Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

 

 2020         03          27                                      2020/ШЦТ/545

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогч А.Ц.,

шүүгдэгч С.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт С.ын Н.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07336 0504 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, О. овогт С.ын Н..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н. нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн автобусны буудлын орчимд хохирогч А.Ц.тэй маргалдан, маргах явцдаа нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н. мэдүүлэхдээ: “Тухайн өдөр юу болсон талаар сайн санаж байгаа бөгөөд хохирогч согтуу байсан. Би түүнийг өшиглөөгүй, түлхэж өөрийн автомашинаасаа холдуулсан. Автобусны буудал дээр байсан хоёр хүүхэд биш А.Ц. миний автомашины дугаарыг харсан. Би ажлынхаа хажуугаар такси үйлчилгээ эрхэлж, банкнаас авсан зээлээ төлдөг хүн. Тухайн өдөр би таксинд явж байсан бөгөөд миний үйлчлүүлэгч намайг “түр хүлээж бай, би ээжийгээ аваад гараад ирье” гэж хэлээд тортой зүйлээ автомашинд үлдээгээд, утсаар яриад, ээжийгээ авахаар автомашинаас буусан. Түүнийг хүлээж байх хугацаанд А.Ц. хүрч ирэн “автомашинаа холдуулаач, танай төсвийн байгууллагынхан дандаа ингэдэг” гэх мэтээр хэл амаар доромжилон “Таксинд явах уу?“ гэж асуусан тул “би хүн хүлээж байна” гэтэл намайг хэл амаар доромжилж, автомашины хаалгыг онгойлж, аюулгүйн бүсээр намайг боох гэж оролдсон тул би машинаасаа бууж, түүнтэй маргасан. Гэтэл над руу А.Ц. өөрөө дайраад байсан тул миний үйлчлүүлэгч шингэхэн сахалтай, шар залуу хүрч ирээд А.Ц.г цохиж, цээжин тус газар нь нэг өшиглөсөн. А.Ц. газар унаад,  босч ирэхдээ “Та нар яасан том юм? Төсвийн байууллагынхан угаасаа ийм том” гээд доромжлоод байсан. Би А.Ц. цохисон үйлчлүүлэгчээс мөнгөө авахын тулд машиндаа суулгаад явах гээд машинаа асааж байхад А.Ц. арын суудал дээр байсан миний үйлчлүүлэгчийн тортой юмыг аваад шидсэн. Үйлчлүүлэгч буугаад А.Ц. 2-3 цохисон тул би салгаж аваад явсан. Тухайн үед А.Ц. босоод миний машины дугаарыг харсан. Хэрвээ би А.Ц.г цохисон бол KFC-гийн камерт бичигдсэн байгаа тул шалга гэж мөрдөн байцаагчид хэлсэн. Яагаад шалгаж үзээгүй байж над руу дайраад байгаа юм? Би үнэхээр А.Ц.г цохисон бол иргэний хувьд хариуцлагаа хүлээнэ. Мөн зохих хэмжээний төлбөрийг ч өдөр, шөнөгүй таксинд явж байгаад өгөх байсан. Мөрдөн байцаагч, прокурор ганцхан над руу дайрч байна. А.Ц. тухайн өдөр согтуу байсан. Дахиж хэнтэй муудалцсан эсэхийг би мэдэхгүй. Шүүх эмнэлэг гэмтэл хэдийд учирсан гэдгийг тийм нарийн тогтоодог юм уу. 20-30 минутын хугацаанд согтуу хүн хэдэн ч хүнтэй муудалцаж болно. Та болсон үйл баримтыг санаж байгаа юм уу гэж хохирогчоос асуумаар байна” гэв.

     Хохирогч А.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз Солонгос улсаас ирээд гурвуулаа нэг шил архи хувааж уусан.  Би автобусны буудал дээр утасны цэнэг дууссан тул эхнэр рүүгээ ярьж чадахгүй, Дамба руу явах гэж автобус хүлээж байсан ба нэг машин автобус хааж зогсоод автобус харагдахгүй байсан тул би зохих шаардлагыг тавьж “Эндээс холдооч, арын туслах замд зөндөө зай байна шүү дээ” гэтэл жолооч төмөр замын юм уу, эрчим хүчний хүмүүсийн өмсдөг ажлын хувцастай хүн байсан бөгөөд надад “Чамд ямар хамаатай юм бэ” гэснээр бид хоёрын маргаан эхэлсэн. Намайг өшиглөсөн гэх залуу сүүлд ирсэн бөгөөд би тухайн машиныг би албаны машин юм байна гэж бодоод тухайн залууд “Чи дарга нь юм бол наад машинаа холдуул. Заавал нийтийн тээвэр зогсдог газар автобус хааж зогсоод байхдаа яадаг юм бэ” гэхэд “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэтэл энэ залуу цаанаас ирээд намайг түлхэхэд би замын хашлага давж унахад шууд нүүр рүү өшиглөсөн. Намайг босоод харахад энэ залуу аль хэдийн машиндаа суугаад хөдөлчихсөн байсан. Би нүүрээ дараад зогсч байсан болохоос энэ залуугийн машины дугаарыг хараагүй. Нүд хавдсан юун машины дугаар харахтай манатай байсан. Тэнд зогсч байсан 2 хүүхэд, эхнэр, нөхөр бололтой хоёр хүн надад энэ залуугийн автомашины дугаарыг нь хэлж өгсөн. Тэгээд л би шууд автобусанд суугаад явсан. Замдаа хүн амьтантай муудалцах тийм зүйл болоогүй. Тэр шөнөдөө гэртээ унтчихаад маргааш нь толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлээд томографикийн зураг авахуулсан. Хариугаа аваад цагдаад хандсан” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр автобусны буудал дээр нэг машин таглаад зогсоод байхаар  нь очоод “ахын дүү, цаана чинь зөндөө зогсоол байна, битгий энд зогсоод бай, автобус таглаад байна шүү дээ” гэтэл жолооч болох 30 орчим насны эрэгтэй, туранхай, өндөр, шингэхэн сахалтай залуу бууж ирээд “чамд ямар хамаатай юм, пизда минь” гээд намайг түлхтэл би хойшоо унасан. Унаад босох гэтэл нүүр лүү өшиглөсөн. Би уначихаад босох гэтэл тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед би машины дугаарыг нь анзаараагүй, тэнд байсан 2 хүүхэд машины дугаарыг нь хараад надад 6390 УНЗ маркийн, цагаан өнгийн машин байсан гэж хэлсэн байна. Миний хамрын яс хугарсан, баруун нүдний ухархай цөмрөлттэй, хавдаж хөхөрсөн, тархи хөдөлсөн. Би тухайн үед “Лазер мед” эмнэлэгт тархины зураг авахуулсан. 3 сарын дараа хагалгаа хийж, хамрын муруйг гаргаж, хугарсан ясыг нь авна гэж хэлсэн. Би энэ бүхнийг гаргуулмаар байна. Би гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 7-12/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57 тоот:

1. А.Ц.гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан.

            Шүүгдэгчээс “...хохирогчид надтай таски үйлчилгээний журмаар цуг явж байсан хүн гэмтэл учруулсан” гэж тайлбарлах боловч хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, “...тухайн автомашины жолооч надад гэмтэл учруулсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаар С.Н.ыг таньж олсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт тус тус заасанд үндэслэн хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч А.Ц.гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зэрэг бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н. нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн С.Н.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Н.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчоос баримтаар хохиролд 108.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч А.Ц. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Н.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч О. овогт С.ын Н.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Н.аас 108.000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Алтанцэцэгийн Ц. /РД:ЧК77021317/-д олгосугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА