Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0141

 

“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн “Б х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “манай компанийн зүгээс иргэн О.А-тэй 2017 онд түрээсийн гэрээ байгуулан тухайн хэсэг газрыг автомашины зогсоолын зориулалтаар гэрээ байгуулж, бусдад ашиглуулж байсан ... Нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.А-д түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгч, зөрчил арилгасан талаар Нийслэлийн Газрын албаны орлогч дарга, холбогдох эрх бүхий албан тушаалтантай ... биечлэн уулзсан” гэж, мөн шүүхэд гаргасан тайлбартаа “мэдэгдэх хуудсанд дурдсан эзэмшил газраа зориулалтын бусаар буюу автомашины худалдаа явуулсан гэх эзэмшил газрын хэмжээ 300 м.кв атал “Б х” ХХК-ийн нийт эзэмшил газрын хэмжээ нь 1571 м.кв газрыг ... бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж тус тус газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж зөрчил үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуульд эзэмшүүлсэн газрыг хэсэгчилж хүчингүй болгох зохицуулалт байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан байхад шүүхээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсанд дурдсан автомашины худалдаа явуулсан гэх газар 300 м.кв хэмжээтэй. Гэтэл хариуцагчаас “Б х” ХХК-ийн эзэмшлийн 1571 м.кв газрын эзэмших эрхийг бүхэлд нь цуцалсан нь эд хөрөнгө өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар “эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, ил задгай талбайд автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 1571 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан, тухайн газар дээр нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд газрынхаа зарим хэсгийг өөр иргэнд автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Б х” ХХК-д “Газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж буй автомашины худалдааг зогсоож, газар чөлөөлөх” талаар, мөн “мэдэгдлийн дагуу зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгох” талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийн дагуу өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан иргэнтэй гэрээгээ цуцалж, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байсан үйл ажиллагаагаа зогсоосон талаарх нотлох баримтаа хүргүүлсэн, мөн газрын зөрчил арилгуулах үйл ажиллагааг явуулж байсан ажилтнууд энэ үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Засаг даргад хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/6720 дугаар “... “Б х” ХХК-ийг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн саналын баримт тус албаны архивт байхгүй байна” гэх албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар, удаа дараа хүргүүлсэн мэдэгдэлд зөрчлөө зассан талаар мэдэгдсэн баримтууд зэргээр тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй.

Хариуцагч нь уг бүрэн эрхийн хүрээнд газрын зөрчил арилгах үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нь газрын тодорхой хэсгийг түр хугацаагаар зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасныг үгүйсгэхгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахдаа эрх нь хөндөгдсөн этгээдийг оролцуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд “газар эзэмших эрхийн зөрчлийг арилгах, арилгаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох” талаар мэдэгдэж оролцоог хангасан атлаа уг ажиллагааны үр дүнд тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлөө арилгасан, мөн тухайн газрын тодорхой хэсгийг үл хөдлөх хөрөнгө барьж, өөрөө зориулалтын дагуу ашиглаж байгаа байдлуудыг харгалзалгүй газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.7-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмуудад нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Газрын тухай хуульд хэсэгчилж газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй байхад газар эзэмших эрхийг бүхэлд нь цуцалсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ