Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 581

 

           

 

 

 

 

 

 

 2020       03          31                                       2020/ШЦТ/581

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Э.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Э.ы Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00801 0616 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, урианхай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, С. овогт Э.ы Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э. нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.М.ад таксигаар үйлчлэх явцдаа түүний “Хаан” банкны 5007399250 тоот дансны интернэт банкны нууц дугаарыг олж авч, улмаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захад үнэт эдлэл худалдаалдаг иргэн С.Амжилтаас 4.400.000 төгрөгийн үнэ бүхий монетон болон мөнгөн эдлэл худалдан авч, төлбөрийг О.М.ын “Хаан” банкны 5007399250 тоот дансны нууц дугаарыг ашиглан иргэн С.Амжилтын эзэмшлийн “Хаан” банкны 5006111119 тоот данс руу шилжүүлж, иргэн О.М.ын 4.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-  Хохирогч О.М.ын өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө өөрийн найзуудынхаа хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Модны хоёр орчимд караокед ууж байгаад тэндээсээ такси бариад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “М.” дээд сургуулийн замын эсрэг талын Геологийн төв лабораторын хойд талд зогсоод, тухайн таксины жолоочийн данс руу өөрийн интернэт банкийг ашиглан 6000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор интернэт банкныхаа кодыг тухайн үед алдсан байх гэж бодож байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний данснаас 4.400.000 төгрөгийг 5006111119 тоот данс руу шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч С.Амжилтын өгсөн: “Би “Нарантуул” зах дээр 2000 оноос хойш үнэт эдлэл зарж борлуулж байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 18:00 цагийн үед намайг үнэт эдлэлийн лангуун дээрээ байж байхад 30 орчим насны залуу ирээд “би Солонгост ажиллаж байгаад ирсэн юм. 2 жил гэртээ очоогүй болохоор ээж, эхнэр 2 дүүдээ монетон хос эдлэл худалдаж авч байгаа юм” гэж хэлээд 14 орчим монетон эдлэл, дунджаар 45 гр. монетон эдлэл, эрэгтэй мөнгөн гинж худалдаж авсан бөгөөд нийт дүн нь 4.400.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тухайн залуу гар утсаа гаргаж ирээд “эгч ээ, мобайл банкаар мөнгөө шилжүүлчих үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэг” гээд өөрийнхөө “Хаан” банкны 5006111119 тоот дансыг өгсөн бөгөөд тухайн хүн над руу 18 цаг 08 минутад 4.400.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4/

- Э.Энхтулгын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.Э. нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.М.ад таксигаар үйлчлэх явцдаа түүний “Хаан” банкны 5007399250 тоот дансны интернэт банкны нууц дугаарыг олж авч, улмаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захад үнэт эдлэл худалдаалдаг иргэн С.Амжилтаас 4.400.000 төгрөгийн үнэ бүхий монетон болон мөнгөн эдлэл худалдан авч, төлбөрийг О.М.ын “Хаан” банкны 5007399250 тоот дансны нууц дугаарыг ашиглан иргэн С.Амжилтын эзэмшлийн “Хаан” банкны 5006111119 тоот данс руу шилжүүлж, иргэн О.М.ын 4.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.М.ын мэдүүлэг, гэрч С.Амжилтын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, О.М.ын эзэмшлийн 5007399250 дугаартай “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Энхтулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч О.М. хохирол төлбөр төлөгдсөн талаар шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч С. овогт Э.ы Энхтулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Э.Э.д үүрэг болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг Э.Э.д тайлбарласугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА