Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0159

 

“У д с” ТӨХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ш, Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “У д с” ТӨХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “У д с” Төрийн өмчит хувьцаат компанийн гомдлын шаардлагын зарим хэсэг болох нийт 14,583,120,914.7 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаанд түдгэлзүүлж, үлдэх хэсэг болох 1,111,838,591.0 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг, гомдлын нэмэгдүүлсэн шаардлагын “2013-2017 оныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн албан татварын ногдуулалт тайлан мэдээтэй холбоотой татварын хяналт шалгалт хийхийг хариуцагчид даалгах тухай” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсын нийт 14,583,120,914.7 төгрөгийн зөрчилд хамаарах хэсэг хүчингүй болсонд тооцсугай,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын нэмэгдүүлсэн шаардлагаас “... “У д с” ТӨХК-ийн 2013-2017 оныг дуусталх хугацааны санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлогод худалдан авалтын дүнгээр татварын тайланг залруулж нөхөн тайлан гаргаж өгөх боломжоор хангах” гэсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсэг буюу 14,583,120,914.7 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг дахин хяналт шалгалт хийлгэхээр түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Шүүхээс нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 онд 650,115,532.8 төгрөг, 2016 онд 7,580,579,960.4 төгрөг, 2017 онд 6,352,425,421.5 төгрөг, нийт 14,583,120,914.7 төгрөгийн татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд ногдуулсан татварын хариуцлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Татварын ерөнхий хуулийн “Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам”-ийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө”, 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 43.8-д “Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 онд 650,115,532.8 төгрөг, 2016 онд 7,580,579,960.4 төгрөг, 2017 онд 6,352,425,421.5 төгрөг, нийт 14,583,120,914.7 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь “татварын өрийн тооцоолол”, “татвар төлөлтийн мэдээ”, “татварын тайлангын мэдээлэл” зэрэг баталгаажсан мэдээллийг үндэслэн төсөвт төлөхөөр татвар төлөгчийн тайлагнасан татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөлгүй, хугацаа хожимдуулсан нь хариуцлага тооцох үндэслэл болсон.

Мөн шүүхээс уг зөрчилд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулж байсныг энд дурдах нь зүйтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад зарим нотлох баримтыг үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “У д с” ТӨХК-ийн 2013-2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн, нийт 15,694,958,505.7 төгрөгийн зөрчил илрүүлж, 111,296,416.1 төгрөгийн нөхөн татвар, 280,212,897.1 төгрөгийн торгууль, 154,350,662.2 төгрөгийн алданги, нийт 545,859,975.4 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус компанийн гомдлоор татварын маргааныг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий, мэргэшсэн байгууллага болох Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолоор дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 4,050,000.0 төгрөгийн нөхөн татвар, 7,813,214.0 төгрөгийн торгууль, 29,436,739.6 төгрөгийн алданги, нийт 41,299,953.7 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийт 504,809,006.5 төгрөг төлүүлэхээр өөрчилжээ.

“У д с” ТӨХК нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг

1) 2014-2017 онд үндсэн баримтгүй борлуулалтын хөнгөлөлт эдлүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлого дутуу тайлагнасан 112,252,417.5 төгрөгийн зөрчил,

2) 2015 оны 11 дүгээр сарын тайлан илгээгээгүйн улмаас нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогод татвар ногдуулаагүй 794,412,329.0 төгрөгийн зөрчил,

3) үндсэн баримтгүйгээр борлуулалтын хөнгөлөлт эдлүүлсэн 906,664,746.5 төгрөгийн зөрчил,

4) хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон 92,920,427.0 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгүүдийг Татварын маргаан таслах зөвлөлөөс шалгаж тодорхой хэмжээгээр бууруулж тооцсоныг үндэслэлтэй гэж үзэж, гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсаар тогтоосон зөрчлийн 5 дахь хэсэг буюу 2015 онд 650,115,532.8 төгрөг, 2016 онд 7,580,579,960.4 төгрөг, 2017 онд 6,352,425,421.5 төгрөг, нийт 14,583,120,914.7 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд холбогдох хэсгийг хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмын үүднээс зөрчлийн шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал ямар байсныг шүүх тогтоох боломжгүй гэж дүгнэн, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

Тус шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хэсэгт гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Давж заалдах гомдолд “... Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу тайлагнасан татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулсан тул дахин тодруулах шаардлагагүй, ...” гэжээ.

“У д с” ТӨХК нь Татварын маргаан таслах зөвлөлд болон шүүхэд гаргасан гомдлын үндэслэл болон давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа шийтгэлийн хуудасны энэ хэсэгт холбогдуулан “... татварын цахим төлбөрийн систем 2016 оноос нэвтэрч эхэлсэнтэй холбоотой тайлангаа буруу шивсэн, манай нягтлан бодогч, ажилтны буруугаас засварласан тайлан илгээгдээгүй, алдаатай илүү тооцсон, огт борлуулалт хийгдээгүй үнийн дүнгээс алданги бодсон ...” гэж маргасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын “Цахим тайлангийн систем” нэвтэрсэнтэй холбоотой тус компани 2015 оны 11 дүгээр сарын тайлангаа алдаатай илгээсний улмаас татварын албанаас залруулга хийхийг мэдэгдэж, засах боломж олгосон боловч засаагүй, улмаар дараа саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаа үргэлжлүүлэн 2018 оныг дуустал гаргасан байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан татварын албанаас 2015 оны 12 дугаар сарын 15-нд цахим тайлангийн системээр илгээсэн “... журмын дагуу хасалтаа зөв тооцон тайлангаа ирүүлнэ үү” гэсэн захидал /хэргийн 1-р хавтас 84 дэх тал/, цахим татварын системд ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /80-83 дахь тал/, бусад баримтуудаар тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйл, 43 дугаар зүйл, 45 дугаар зүйл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор ... тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж татвар төлөгч нь өөрөө татвараа үнэн зөв тодорхойлж, тайлангаа гаргаж, хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй талаар тус тус зохицуулсан.

Мөн татвар төлөгч нь ямар нэгэн байдлаар тайлангаа алдаатай илгээсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2015 оны А/159 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын 5.2-т зааснаар тайланд дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд залруулга хийх боломжтой байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар нь сар бүр тайлагнаж төлдөг /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1/ татвар болохын хувьд дараагийн саруудын тайланг гаргахад алдааг мэдэж залруулах боломжтой байснаас гадна татварын байгууллагаас алдааг засахыг мэдэгдсээр байхад залруулаагүй зэргээс үзвэл тус компанийн өөрийнх нь буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаа байх тул хариуцагч татварын улсын байцаагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх Татварын маргаан таслах зөвлөлийн дүгнэлт болон хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох татварын байгууллагаас удаа дараа алдаатай тайлангаа засаж ирүүлэх боломж олгож байсан талаарх баримтыг үнэлээгүй, шийтгэлийн хуудасны 2, 5 дахь зөрчил нь энэхүү нэг асуудалтай холбоотой байхад ялгаатай дүгнэлт хийсэн, мөн хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж шалгах шаардлагагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэж дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... гомдлын шаардлагын зарим хэсэг болох нийт 14,583,120,914.7 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаанд түдгэлзүүлж, үлдэх хэсэг болох 1,111,838,591.0 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг” гэснийг , “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг” гэж өөрчлөн, 1 дэх заалтын дараах 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ