Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2017/0043/З |
Дугаар | 56 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Л
Хариуцагч: А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/90 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Ийнхүү томилогдохоос өмнө А аймгийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 03/1098 дугаар албан бичгээр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 03/2187 дугаар албан бичгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн миний Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкетийг явуулсан байдаг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй" гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас харахад албан тушаалтныг сонгогдсон, эсхүл тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь эрх бүхий байгууллагад хянуулахаар явуулах зохицуулалттай байна.
Миний хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө томилох эрх бүхий этгээд болох Засаг даргын Тамгын газрын даргад хоёр удаа хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгсөн бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2 удаа хандсан боловч тус газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйл, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасны дагуу ажлын 10 хоногт багтаан миний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж чадалгүй, хугацаа хэтрүүлэн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дүгнэлт нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байсан тул 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өрийн 05/188 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0444 дүгээр шийдвэрээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд уг шийдвэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргад нэр дэвшигч Б.Л-г тухайн албан тушаалд ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй болохыг нотолсон шийдвэр болсон.
Гэтэл Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Л-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан үзээд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагаар Б-гийн Л-г Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож хэрэгжилтийн хариуг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн байдаг.
Гэтэл Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичигт дурьдаж буй 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичиг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0444 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон. Нэгэнт ашиг сонирхлын зөрчилгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учир хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах ажиллагааг дахин хийлгэх шаардлагагүй юм.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасныг зөрчсөн.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 9 сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар дүгнэлтийг хүчин төгөлдөр эсэхийг судлаагүй, үүнтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг шинжлэн судлаагүй, түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичигт заасан нөхцөл байдал үнэхээр үүссэн эсэхийг бодитой дүгнэлгүйгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн Захиргааны өрөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу миний бие захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч болох нь тогтоогдож байна. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26.2-т зааснаар энэхүү ажиллагаа нь сонсох ажиллагаа болох юм.
Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын мэдэгдэл ирсэн бөгөөд уг мэдэгдэлд ямар журмаар сонсох ажиллагааг явуулах, хэзээ явуулах, хаана явуулах мэдээллийг тусгаагүй, мөн ямар хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг дурьдаагүй, албан ёсны тамгагүй байсан зэргээс үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй, сонсох ажиллагааны журмыг илт зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл өгмөгцөө 2017 оны 9 сарын 15-ны өдөр “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гаргасан нь оролцогчид тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүйг нотлох нэг үндэслэл юм.
Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаал нь захиргааны санаачилгаар гаргаж буй шийдвэр бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлаас нь чөлөөлөх эсхүл ажлаас халах тохиолдолд заавал Төрийн албаны тухай хуулийг үндэслэсэн байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гээд 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 24.1.3-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн 3 үндэслэлийг зааж өгсөн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална гээд 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 25.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 25.1.3-т Монгол Улсын харьяатаас гарсан гэж захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдлуудыг заасан. Дээрх заалтаас үзвэл захиргааны зүгээс намайг ажлаас чөлөөлөх, эсхүл ажлаас халах ямар ч үндэслэл үүсээгүй бөгөөд энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалд ч дурьдаагүй байдаг.
Иймд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичигт үндэслэн ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар хууль зүйн үндэслэлгүй албан бичигт үндэслэн намайг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Авлигатай тэмцэх газраас аймгийн Засаг даргын нэр дээр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах” тухай албан бичгийг ирүүлсэн.
Уг албан бичигт “...Архангай аймагт хууль тогтоомж зөрчих, удирдах албан тушаалтнуудын зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилт хангалтгүй түвшинд хэрэгжиж байна. ...албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан үзээд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн байна. Нэр дэвшигч нь тухай албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тус газраас хариу мэдэгдээгүй байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь...зөрчсөн байна.” гэжээ. Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэл болсон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Л-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр томилох шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж дуусаагүй, хариу ирүүлээгүй байхад томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хариуг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх учиртай албан тушаалтан тул хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр “Б.Л-г ажилд түр томилох” тухай тушаалыг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин дээрх шийдвэр гарах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэн Б.Л-д мэдэгдэл хүргүүлж, тайлбар гаргах хугацаагаар хангасан гэж үзэж байна.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаал нь нэхэмжлэгч Б.Л-гийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг гаргах болсон үндэслэл нь аймгийн Засаг даргын нэр дээр Авлигатай тэмцэх газраас 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгаж ажиллуулах тухай албан бичиг ирсэн байдаг. Маргаан бүхий актыг гаргасан үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэсэн.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/90 дугаар тушаалаар Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолд заасны дагуу заавал урьдчилсан мэдүүлэг хянагдсаны үндсэн тухайн ажилтныг түр орлон гүйцэтгэгчээр томилох ёстой байсан.
Гэтэл уг хуулийн заалтыг зөрчиж Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, энэ нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн учраас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаал гарсан.
Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газрын 05/188 дугаар албан бичиг ирсэн. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэдэг. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын 3.6-д заасны дагуу заавал хувийн ашиг сонирхлыг хянуулсны дараа түр орлон гүйцэтгэгчийг томилох ёстой байсан.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-д хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч. Б/58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан байна.
Болж байгаа үйл пакт нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс шинээр бий болж, даргын орон тоо гарсан. Үүнтэй холбоотой Б.Л-г 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаар тушаалаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин тухайн албан тушаал дээр жинхлэн томилсон асуудал байхгүй. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Тийм учраас тухайн ажлын байран дээр түр томилогдож байгаа этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан байгаа. Үүний дагуу Б.Л-гийн урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар 2 удаа Авлигатай тэмцэх газарт явуулсан байдаг. Уг албан бичгийн хариу нь Б.Л-г Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн хариу ирсэн байдаг.
Уг хариу хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Б.Л Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийг хангаж албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тийм учраас дахин Авлигатай тэмцэх газраас Б.Л-гийн хувийн ашиг сонирхлыг хянасан албан бичиг ирэх ёстой.
Харин Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын 3.6-д зааснаар түр ажилд томилогдон ажиллаж байгаа этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилж хянуулна гэсэн заалт хэвээр хүчинтэй хэрэгжиж байгаа. Тэгэхээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гарч байгаа захиргааны акт нь хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байх ёстой.
Маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэж үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын 3.6 дахь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулсан албан бичгийн хариу хүчингүй болсон, ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Л-ээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгаж, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Л-г ажилд түр томилох тухай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ .
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах тухай” 03/6366 дугаар албан бичигт:
Тус газраас Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналт тавин ажиллахад Архангай аймагт хууль тогтоомж зөрчих, удирдах албан тушаалтнуудын зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилт хангалтгүй түвшинд хэрэгжиж байна.
Тухайлбал, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан үзээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн байна.
Нэр дэвшигч нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тус газраас хариу мэдэгдээгүй байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3.6-д заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалд томилогдох этгээд, цаашид Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэдүүлэг гаргах албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч, холбогдох баримт бичгийн хамт Авлигатай тэмцэх газарт нэн даруй хүргүүлнэ” гэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагаар Б-гийн Л-г Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянуулах, цаашид хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтныг нийтийн албанд томилохоос өмнө нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулж байх, байгууллагын удирдах албан тушаалтнуудын түвшинд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийн хариуг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү. гэжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйл “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах”, 23 дугаар зүйлийн 23.1. “Энэ хуулийн 4.1 -д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.”, 23.5. “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.”, 23.6. “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Л нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшихдээ хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг 2 удаа гаргасан байх бөгөөд түүнийг нь хянуулахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/1098 дугаар , 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 03/2187 дугаар албан бичгүүдээр Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлжээ.
Авлигатай тэмцэх газар нэхэмжлэгч Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн тухай” 05/188 дугаар албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 . дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах талаарх хариуг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн байна .
Нэхэмжлэгч Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0444 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулахад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг дахин гаргаж гаргаж өгөх талаар шаардаагүй, мөн нэхэмжлэгчийн өмнө нь гаргаж өгсөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг дахин хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын “нэхэмжлэгч Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүйгээр тухайн албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна” гэх утга бүхий албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Б.Л-г тухайн албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаагүй, түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан нь мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Тодруулбал нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2 удаа гаргасан, гаргасан мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариуг авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад өгсөн хариуг эс зөвшөөрвөл хаана, хэнд гомдол гаргах, эрх бүхий байгууллагаас мэдүүлгийг хянаад өгсөн хариуг хүчингүй болговол үүсэх дагаврын талаар хуулиар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан түүний мэдүүлгийг хянуулалгүйгээр томилсон гэх үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд: “ ... Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 26.2., 27 дугаар зүйлийн 27.1., 27.2.-т заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа гаргах боломжийг олгосон, гэвч нэхэмжлэгч нь энэ талаар тайлбар, санал гаргаагүй ...” гэжээ.
Хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөд, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргажээ .
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэл, маргаан бүхий захиргааны акт зэргээс үзвэл нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа гаргах боломж олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг өгөөд маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх бөгөөд мэдэгдлийг өгөхдөө тухайн захиргааны актыг хэзээ гаргах, актыг гаргахаас өмнө нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа хэрхэн гаргах талаар тайлбарлаагүй байх тул хуулийг хэрэгжүүлсэн, оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг бүрдүүлээгүй, хяналтын дагалдах хуудсыг хөтлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр.Урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Л-г ажилд түр томилох тухай” Б/90 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
Маргаан бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Л Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа: “ ... Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ...” буюу Б/90 дүгээр тушаалаар томилогдсон ажил, албан тушаал гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн “ Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаа хэрэгжүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Л нь урьд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Л-г ажилд түр томилох тухай” Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгосон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь сэргэх боломжтой гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн “Урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гурав. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд нэхэмжлэгч Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1, 106.3.13., 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ