Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1462

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01349/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, Найрамдал гудамж, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Т*** овогт Ц**П***холбогдох

 

1 819 219 төгрөг гаргуулах,

Хариуцагч Ц.П***ийн ажлын хөлс 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р***, хариуцагч Ц.П***, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цэвээн овогтой П*** нь тус компанид менежерээр ажиллаж байхдаа буюу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны хооронд олон удаагийн давтан үйлдлээр 1 819 219 төгрөгийг өглөгө, авлага үүсгэсэн боловч төлж барагдуулах санаачилга гаргахгүй байгаа тул 1 819 219 төгрөгийн өр авлагыг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Ц.П*** түүний өмгөөлөгч И.Атарбямба нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц**П*** миний бие “*** ” ХХК-ны Маркетингийн менежерээр 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болно. *** зочид буудалд 3-4 хоног /сайн санахгүй байна/ буудалласан 2 эмэгтэй *** ресторанаас Тагтуритан гэх солонгос хоол захиалсан боловч хоолны амт, иж бүрдэл нь дутуу байсан учир үйлчлүүлэгч 2 эмэгтэй энэ тухайгаа

   

            

 

 

зөөгчид хэлсэн боловч зөөгч зочинтой хэрүүл үүсгэсэн учир үйлчлүүлэгч менежерээ дуудахыг хүссэний дагуу миний бие газар дээр нь очиж үйлчлүүлэгчийн гомдол саналыг сонссон юм. Үйлчлүүлэгч тухайн хоолыг буцаах саналтай байгаа тухай хэлсэн, ингээд үйлчлүүлэгчээ хүндэтгэх, дахин ирж үйлчлүүлэх сэтгэл ханамж үлдээх үүднээс тухайн хоолны тооцоог үйлчлүүлэгчээс аваагүй юм.

Дархан-Уул аймгийн Тулааны урлагын холбооны Ж*** гэх залуу Б*** захиралтай ивээн тэтгэлэг авахаар ярьсан юм, хэдэн хүнээ хоолонд оруулах гэсэн юм гэж орж ирсэн. Ж*** гэх залууд би мэдэхгүй гэж хэлэхэд чи захирлаасаа асуугаач гээд байсан. Тэр үед Б*** захирал Солонгос улсад аялалаар явж байсан. Би Б*** захиралтай ярихад  тиймээ наад хүмүүсээ хоолонд оруулчих гэсэн. Би *** ХХК-д цалин авдаггүй байсан учир энэ мөнгийг төлөхгүй.

Амьдрах урлаг бясалгалын багш С*** Дархан-Уул аймагт ээлжит хичээлээ заахаар ирээд байхад нь тааралдаж, *** зочид буудалд байрлахыг санал болгосон юм. Саран багш миний саналыг хүлээн авсан боловч хариу нэг санал тавьсан. Энэхүү санал нь *** зочид буудалд 1 хоногийн төлбөрт 100.000 төгрөг төлдөг учир *** зочид буудалд буувал 100.000 төгрөгийн үнэтэй өрөөнд орно гэсэн юм. Гэвч *** зочид буудлын 2 өрөө 120.000 төгрөг болоод байсан учир би Б*** захиралд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авсан юм. С*** багш *** зочид буудалд 8 хоносон, мөн цагаан хоолтнуудын хүлээн авалт хийсэн, өглөө, өдөр, оройн хоолоо *** ресторанаас авдаг байсан зэрэг нь *** зочид буудалд 2 сая орчим төгрөгийн орлого оруулсан. Энэхүү 160.000 төгрөг нь С*** багшийн зочид буудалд байрласан 8 өдрийн төлбөрийн зөрүү юм. Би *** ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 13-нд ажилд орсон юм. Анх ажилд орсон цагаас хойш 2 сарын хугацаанд цалингүй ажилласан учир би ямар ч мөнгөгүй болсон. Үүнээс хойш би 4 сар цалингүй ажилласан.

Төрсөн өдөрт бэлэг өгсөн. Энэхүү бэлгийг санахгүй байна. Захиргааны ажилчдын төрсөн өдөрт мөнгө татдаг байсан. Би цалингүй ажиллаж байсан учир иймэрхүү зардлыг байгууллагаас гаргадаг байх ёстой. Өр үүсгэсэн төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү өр нь хүргэлтийн хоолны амталгаа байсан учир би төлөхгүй. Хүргэлтийн хоол эхлээд 5 төрлийн хоолоор үйлчилдэг байсан. Амталгааг захиргааны бүх ажилчид амталсан. Дээрх нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс 75 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэхдээ би *** ХХК-ийн *** зочид буудлын цогцолборын маркетингийн менежер, давхар рестораны менежер, саун, биллъярд, караокены менежер зэрэг 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэхдээ эхний 5 сарын цалин аваагүй нь энэхүү өр төлбөрт орох үндэслэл болсон юм гэв.

 

Хариуцагч Ц.П*** шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:

Ц.П*** миний бие тус байгууллагад 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр маркетингийн ажилд орсон бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа гэнэт халагдсан билээ. Энэ хугацаанд эхний 6 сарын турш цалингүй ажиллаж, сүүлийн 3 сар буюу 6, 7, 8 дугаар сарын цалин гэж тус бүр 1 сая төгрөг авч байсан болно. Иймд цалингүй ажилласан үеийн цалин, хөдөлмөрийн хөлсийг *** ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргав. Иймд миний ажилласан 2, 3, 4, 5 дугаар сарын ажлын хөлсийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч *** ХХК-ийн төлөөлөгч Г.Б*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ц.П***ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ц.П*** нь хүргэлтийн хоол нэвтрүүлэх ажилд хамтран ажиллахаар амаар тохиролцож байсан болно. Хүргэлтийн хоол нэвтрүүлэх ажил эхлэхэд Ц.П***ажиллах нөхцлийг нь хангаж ширээ, компьютер олгож ажилтан, ажилчдад шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон түүн дээр хамтран ажиллах болсныг танилцуулсан. Ц.П***ийг Хөдөлмөрийн хуулийн дагуу маркетингийн менежерээр томилсон, халсан тушаал байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу амаар тохиролцон ажиллуулж цалин олгож байсан. Ц.П*** нь байрлах байр, амьдрах нөхцөл байхгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс татгалзаж гэрээ хийж ажиллахыг хүсэхгүй байсны улмаас цалинг нь гүйцэтгэх захирал А.Б*** 6 сар хүртэл өөрөөсөө олгож байсан болно. Иймд байгууллагаас цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох татварын төлж байгаагүй тул түүнтэй холбоотой 2, 3, 4, 5 дугаар сарын цалингийн мэдээлэл архивлагдаагүй болно. 2, 3, 4, 5 дугаар сарын цалин гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байгааг анхаарч үзнэ үү. Ц.П*** 8 сарын хугацаанд ажилласан гэх боловч өөрийнх нь санаачлага гэх хүргэлтийн хоолны санаа, хоолны орцонд орлуулагч бүтээгдэхүүн, мах өсгөгч болон хориотой амтлагч, үсү адууны мах, шар буурцагны мах, будаа ихээр оруулж хоол нэвтрүүлэх санал гаргахад манай байгууллагын үнэт зүйл, баримтладаг зарчим, нийтийн хоол үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлага, стандарт хангахгүй байсан тул бид зөвшөөрөөгүй болно. Тухайн үед манайд санал болгож байсан бүтээгдэхүүн нь одоогийн Зөгий хүргэлтийн хоол байж магадгүй. Хүргэлтийн хоол нэвтрүүлэх ажил нь амжилтгүй байсан тул эхнэр нь төрөх дөхсөн, амьдрах байргүй, өөрийн гэх орлогын эх үүсвэргүй байсан зэргийг харгалзан үзэж түрээсийн байрны төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр төлж, маркетингийн чиглэлээр ажиллах боломжийг олгож байсан болно. Миний бие гэр бүлийн хамт гадаадад эрүүл мэндийн үзлэг эмчилгээ хийлгэж байсан ба хамтран ажиллагсаддаа холбогдох тус тусын ажил үүргийг итгэл үзүүлж даалгаж үлдээсэн. Энэ хугацаанд маркетингийн чиглэлээр ажилласан Ц.П*** нь удирдлагын зөвшөөрөлгүй, чанарын шаардлагагүй, батлагдаагүй загвар бүхий тараах материал их хэмжээгээр хэвлүүлсэн, түүнийгээ хэрэглэгч нарт хүргээгүй, хямдрал урамшууллын мэдээллийг дур мэдэн цацаж, хэрэглэгч үйлчлүүлэгчийг дур мэдэн төөрөгдүүлж, байгууллагын боломжит бодит орлогыг бууруулсан зэрэг хохирлуудыг удаа дараа гаргаж байсан алдаа дутагдлыг тухай бүр удирдлагууд сануулж хэлж байсан. Мөн энэ үед Ц.П***ийг байгууллагын 100 хувь зардлаар Шанхай хотын үзэгслэн үзүүлэх ажил даалган авч явсан боловч байгууллагад хэрэгтэй мэдээлэл болон хамтрах найдвартай түнштэй харилцаа холбоо байгуулж чадалгүй, үр бүтээлтэй явсан. Ц.П*** нь ажиллаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалтгүй байсан ба ажлын байрыг дур мэдэн орхидог, удирдлагын зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний хэсгүүдэд өр төлбөр үүсгэдэг, буудалд байрлаж байхдаа ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж буудлын өрөөнд гадны хүмүүс авчирч буудлын дотоод журмыг удаа дараа зөрчиж байсан. Мөн компанийн нэрийн өмнөөс зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээний бэлтгэл ажлууд хангалтгүй гүйцэтгэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид муугаар нөлөөлж байгууллагын нэр хүндийг унагаасан. Шинэ бүтээгдэхүүн, технолги зарт, үнэ зохиолтыг байгууллагын журамд заасны дагуу хийгээгүй, үнийг удирдлагаар батлуулж мөрдөлгүй зах зээлд нэвтрүүлсэн. Энэ үйлдэл нь манайд шинээр нэвтрүүлэх бренд бүтээгдэхүүний нэр хүнд болон олох боломжтой ашгийг бууруулахад нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлд дурдсан 2, 3, 4, 5 дугаар сарын хугацаанд Ц.П*** тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал төлж байгаагүй тул цалин нэхэмжлэх эрхгүй юм. Түүнчлэн хэрвээ ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин олгогдоогүй гэсэн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн хуулинд заагдсан нэхэмжлэх хуулийн хугацаа өнгөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.П***холбогдуулан байгууллагад менежерээр ажиллаж байх хугацаандаа үүсгэсэн өр, авлага 1 819 219 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.П*** нь 2016 оны 2, 3, 4, 5 сарын цалин 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.П*** нь нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нотлогдохгүй байх тул зөвшөөрөхгүй, Эрүүл мэндийн дэвтрийн үнэ 500 төгрөг, Эрүүл мэндийн цээжний зурагны үнэ 1000 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн үнэ 5000 төгрөг, Нэхий лизингийн үнэ 69 000 төгрөг нийт 75 500 төгрөгийг зөвшөөрч бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.П***ийн 2, 3, 4, 5 сарын цалин 4 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь менежерээр ажиллаж байсан Ц.П*** нь байгууллагад 1 819 219 төгрөгийн өглөг, авлагын тооцоо үүсгэсэн гэж нотлох баримтаар 2014-01-01-ээс 2014-12-31-ний хоорондох Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан  ирүүлжээ. /хх-ийн 9/

 

Дээрхи Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд *** ресторанаас хийсэн борлуулалт, баярт татсан мөнгө, цалингийн урьдчилгаа, утасны төлбөр, караоке ресторанаас хийсэн борлуулалт, түргэн хоол ресторанаас хийсэн борлуулалт, төрсөн өдрийн мөнгө, Мiracal-аас хийсэн борлуулалт, саун ресторанаас хийсэн борлуулалт зэргийг хариуцагч Ц.П***оос нэхэмжилж байгаа боловч эдгээрийг яагаад хариуцагч Ц.П*** хариуцах болсон нь тодорхойгүй, нотлох баримт ирүүлээгүй түүвэр ирүүлсэн нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.П*** нь нэхэмжлэгч *** ХХК-д менежерээр 2014 оны 1 дүгээр сарын 13-наас 2014 оны 9 дүгээр сарын 20 хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ди Би Эс ХХК, *** ХХК-ны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээнд захиалагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 28/

 

Хариуцагч Ц.П*** нь ажиллаж байх хугацаандаа сарын дундаж 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Амралтын мөнгө олгох хүснэгтэд 2014 оны 6, 7, 8, 9 сарын цалингийн түүвэрээр тогтоогдох байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж зааснаар хариуцагч Ц.П***оос 75 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, 1 743 719 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *** ХХК-аас 4 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.П***олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ц.П***оос 75 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, 1 743 719 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *** ХХК-аас 4 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.П***олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44 057 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.П***оос 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч *** ХХК-аас 78950 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА