| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/1365/И |
| Дугаар | 1349 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/1365/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Орхон сумын 1 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, М*** С*** нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймаг, Орхон сумын 1 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Г*** ,
Хариуцагч Дархан-Уул аймаг, Орхон сумын 1 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, М*** М*** нарт холбогдох
3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ш.Г*** , Б.М*** , хариуцагч нарын өмгөөлөгч П.Уламбаяр, гэрч Х.О*** , Б.З*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Ш.Г*** , Б.М*** нарт тэдний гуйснаар 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн. Нийт 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр хэрэгцээтэй үедээ буцаан авахаар ярилцаж тодорхойгүй хугацаагаар зээлдүүлсэн. 2015 оны 10 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарч мөнгөө нэхэхэд өгнөө гэж хэлсээр өгөлгүй өдий хүрсэн тул Ш.Г*** , Б.М*** нараас үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.С*** нь нөхөр Х*** гийн хамт 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Ш.Г*** , Б.М*** нарт 1 сая төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, хугацаагүй зээлж гэрээ байгуулсан. Энэ зээлийн дагуу охин О*** 90 000 төгрөг, Д.С*** нь 1 хонины гулууз мах авсан. Ш.Г*** , Б.М*** нар нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин 1 сая төгрөгийг, 8 хувийн хүүтэй, хугацаагүй зээлж гэрээ байгуулсан. Х*** нь 2014.08.24-нд нас барсан. Зээлийн хүүд 300 000 + 80 000+80 000 төгрөг нийт 460 000 төгрөг авсан. Одоо үндсэн зээл 2 сая төгрөг, хүү, алданги нийлээд 3 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Г*** , Б.М*** нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.М*** , Ш.Г*** бид нэхэмжлэгч Д.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.М*** миний хувьд Орхон суманд хүнсний дэлгүүр ажиллуулж мөнгө дутагдалтай үед талийгаач Ч.Х*** гээс мөнгө зээлдэж авсан тухай баримт үйлдэж гарын үсэг зурж мөнгө хүүгүйгээр зээлдэж авдаг байсан нь үнэн. Гэхдээ гэрээ байгуулж, хүү тооцож хугацаатай зээлсэн гэрээ бол байхгүй. Энэ мөнгө зээлсэн асуудал эхнэр Д.С*** , охин Х.О*** нар нь хамаагүй юм. Мөнгө зээлж аваад талийгаачид сар бүр төлж байсан, мөнгөн дүн мөн охин нь болох Х.О*** ын хувийн дансанд мөнгө шилжүүлж банкны хуулга Д.С*** д бүтэн хонины гулууз мах бусад барааг өгч байсан баримт миний хувийн тооцоонд бүгд байгаа. Дээрхи баримтууд байсаар байхад зээлсэн мөнгөнөөсөө хасч тооцохгүйгээр бүтнээр нь мөнгө авахаар Д.С*** шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад туйлын гомдолтой байна. Талийгаачийг амар мэнд байх үед зээлсэн мөнгөнөөс түүний охин болох О***д 90.000 төгрөг өгсөн болохыг дуулаад маш их уурлаж би хэнд хэдэн төгрөг зээлсэн байсан нь хамаагзй гэж уурлаж байсан юм. Талийгаачийн охин болох О*** ын дансаар мөнгө 2-3 удаа шилжүүлсэн банкны хуулга байсаар байтал тэр талаар нэхэмжлэлдээ нэг ч үг үсэг дурьдаагүй, мөнгө бэлнээр өөрийн биеэр авч байсан талаар ч нэхэмжлэлд байхгүй байгаад үнэхээр их гайхаж байна. Талийгаач бид нарын хооронд бол мөнгө зээлсэн хүү тооцсон тухай хууль зүйн дагуу хийгдсэн албан ёсны гэрээ бол байдаггүй гагцхүү мөнгөний дутагдалтай үед мөнгөө зээлдэг байсан. Шүүх хуралдаанд болох үед мөнгийг сар бүр өгч байсан тэмдэглэл, миний ээжийн өдрийн тэмдэглэл зэрэг тодорхой байгаа. Бид нарын хувьд амьдралын хэрэгцээ шаардлагаар хүнсний дэлгүүрийг банкнаас өр зээл авч ажлуулж байгаа нь нууц биш. Талийгаачаас зээлсэн мөнгийг өмнө нь төлж барагдуулах гэж үргэлж бодож чадах ядахаараа төлж барагдуулж ирсэн байхад зээлээ бараг төлж дуусгасан байхад ингэж нэхэмжилж байгаад гомдолтойгоос гадна нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байгааг шүүх харгалзан үзнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Хариуцагч Ш.Г*** , Б.М*** , түүний өмгөөлөгч У*** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2013.05.06-нд 1 сая төгрөгийг, сарын 15 хувийн хүүтэй, сард 75000 төгрөг төлж байхаар зээлж авсан. 2014.03.10-нд 500 000 төгрөг, 2014.03.20-нд 500 000 төгрөг төлж барагдуулсан. Дахин 2014.04.18-нд 1 сая төгрөгийг, 16 хувийн хүүтэй авч 1 716 000 төгрөг болгож төлсөн. Сар бүр 80 000 төгрөгөөр хүүг төлж байгаад 10 сард 160 000 төгрөгөөр 2 удаа, 11 сард 112 000 төгрөгийг, 12, 1, 2, 3, 4 сарын 560 000 төгрөгийг, 167740 төгрөгийн гулууз мах, 2015.03.24-нд 151000 төгрөг, 2015.03.26-нд 160 000 төгрөг өгсөн. Нийт 1 716 000 төгрөг болгож өгсөн. 50 кг гурил, 20 кг мах авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С*** нь хариуцагч Ш.Г*** , Б.М*** нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү, алданги 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.С*** , Х*** нар нь хариуцагч Ш.Г*** , Б.М*** нартай харилцан тохиролцож 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг, тодорхой хугацаагүйгээр, бэлнээр, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг, тодорхой хугацаагүйгээр, бэлнээр тус тус зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээ, мөнгө төгрөг зээлдэж авсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нар нь бид тухай бүр нь зээлийн хүүг төлж байгаад мөнгийг бүрэн барагдуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүд дансаар 460 000 төгрөг, бэлнээр охин О***д 90 000 төгрөг, гулууз хонины мах, 50 кг гурил авсан болохоо зөвшөөрч байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.С*** нь зээлийн гэрээг 8 хувийн хүүтэй байгуулсан, хариуцагч Ш.Г*** , Б.М*** нар нь 16 хувийн хүүтэй зээл авсан гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд хүү, алдангийн талаар тусгаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232.3-д “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд талууд нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч хүү, алдангийн талаар гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй байна.
Хариуцагч Ш.Г*** , Б.М*** нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүү сар бүр 80 000 төгрөгийг
2013.05.06-2014.08.24 хүртэл 15 сар х 80 000 төгрөг =1 200 000 төгрөг,
2014.06.18-2014.08.24 хүртэл 2 сар х 80 000 =160 000 төгрөг,
дансаар шилжүүлсэн 300 000 +80 000 +80000 нийт 460 000 төгрөг, / хх-ийн 17-24/
өвс авахаар бэлнээр 100 000 төгрөг авсан,
2015 оны 1 сард гулууз мах, 50 кг гурил 160 000 төгрөг,
О***д өгсөн 90 000 төгрөг нийт 2 080 000 төгрөг авсан болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нэхэмжлэгч Д.С*** , талийгаач Ч.Х*** гийн охин Х.О*** д хууль сануулсан мэдүүлэг, гэрч Б.З*** нарын мэдүүлэгээр тогтоогдож байх тул зээлийн төлбөр 2 сая төгрөгийг хариуцагч нар бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.С*** нэхэмжлэлтэй Ш.Г*** , Б.М*** нарт холбогдох 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 63 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА