Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний биеийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн засаг дарга Ц.М нь Б/98 дугаар захирамжаар Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Миний бие нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт аймгийн Засаг даргад гаргаж байгаагүй, гэтэл өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн байсан. Уг захирамж гарах болсон шалтгааныг би ойлгохдоо Боловсрол, соёл, урлагийн газраас 2017 оны 01 сард зохион байгуулсан удирдлагуудын сургалтанд миний бие цэцэрлэгийн арга зүйч Б-тэй ирж оролцсон. Тухайн сургалт 2 өдөр явагдаад маргааш нь үр дүнгийн гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулахын урьд өдөр манай арга зүйч надруу утсаар залгаад чухал уулзах хэрэг байна гэсэн. Намайг яваад очиход би Боловсрол, соёл урлагийн газрын даргатай уулзчихаад гараад ирлээ, чамайг газраас муу үнэлсэн юм байна гэж надад хэлсэн. Тэгээд манай арга зүйч надад хэлэхдээ чамруу чиглэсэн шалгалт манайд ирэх гэж байгаа юм байна лээ, тийм учраас чи өөрийнхөө хүсэлтээ өгөөд арга зүйчийн ажлыг хийж болно шүү дээ гэж надад хэлж байсан. 

Түүний дараагаар 2017 оны 3 дугаар сарын сүүлээр Боловсрол, соёл урлагийн газраас зөвлөн туслах чиглэлээр хүмүүс ирж манай суманд ажилласан. Тэр үед Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М намайг ирсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн. Би тухайн үед хүсэлтээ гаргаж өгөөгүй. Намайг ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэл байнга ажлаа өг гэсэн шахалт, дарамтанд орж байсан. Мөн би 2017 оны 6 сард хагас жилийн үр дүнгийн гэрээгээ тайлагнах гээд Боловсрол, соёл урлагийн газрын даргын өрөөнд ороход Ц.М дарга намайг мөн л өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргаж өг гээд надад бал цаас өгсөн. Би хүсэлтээ бичээгүй гарч ирсэн. Би тухайн үед Боловсрол, соёл, урлагийн газрын даргад, та яагаад залуу хүнийг дэмжээд ажиллаж болохгүй байгаа юм бэ гэхэд дээрээс яамнаас аймгийн Засаг дарга руу яриад байна, аймгийн Засаг дарга надруу яриад байна, хэцүү байна гэсэн зүйл хэлсэн. Би бичгээр болон амаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөгүй байхад уг захирамж гарсан. 

Тийм учраас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Б.О ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж өгөөгүй. Үүнийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхны гаргасан тайлбарт Б.О ажлаас гарах хүсэлтээ Боловсрол, соёл, урлагийн газрын даргад өгсөн. Хүсэлтийг нь үндэслэж захирамжийг гаргасан гэдэг тайлбар өгсөн. Хүсэлт өгснийг нь Боловсролын яамны хүн мэдэж байгаа гээд гэрчээр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М-ыг гэрчээр асуулгасан. Ц.М дарга гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй гэдгийг хэлсэн. 

Б.О нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч хүн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах гэсэн заалт байдаг. Б.О-г өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ...ажилтан ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө гаргасны дараа 30 хоногийн дотор ажлаас чөлөөлөх ёстой байдаг. Б.О ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө огт гаргаагүй.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч “Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан  тушаалд Архангай аймгийн Засаг даргаас сонгон шалгаруулалт зарлуулах тухай Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн хууль бус захиалгыг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь Боловсрол, соёл, урлагийн газрын даргад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гаргасан.

Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул аймгийн Засаг даргын маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга нь Монгол Улсын үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудад заасан “ ... шударга ёс, ардчилсан ёс, тэгш байх ... “ зарчим төдийгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Иймд Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-г үүрэгт ажлаас нь өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/98 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга захирамжаа гаргахдаа Б.О-н ажлаас чөлөөлж өнгө үү гэсэн хүсэлтийг нь үндэслэсэн байдаг. Б.О 2016 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээд, үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б.О нь үр дүнгийн гэрээ дүгнэсэн холбоотой ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ амаар гаргаж уг хүсэлтээ бичгээр гаргаж өгөхөө хэлсэн.

Тийм учраас хөдөлмөрийн гэрээг ажилтны өөрийнх нь санаачлагаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Уг заалт нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар ямар тохиолдолд цуцлах ёстой вэ, ажилтан хэд хоногийн дотор ажлын байраа орхих юм бэ гэдгийг зохицуулсан заалт. 

Харин хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан өргөдлөө гаргаж өгсөн тохиолдолд гэрээг цуцална гэсэн заалт биш юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Боловсрол, соёл, урагийн газар руу сонгон шалгаруулалтыг зарлаж өгнө үү гэсэн захиалгыг хүргүүлээгүй байгаа учраас мөн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.О-с Архангай аймгийн Засаг даргад /цаашид аймгийн Засаг дарга гэх/ холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О-с “Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан  тушаалд Архангай аймгийн Засаг даргаас сонгон шалгаруулалт зарлуулах тухай Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн хууль бус захиалгыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” гэж тодорхойлон, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч “Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас сонгон шалгаруулалт зарлуулах тухай Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн хууль бус захиалгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно...”, гэж заасан хуулийн дээрх заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг батлах нь зүйтэй байна.

Иймд үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О нь Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Б.О-г жинхлэн томилох тухай” Б/105 дугаар захирамжаар 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байжээ. 

Аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Хайрхан сумын хүүхэдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-г өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байна. 

Нэхэмжлэгчээс миний бие Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт бичгээр болон амаар гаргаж байгаагүй, гэтэл маргаан бүхий аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжаар Хайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалааас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтийг үндэслэн гэж ажил, албан тушаалаас чөлөөлөж байгаа нь үндэслэлгүй гэж;

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь Боловсрол, соёл, урлагийн газрын даргад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гаргасан тул аймгийн Засаг даргын Б/98 дугаар захирамж нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл. “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл” 37.1. “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 37.1.8-д “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”. 38 дугаар зүйл. “Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл” 38.1. “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.1-д “ажилтан санаачилсан”; 38.1.2-д “ажил олгогч санаачилсан”. 39 дүгээр зүйл. “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах”, 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж тус тус заажээ .

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын тайлбар мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Б.О нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн буюу өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгийн хүсэлт гаргасан гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Тухайлбал: гэрч Ц.М мэдүүлэгт  “ ... Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаар 2017 оны 03 сард очиж ажилласан. Зөвлөн туслах ажлын үр дүнг Б.О танилцуулахад арга хэмжээ тооцуулахгүйгээр цэцэрлэгийн арга зүйчээр ажиллах саналаа хэлж, хүсэлтээ араас бичгээр ирүүлнэ гэсэн ... Б.О шүүх цагдаа болмооргүй байна гэж хэлсэн учраас өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлүүлэх саналыг аймгийн Засаг даргад өгсөн ... бичгээр хүсэлт явуулна гэсэн ирээгүй ... бичгээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн үү гэхэд ... үгүй... гэх мэдүүлэг; гэрч Ч.Т-ын мэдүүлэгт  “ ...Б.О хамт олны хурал дээр битгий хэлээч, би өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгье гэж хэлсэн ... бичгээр хүсэлт өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна ... гэх; гэрч Д.Б-гийн мэдүүлэгт  “ ... эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн эсэхийг нь би хараагүй учраас мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.О нь Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О аймгийн Засаг даргатай 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ ”-ний 9.1 Энэхүү гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойгүй хугацаагаар байгуулав.; 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Үр дүнгийн гэрээ ” –ний 5.1 Гэрээг 2017 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацагаар байгуулсан байх бөгөөд Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх буюу хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай хүсэлтийг ажил олгогчид бичгээр гаргаж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл тогтоогдоогүй байхад ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хөдөлмөрийн тухай 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 40  дүгээр зүйлд заасан нөхцлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн зохицуулалттай байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг ажил олгогч санаачилсан гэх хуулийн зохицуулалтыг үндэслэсэн боловч захирамжлах хэсэгт Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-г өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсүгэй гэж захирамжилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1-д “хуульд үндэслэх”;  4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”; 40 дүгээр зүйл. Захиргааны актыг бичгээр гаргах 40.1. Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана. 40.2. Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Б.О нь Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргаагүй, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл үүсээгүй байхад нэхэмжлэгч Б.О-г үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байх тул “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Нэхэмжлэгч Б.О-г Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч аймгийн Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын  05-ны өдрийн 01/1015 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.У-г оролцуулах тухай итгэмжлэл ирүүлжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/1445 дугаар албан бичгээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-г сольж, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М-ыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлж, мөн өдрийн 01/1439 дүгээр албан бичгээр итгэмжлэл  олгожээ.

Шүүх хариуцагчийн дээрх хүсэлт болон итгэмжлэлийг хүлээн авч, Ц.М-г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулан, шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол 91.4. “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”. 91.5. “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаантай холбоотой санал, хүсэлт ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааны ирцтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-г “Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас сонгон шалгаруулалт зарлуулах тухай Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн хууль бус захиалгыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-г Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               С.ГАНБАТ