| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0535/Э |
| Дугаар | 582 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 582
2020 03 31 2020/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч П.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт П.гийн Э.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00961 0586 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бэст бэйкери” ХХК-д орон нутгийн жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч Б.Э., 2 хүүхдийн хамт оршин суудаг гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Б. овогт П.гийн Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э. нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3В хэсгийн 640 тоотод оршин суух А.Анхбаатарын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э.ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зөрчлийн талаар гараар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3/,
- Хохирогч Б.Э.ын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх найз Анхаагийнд нөхөр Энхбартай хамт очсон. Тэднийд 0.750 литрийн 2 шил архийг дөрвүүлээ хувааж ууцгаасан. П.Э. согтоод, хүүхдүүд ярьж байснаа миний том охин Хүслэнг “энэ хүүхдийг чинь эцэг нь тоож байгаа нь хаана байгаа юм? Өдий олон жил би тэжээлээ” гэж надад хэлэхээр нь би уурлаад хэрэлдэж байсан чинь П.Э. намайг алгадсан. Намайг алгадахаар нь би П.Э.ыг “хүний нөхөр ийм байдаг юм уу?” гэж хэлэхэд “хэн чиний нөхөр юм?” гээд алгадаж унагаагаад, дээрээс гар утсаараа цохиод, хөлөөрөө биеийн ихэнх хэсэг рүү дэвслээд байсан. Гэрлэлтээ батлуулаагүй, сүүлийн 6 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа. Дундаасаа нэг хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2225 тоот:
1. Б.Э.ын биед баруун зүүн гуя, баруун шилбэ, өвдөг, баруун мөр бугалга, шуу, баруун гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
- Яллагдагч П.Э.ын өгсөн: “Б.Э.тай дагавар хүүхдээс болж маргалдаад, би Б.Э.ын цээж болон толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Б.Э.ыг цохиж зодсон үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
П.Э. нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3В хэсгийн 640 тоотод оршин суух А.Анхбаатарын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э.ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Э.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2225 тоот дүгнэлт, П.Э.ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Э.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Э.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.Э. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.Э.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Э. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт П.гийн Э.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э.т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА