| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00005/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л холбогдох эрүүгийн 1940000700081 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх суманд оршин суух, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Д.Л
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Л нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна, 2.2.2 арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна” гэх заалтыг зөрчиж малчин Б.Г өөрийн нэр дээр А дансандаа 2017 онд 298 толгой мал тоолуулсан байхад 139 толгой малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргаж бусдаар баталгаажуулан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс Б.Г 4.000.000 төгрөгийн 60 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Л Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн Засаг даргын ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1-д заасан “...бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна” гэсэн заалтыг зөрчиж, тухайн болзол шаардлагыг хангаагүй, мал тооллогын А дансандаа 298 толгой мал тоолуулсан Б.Г 139 толгой малтай гэж худал тоон мэдээлэл гаргаж түүнийг Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулан 4.000.000 төгрөгийн, 60 толгой малыг олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л “Малжуулах төсөлд хамрагдсан Б.Г нь 2017 онд А дансандаа 298 толгой мал тоолуулсан. 2018 онд малжуулах төсөлд хамрагдахад нь багийн Засаг даргаас 139 толгой малтай гэж тодорхойлолт бичиж өгсөн. Үүнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Б.Г ээж нь өндөр настай, өрх тусдаа байдаг, нэгдсэн журмаар малаа хамт тоолуулсан юм. Б.Г нь архи уудаг, эхнэр, хоёр бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Багийн Засаг даргын зүгээс Б.Г амьдрал ахуйг нь дэмжиж, архинаас хол байлгах гэж олон удаа уулзаж байсан, энэ үүднээс өөрийнх нь өмчлөлийн гэх мал дээр нь тодорхойлолт гаргасан юм. Одоо Б.Г нь эхнэр, хүүхдийн хамт архинаас хол, малжуулах төслийн санхүүжилтийг хуваарийн дагуу төлөөд сайхан амьдарч байгаа” гэв.
Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, малчин өрхийг малжуулах гэрээнд өөрийн багийн иргэн Б.Г нэр дээрээ 2017 онд А дансаар 298 толгой мал тоолуулсан байхад нь 139 толгой малтай гэж тодорхойлсон энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Б.Г нь өөрийн малаа ээжийнхээ малтай цуг тоолуулсан байсан. Хэдийгээр А дансаар 298 мал тоолуулсан боловч 139 нь өөрийнхөн мал, үлдэгдэл мал нь ээжийнх нь мал байдаг. Б.Г нь хүсэлт гаргаж өөрийн малаа нэр дээрээ тоолуулъя гэхээр нь малжуулах хөтөлбөрт залуу гэр бүл гэдгээр нь дэмжээд тодорхойлолт хийж өгсөн. Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргад өөрийн багийн малчдын А дансыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулахаар оруулж өгсөн. Санхүүгийн албанаас хэн гарын үсэг зурсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 104-107 хуу/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх 2018 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс Баянмөнх сумын Засаг даргын тамгын газарт ирүүлсэн малжуулах төслийн хүрээнд Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын халамжийн байцаагчид малжуулах төсөлд хамрагдуулах талаар хүсэлт гаргаж залуу малчдыг дэмжих, малжуулах төслөөс 4.000.000 төгрөгийн дүнтэй хургатай хонь 37, ишигтэй ямаа 20 толгой мал авсан. Би 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 298 толгой мал тоолуулсан. Энэ 298 толгой малд миний ээж Тунгалагын 159 толгой мал хамт миний нэр дээр тоологдсон юм” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/
Гэрч А.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан. Миний бие уг батлагдсан хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Уг хөтөлбөрийн зорилго нь бага малтай малчин өрхийг малжуулж хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих үндсэн зорилготой юм. Уг хөтөлбөрөөр 18-39 насны буюу хөдөлмөрийн насны, ам бүл нь 2-оос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 150-200 хүртэл толгой малтай малчин өрхийг малжуулж хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж ажилладаг. ...Тухайн төсөлд хамрагдах иргэн нь заавал өөрийн нэр дээр малаа тоолуулсан байх ёстой. Эцэг, эхийн нэр дээр мал нь тоологдсон тохиолдолд болохгүй. Тэгэхээр төсөлд хамрагдах иргэний нэр дээр байгаа малын А дансны тоог л барьж төсөлд хамруулан зээл олгоно гэсэн үг. ...Төсөлд хамрагдах иргэн маань 200 хүртэлх толгой малтай бол хамрагдах эрх нь нээгдэнэ, харин түүнээс их толгой малтай тохиолдолд хамрагдах боломжгүй ээ. Огт малгүй бол бас хамрагдах боломжгүй. Хэдий өөрөө малтай ч гэсэн өөрийн нэр дээр малаа тоолуулаагүй буюу А дансандаа малгүй бол болохгүй гэж ойлгох хэрэгтэй. Би бол анхан шатны баталгаажсан материал дээр үндэслэн, хөтөлбөр бариад л материалыг нь бүрдүүлж хамруулдаг. Багийн Засаг даргын тодорхойлолт нь дээрх иргэнийг малчин, малтай гэдгийг нь тодорхойлно, А дансыг санхүү албаны даргын албажуулсан тодорхойлолт нь малтай гэдгийг бататгана, тухайн иргэний малжуулах төсөлд хамрагдах гар өргөдөл нь хүсэлтэй байгааг харуулна, амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын тэмдэглэл нь тухайн сумаас шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаруулж гаргаж ирдэг юм...” гэх мэдүүлэг /хх-н 44-46 хуу/
Гэрч Э.Ө “...Би 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б.Г малын тоог тодорхойлсон тодорхойлолтод би гарын үсэг зураагүй, тэр зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Би уйгаржин Монгол бичгээр гарын үсгээ зурдаг юм. Би тэр үед Хэнтий аймгийн төвд тайлан мэдээгээ өгөхөөр ажилтай явж байсан шиг санаад байна. Тэгж явахдаа ард үлдсэн ажлыг цалгардуулахгүй гээд тамга, тэмдгээ төрийн сангийн мэргэжилтэн Д.Г үлдээж явсан. ...Ер нь бол санхүүгийн албаны дарга нь иргэдийн малын А дансыг хянан баталгаажуулж гарын үсэг зурдаг. Малын А данс авъя гэсэн тохиолдол болгонд хянан баталгаажуулж зурдаг учир зөвхөн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хичнээн тодорхойлолт хийж өгснөө хэлж мэдэхгүй байна. Миний баталгаажуулсан тодорхойлолтоор зээл, бусад сангаас зээл тусламж авах зэрэгт ашигладаг учир хэлж мэдэхгүй байна. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй, яагаад гэвэл статистикийн программд тулгалт хийсний дараа тодорхойлолтыг баталгаажуулдаг” гэх мэдүүлэг /хх-н 47-49 хуу/
Баянбулаг багийн Баяраа овогтой Б.Г 2017 оны жилийн эцсийн малын тоо гэх хүснэгт /уг хүснэгтэд Б.Г 139 толгой малтай гэж тодорхойлжээ/ /хх-н 15 хуу/
Малчин өрхийн малжуулах гэрээ /хх-н 71-72 хуу/
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” /хх-н 4-5 хуу/
Д.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол /хх-н 218-219 хуу/
Хэнтий аймгийн Баянмөнх сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-н 64-66 хуу/
Хэнтий аймаг Баянмөнх суманд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийг малжуулсан талаарх тайлан /хх-н 66-68 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Шүүгдэгч Д.Л нь Б.Г Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт тавигдсан болзол, шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж хуурамч баримт, тоон мэдээлэл гаргаж түүнд давуу байдал бий болгож буй энэхүү үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан бусад иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул түүний дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу авилгын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан
Гэрч Б.Г “...Би 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 298 толгой мал тоолуулсан...” гэх мэдүүлэг
Гэрч А.П “...Төсөлд хамрагдах иргэн маань 200 хүртэлх толгой малтай бол хамрагдах эрх нь нээгдэнэ, харин түүнээс их толгой малтай тохиолдолд хамрагдах боломжгүй ээ” гэх мэдүүлэг
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэгт холбогдох үедээ Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Авилгын эсрэг хуулийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан мөн тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Б.Г нь дээрх малжуулах хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр авсан 60 толгой малын үнэ болох 4.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулж байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь төрийн албан хаагч нь хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг чанд сахин биелүүлж ажилладаггүй байдалтай холбоотой байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид дээрх ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР