөн мэргэжил шаардагдахгүй албан тушаалд томилон ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэгт мэргэжлийн байх шаардлагыг тодорхой тусгасан, өөрт нь мэргэжлийн болох шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч энэ талаар идэвх зүтгэл гаргаагүй гэсэн үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь  хэргийн материалаас үзэхэд : 1. Нэхэмжлэгч Н.А нь   2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр тус  аймгийн Н с “ном сэлбэн засагч”-аар ажиллаж байгаад тус номын сангийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 тоот тушаалаар уншлага, үйлчилгээний номын санчаар шилжүүлэн  томилогдон ажиллаж байсан  болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-12/, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Гэтэл тус аймгийн номын сангийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15  дугаар тушаалаар  “Н.А нь уншлага, үйлчилгээний номын санчийн ажлын байранд тавигдах номын сан судлал,  мэдээллийн ажилтан байх гол шаардлагыг хангахгүй, мэргэжлийн бус” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх заалтуудыг баримтлан Н.А хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ/хх-18/. Үүнээс үзэхэд ажил олгогч нь өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын аль нэгийг баримтлах байтал 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15  дугаар тушаалд холбогдох хуулийн заалтыг огт баримтлаагүй байна.

Хэдийгээр ажил олгогч нь дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй ч  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтан буюу нэхэмжлэгч Н.А  өгсөн “мэдэгдэл № 1”/хх-106/ -д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаар тусгасан, энэ үндэслэлээр нэхэмжлэгч Н.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн тайлбарыг хариуцагч тал  гаргажээ.  

 Дээрхээс үзэхэд ажил олгогч нь өөрийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Н.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Ер нь ажил олгогч санаачилж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр  цуцлах бөгөөд энд заагаагүй өөр үндэслэлүүдээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй юм.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Энэ зүйлийн “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт зэрэг эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

 Ажил олгогч буюу хариуцагч тал нь ажилтан Н.А мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон  тухай комиссын дүгнэлт гаргаагүй, энэ тухай бичгийн баримт хэрэгт авагдаагүй, мөн тухайн ажлын байранд мэргэжлийн хүн авч ажиллуулах шаардлагыг дээд байгууллагаас тавьж  байсан гэх боловч энэ талаарх нотлох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч тал нь 2 удаагийн хурлын  тэмдэглэл/хх-39,43/-д уншлага, үйлчилгээний номын санчийн ажлын байранд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа, уг ажлын байранд мэргэжлийн хүн буюу номын сан судлал, мэдээлэл мэргэжлээр төгссөн хүн ажиллах хэрэгтэй энэ үүднээс Н.А 1 сарын өмнө мэдэгдэх талаар болон тухайн үед үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан тухай тусгагдсан, үүгээр Н.А нь мэргэжлийн бус, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт тусгасан шаардлагыг хангахгүй нь тогтоогдож байгаа тул Соёлын тухай хууль болон дүрэм, журмын хүрээнд мэргэжлийн боловсон хүчнээр хангах шаардлагад нийцүүлэн ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлаж  байгаа хэдий ч энэхүү хурлын тэмдэглэл нь  дээр дурдсан эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны дүгнэлт биш юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт  зөв  байна.

 Мөн  нэхэмжлэгч Н.А  бага хүү М.Д нь 2014.07.21-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар/хх-15/-аар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон тайлбартаа 2 настай хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох  үндэслэл болно гэжээ.

Хариуцагч тал нь уншлага, үйлчилгээний номын санч “номын сангийн мэргэжилтэй”  байх  шаардлагатай энэ үүднээс Н.А мэргэжлийн бус гэж ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчийг 3 хүртэлх насны хүүхэдтэйг харгалзан түүнд боломж гаргаж мэргэжил шаардахгүй ажилд томилон ажиллуулах санал тавьсан боловч тэрээр хүлээж аваагүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ нь дээрх хуулийн хэм хэмжээнд  нийцэхгүй байна.

 

 Тодруулбал,  Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг нь тухайн байгууллага татан буугдсан, эсвэл энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад ямар ч тохиолдолд ажил олгогч нь гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон, нэг ёсондоо энэ хуульд заасан тохиолдлуудаас бусад тохиолдолд  ажил олгогчийн эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт  юм. 

 Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч дээрх хуулийн “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх“ гэсэн тохиолдолд хамаарч байгаагаас гадна хуульд заасан бусад тохиолдолууд бий болоогүй талаар дүгнэлт хийж,  ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь зөв  байна. Иймд хариуцагч талын тайлбарт дурдсан шалтгаан нөхцөл нь ажил олгогчоос Н.А мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгч Н.А уншлага, үйлчилгээний номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээнд харшилсан байх тул анхан шатны шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй байна.  

 

2. Нэхэмжлэгч Н.А нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор шаардсан бөгөөд харин, олговрын хэмжээг тодорхой тоон илэрхийлэлээр гаргаагүй хэдий ч анхан шатны шүүх  хэргийн 105 дугаар талд авагдсан 2016 оны цалингийн картыг үндэслэн ажилгүй байсан хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар тогтоож, улмаар энэ хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлж,  1162184 төгрөгийг гаргуулахаар  шийдвэрлэсэн байна. 

  Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан цалингийн карт/хх-105/-ыг үндэслэн ажилгүй байсан бүх хугацааны олговрын хэмжээг тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, энэ талаар маргахгүй гэсэн тул  анхан шатны шүүх, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан  “энэ хуулийн  36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тодорхойлсон хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй  гэж үзлээ. 

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх  үүрэгтэй” гэсэн байдаг тул анхан шатны шүүх, нэхэмжлэгч Н.А  нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж  шийдвэрлэсэн нь  дээрх хуульд нийцсэн  байна.

 

  4. Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч тус аймгийн Н с хариуцуулах бөгөөд ингэхдээ ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнэ /тэмдэгтийн хураамжийн хэмжээ/-ийг тодорхойлно” гэсний дагуу ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой шаардлага болон мөнгөн төлбөрийн хэмжээнд тус тус тооцож улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлж,  ИХШХШТХуульд  зааснаар хуваарилан шийдвэрлэсэн  нь  хууль зөрчөөгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А  ажлаас чөлөөлсөн  ажил олгогчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15  дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын “...анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлээгүй тул  шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэсэн агуулга бүхий  давж заалдах  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11  дүгээр  сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00168 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                Х.БАЙГАЛМАА