| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00006/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х.Э холбогдох 2040000010005 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, яс үндэс буриад, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р баг оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Х.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг иргэн С.Т марган зодолдож улмаар иргэн С.Т зүүн далны тус газар хурц иртэй зүйлээр хатган, түүний биед зүүн далны доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч С.Т 2020 оны 01-р сарын 02-ны өдөр өгсөн: “2019 оны 12 сарын 25-ны өдөр Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байранд найзынхаа гэрт сууж байтал миний утас руу Г залгахаар нь авсан чинь намайг хаана байгааг асуухаар нь 45 дугаар байранд байна гэж хэлтэл удалгүй дахиж залгаад намайг гараад ир, ярих юм байна гэж хэлэхээр нь би ганцаараа найзынхаа гэрээс гараад Г той уулзсан. Намайг 45 дугаар байрны гадаа гараад ирэхэд У Э Г 3 такси барьчихсан явж байхаар нь машинд нь суугаад хамт хөдөлсөн. Ингээд 45 дугаар байрны гаднаас хөдлөөд 39 дүгээр байрны баруун талд байдаг хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод Г дотогшоо ороод эргэж гарч ирэхдээ 4 шил 0.75 литрийн “Монгол стандарт” гэх нэртэй архи аваад Бор-Өндөр сумын 3 дугаар баг байдаг У гэрт очсон. Бид нар У гэрт ороод хоорондоо ажил төрөл яриад 3 шил архиа уучихсан. Г намайг өөрийнхөө ажиллаж байгаа газарт хамт ажиллая гэж санал тавиад энэ талаар ярилцаж байсан. Тэгтэл үдээс хойш 16 цагийн үед Э бид 2 маргалдсан, яг юуны талаар маргалдсанаа мэдэхгүй байна, ямар ч байсан хоорондоо маргалдаад У гэрээс гарсан. Айлын гэрт хоорондоо муудалцахгүй гээд гараад хашаан дотор хоорондоо муудаж дээр доороо оролцоод зодолдож байхад Г гарч ирээд Э бид 2-ыг салгасан. Тэр үед миний гар утас байхгүй болчихсон байхаар нь Э зодолдсон, ноцолдсон газраа утсаа хайгаад үлдсэн. Э Г 2 гэр рүү орсон юм шиг байгаа юм, байхгүй байсан. Намайг гар утсаа хайгаад байж байтал Э гэрээс гарч ирээд над руу ирээд намайг тэврэх шиг болохоор нь би Э өөрөөсөө холдуулж цааш нь түлхтэл гарт нь хутга шиг зүйл харагдахаар нь чамайг цагдаад өгнө гэж хэлээд У хашаанаас гараад С эгчийн гэрт очоод толинд хартал миний нуруу ар хэсэг, зүүн далны орчмоос нилээн цус гарсан байхаар нь цусыг нь цэвэрлэсэн. Тэгээд өвдөлт бага байхаар нь С эгчийн гэрт унтсан, хэсэг хугацаанд унтаж байгаад архи гараад гайгүй болохоор нь У хашаанд дахиж очоод гар утсаа хайсан боловч олдоогүй, намайг утсаа хайхаар очиход У гэрт болон хашаанд нь хүн байгаагүй. Тэгээд буцаж С эгчийн гэрт ирээд өөрийнхөө найзыг дуудаад эмнэлэгт очиж үзүүлж, оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
-Гэрч Г.Г гийн 2019 оны 12-р сарын 28-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор Өндөр сумын төвөөс зүүн урагш 5-6 км зайд байдаг хувийн жоншны газарт ажилладаг бөгөөд У Э гэсэн залуучуудтай хамт ажилладаг юм. 2019 оны 12 сарын 25-ны өглөө У Э бид 3 хамт Бор-Өндөр сумын төвд орж ирсэн. Би өөрийнхөө ажиллаж байгаа газарт найз Т ийг оруулах гээд, уулзаж ярилцах гээд өглөө 10 цагийн үед залгахад Т 45 дугаар байранд айлд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь У Э бид 3 такси хөлслөөд 45 дугаар байрны гадаа очоод Т тэй утсаар яриад дуудаж гаргаж ирээд уулзсан. Т ганцаараа гарч ирээд бид нартай уулзахаар нь би чамайг өөрийнхөө ажиллаж байгаа газрын даргад хэлчихсэн, ажилд авъя гэж хэлэхэд Т машинд суугаад хамт хөдөлсөн. Бид нар 45 дугаар байрны гаднаас хөдлөөд 39 дүгээр байрны урд талд байдаг хүнсний дэлгүүр рүү орж би өөрийнхөө мөнгөөр 4 шил 0.75 литрийн архи аваад Бор-Өндөр сумын 3 дугаар баг байх У гэрт очсон. Бид нарыг У гэрт ороход хүн байгаагүй. Тэгээд бид нар хоорондоо ажил төрлөө яриад, архи уугаад сууцгаасан. Бид нар архиа нилээн уусан хойно нилээн согтоод унтчихсан байсан. Би У ахын гэрийн баруун талын орон дээр ууж байсан архиа дуусгалгүй, тасраад унтаж байхад У эхнэр Ц намайг сэрээгээд Э Т 2 хашаанд зодолдоод байна гэж хэлэхээр нь босоод гэрээс гараад хашаанд хоорондоо зодолдож байсан. Э Т 2-ыг салгасан. Би Э Т 2-ыг салгасан чинь хоорондоо юм яриад учраа олъё, эвээр яръя гэхээр нь би тэр 2-ыг хашаанд үлдээгээд эргэж У гэрт ороод гэрийнхэн баруун талын орон дээр хэвтээд удалгүй унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад Ц эгч дахиж намайг дуудаад нөгөө Э чинь Т ийн араас юмаар хатгачихлаа гэж хэлэхээр нь босоод Т тэй уулзсан чинь Тогоо надад нуруугаа харуулсан. Тэгэхэд Т ийн зүүн далны орчим хутгалуулсан шарх байсан. Э байхгүй гараад явчихсан байсан. Т ээс Э яасан, хаачсан гэж асуухад “мэдэхгүй, хашаанаас гараад гүйгээд явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Т ийг дагуулаад У гэр рүү ороход Т удалгүй “би явлаа, энэ ажлыг чинь хийхгүй” гэж хэлээд У гэрээс гараад явсан. Т ийг явснаас хойш удаагүй байхад Э гаднаас ороод ирснийг санаж байна. Тэгээд нэг сэргэсэн чинь ажил дээрээ байрлаж байгаа гэртээ ирчихсэн Э хамт унтаж байсан. Цагдаа нарыг ирэхэд сэрсэн. Ажиллаж байсан газартаа яаж ирснийг мэдэхгүй байгаа, дараа нь У асуухад У Ц хоёр таксигаар хүргэж өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Гэрч Ц.У 2020 оны 01-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би Г , Э нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс зүүн урагш 5-6 км зайд байдаг хувийн жоншны газар, нөхөрлөлд ажиллаж байсан юм. 2019 оны 12 сарын 25-ны өглөө хамт ажилладаг Э Г нартай хамт Бор-Өндөр сум руу орж ирээд явж байхад Г нэг хүнтэй утсаар ярьж байгаад 45 дугаар байрнаас очиж авахаар болсон. Тэгээд бид нарыг такси бариад 45 дугаар байрны гадаа очиход Т гэдэг зүс таних залуу гарч ирээд манай машинд суугаад хамт хөдөлсөн. 45 дугаар байрны гаднаас хөдлөөд 39 дүгээр байрны баруун талд байдаг хүнсний дэлгүүр рүү Г ороод 4 шил 0.75 литрийн Монгол стандарт гэх архи аваад гарч ирсэн. Тэгээд бүгдээрээ манай гэрт архиа уухаар очсон. Тухайн үед манай гэрт хүнгүй байсан бөгөөд гэр галгүй, хүйтэн байсан. Тэгэхээр нь би тэр 3-ыг галлаж байгаарай гэж хэлээд ажилтай байсан болохоор гараад төвөөр явж байгаад замдаа нэг шил архи уучихаад эргээд гэртээ очсон. Намайг гэртээ ирэхэд тэр 3 гэрт гал түлээд дулаан болсон, архиа уугаад сууж байхаар нь хамт суугаад архинаас уусан. Намайг ирэхэд ууж байсан архинаас уугаад тасарсан байсан, юу болсоныг мэдэхгүй байна. Тэгж байгаад сэргэхэд гэрийнхээ хажуу талд байдаг айлд ороод унтсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 26-ны өдрийн №02 тоот:
1.С.Т биед зүүн далны доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/,
-Яллагдагч Х.Э 2020 оны 01-р сарын 16-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс зүүн урагш 5-6 км зайд байх 17-гийн уурхай гэдэг газар хувиараа жонш ухаж ажиллаж байгаа. 2019 оны 12 сарын 25-ны өглөө ажил дээрээ хамт ажилладаг Г , У нартай хамт Бор-Өндөр суманд орж ирсэн. Надтай хамт ажиллаж байсан Г нь өөрийнхөө найзтай уулзаж хамт ажиллах талаар ярилцана гэж орж ирсэн. Бор-Өндөр суманд орж ирээд Г Т тэй утсаар яриад такси бариад 45 дугаар байрны гадаа очиж зогсоод Т ийг гарч ирэхэд нь уулзаад Т ийг машиндаа суулгаад хамт У гэр рүү явахаар болсон. У гэр рүү явж байхдаа 39 дүгээр байрны баруун талд хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод Г ороод 4 шил 0.75 литрийн Монгол стандарт гэх нэртэй архи аваад гарч ирсэн. Тэгээд бид нар хөдлөөд У гэрт очоод таксигаа явуулаад гэрт орцгоосон. Бид нар очиход гэр нь галгүй байсан бөгөөд бид нарыг галлаарай гэж хэлээд ажилтай байна гээд гараад явсан. Тэгээд бид нар хоорондоо ажил төрөл яриад сууж байхдаа дэлгүүрээс худалдаж авсан архиа хуваагаад ууцгаасан. Бөөнөөрөө архиа уугаад сууж байтал Т намайг янз бүрээр хэлж доромжлоод байсан. Т намайг “Буриадын шээс, охин тахиа” гэх зэргээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд Т эд айлд хэрэлдээд яахав, гараад учраа олъё гэж хэлээд дагуулаад гарсан. Т ийг дагуулаад гэрийн гадаа гарсан чинь эхлээд миний хувцаснаас татаад намайг нэг удаа мөргөхөөр нь би болио гэж хэлтэл миний үгэнд орохгүй миний шанаа руу 2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би Т ийг барахгүй юм байна гэж бодоод айгаад У гэр рүү гүйгээд орсон чинь Т миний араас ороод ирсэн. Тэгтэл У гэрийн зуухны доод талд нэг эвдэрхий хайчны нэг гуя байхаар нь аваад Т ийг айлгах санаатай буцаад гарсан. Тэгээд Т миний араас гараад ирэхээр нь айлгах гээд ар тал, дал хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд хоорондоо маргалдаж байхад Г гарч ирээд бид 2-ыг салгасан. Г г голоор орж ирээд салгахаар нь гартаа байсан хайчны гуяа зүүн тийш нь У хашааг давуулж чулуудсан. Тэгээд У хашаанаас гарч яваад хашааны баруун урд талд буланд очоод тамхи татаад хэсэг харж зогссон. Тэнд Т ийг явахыг харж байгаад У хашаанаас гараад явахаар нь буцаж У гэр рүү ороод үлдэгдэл архийг нь уугаад тасарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, тэгж байгаад сэргэхэд ажил дээрээ очоод байрлаж байсан гэртээ унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 31-ний өдрийн №01 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч С.Т хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх пудволк, цамц, хүрмэнд зүсэгдсэн урагдалт, ханзарсан урагдалт шинээр үүссэн байна.
2.Пудволк, цамц, хүрмэнд үүссэн зүсэгдсэн урагдалт хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр, цамцанд үүссэн ханзарсан урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/
-Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би С.Т ийг хайчны гуяар хатгасан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1202 тоот хашаанд хохирогч С.Т марган зодолдож улмаар хохирогч С.Т биед зүүн далны тус газар хурц иртэй зүйлээр хатган, түүний биед зүүн далны доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Т , гэрч Г.Г , Г.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 26-ны өдрийн № 02 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн С.Т бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 26-ны өдрийн №02 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Т биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын
хяналтын прокуророос шүүгдэгч Х.Э холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Х.Э хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч Х.Э хохирогч С.Т нарын архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Э холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Т биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч С.Т нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Х.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Х.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Э нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Т , гэрч Г.Г , Ц.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Э нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 52-60/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар
зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7,
36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодонгууд овогт Хархүүгийн Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ