| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00002/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э холбогдох 1840000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, яс үндэс халх, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 06-ны өдрийн 154 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 сарын 21-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг нь буюу 7 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байхдаа Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 сарын 23-ны өдрийн хуулиар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 сарын 09-ний өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар 05 жил хорих ял болгон өөрчилж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 сарын 10-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,
-Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 11-ний өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 02 жил 06 сарын хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялуудыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, ЛМ83091615 регистрийн дугаартай, Хатгин овогт Баатарын Эрдэнэбаатар.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдын 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 71 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Э нь:
1-рт. 2018 оны 09 сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд байрлах “Оч” баарны гаднаас иргэн О.Д Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2-рт.2018 оны 09 сарын 14-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Б.Б гэрт Б.Б эзэмшлийн товчлууртай, хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 30.000 төгрөгний хохирол учруулсан,
3-рт.2018 оны 10 сарын 14-ний шөнө 03-04 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух А.О гэрт буюу хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж А.О эзэмшлийн Samsung J-7 маркийн гар утас хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
4-рт.2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 1009 тоотод оршин суух Д.Ц гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн Д.Ц эзэмшлийн “Хуа Вэй Пи-8” маркийн гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч А.О “Би Э манай гэрт орж ирэхийг мэдээгүй. Тэр залуу манай гэрт орж ирээд миний орны толгой талд байсан гар утсыг авч байхад нь сэрсэн. Тэгээд би “хөөе чи юун хүн бэ” гэж хэлтэл гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь хувцас өмсөлгүй хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
-Иргэний нэхэмжлэгч С.Төр-Эрдэнэмаагийн “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр өмнө нь харж байгаагүй, танихгүй хүнээс “Samsung J-7” маркийн гар утас 30000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр залуу ганцаараа явж байсан. Тэгтэл тэр залуугаас худалдаж авсан гар утас хулгайн эд зүйл байсан. Би Эрдэнэбаатараас худалдаж авсан “Samsung J-7” маркийн гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
-Гэрч А.О “Би 2018 оны 10 сарын 14-нд 5 ханатай монгол гэрт 2 хүүхэд, дүү Отгонбаатарын хамт унтаж байсан. Тухайн үед манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн онгорхой байсан. Тэгээд би шөнө гэрт чимээ гарахаар нь сэрээд харахад нэг үл таних хүн гэрийн хаалгаар гараад зугатаасан. Би араас нь нүцгэн гараад гүйхэд тэр хүн хашааны урд хаалгаар гараад баруун тийшээ гүйсэн. Гадаа таг харанхуй байсан бөгөөд би араас нь нэлээд дөхөж очиж харахад хар өмдтэй, хагас түрийтэй гуталтай, саравчтай малгайтай, цайвардуу богино цамцтай хүн байсан. Гэрт ороод үзэхэд хүүгийн маань унтаж байсан гудасны толгой орчим тавьж орхисон 2018 оны 05 сарын 21-ний өдөр “Мобиком” ХХК-иас худалдаж авсан, 2 сим ордог, “Samsung J-7” маркийн гар утас алга болсон байсан. Манай нөхөр уг гар утсыг 829000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизингээр худалдаж авсан. Би “Samsung J-7” маркийн гар утсаа 690000 төгрөгөөр, юнителийн сим картаа 3000 төгрөгөөр нийт 693000 төгрөгөөр үнэлнэ. Мобикомын сим картаа үнэлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт архи уусан. Би Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан ба жаахан эрүүл болоод ирэхэд халаасанд нэг хар өнгийн товчлууртай “Samsung” гэсэн гар утас, нөгөө нь ямар өнгөтэй нь санахгүй байна. “Нокиа” нэртэй товчлууртай утас байсан. Би тэр орой гар утас халаасанд байгааг мэдээд нэг бааранд орсон. Баарнаас гарсны дараа намайг явж байхад нэг залуу хүзүүг маань боогоод улаан шонхор тамхи, “нокиа” маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд Оюунбаатар гэдэг айлд очоод хоносон. Өглөө хашааны буланд унтаж байгаад сэрэхэд миний өмдний зүүн талын халаасанд шар өнгөтэй гар утас байсан. Би тэр гар утсыг “Петровис” шатахуун түгээх станцын өөдөөс харсан дэлгүүрт ороод кассан дээр сууж байсан эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
-Гэрч С.Т “Би хулгайн гар утас гэж мэдээгүй. Би тэр залуугаас 30000 төгрөгөөр “Samsung J-7” маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд хулгайн утас гээд цагдаад өгсөн. Би 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
- 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 360 тоот шинжээчийн дүгнэлт /Жи-7 маркийн гар утасны үнэ 600.000 төгрөг/ /2-р хх-ийн 147-р хуудас/
-Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй залуутай архи уусан. Өглөө архи гараад сэрэхэд 1 хашааны буланд ганцаараа хэвтэж байсан. Би сэрээд өмдний халаасаа үзэхэд шар өнгөтэй, ухаалаг гар утас байсан. Хэний утас авсныг мэдэхгүй байсан. Тэр утсыг дэлгүүрт 30000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
-Хохирогч О.Д “Баянмөнх сумын төвд орж ирээд “Оч” баарны гадаа ирээд зогссон. Баарнаас гартал миний мотоцикль байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ очиж амарсан. 2018 оны 09 сарын 08-ны өглөө босоод мотоциклийн сураг гаргахад надтай хамт бааранд орсон Дорноговь аймгийн Иххэт сумын залуу унаад явсан байсан. Тэр залуутай уулзаж мотоциклио асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дээр очиж болсон асуудлыг хэлтэл Хэрлэн голын хойно дэрсэнд үлдээсэн гэж хэлэхээр нь мотоциклио очиж авсан. Тэгэхэд миний мотоциклийн кундакторыг таслаад асаасан байсан. Би Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикльтой байсан. 2018 оны 07 сард Хэнтий аймгийн төвөөс 1750000 төгрөгөөр худалдаж авсан. Би мотоциклио 1750000 төгрөгөөр үнэлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
-Гэрч П.Г “2018 оны 09 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын урд Хэрлэн голын эрэг дээр мотоциклио орхиод сумын төв орж “Оч” бааранд орсон. Би согтоод түрүүлээд гараад явсан. Манай найз Г.Мөнхжаргал “Оч” баарны гадна байсан шар өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
-Гэрч О.Б “2018 оны 09 сарын 08-ны өглөө манай гэрт Гансайхан, Мөнх-Өлзий бид 3 хамт байж байтал Д хүрч ирээд миний мотоциклийг харсан уу, өчигдөр орой баарны гадна тавьсан. Алга болсон байна гэж хэлсэн. Тэр 2 залууг хайж байгаад очоод уулзсан чинь Д ын мотоциклийг аваагүй гээд байсан. Тэгж байгаад Хэрлэн голын гүүрний хойд талд дэрсэн дунд байгаа гэж хэлэхээр нь очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
-Гэрч Э.Гансайханы “2018 оны 09 сарын 08-ны өглөө Д ирээд өчигдөр орой баарны гадна байсан мотоцикль алга болчихлоо гэж ирсэн. Батсайхан, Мөнх-Өлзий, Д бид 4 хамт тэр 2 залууг хайсан. Тэр 2 залуу Д ын мотоциклийг хаана байгааг хэлэхгүй байсан. Бид 2 аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгж байгаад сүүлдээ Хэрлэн голын хойно байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь тэр 2-г дагуулаад Баянмөнх сумын төвөөр дайраад мотоциклио үлдээсэн газар нь очиж Д мотоциклио авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
-Яллагдагч Б.Э “2018 оны 09 сарын 07-ны өдөр Баянмөнх суманд ирсэн. “Оч” бааранд орж архи уусан. Г баарнаас гараад явчихсан. Би нэлээн байж байгаад Г-ийн араас гарсан чинь баарны гадна байхгүй байсан. Мөн унаж явсан мотоцикль нь байхгүй байхаар нь ямар ч байсан мотоциклио унаад хөдөлсөн юм байна гэж ойлгоод Д ын мотоцикль баарны гадна байхад нь өөрт нь хэлэхгүйгээр Г г хайх зорилгоор асаагаад унаад явсан. Мотоциклийн түлхүүр байхгүй байхаар нь кундакторыг нь салгаад манелыг нь гишгэсэн чинь ассан. Тэгээд унаад явсан. Г тай Хэрлэн голын гүүрний хойд талд хээр уулзаад тэндээ унтацгаасан. Мотоциклио хоносон газраа үлдээсэн. Д мотоциклио алдаад цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг хүмүүс М ж гэж дууддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
- 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 361 тоот шинжээчийн дүгнэлт /мотоциклийн үнэ 1.800.000 төгрөг/ /2-р хх-ийн 152-р хуудас/
-Хохирогч Б.Б “Тэр залуу манай гэрт ганцаараа орж ирсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88/
-Гэрч Б.Б “2018 оны 10 сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг байх байшиндаа хоол хийгээд байж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд “Д гэдэг айл хаана байдаг вэ” гэсэн. Би тийм айл танихгүй гэсэн. Та надад утсаа өгөөч гэхээр нь би дугаараа өгчих, би залгая гэсэн чинь надад .............. гэж хэлэхээр нь би залгаад өгөхөд цаашаа яриад “эгчээ цагдаагийн даргатай нь хэлээд өгөөч. Би приус-20 машинаа журамлуулчихлаа” гээд ярьж байгаа байдалтай яриад байсан. Тэгж байснаа гэрээс гараад гэрийн баруун талд гараад ярихаар нь би дагаад харсан. Тэгж байснаа байшингийн зүүн тал руу гараад яриад байхад би гэнэт айгаад буцаад гэртээ орсон. Би гэртээ ороод 3 минут болоод гар чийдэнтэй гарч харахад нөгөө хүн огт сураггүй алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би 4-5 жилийн өмнө 40000 төгрөгөөр худалдаж авсан. Би утсаа 30000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 89/
-Гэрч М.Г “Би 2018 оны 10 сарын 14-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд би утсаар чинь ганц яръя гэсэн. Манай гэрээс шууд гараад явсан. Тэгэхээр нь хүүгээ араас нь гаргасан. Тэгээд алга болохоор нь би араас нь гарах гэсэн чинь 2 хүү өөдөөс утас бариад орж ирсэн. Манай том хүү “саяын хүн манай хашааны хойно очоод 2 амбаарын голын модон дээр зогсоод утас нь салчихаад байхад ярьж байгаа дүр үзүүлээд байхаар нь ахаа утсаа авъя гэсэн чинь тэр хүн утас өгсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 90/
-Гэрч Б.Э “Би 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үл таних 2 залуугийн хамт айлд архи уусан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Би тухайн үед Баянмөнх суманд явж байгаад мотоцикль хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан. Би нэлээн согтуу байсан. Шөнө 23 цагийн үед жаахан эрүүл болоод ирэхэд миний халаасанд нэг хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас, нөгөө нь хар өнгөтэй “нокиа” нэртэй утас байсан. Тэр орой гар утас халаасанд байгааг мэдсэнийхээ дараа сумын төвд бааранд орсон. Баарнаас гарсны дараа нэг залуу намайг хүзүүг маань боогоод дээлтэй залуу нь халаас онгичиж байгаад “улаан шонхор тамхи”, “нокиа” маркийн гар утсыг маань аваад явсан. Тэгээд гэр хороололд Оюунбаатар гэдэг айлд хоносон. Тэр айлдаа “самсунг” маркийн гар утсыг хивсэн доогуур нь хийгээд үлдээсэн. Тэгээд тэр гар утсыг супер маркет дэлгүүрт нэг эмэгтэйд 30000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/
- 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 362 тоот шинжээчийн дүгнэлт / самсунг маркийн гар утасны үнэ 30.000 төгрөг/ /2-р хх-ийн 157-р хуудас/
-Яллагдагч Б.Э “2018 оны 10 сарын 14-ний өдөр танихгүй 2 залуутай архи уусан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад архи жаахан гараад сэргэхэд миний халаасанд хар өнгийн товчлууртай “самсунг” гэсэн утас байсан. Би хаанаас гар утастай болсноо мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/
-Хохирогч Д.Ц өгсөн: “2018 оны 09 сарын 28-ны өдөр Юнител ХХК-иас 740.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизингээр Huawei P-8 маркийн гар утасыг авсан. Тэгээд уг гар утсаа том хүү Гомбод өгсөн. Түүнээс хойш 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймагт хувийн ажлаар яваад ирж байхад манай хүү Гомбо над руу утсаар холбогдоод “би нөгөө шинэ авсан гар утсаа гэртээ дүү Б орхиод явсан чинь алга болчихлоо” гэж хэлсэн. Би тэгээд Бор-Өндөр суманд ирээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Алга болсон гэх гар утас нь хар өнгийн, шинэ, тунгалаг өнгийн гэртэй утас байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/
-Хохирогч Д.Ц дахин өгсөн: “Б.Э нь манай гэрээс хулгайлсан Huawei P-8 маркийн гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан байсан. Энэ утсыг 2019 оны 07 сард хэргийг шалгаж байсан мөрдөгч надад олж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/
-Иргэний нэхэмжлэгч Д.М өгсөн: “Би 2018 оны 10 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Зулбаяр-2 хүнсний дэлгүүр рүү хүнсний зүйл авах гээд 14-15 цагийн үед явсан. Дэлгүүр дотор 30 гаран насны үл таних хүн пиво худалдан авч байсан худалдагчтай нь “ах нь мөнгө дутвал энэ гар утсаа үлдээнэ” гээд байсан. Тэгээд тэр хүн худалдагч Болороод “би энэ утсаа зарна” шүү гэсэн. Би тэгээд хэдээр зарах юм бэ гэсэн чинь чамд бол 30.000 төгрөгөөр өгчихнө гэхдээ 30.000 төгрөгний утас биш шүү, чи харж байгаа биз гээд утсаа харуулсан. Намайг харахад хар өнгийн Huawei P-8 маркийн шинэ гар утас байсан. Тэгэхээр нь ямар учиртай утас болохоор зарах гээд байгаа юм гэхэд ах нь энд байдаггүй юм. Сүхбаатар аймгаас адуугаа хайгаад энд ирсэн юм. Энэ утас манай эхнэрийн утас байгаа юм. Ах нь архи уучихаад халуураад зарах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би 30000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27/
-Насанд хүрээгүй гэрч Ц.Г өгсөн: “Би 2018 оны 09 сарын 28-ны өдөр Юнител ХХК-иас Huawei P-8 маркийн гар утас 740.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизингээр худалдаж авсан. 2018 оны 10 сарын 14-ний өдөр өглөө ажилдаа явахдаа гэртээ дүү охиндоо үлдээгээд явсан. Би 15-16 цагийн үед ирээд гар утсаа хайхад утас маань байхгүй байсан. Тэгээд утсаа дүү Баасансүрэнгээс асуухад “би усанд явахаар гараад худаг оочер ихтэй байхаар нь буцаад гэртээ ирэхэд гар утас чинь зүүн орон дээрээс алга болчихсон байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/
- 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 166 тоот шинжээчийн дүгнэлт /Huawei P-8 маркийн гар утасны үнэ 600.000 төгрөг/ /2-р хх-ийн 62-р хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 04-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 33-44/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 74-86, 74-80, 2-р хх-ийн 57-59/,
-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би А.О гар утас, О.Д мотоциклийг хулгайлсан. Б.Б гар утсыг авсан. Д.Ц гар утсыг хулгайлсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч А.О О.Д , Б.Б Д.Ц иргэний нэхэмжлэгч С.Т Д.М гэрч Б.Э П.Г , О.Б Э.Г Б.Б М.Г Ц.Г нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.Э нь 1-рт. 2018 оны 09 сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд байрлах “Оч” баарны гаднаас О.Д Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2-рт.2018 оны 09 сарын 14-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хайрханы 308 тоот Б.Б гэрт Б.Б эзэмшлийн товчлууртай, хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 30.000 төгрөгний хохирол учруулсан,
3-рт.2018 оны 10 сарын 14-ний шөнө 03-04 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 10-01 тоотод оршин суух А.О гэрт буюу хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж А.О эзэмшлийн Samsung J-7 маркийн гар утас хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
4-рт.2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух Д.Ц гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Д.Ц эзэмшлийн “Хуа Вэй Пи-8” маркийн гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Э холбогдох 1840000000058 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтэд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу 2018 оны 09 сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд байрлах “Оч” баарны гаднаас О.Д Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг,
-мөн 2018 оны 10 сарын 14-ний шөнө 03-04 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 10-01 тоотод оршин суух А.О гэрт буюу хүн байнга амьдрах гэр, орон байранд нэвтрэн орж А.О эзэмшлийн Samsung J-7 маркийн гар утас хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
-мөн 2018 оны 10 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 1009 тоотод үршин суух Д.Ц гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн Д.Ц эзэмшлийн “Хуа Вэй Пи-8” маркийн гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Мөн 2018 оны 09 сарын 14-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хайрханы 308 тоот Б.Б гэрт Б.Б эзэмшлийн товчлууртай, хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 30.000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Б.Э нь тус шүүхийн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 43 дугаартай магадлалаар 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу “шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Б.Э холбогдох хэргийг Прокурорын газарт буцаасан байна.
Иймд шүүгдэгч Б.Э холбогдох хэргийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Э нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, архидан согтуурсан нь нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч А.О 600.000 төгрөгний, хохирогч О.Д т 1.800.000 төгрөгний, хохирогч Б.Б 30.000 төгрөгний, хохирогч Д.Ц 600.000 төгрөгний хохирол учирсан, хохирогч А.О “гар утсаа буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч О.Д “мотоциклио буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч Б.Б “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч Д.Ц нь “гар утсаа буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, иргэний нэхэмжлэгч С.Т нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, иргэний нэхэмжлэгч Д.М “Б.Э 30.000 төгрөгийг хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийг өгсөн тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас нийт 3.030.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирол нь төлөгдсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.Э нь 2002 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш нийт 4-н удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 сарын 01-нээс хойш үйлдсэн үйлдэлдээ анх удаа ял шийтгүүлж байгаа, мөн 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал, ялгүйд тооцох” тухай ойлголт байхгүй болсон байна.
Иймд Б.Э удаа дараа ял шийтгүүлсэн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар авах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч А.О Д.Ц нарын эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, эд зүйлийг нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан, хохирогч О.Д мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн хохирогч Б.Б гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн саналын хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 06 /зургаан/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э 2018 оны 10 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл дээрх гэмт хэргүүдийн улмаас цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нийт 456 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2
дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Э биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нийт 456 /дөрвөн зуун тавин зургаан/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
6.Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ