Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 64

 

П.Ц-, П.Ц-, Б.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                         А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ийн Ц-, П-ийн Ц-, Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн 201609000275 тоот 3 хавтаст хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б- П-ийн Ц-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ********** регистрийн дугаартай.

Монгол улсын иргэн, Б- П-ийн Ц-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай.

Монгол улсын иргэн Э- Б-ын Б-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 229 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- П-ийн Ц-, Э- Б-ын Б-, насанд хүрээгүй шүүгдэгч Б- П-ийн Ц- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бүлэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй  шүүгдэгч П.Ц-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих, шүүгдэгч П.Ц-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих, шүүгдэгч Б.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 3 жил 6 сар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгчид хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Ц-аас нийт 2.754.216 /хоёр сая долоон зуун тавин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 4-р хэсгийн 43 тоотод оршин суух хохирогч Сонинхангайн Адьяахүүд 394.116 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван зургаа/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 48-103 тоотод оршин суух хохирогч Баасанжавын Сүнжидмаад 1.560.100 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуу/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 9 давхарын 15 тоотод оршин суух хохирогч Наранчулууны Нарантуяад 800.000 /найман зуун мянга/ төгрөг,

насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц-ын хууль ёсны төлөөлөгч Х.Ганболдоос 986.676 /есөн зуун наян зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг гаргуулж хохирогч С.Адьяахүүд тус тус олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц-, шүүгдэгч Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар... тус тус заажээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...П.Ц- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан давтан үйлдлээр бүлэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгэх тогтоол гарсан.

П.Ц- нь төлбөрийн чадваргүй зорилтот бүлэгт хамаарах хүн байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас өмнө хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй байсан. Одоо шийтгэх тогтоолоор оногдуулсан төлөх ёстой 2.754.216 төгрөгийг төлж барагдуулсан.

Иймд П.Ц- нь хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Улсын яллагч А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлгүй.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч нь учирсан хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар “ялыг биечлэн эдлүүлэхгүй” гэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйлгүй учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал мөн” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч П.Ц-, П.Ц-, Б.Б- нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 4-43 тоотод байрлах иргэн С.Адьяахүүгийн эзэмшлийн "Бадрах-Эрдэнэ" 8-н нэрийн хүнсний дэлгүүрээс бэлэн 490.000 төгрөг, 578.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс,

2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг Магиртын 2-р хэсгийн 1-49 тоотод байрлах иргэн Д.Б-ын эзэмшлийн "Буян" хүнсний дэлгүүрээс бэлэн 353.000 төгрөг, 134.000 төгрөгийн үнэ бүхий 7 шил архи,

Шүүгдэгч П.Ц-, П.Ц- нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 4-43 тоотод байрлах иргэн С.Адьяахүүгийн эзэмшлийн "Бадрах-Эрдэнэ" 8-н нэрийн хүнсний дэлгүүрээс 468.500 төгрөгийн эд зүйлс, 

2016 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 257 400 төгрөгийн эд зүйлс, 

-Шүүгдэгч П.Ц-, Б.Б- нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 1-3 тоотод байрлах иргэн Г.Цэрэнхандын эзэмшлийн "Мон-Ундрам" хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж бэлэн 499.000 төгрөг, 50.000 төгрөгийн эд зүйлс,

-Шүүгдэгч П.Ц- нь 2016 оны 4-р сарын 26-27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 4-43 тоотод байрлах иргэн С.Адьяахүүгийн эзэмшлийн "Бадрах-Эрдэнэ" 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж 416.600 төгрөгийн эд зүйлс,

2016 оны 11-р сарын 25-26-нд шилжих шөнө 175.960 төгрөгийн эд зүйлс,

-Шүүгдэгч П.Ц- нь 2016 оны 4-р сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багт байрлах иргэн Д.Сүнжидмаагийн эзэмшлийн "Бал бурам" хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж 1.560.100 төгрөгийн эд зүйлс,

2016 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн 1А байранд байрлах иргэн Н.Нарантуяагийн эзэмшлийн "Саран"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж бэлэн 800.000 төгрөг тус тус хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Ц-, П.Ц-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.Ц-, Б.Б-, насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бүлэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Ц-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, П.Ц-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих, Б.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, насанд хүрээгүй шүүгдэгч П.Ц-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 3 жил 6 сар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч П.Ц-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн “...П.Ц- нь хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлавал:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр тус шүүхэд “шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зөрүүтэй” талаар хүсэлтээ шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг хуулбарласан сидигийн хамт ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг  шүүх бүрэлдэхүүн сонсоход шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтэй зөрүүтэй болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт П.Ц-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэж зөрүүтэй бичигджээ.

Мөн түүнчлэн хорих байгууллагын дэглэмийн талаар тогтоох хэсэгт уншиж танилцуулаагүй байхад шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийн талаар бичиж тэмдэглэсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол, 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Ц-, П.Ц-, Б.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. П.Ц-, П.Ц-, Б.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР