Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 184

 

Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06768 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатар,

Хариуцагч Ж.Нямдоржид холбогдох,

 

67 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сард Ж.Нямдоржийн хүсэлтээр Тоёота Тундра маркийн автомашиныг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож түүний “Девелопмент брайн” ХХК-ийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр хийгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр хийгдээгүй тул үндсэн төлбөр 45 000 000 төгрөг уг гэрээний 5 дугаар зүйлд заагдсаны дагуу алданги 22 500 000 төгрөг, нийт 67 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Анх автомашиныг 2015 оны 6 дугаар сард шилжүүлсэн бөгөөд 12 дугаар сард гэрээ байгуулсан. Үүний дараа хариуцагч нь өөрийн компаниас автомашиныг надад хэлэлгүй н.Төгөлдөрт шилжүүлсэн байсан. Ямар учраас шилжүүлснийг мэдэхгүй. Би автомашинаа өгсөн хүнээс л нэхэмжилж байгаа. Автомашиныг Ж.Нямдоржийн компанийн нэр дээр шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сард 2 500 ам.долларыг гэрээ байгуулалгүйгээр Б.Болдбаатарт сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн ба Б.Болдбаатар мөнгөний боломжгүй гээд нэг удаа хүү төлснөөс өөрөөр төлбөрөө төлөөгүй байсан. Тухайн үед манай “Девелопмент брайн” ХХК-д тусгай зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж байсан учраас УНЯ9331 дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг нь түр өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байсан.

Надад энэ автомашиныг худалдаж авах шаардлага хэрэгцээ огт байгаагүй. Б.Болдбаатар миний өрийг төлж чадахгүй бас өөр газар өглөгтэй гээд автомашинаа зарах гэж байгаагаа надад хэлж байсан. Энэ үед миний танил Г.Төгөлдөр автомашин худалдан авна гэсэн тул энэ хоёрыг хооронд нь уулзуулсан. Б.Болдбаатар нь “...Г.Төгөлдөрийг таньж мэдэхгүй, таныг таньдаг учраас тантай гэрээ байгуулъя...”, Г.Төгөлдөр нь “...би автомашиныг чинь 45 000 000 төгрөгөөр авъя...” гэсэн учраас төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр жинхэнэ худалдан авагч болох Г.Төгөлдөрт УНЯ9331 дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг нь шилжүүлж өгсөн.

Миний бие хэдийгээр автомашиныг худалдаж аваагүй ч гэсэн Б.Болдбаатарыг таних найз нөхөд учраас мөнгийг нь гаргаад өгнө гэсэн үүднээс Г.Төгөлдөрийн араас хөөцөлдөж автомашины үнэ болох 45 000 000 төгрөгийг нэхэмжлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан ба тус хэлтсийн хошууч н.Энхбат уг хэргийн мөрдөн байцаах ажиллагааг хийж байгаа. Миний хувьд нэхэмжлэлд дурдагдаж буй УНЯ 9331 дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг худалдан авсан зүйл байхгүй тул нэхэмжилж буй 67 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба жинхэнэ хариуцагч нь Г.Төгөлдөр тул уг хүнээс автомашиныхаа мөнгийг нэхэмжилж авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Нямдоржоос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Учир нь, шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр тогтоогдож байна. хавтаст хэргийн 4 дүгээр тал” гэж зөв тодорхойлсон атлаа гэрээний зүйл болох УНЯ 9331 дугаарын Тоёото маркийн автомашиныг “Девелопмент брайн” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй байна гэсэн утгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зохигч талуудын тайлбар нотлох баримтад үнэн зөв шударгаар дүгнэлт хийсэнгүй, зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Ж.Нямдоржтой хийсэн төлбөр барагдуулах гэрээг хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна гэж хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь 67 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч Ж.Нямдоржтой 2015 оны 09 дүгээр сард Тоёота Тундра маркийн УНЯ 9331 улсын дугаартай автомашиныг 45 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний “Девелопмент брейн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр болон алдангид нийт 67 500 000 төгрөг нэхэмжилж байна гэснийг хариуцагч эс зөвшөөрч уг автомашиныг Г.Төгөлдөр худалдаж авсан тул автомашины үнийг түүнээс нэхэмжилж авах нь зүйтэй гэж маргажээ.

            Нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй ба Г.Төгөлдөрийг гэрчээр асуулгах, мөн маргаан бүхий автомашины өмчлөх эрх хэнд хэзээ хэрхэн шилжсэн талаарх шилжилт хөдөлгөөний бүртгэлийг гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасанд нийцэхгүй бөгөөд нотлох баримт бүрдүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нөхцөлд үндэслэлээ нотлоогүй гэж түүнийг буруутгах боломжгүй. /хх 41, 45-46/

            Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан төлбөр барагдуулах гэрээнд Ж.Нямдорж гарын үсэг зурахдаа “Девелопмент брейн” ХХК-ийн захирал гэж бичсэнээс тус компанийг төлөөлсөн гэсэн агуулгагүй байхад иргэнд холбогдуулсан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Маргаан бүхий Тоёота Тундра маркийн УНЯ 9331 улсын дугаартай автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг хэн, хэзээ хэн рүү шилжүүлсэн, уг автомашины өмчлөх эрх хэнд ямар үндэслэлээр үүссэн талаарх үйл баримтыг  тогтоолгүйгээр  худалдах, худалдан авах гэрээний үүрэг Ж.Нямдорж, түүний “Девелопмент брейн” ХХК-ийн алинд, эсхүл Г.Төгөлдөрт үүссэн талаар дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ