| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2016/01674/и |
| Дугаар | 1542 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01674/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дугаар багт оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: 9464 3002/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд илгээлтээр ирж мал малласан билээ. ******* аймгийн архиваас шүүлгэхэд тус сумын 70 дугаар данс ирээгүй гэсэн. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1982 оны 7 сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Архивын лавлагаа, тухайн үеийн зураг, тус сумын малчин байсан *******, ******* нарыг гэрчээр асууж миний Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан 8 жил 6 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.******* нь тухайн үеийн нэрээр ******* аймгийн ******* сумын “Жаргалын зам” нэгдэлийн 2 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Дээрх үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын “Жаргалын зам” нэгдэлээс 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дэх 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичилт /хх 5, 6, 7/, гэрэл зураг /хх 8/, гэрч *******ы “... ******* аймгийн “Жаргалын зам” нэгдэлд А.******* нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчнаар ирж байсан, 1990 онд хүнтэй суугаад ******* аймгийн ******* сумаас Үенч явж мөн малчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /хх 18/, гэрч Ж.Ж агасбайгийн “... ******* аймгийн ******* сумын “Жаргалын зам” нэгдэлд намайг ороход А.******* нь мал малладаг байсан, 1990 онд Үенч сумруу шилжиж байсан” гэсэн мэдүүлэг /хх 19/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД: ******* /-ыг ******* аймгийн ******* сумын “Жаргалын зам” нэгдэлийн 2 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч А.******* нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6737 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ