Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/01025/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *** тоотод оршин суух И*** М*** /РД: *** /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, *** тоотод оршин суух С*** М*** /РД: ***1/-д холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А*** , хариуцагч Р.М*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Б.А*** нь зээлтэй дахин зээл гаргуулах боломжгүй байсан учраас Р.М*** ахыг гуйж “Та манай байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд надад зээл авч өгөөч, зээлийг би өөрөө хариуцаж төлж мөнгийн банкинд тушаагаад явъя” гэж тохиролцон манайх 12 жил амьдарсан Дархан сумын 12 дугаар баг, *** тоот 4 өрөө 50,52 мкв орон сууцыг түр шилжүүлэхийн тулд Р.М*** ахтай Худалдах, худалдан авах орон сууцны 2014 оны 06 дугаар сарын 24-ний гэрээг дүр үзүүлэн 1,0 сая төгрөгөөр худалдсан гэж бичсэн. Нэг сая төгрөгийн байр байхгүй нь ойлгомжтой. Р.М*** ах 70,0 сая төгрөгийн зээл авч өгч бид 31,563 сая төгрөгийг *** банк болон Р.М*** ын эхнэрийн ХААН банкны дансанд хийж байсан баримт байгаа. Иймд *** тоот 50,5м2 орон сууц манай өмчлөлийн байр, жинхнээсээ зараагүй, зээл авахын тулд Р.М*** ад дүр үзүүлэн хэлцэл хийж шилжүүлсэн тул 2014 оны 06 дугаар сарын 24-ний орон сууц худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Би Б.А*** зээл төлөөрэй гэхэд 18,500,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 11-нд Р.М*** ын эхнэр Б.Өнөрцэцэгийн дансруу шилжүүлсэн байхад тэд банкинд тушаасан байх ёстой. Үүнийг зээл оролцуулан тооцно.

Би Р.М*** ад холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 24-нд 1,0 сая төгрөгөөр *** тоот 4 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл  гаргасан  байсан. Гэвч  хариуцагч тал  болох  Р.М*** дахин тэр өдөр үйлдсэн тус байрыг 130,0 сая төгрөгөөр худалдсан гэрээг гаргаж ирсэн тул мөн 2014 оны 06 дугаар сарын 24-нд орон сууцгы 130,0  сая  төгрөгөөр  худалдсан  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Д.М*** нь Р.М*** ад холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь банкинд зээлтэй дахин зээл гаргуулах боломжгүй байсан учраас байраа Р.М*** ын нэр дээр шилжүүлж зээл авахуулахаар гуйхад хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дагуу 1.000.000 төгрөгөөр гэрээ хийж байраа Р.М*** ын нэр дээр шилжүүлж 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Зээл авахуулахдаа зээлээ бид өөрсдөө хариуцна гэж хэлсэн. Ямар ч хүн байраа 1.000.000 төгрөгөөр зарахгүй. Байраа ямар ч худалдах санаа зорилго агуулаагүй зээл авахын тулд байраа Р.М*** ын нэр дээр шилжүүлсэн төдий зүйл. Гэтэл хариуцагч талаас 130.000.000 төгрөгний гэрээ гаргаад ирсэн. Түүнийг нь бас хүчин төгөлдпөр бусад тооцуулна. Анхнаасаа ийм гэрээ хийгдэхгүй байх ёстой байсан юм” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  

“*** банкны нэхэмжлэлтэй Д.М*** аас болон Б.А*** нараас 65,204,661.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар гомдол гаргах эрхгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот захирамж гарган мөнгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 50,5 м2 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж, энэ асуудал одоо Дархан-Уул аймгийн ШШГА-нд гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхээр үйл ажиллагаа нь явагдаж байгаа болно. Мөн иргэн Р.М*** би мөн дээрх 4 өрөө орон сууцыг Д.М*** аас гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир шүүхийн шатанд нэхэмжлэлээ буцаан татаж авсан юм. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тодорхой заасаар байхад иргэн Д.М*** , Б.А*** нар нь зээл төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 4 өрөө орон сууцаа ямар нэг аргаар бултуулах, ШШГА-г удаашруулах, саад болох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд иргэн Д.М*** ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Анх Д.М*** миний нэр дээр байраа шилжүүлээд банкнаас зээл авсан. Миний хувьд Д.М*** ы байрыг авах гээд байх сонирхол алга. Харин Д.М*** ы авсан 70.000.000 төгрөгийг төлүүлж банкыг хохиролгүй болгуулах л шаардлагатай байгаа юм. Хэрэгт 2 гэрээ байгаа боловч 130.000.000 төгрөгний гэрээг банкнаас 70.000.000 төгрөгний зээл авах гэж хийсэн. 1.000.000 төгрөгний гэрээг татвараас зайлсхийх гэж хийсэн гэрээ байгаа юм. Одоо тухайн байр нь миний өмчлөл дээр байгаа боловч Д.М*** өөрөө байрандаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банкны зээлээ төлөөгүй. Тухайн байрыг нь банк барьцаалсан. Банкны мөнгө төлөгдөхгүй байгаа учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.М*** , А*** нар төлбөрийг төлж байсан нь үнэн. Тэгэхдээ би өөрөөсөө 10.000.000 гаран төгрөг төлсөн байдаг. Сүүлдээ Д.М*** нь төлбөрөө төлөхгүй хаячихсан шүү дээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М*** нь хариуцагч Р.М*** ад холбогдуулан  Дархан сум,  12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоот 50,5 м.кв 4 өрөө орон сууцны зориулалтай байрыг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгөөр, мөн 130 000 000 төгрөгөөр Д.М*** аас Р.М*** тай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М*** өөрийн өмчлөлийн Дархан сум,  12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоот 50,5 м.кв 4 өрөө орон сууцны зориулалтай байрыг ... жинхэнээсээ зараагүй, зээл авахын тулд Р.М*** ад дүр үзүүлэн хэлцэл хийж шилжүүлсэн  ... тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар мөн орон сууцыг 130 000 000 төгрөгөөр  Р.М*** ад худалдах худалдан авахаар хийсэн  гэрээг мөн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан болно.

Хариуцагч Р.М*** маргааны зүйл болж байгаа Дархан сум,  12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоот 50,5 м.кв 4 өрөө орон сууцны зориулалтай байрыг худалдан авах зорилго байгаагүй, өөрсдийх нь хүсэлтээр *** банктай байгуулсан зэээлийн гэрээний барьцааны зүйл болгохын тулд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, уг зээлийг нэхэмжлэгч Д.М*** түүний гэр бүл Б.А*** нар төлөөгүйгээс  шүүхийн шийдвэр гаран, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа болно.

Маргааны зүйл болж байгаа Дархан сум,  12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоот 50,5 м.кв 4 өрөө орон сууцны зориулалтай байрыг зохигчид *** банкны Дархан салбараас зээл авах зорилгоор  Р.М*** ын өмчлөлд шилжүүлснээр зээлээ авсан, мөн уг байранд Д.М*** гэр бүлийн хамт амьдарч байгаа  энэ талаар маргаангүй, харин уг зээлийн эргэн төлөлтийн талаар маргаантай байгаа болно.

Дархан сум,  12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоот 50,5 м.кв 4 өрөө орон сууцны зориулалтай байрыг  2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 130 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар төлөх асуудлаас болж мөн өдрөө 1 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж талууд тайлбарлаж байгаа бөгөөд  Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн  182.1.-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснээр аль хэлцэлээр гэснийг зөрчсөн буюу  2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгөөр худалдах уг орон сууцыг худалдсан тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн 4 дүгээр хуудаст байгаа гэрээний Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хуулбар үнэн гэсэн дардасааар тодорхойлогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд  мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 Уг орон сууцыг мөн өдөр 130 000  000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 561-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч Д.М*** нь маргааны зүйл болж байгаа орон сууцандаа өөрөө гэр бүлийн хамтаар амьдарч байгаа, хариуцагч Р.М*** нь гэрээний дагуу орон сууц худалдан авсаны төлбөрийг төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй бөгөөд уг орон сууцыг 1 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн Р.М*** ын өмчлөлд шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, одоо уг орон сууц *** банкны Дархан салбартай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болсон байгаа нь тогтоогдож байгаа бөгөөд 130 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Д.М*** ы хувьд ямар эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.10-д заасан нөхцөлөөр гэрээ байгуулсан тохиолдолд гэрээ хүчин төглдөр бус байхаар хуульчилсан тул шүүх дахин уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй, мөн хуулийн  56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар  хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.М*** нь гэрээ хийгдсэнээр өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Мөн тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай захирамжаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Д.М*** ы нэхэмжлэлтэй Р.М*** ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                    

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Д.М*** ы нэхэмжлэлтэй Р.М*** ад холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5012 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  Д.М*** ы ХААН банк 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн банк  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ