Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/00870/и |
Дугаар | 118 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 118
Ж.Батбаяр, Б.Баяржаргал нарын
нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00865 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Батбаяр, Б.Баяржаргал нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.Ариунцэцэгт холбогдох
2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн газар болон хувийн сууц худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, группын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 3 565 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Ж.Ариунцэцэг
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунбадам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Батбаяр миний бие элэг болон арьсны өвчний улмаас Франц улсад эмчлүүлэхээр болж 2014 оны 8 дугаар сарыэн 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 8-111 тоот өөрийн өмчлөлийн 000261600 тоот гэрчилгээний дугаартай Г-2202014545 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, 000300278 тоот гэрчилгээний дугаартай Ү-2202021262 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг өөрийн дүү Ж.Ариунцэцэгт эргэж ирээд буцааж авах нөхцөлийг амаар харилцан, тохирч итгэлцлийн үндсэн дээр нэг сая төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулж газраа шилжүүлсэн. Учир нь тухайн үед хотын дахин төлөвлөлтөнд хамрагдах бол зайлшгүй насанд хүрсэн хүн хэрэгтэй гэж хариуцагчтай ярьж тохирсон. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээний дахин төлөвлөлтөнд орж байгаа газар нэг сая төгрөгөөр нэлэгдэхгүй. Тухайн үед дүү Ж.Ариунцэцэгт итгээд хоёр хүүхдийг маань, эд хөрөнгийг маань иртэл бүрэн бүтэн харж хандаад байх гэсэн итгэлээр түр шилжүүсэн. Газар, байшингаа шилжүүлж байгаа талаар өөрийн төрсөн охин Баяржаргал, хүү Батжаргал нарт огт мэдэгдээгүй, тэднээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийнхээ хамтран өмчлөх гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн зөвшөөрлийг нь авахгүйгээр хэт үнэгүйдүүлэн төрсөн дүүдээ итгээд шилжүүлсэн нь хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхийг зөрчсөн байна. Би энэ худалдах-худалдан авах гэрээг хийхдээ ноцтой төөрөгдсөн. Хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн буюу төрсөн дүү гэсэн хувийн байдал нь энэ гэрээг хийхэд шууд нөлөөлсөн. Гэтэл хариуцагч нь одоо газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөс татгалзаж байхын зэрэгцээ намайг эзгүй байх хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж явуулсанд гомдолтой байна. Иймээс худалдах-худалдан авах гэрээг зайлшгүй зөвшөөрөл авах байсан ба хийсэн хэлцэлдээ итгэсний үндсэн дээр илт төөрөлдсөн байх тул худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Баяржаргал миний бие нь Ж.Батбаярын том охин маргаан бүхий газар, байшин анхнаасаа зөвхөн аавын нэр дээр байсан. Манай ээж нас барснаас хойш авга эгч Ж.Ариунцэцэг нь тодорхой шалтгаангүйгээр хууль ёсны өмчлөлийн орон гэрээс дүү бид хоёрыг хөөж явуулсан. Тэгээд аав маань гэр бүлийнхээ цорьн ганц өмчийг биднээс асуулгүй, ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр авга эгч Ж.Ариунцэцэгт нэг сая төгрөгөөр үнэлж худалдах-худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн болохыг мэдсэн. Аав Ж.Батбаяр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундаа хамтран өмчлөх өмчийг бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох нэхэмжлэгч Ж.Баяржаргал надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56, 128 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна. Иймд Ж.Батбаяр, Ж.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах 1945, 1946 тоот гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Төлөөлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж төлөөлөх эрхийг хэтрүүлэн хувьдаа завшсан группийн болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчид итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлэн нэхэмжлэгч Ж.Батбаярын группийн мөнгө, хүүхдэд олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж 1 700 000 төгрөгийг хариуцагч дур мэдэн хувьдаа зарцуулсан байх бөгөөд мөн орон сууц захиалгын урьдчилгаанд төлсөн 1 865 000 төгрөгийг баримтаар хүлээн авч өөртөө зарцуулсан. Дээрх мөнгөнүүд мөн л манай гэр бүлийн дундаа хамтран өмчлөх ёстой зүй ёсны хөрөнгө төдийгүй тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах эрхтэй хүүхдүүдийнхэн эрхийг хөсөрдүүлэн байж хувьдаа хэрэглэсэн нь нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Хариуцагч Ж.Ариунцэцэг нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг ажиллаж, төлөөлөх эрхээ хэтрүүлэн хувьдаа завшсан 3 565 000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулахаар үндсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчид хувийн сууцаа 9 500 000 төгрөг, газраа 6 000 280 төгрөг, тэтгэмжийн 3 565 000 төгрөг нийт 19 065 280 төгрөгөөр үнэлж гаргуулж өгнө үү.
Өнөөдрийн байдлаар хүүхдүүд нь түрээсийн нийтийн байранд, Ж.Батбаяр айлд амьдарч байна. Ж.Батбаяр нь эмчлүүлэхээр явахдаа 111 тоот хаягт байх өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг эргэж ирээд буцаан худалдан авах нөхцөлийг амаар тохирч 1 сая төгрөгөөр худалдсан гэж дүр эсгэн гэрээ хийсэн. 2 хүүхдийг нь харж хандаж байна гэж итгээд өгсөн. Охин, хүү хоёртоо энэ талаар мэдэгдээгүй. Гэр бүлийн дундын хөрөнгийг тэдэнд мэдэгдэлгүй, шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Төрсөн дүү нь байсан тул хувийн байдалд нь итгээд төөрөгдөж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна. Одоо хариуцагч нь эргүүлж өгөхөөс татгалзсан, мөн манай хүүхдүүдийг хөөж гаргасан тул гомдолтой байна. Иргэний хуулийн 128.1, 128.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн шилжүүлсэн тул хүчин төгөлдөр бус байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ж.Батбаяр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчиж гэрээ хийсэн байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж, группийн мөнгийг авч ашигласан тул гаргуулна. Эцэг эхийн гал голомт гэдэгт маргаагүй. Хариуцагч өвлөх эрхтэй гэж байна. Энэ хөрөнгийг өвлүүлээгүй, харин Цэрмаа гэдэг хүн амьд байхдаа Ж.Батбаярт бэлэглэсэн. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 8-111 тоотод байрлах 000261600 дугаар гэрчилгээтэй Ү-2202014545 улсын бүртгэлийн дугаартай газар, 000300278 гэрчилгээний дугаартай Ү-2202021262 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны өмчлөх эрхийг Ж.Батбаярын нэр дээр сэргээлгэх, группийн болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төлбөр 3 565 000 төгрөг гаргуулж өгнө үү. Б.Баяржаргал нь хариуцагч Ж.Ариунцэцэгт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 8-111 тоот байрлах газар, хувийн орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хашаа байшин бид бүгдийн эцэг эхийн гал голомт. Би, миний ах, дүү бүгд өв хүртэх ёстой. Ууган ах Ж.Батбаяр нь өмчлөх, эзэмших эрхгүй. Бидний отгон дүү Ж.Шүрэнцэцэг нь аав, ээжийг нас бартал цуг амьдарч байсан. Энэ дүү маань давуу эрхээрээ энэ хашаа байшинг өмчлөх эрхтэй байсан боловч харамсалтай нь нас барсан. Нэн ялангуяа ахын 2 хүүхэд энэ хашаа байшинг эзэмших, өмчлөх ч эрхгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хашаа байшинг өгөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөхгүй. Группын болон тэжээгчээ алдсаны тэтгэмж урьдчилгааг буцааж авсан нийлээд 3 565 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ж.Батбаяр, Ж.Ариунцэцэг нарын хооронд байгуулагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 8 гудамжны 111 тоот хаягт байрлах 547 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай газар 80 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-111 тоотод байрлах 000261600 гэрчилгээтэй, Ү-2202014545 улсын бүртгэлийн дугаартай газар, 000300278 гэрчилгээний дугаартай Ү-2202021262 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны өмчлөх эрхийг Ж.Батбаярын нэр дээр сэргээж, хариуцагч Ж.Ариунцэцэгээс 3 565 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баяржаргалын нэхэмжлэлтэй Ж.Ариунцэцэгт холбогдох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайт 8-111 тоот байрлах газар, хувийн орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ариунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 253 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Ариунцэцэгдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Газар болон хувийн сууц худалдан авах 1945, 1646 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шүүх хангасныг хүлээн зөвшөөрөхгүй. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоот хашаа байшинд бидний эцэг, эхийн гал голомт юм. Ах бид хоёр тусдаа амьдарч, хамгийн отгон дүү Ж.Шүрэнцэцэг аав, ээжийг нас бартал хамт амьдарч байсан. Энэ хашаа байшин дүү Ж.Шүрэнцэцэгийн өмч гэж бид бүгд хүлээн зөвшөөрч байсан ч харамсалтай нь нас барсан. Аав, ээж хоёр ах Ж.Батбаярт гал голомт залгах бага хүү гэж Хайлаастын 13 гудамжинд байрлах хашаа, байшин өгсөн нь өөрийнх нь хувийг өгсөн гэж боддог. 2014 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоот хашаа, байшин ганц ахын нэр дээр байсан ба тэрээр Франц улс руу явна, тэндээ шингэнэ, ирэхгүй чи энэ хашаа байшинг ав өнөөдөр нотариат орье гээд нотариатаас эрх зүйн зөвлөгөө авч байгаад ах, бид хоёр гэрээ хийсэн. Бид хоёр нэг нэгнээсээ 1 сая төгрөг өгч авсан зүйлгүй, бие биенээсээ мөнгө авах, наймаа хийх зорилгоор өгч авалцаагүй. Би хашаа, байшинг авсан цагаас хойш арчилж хамгаалаад явж байна. Харин Б.Баяржаргал надаас нэхэмжлэх эрхгүй. Иймд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Батбаяр, Б.Баяржаргал нар нь хариуцагч Ж.Ариунцэцэгт холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, группын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 3 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч 3 565 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрчээ.
Ж.Батбаяр болон Ж.Ариунцэцэг нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоот хаягт байршилтай 547 м.кв талбайтай хувийн сууцны газрыг 1 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 80 м.кв талбайтай хувийн сууцыг 1 000 000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нарын гаргасан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болох, хариуцагч Ж.Ариунцэцэг өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх талаархи баримт хэрэгт авагдаагүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзнэ.
Иймд маргаж буй газар, хувийн орон сууцыг өмчлөх эрх хариуцагч Ж.Ариунцэцэгт хууль ёсоор үүссэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь гаргасан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус байхад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ариунцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА