| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/0082/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Т.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Т-ийн Ц-эд холбогдох эрүүгийн 1927001320067 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын “___” ХХК-д ажилладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сумын ___ “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Х- овогтой Т-ийн Ц-, /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах “___” нэртэй зоогийн газарт хохирогч Ц.Б-ийг “утсаа өгч байгаач тус газраар үйлчлүүлсэн тооцоог дансаар хийе” гэж хуурч J7 маркийн гар утас, мөн тус газраар үйлчлүүлсэн тооцооны үнэ болох 44 000 төгрөгийг буюу эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц- мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед өөрийн эзэмшлийн “___” зоогийн газар үйл ажиллагаа явуулж байхад надаас нэг танихгүй залуу та утсаа өгч байгаач. Би тооцоогоо дансаар хийе гээд миний Л маркийн утсыг авсан. Тэгээд би гал тогооны өрөө рүүгээ орсон. Тэр хойгуур миний Л маркийн утсыг аваад гараад явсан байсан. Тэгээд тухайн залуу ирээгүй. 12 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сум руу би явах гээд яараад тухайн үед яваад өгсөн юм. ...Манай ажилтан болох Н-, Л.Н- нар байсан. Тухайн үед манай хоёр ажилтан миний утсыг авсан залууг харсан талаар надад хэлж байсан. ...2018 оны 07 дугаар сард 650 000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Тухайн баримт нь байхгүй. “Тэди” худалдааны төвөөс худалдаж авч байсан. Гомдолтой. Өөрийн гар утсаа олж авмаар байна. 650 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн тооцоо болох 44 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Л Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр намайг “___” зоогийн газарт ажиллаж байхад гаднаас өглөө 11 цагийн үед 4 залуу орж ирсэн. Тэдгээрийн 1 залуу нь сууж байгаад 0.75 граммтай “Сархад” нэртэй архи уучихаад гараад явсан. Үлдсэн 3 хүн сууж байсан. Тэгээд тухайн 3 залууг тооцоо хий гэтэл тэдгээрийн дунд байсан Бат-Өлзий суманд амьдардаг гэх залуу нь би тооцоо хийнэ надад утсаа өгчих гэхээр нь би нэгжгүй байна гээд утсаа өгөөгүй. Тэгтэл тухайн Бат-Өлзий сумаас ирсэн гэх залуу Ц.Б- эгчээс таны утсаар яриад тооцоог нь хийе гэж байсан. Тэгээд Ц.Б- эгч тухайн Бат-Өлзийгээс ирсэн гэх залууд Л маркийн гар утсаа өгөөд Ц.Б- эгч гал тогоо руугаа орсон. Би тухайн үед текэн дээр гаднаас бараа зөөж байсан. Тэр хооронд тухайн залуу Ц.Б- эгчийн утсыг аваад гараад явсан байсан. Тухайн үед би бараа зөөж байсан учир анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлсийн үнэлгээ / хх-ийн 21-23 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Т.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах ___ нэртэй зоогийн газарт хохирогч Ц.Б-ийг “утсаа өгч байгаач тус газраар үйлчлүүлсэн тооцоог дансаар хийе” гэж хуурч J7 маркийн гар утас, мөн тус газраар үйлчлүүлсэн тооцооны үнэ болох 44 000 төгрөгийг буюу эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсан болох нь
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Л.Н-ийн мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлсийн үнэлгээ / хх-ийн 21-23 дугаар хуудас/ шүүгдэгч Т.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Т.Ц-ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.
Өөрөөр хэлбэл Т.Ц- хохирогчийг хуурч тооцоо хийнэ гэж хэлж гар утсыг нь авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзнэ.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд Т.Ц-ийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хяналтын прокурор яллах дүгнэлтэд гар утас, мөнгө буюу эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсан гэж бичсэн байгааг залруулах нь зүйтэй ба мөнгө, гар утас нь эд хөрөнгө тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Ц.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, хохиролд нийт 400 000 төгрөг хүлээн авсан гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байгааг үндэслэн шүүгдэгч Т.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Т.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Ц- нь учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ц- нь Залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.
Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг
нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүх шүүгдэгч Т.Ц-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ц- нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогтой Т-ийн Ц-ийг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Т.Ц-эд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Т.Ц-эд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.Ц-эд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Ц- нь энэ хэрэгтээ 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Т.Ц-эд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА