Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 578

 

 

 

 

 

 

 

 

 2020         03         31                                  2020/ШЦТ/578

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

             улсын яллагч Г.Цэрэнжамц,

            өсвөр насны шүүгдэгч Б.Т., түүний хууль ёсны төлөөлөгч С.Э., өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У. овогт Б.ын Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00917 0552 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын Политехник коллежийн хэвлэлийн график дизайн, 2 А ангийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, У. овогт Б.ын Т..  

            Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т. нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22:00-23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сангийн 3-3 тоотод оршин суух иргэн Г.Б.ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Смарт” 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Хүүгийн маань хийсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү. Ахин ийм гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх талаар байнга хяналт тавина. Мөн хүүгээ сайн асран хамгаална. Тиймээс хүүд маань оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Өсвөр насны шүүгдэгч Б.Т.гийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан. Гэм бурууд маргах зүйлгүй. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Анх удаа гэнэн томоогүй байдлаас болж ийм гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзнэ үү. Өсвөр насны шүүгдэгч Б.Т. нь тухайн гэмт хэргийг төгсгөөгүй учир прокуророос завдалтаар зүйлчилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид энэхүү гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулахдаа ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2 жилийн ялыг төгссөн гэмт хэрэгт оногдуулдаг. Тэгэхээр энэ гэмт хэрэг нь төгсөөгүй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид оногдуулах эрүүгийн хариуцлагын дээд хэмжээг заасан байх ба доод хэмжээг заагаагүй байна. Эрүүгийн хариуцлагын доод хэмжээ 6 сар байдаг. Тиймээс эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны хүүхэд учраас түүнд оногдуулах ялыг хойшлуулж, түүнд засран хүмүүжих боломж олгож өгнө үү. Төгссөн болон завдсан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг. Тиймээс төгссөн гэмт хэргээс доош татаж, хорих ялын доод хэмжээг 6 сараар тогтоох боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.  Энэ гэмт хэргийг үйлдэж, төгсгөөгүй учраас эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Б.ын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 03-ны орой 23:00 цагийн үед манай хөр Оролмаа над руу залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна, монгол гэрийн хаалга хөндийрсан байна гэж хэлсэн. Үүнээс 1 цагийн дараа манай хөрш дахин залгаад, цагдаа ирээд танай гэр дотроос нэг хүн бариад аваад явсан та заавал ирсэн байх ёстой гэж надад хэлсэн. Гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоожийг татсан байсан, мөн манай тооноор орсон байсан. Гэр дотор ороход манай гэрийн зүүн хойд талын авдарт байсан 39 инчийн зурагтыг ширээний бүтээлэгт боогоод орон дээр тавьсан байсан. Бусад эд зүйлийг оролдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21-22/,

- Гэрч Д.Олонбаярын өгсөн: “Дуудлага өгснийг 23 цаг 10 минутанд очиж шалгахад уг айлын хаалганы гадна талын цоожийг хөшиж, хаалганы тавыг далийлгасан, хаалганд завсар гарсан байх ба хаалгыг татаж үзэхэд дотор талаасаа цоожилсон байдалтай байсан тул хаалгыг татаж онгойлгож, дотогшоо ороход гэрийн эд зүйлийг ухаж, багласан, ундуй сундуй болгосон байдалтай, хоймрын орон дээр орны бүтээлгэнд зурагт боож багласан байдалтай байсан. Иймд гэр дотор хүн байгаа эсэхийг шалгахад Б.Т. гэх 18 настай эрэгтэй  нуугдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч Д.Оролмаагийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 03-ны шөний 22:00-23:00 цагийн хооронд манай нөхөр Алтансүх бид хоёр бие засах гээд гартал алх, төмрийн нүдэлтийн дуу чимээ манай хажуу талын хашаанд байдаг эзэнгүй гэрээс гарсан. Иймд Г.Б. ахын хашаа руу орж гэрийг нь тойртол гэрийн гадна хаалганы тав төмрийг далийлгасан, хаалгыг хагас онгойлгосон байдалтай байхаар нь хаалгыг түлхэж бүтэн хаачихаад цагдаад дуудлага өгсөн. Иймд цагдаагийн алба хаагч уг хаалгыг татаж онгойлгоод гэр дотор бид нар ороход ширээн доогуур орны бүтээлгээр бүтээж сууж байсан хүүхдийг цагдаагийн алба хаагч...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Насанд хүрээгүй гэрч Л.Сүхбаатарын өгсөн: “02 дугаар сарын 03-ны өдөр би Т.тэй холбогдоогүй. Өчигдөр буюу 02 дугаар сарын 05-ны өдөр Т. 19:00 цагт залгаад арын хашаанаас хулгай хийсэн гэж цагдаад дуудагдаад мэдүүлэг өгсөн гэж ярьж байсан. Тэгж л холбогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32/,

- Өсвөр насны яллагдагч Б.Т.гийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой 22:00 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч, манай хашааны зүүн хойд талд байдаг 4 тал модон хашаатай, хашааны хаалга нь зүүн тийшээ харсан, хашаан дотроо 1 монгол гэртэй, жижиг, том 2 байшинтай хашааны зүүн талд байдаг том хаалганы цоожийг гэрээсээ авч ирсэн /отвёрка, багажны түлхүүр, ажлын бээлий, бахь/ зэрэг зүйлээрээ оролдоод онгойлгож чадаагүй. Тухайн айл нь хаалгандаа монгол хийцийн төмөр цоож зүүсэн байсан. Иймд би монгол гэрийн тоонын гялгар хулдаасыг цоолж дотогшоо ороод, монгол гэрийн зүүн хойд хойморт байрлах авдран дээр байсан 39 инчийн ЛСД зурагтыг хоймрын орны эрээн цоохор өнгийн бүтээлгэнд боогоод буцаж тооноор нь гарах гэтэл зурагт тооноор багтахгүй байсан. Тэгээд би хаалганы цүүг эвдэх гээд отвёркаа хийгээд гэрт нь байсан төмөр зүйлээр 1 цохитол чимээ гарсан бөгөөд удалгүй гэрийн гадаа хүн ирчихсэн яриад байсан. Иймд би хаалгыг дотор талаас нь цоожлоод монгол  гэрийн баруун талд байсан ширээг сандлын бүтээлгээр бүтээгээд ширээн доогуур ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг хайж байгаад ширээн доогуур байгаа юм биш үү гэсний дараа би өөрөө ширээн доороос гарсан. Тэгээд намайг цагдаа нар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т. нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22:00-23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сангийн 3-3 тоотод оршин суух иргэн Г.Б.ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Смарт” 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Б., гэрч Д.Олонбаяр, Д.Оролмаа, насанд хүрээгүй гэрч Л.Сүхбаатар нарын мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Б.Т.гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Т.г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т.д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Б.Т. нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэн хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах зорилгоор түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ хугацаанд Б.Т.г хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч С.Э.т даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Т. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Өсвөр насны шүүгдэгч У. овогт Б.ын Т.г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т.д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Т.д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, орших суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг Б.Т.д тайлбарласугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Т.г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Сүхбаатарын Э. /РД:ЧК74121009/-т даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Т.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА