Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

 

 2020       03          31                                        2020/ШЦТ/579

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Б.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00938 0392 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгэгдэж байгаагүй, С. овогт Б.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 3-22 тоотод өөрийн гэртээ иргэн С.А.той үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Б.Б.ийн хувьд гэртээ ганцаараа амьдардаг. Саяхнаас нэг компанид мужаанаар ажилд орсон. Хийсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч С.А.ын хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд Б.Б.т 450 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Саяхан ажилд орчихоод нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэхээр ажил төрлөөсөө халагдах, гарах магадлалтай болно. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.А.ын өгсөн: “Дээгийгийн 103 тоот өрөөнд ороход Дээгий, үл таних настайвтар эгч, Очироо нар байсан. Дээгий нэлээн согтуу, харин Очироо гайгүй байсан. Тэгээд би “за ганц юм зохицуулах уу, манайхаан” гэж хэлэхэд Дээгий “чи юугаараа зохицуулах юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд би Очироог дагуулаад Шар хадны эцэс ороод 5 цаас зохицуулаад ирье гэхэд Дээгий “за хурдлаарай” гэж хэлэхээр нь би “за юу гэж уддаг юм бэ, пизда чинь” гэж хэлэхэд Дээгий миний уруул руу гараараа нэг удаа цохиод, өмсч байсан хувцсыг дээш татаж, нүүрийг маань хаагаад нуруу хэсэгт 1 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

- Гэрч Х.Бат-Очирын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19:00 цагийн үед найз Б.Б.ийн гэрт Болормаатай хамт орсон юм. Тэгтэл гаднаас А. орж ирээд 4000 төгрөг гаргаж ирээд нэмэх мөнгө байна уу? Ганц шил архи уучихъя гэж хэлэхээр нь би А.од “надад мөнгө байхгүй” гэсэн. Б.Б.ээс нэмэх мөнгө байна уу гэж асуухад Б.Б. “надад бас нэмэх мөнгө байхгүй. Мөнгөгүй байж архи ууж яах гээд байгаа юм?” гэж хэлээд А., Б.Б. хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед Болормаа гараад явсан. Барилцаж аваад нэгнийхээ нүүр лүү харилцан 1-2 удаа цохилцохоор нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл Б.Б. орныхоо хөлд ягаан өнгийн сагсан дээр байсан улаан хүрэн өнгийн иштэй хутгыг аваад А.ын өмсч байсан куртка толгой дээгүүр  нь давуулаад нуруунд нь нэг удаа хатгачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Яллагдагч Б.Б.ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч С.А.ын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2325 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/,

- Яллагдагч Б.Б.ийн өгсөн: “Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 3-22 тоотод өөрийн гэртээ иргэн С.А.той үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.А.ын мэдүүлэг, гэрч Х.Бат-Очирын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2325 тоот дүгнэлт, Б.Б.ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч С.А. нь баримтаар хохирол нэхэмжлэгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С. овогт Б.ын Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА