| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0179/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 213
2020 03 18 2020/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001170148 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.У, 1985 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-94 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................................................................
/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Ууганзориг /РД:МД85052475/ нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-12-147 тоотод П.Энхсайхантай маргалдаж түүний зүүн гуян тус газар нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд зүүн гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч П.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ууганзориг нь миний төрсөн эгч Оюунцэцэгийн хүүхэд нь байгаа юм. Уг хэрэг болсон өдөр би их согтуу биеэ авч явах чадваргүй, болж байгаа үйл явдлын талаар мэдрэхгүй ухаан санаа орж гартлаа архи хэтрүүлэн хэрэглэсэн юм. Иймээс ямар шалтгааны улмаас намайг хутгалж гэмтээснийг би санахгүй байгаа юм. Намайг Ууганзориг хутгалах үед л би ухаан орж өвдөлт мэдэрсэн. Тэгээд зүүн гуя руу хутгалчихсан, цус их гарсан ба Ууганзориг намайг уучлаарай гээд зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-8-13х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Үйлсээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэр 3 архиа дуусгачихаад аав буйдан дээр унтахаар хэвтсэн. Ээж газар, Ууганзориг ах гэрийн баруун талд газар хэвтэж байсан. Аав согтчихоод ээжийг Ууганзориг ахтай хардаад хэрүүл хийгээд байсан. Аав ээж 2 бие биенээ хараагаад байсан. Аав босож ирээд би бас цохиж чадна ш дээ гэж хэлээд унтаж байсан Ууганзориг ахын бөгс рүү өшиглөөд сэрээчихсэн. Аав плитканы доороос отверка бас хайч шиг зүйл гаргаж ирээд баруун хөлийнх нь шагай руу хайч шиг зүйлээрээ хатгасан. Тэгтэл Ууганзориг ах босч ирээд би бас хутгалж чадна ш дээ гэж хэлээд гал тогооны шүүгээнээс шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд дайртал ээж дундуур нь ороод зогстол Ууганзориг ах гараа сунгаад аавын баруун гуя руу хутгалчихсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Яллагдагч Д.У мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орой 22-23 цагийн орчимд би их согтоод гэр рүүгээ явах замдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 12-147 тоотод оршин суудаг нагац ах П.Энхсайханы гэрт орсон. Тухайн үед П.Энхсайхан нь гэртээ согтуу байсан бөгөөд эхнэр Ариунтуяа, хүү Энх-Үйлс нарын хамт байсан. Д.Энхсайхан бид хоёр ойрд уулзаагүй учир ганц юм ууя гээд хамт дэлгүүр явж 2 шил 750 граммын Монгол стандарт нэртэй архи аваад гэрт нь ирж П.Энхсайхан, Ариунтуяа бид 3 хувааж уусан. Би өдөржин архи уучихсан дээрээ нэмж архи уугаад тасраад унтчихсан. Намайг унтаж байхад Энхсайхан нь бос бос гэж хэлээд миний нуруу өгзөг хэсэг рүү өшиглөөд сэрээсэн. Би уурлаад бостол Энхсайхан гартаа отверка барьчихсан намайг яв зайл гээд учир утгагүй агсамнаад дайраад байхаар нь би уурандаа согтуурхаад тэдний гэр дотор үүд хэсэгт байдаг аяга таваг байдаг шүүгээнээс нь шар иштэй жижиг хутга аваад Энхсайханы баруун гуя руу нь нэг удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2437 тоот дүгнэлтэнд:
“1. П.Энхсайханы биед зүүн гуяны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-22-23х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Ууганзориг /РД:МД85052475/ нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-12-147 тоотод П.Энхсайхантай маргалдаж түүний зүүн гуян тус газар нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд зүүн гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.