Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/96

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овогтой С-ийн У-д холбогдох эрүүгийн 1927000910074 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, эрүүгийн 1908011941500 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хүлээн хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан заслын мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ___ баг ___ гудамжны ___ тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй,

1. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

2. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

3. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

4. Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 02 жил 06 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,

5. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

6. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

7.Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар,

8. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хугацагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 01 жил 04 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож шийдвэрлэсэн,

9. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 350 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн, Б- овогтой С- У-. /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.У- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байрлах “___” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 0,75 литрийн “Соёрхол” архи 4 шил, бэлэн 300 000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирогч В.Б-д 595 400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ___ тоотод оршин суух Б.Х-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэр интернетийн төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Х-д 300 000 төгрөгийн  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У- мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байсан. Хохирогч Б.Х-ын хашаанд манай хүргэн ах Ч-гийнх байдаг. Би Ч- ахынд очих гэж тухайн хашаагаар орсон боловч хүргэн ахын гэрт хүн байхгүй гэр нь цоожтой байсан. Би хажуу талын айлаас нь Ч- ахыг асуух гээд хаалгыг нь татахад гэрийнх нь хаалга цоожтой байсан. Би тухайн айлын гэрийнх нь цоожийг татсан чинь цоож нь онгойсон. Би тухайн айлд ороод гэрт байсан гэр интернетийг нь авсан. Би тухайн гэр интернетийг “___” гээд гар утас засварын газарт оруулж 15 000 төгрөгөөр зарсан. Тэгээд гарч яваад Сонгинохайрхан дүүргийн цагдаад баригдсан. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б-ийн дэлгүүрээс тамхи авахаар дэлгүүрт орох гэтэл дэлгүүр нь цоожтой байсан. Би гэртээ байгаа юм байх гэж бодоод хашааны хаалгаар нь ортол гэр нь мөн түгжээтэй байсан. Би дэлгүүрийн цонхоор орж 0,75 литрийн “Соёрхол” архи 4 шил, бэлэн 300 000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгай хийж авсан. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч В.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манайх гэр бүлийн хамт Арвайхээр сум руу явсан. Тухайн үед гэр болон дэлгүүрээ цоожилж эзэнгүй орхиод явсан. Өглөө оройд гал түлж байгаарай гээд Н- гэх хүнд захисан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өглөө Н- надруу залгаад дэлгүүрт гал түлчихээд хойд талын өрөөг цэвэрлэх гээд орсон чинь дэлгүүрийн камерын дэлгэц байхгүй байна. Хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи 4 шил, бэлэн мөнгө 7 хоногийн орлого байснаас 300 000 төгрөг алдагдсан байсан. Тухайн үед мөнгө хийдэг саванд мөнгөнүүд байснаас дандаа бүхэл мөнгөнөөс 300 000 төгрөг байхгүй байгаа юм. Сирок нэртэй дотроо 150 ширхэгтэй хайрцагтай чихэр алдагдсан байсан. Мөн дэлгүүрийн камерын дэлгэцийг эвдсэн, камерын бичлэг хураах төхөөрөмжийг салгаж зуухруу хийж шатааж эвдсэн байсан. ...Бид 2 тухайн үед Арвайхээр сумруу явахдаа дэлгүүрийн 7 хоногийн орлогоосоо шатахууны мөнгө гэж 250 000 төгрөг авсан. Манай дэлгүүрт өдөрт 100 000-150 000 төгрөгийн орлоготой байдаг. Тухайн үед нийт орлого гэж 680 000 төгрөг байснаас 250 000 төгрөгийг бид 2 шатахуунд зарцуулсан. Тэгээд хулгай орсоны дараа цагдаа нарыг үзлэг хийж дууссаны дараа мөнгөө тоолоход 130 000 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр хулгайч 300 000 төгрөг бэлнээр авч явсан гэж үзэж байна...Гомдолтой байна. Алдагдсан 4 шил архи, бэлэн мөнгө 300 000 төгрөг, эвдэгдсэн камерын дэлгэц, камерын бичлэг хураах төхөөрөмж зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байгаад өдөр 13 цагийн орчимд найз Б-гийнд очихоор гэрийнхээ хаалгыг цоожлоод охиноо аваад явсан. Тэгээд найзындаа байж байгаад 14 цагийн орчим гэртээ буцаж ирээд гэрийнхээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгох гэхэд гацаад байхаар нь гараараа таттал онгойчихсон. Тэгээд гайхаад гэр лүүгээ явж ортол гэрийн хойт талд зурагтны хажуу талд байсан гэр интернетийн төхөөрөмж байхгүй байхаар нь гараад хажуу айлын О- гэх охиноос манай гэрт хулгай орсон байна, хүн харсан уу гэхэд манай хашаанд урьд нь ирдэг байсан зүс таних ах явж байхаар нь юун хүн бэ гэж асуухад хажуу айлд чинь түлхүүр орхиод явж байна гэж хэлсэн гэсэн. Манай гэрээс зурагтны хажуу талд байсан гэр интернетийн төхөөрөмжөөс өөр зүйл алга болоогүй байсан. Уг интернетийн төхөөрөмжийг би 2018 онд юнителээс 300 000 төгрөгөөр худалдаж аваад хагас жил орчим хэрэглэж байсан. Би алдагдсан гэр интернет төхөөрөмжийг 300 000 төгрөгөөр үнэлнэ. Дуудлагаар ирсэн цагдаа үзлэг шалгалт хийж байхдаа урьд нь манай хашаанд байсан айлаар ирдэг байсан. У- гэх хүнийг олж авч ирэхэд О- хараад манай хашаанд явж байсан ах мөн байна гэж таньсан... ” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байдаг “___” гэх найман нэрийн хүнсний дэлгүүрийн галыг түлэх гэж ирээд урд уурын зуухны хаалгыг түлхүүрээрээ онгойлгож орсон. Тэгээд би хүн унтдаг өрөөнөөс ус авах гээд орсон чинь камер нь хяналтын дэлгэцтэйгээ байхгүй байхаар нь би дэлгүүрийн эзэн Б- рүү залгаж камер чинь алга байна гэсэн чинь цагдаа дууд гэсэн. Тэгээд гараад явах гэсэн чинь унтдаг өрөөнийх нь жижиг цонх нь онгорхой байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж цагдаа дуудаж дуудлага өгсөн. ...Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед ирж гал түлээд явахад зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хичээлээ тараад 14-15 цагийн орчим гэртээ ирээд байж байсан хашааны хаалга дуугархаар нь гадаа гараад харсан чинь нэг эрэгтэй хүн хашаанаас гарах гэж явж байгаад намайг хараад жорлонгийн цаагуур орсоноо буцаад гараад ирэхээр юун хүн бэ гэж асуусан чинь манай хашаанд байдаг 2 гэрийн нэг болох өвгөний гэрт орох гэж байсан юм аа гэж хэлчээд гараад явсан. .намайг гэртээ ирэхэд хажуу айлын гэр цоожтой байсан ...тэр ахыг орж ирээд гараад явсны дараа би хаалгыг нь харсан чинь цоож зүүчихсэн байсан, тэгээд удалгүй 30 минут орчимын дараа манай хажууд байдаг эгч ирээд манай гэрт хулгай ороод цоож эвдчихээд буцаагаад хаалганд зүүчихсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал ___ тоотод хулгай орж эд зүйл алдагдлаа гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажилласан. ...нэг эмэгтэй байсан бөгөөд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод гэр интернетийн төхөөрөмж алдагдсан байна гэж хэлэхээр нь сэжиглэж байгаа хүн байгаа эсэх талаар асуухад манай хашаанд амьдардаг хажуу айлын охин манай танил айлын ах болох С.У- танай гэр лүү орсон бололтой гараад явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн хэргийн ойр орчим сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж олж тогтооход тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг хүлээсэн бөгөөд гэр интернетээ Орбитын тойрог дээр байдаг гар утас засварын газарт зарсан гэж хэлэхээр нь уг газрыг нь заалгасан боловч тухайн газар нь хаасан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн эд зүйлийг хураан авахаар “___” төвд очиход хаалттай байсан ба одоогоор тухайн гар утас засварын газар нь хаагдсан байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүний талаар мэдэх хүн ойр орчимд нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн шижилгээний Үндэсний хүрээлэнгийн харьяа Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №42 тоот:

“...1. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан 7.2х3.8см хэмжээтэй 1 дугаартай хальсанд байх 3 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр, 4.2x2.9 см хэмжээтэй 3 дугаартай хальсанд байх 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ...

...3. Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай хальсанд байх 3 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд нь харьцуулсан загварт ирүүлсэн С- овогтой У-гийн баруун долоовор, дунд, ядам хурууны гарын хээний дардастай, 3 дугаар хальсанд байх 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр нь B.Б-гийн зүүн гарын эрхий хурууны гарын хээний дардасуудтай тус тус ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Шүүхийн шижилгээний Үндэсний хүрээлэнгийн харьяа Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №41 тоот:

“...1. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүулэн авсан зураг №4, зураг №5, зураг №6, зураг №18, зураг №19 гэсэн дугаартай гутлын улны мөрүүд нь гутлын мөрний харьцуулах шинжилгээнд тэнцэнэ...

2. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөрүүдээс зураг №18, зураг №19 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвар болгож ирүүлсэн C.У-гаас хураан авсан гэх баруун хөлний гутлын улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна. Харин зураг №4, зураг №5, зураг №6 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.У- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байрлах “___” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 0,75 литрийн “Соёрхол” архи 4 шил, бэлэн 300 000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирогч В.Б-д 595 400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ___ тоотод оршин суух Б.Х-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэр интернетийн төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Х-д 300 000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт нь хохирогч В.Б-, Б.Х- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15, 2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч А.Н-, Д.Б-, Б.Батнасан, насанд хүрээгүй гэрч Б.О- нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16, 2 дугаар хх-ийн 20, 23, 25-26 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн харьяа Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №41, №42 тоот дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 41-43, 53 дугаар хуудас/ шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хуульчилжээ.   

Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.У- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байрлах В.Б-гийн “___” нэртэй хүнсний дэлгүүрт, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ___ тоотод оршин суух Б.Х-ын эзэмшлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  байшинд хууль бусаар нэвтрэн орж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эд хөрөнгийг авч, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм бурууд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч С.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.У-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч В.Б-гийн эд хөрөнгөд 595 400 төгрөг, Б.Х-д 300 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс 595 400 төгрөгийг гаргуулан В.Б-д, 300 000 төгрөгийг гаргуулан Б.Х-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч С.У- нь урьд олон удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолууд, ял шалгах хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4-т заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй юм.

Шүүх, шүүгдэгч С.У-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.У- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 286 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн ба тэрээр уг ялаа биеэр эдлээгүй болох нь шүүгдэгчийн тайлбараар тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.У-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 286 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 35 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар С.У-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 35 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.У-гийн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Энэ хэрэгт шүүгдэгч С.У- нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривлагдаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 55 хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.У- нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг /1 хос/ гутлыг өөрөө буцаан авна гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд  буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавидаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байтал шүүгдэгч С.У-гийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт байрлах В.Б-гийн “Өвтхайрхан” нэртэй хүнсний дэлгүүр, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 56-06 тоотод оршин суух Б.Х-ын эзэмшлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байшинд нэвтэрсэн байгааг тус тусад нь зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгааг прокурор анхаарах шаардлатай юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой С-ийн У-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар С.У-г 02 /хоёр/ жил 06 /зургаа/сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг журамлан С.У-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 286 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар С.У-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 35 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.У-гийн биечлэн эдлэх ялыг 2 /нэг/ жил 6 /зургаа/ сар 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.У-д оногдуулсан 2 жил 6 сар 35 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  С.У-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 55 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг /1 хос/ гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.У-д буцаан олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.У-гаас хохиролд 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Х-д /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчиний 56-06 тоот/, 595 400 /таван зуун ерин таван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан хохирогч В.Б-д /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 5 дугаар баг, Горхийн 201 тоот/ тус тус олгосугай.

9. С.У-д хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА