Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01006/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** Д*** /утас: *** /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, *** тоотод оршин суух З*** Б*** / утас: ***/-д холбогдох

“43,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч З.Б*** , хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “*** ” ХХК-ийн захирал З.Б*** нь Б.Д*** надтай уулзаж “Та надад мөнгө зээлээч хил дээр автобус ирчихсэн гаалийн татвар төлөх гэсэн юм, танд 10 хувийн хүү төлье” гэж тохиролцсоны дагуу би 26,000,000 төгрөгийг З.Б*** ын ХААН банкны *** 2 тоот дансанд, 4,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж нийт 30,000,000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд З.Б*** аас зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилсэн боловч өгнө гэдэг боловч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. З.Б*** бид “*** ” ХХК-ийн хувьцааг хувааж эзэмшдэг бөгөөд энэ хугацаанд миний нөхөр Б*** нь 2016.04.01-ний өдрөөс эхлэн ажилгүй болж улмаар өөрийн үүсгэн байгуулсан хоршооны даргын ажлаа өгч ажилгүй болсон. З.Б*** ын Б*** гэдэг айлын гал голомтоор тоглож амь насанд нь хүрч байгаад гомдолтой байна. Иймд миний бие 2016.05.15-нд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаад өгсөн боловч З.Б*** нь ирэхгүй утсаар эвлэрүүлэн зуучлагч мэдэгдэхэд “Би чамаар асуудлаа шийдвэрлүүлэхгүй, чамтай ярихгүй, чи намайг дуудах ямар эрхтэй юм бэ” гэж зохисгүй авир гаргаж байхыг эвлэрүүлэн зуучлагч утсаа чанга яригч дээр нь тавиад сонсгож байсан юм. З.Б*** д Б*** ыг Солонгос улсад эмчилгээнд явуулах болсон 30,000,000 төгрөгөө өгөөч гэж нэхэмжлэхэд 2016.06.05-ны өдөр хуурч мэхэлсэн. Энэ үед 2016.06.03-ны өдөр нөхөн олговорын мөнгө 80 гаруй сая төгрөг, 2016.06.09-ний өдөр нөхөн олговорын 190 гаруй авчихаад өгөөгүй байна.

Иймд З.Б*** аас зээлдүүлсэн 30,000,000 төгрөг, түүний хүү 13,000,000 төгрөг, нийт 43,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2013 онд н.Б*** , н.Б*** , н.Б*** нар “*** ” ХХК-ийг байгуулан 500,000,000 төгрөгийн зээл авсан. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарааш худалдаж авахад нь зориулж 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Манай нөхөр энэ компанид гарааш авч өгье гээд намайг цуг яваад үзээчээ гэж хэлсэн. Тухайн үед гараашийг үзэж байхад эхний автобусууд ирсэн байсан. Гааль дээр байгаа автобусны торгууль хэцүүдлээ автобусыг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. З.Б*** нь манай жолоочоор ажилладаг байсан. Би З.Б*** д хэдэн хувийн хүүтэй зээл авах юм бэ? гэхэд хүүгийн дээд хэмжээгээр нь авна гэж хэлсэн. Би банкинд өөрийн дансанд байсан 27,000,000 төгрөгөө З.Б*** д өгөөд хүнээс 4,000,000 төгрөг аваад *** дугаартай З.Б*** ын дансанд хийж өгсөн. Энэ хүнтэй итгэлцлийн үндсэн дээр аман хэлэлцээр хийж мөнгийг өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус зээлийг ЗБ*** д өгсөн юм. Би өөрийн зээлдүүлсэн мөнгийг банкны хадгаламжийн хүүгийн доод хэмжээгээр нэхэмжилж байгаа. Зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, хүү нь 13,000,000 төгрөг болж байгаа, нийт 43,000,000 төгрөг нэхэмжилж байна.

2016 оны 04 дүгээр сард эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Миний өгсөн мөнгийг юунд зарцуулсан талаар  би мэдэхгүй байна, би З.Б*** ын дансанд нь хийсэн юм. 500,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс төлж байгаа. Би энэ хүнээс 2013 оноос хойш нэг ч төгрөг аваагүй, манай нөхрийг бие нь муу байхад яаж байна гэж асуугаагүй. ЗБ*** ыг 500,000,000 төгрөгий зээл авахдаа миний мөнгийг өгөх байх гэж бодож байсан, уг нь тэгж тохиролцсон юм. Тухайн үед миний мөнгийг өгөх боломж энэ хүнд байсан. Би одоо хүртэл өөрийн мөнгөөр хохироод байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч нь үндсэндээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 281, 282.4-т зааснаар зээлийн гэрээ талуудын хооронд үүссэн байна. Хүүгийн хувьд хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 282.3-д зааснаар зээлд хүү тооцож байгаа бол заавал бичгийн гэрээ байгуулах шаардлага байгаа. Нэхэмжлэгч нь хүү нэхэж байгаа боловч шууд хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өгсөн 31,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж үзэж байна. 30,000,000 төгрөг дээр эвлэрэх санал байна уу? гэж асуумаар байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч З.Б*** нь 30,000,000 төгрөг авсан, 43,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байдаг. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй боловч, талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж байсан байна. Хүүгийн хувьд тооцсон зүйл байсан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараас харагдаж байгаа,  хүүгийн асуудлыг шүүх шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“*** ” ХХК-ийн захирал З.Б*** би Д.Б*** аас зээлсэн 30,000,000 төгрөгийг “*** ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан ба уг мөнгөнд хүү төлөх талаар анхнаасаа ярьж тохиролцоогүй. Харин З.Б*** ын нэхэмжлэлтэй Д.Б*** , Д.Б*** нарт холбогдох “*** ” ХХК-ийн хувьцааг Д.Б*** , Д.Б*** нарт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба уг хэрэг маргааны хүрээнд “Эхний ээлжинд З.Б*** нь Д.Б*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** гийн хүсэлтээр эхний ээлжинд зээлсэн 30,000,000 төгрөгийг 43,000,000 төгрөг болгон өсгөж, үл маргах журмаар төлнө. 2016 оны ... сарын ... өдөр 25,000,000 төгрөгийг, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны дотор .... тоот дансанд төлж шилжүүлнэ. Хоёрдугаар ээлжинд З.Б*** нь А.Б*** ын 30,000,000 төгрөгөөр “*** ” ХХК-ийн 33.0 хувийн хувьцаагаа 40,000,000 төгрөг болгон З.Б*** д буцааж худалдах ба уг 40,000,000 төгрөгийг З.Б*** нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлнө” гэж эвлэрлийн гэрээний төслийн хамт өгч байсан юм. Гэтэл уг албан бичгийг авчихаад Б.Д*** гуай нь эвлэрлийн гэрээ байгуулахаас татгалзсан. Тухайн үед орон нутгийн сонгуульд миний бие нь нэр дэвшиж байсныг далимдуулан Б.Д*** нь миний нэр төрд халдаж, сонгуулийн ажилд саад болно гэж дарамталсан нөхцөлд аргагүй байдлын улмаас эвлэрлийн гэрээнд заасан үүргээ баталгаажуулах зорилгоор 43,000,000 төгрөг өгөх тухай албан бичгийг өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 43,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч З.Б*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“30,000,000 төгрөгийг “*** ” ХХК-ийн захирал авсан. Бн.*** гуай өөрөө гаднаас оруулж ирж байгаа автобусны гаалийн татварыг өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. Би 4,000,000 төгрөгийг бэлнээр, 26,000,000 төгрөг миний дансанд хийсэн байсан. Би нөгөө хэрэг дээр байгаа эвлэрлийн гэрээтэй бол зээлийн авсан 30,000,000 төгрөг дээр хүү болох 13,000,000 төгрөгийг нэмээд нийт 43,000,000 төгрөг төлье гэж зөвшөөрсөн. Харин энэ хэрэг дээр эвлэрэх саналгүй байгаа тул өөрийн авсан 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин би хүүтэй зээл аваагүй” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн байна. Тус гэрээ нь н.Б*** , З.Б*** нарын хооронд байгуулагдсан байна. Иргэний хуулийн 281-д зээлдүүлэгч нь мөнгө буюу бусад эд зүйлийг тогтсон хугацаанд буцаан олгоно гэж заасан байна. “*** ” ХХК нь иргэн н.Б*** т 30,000,000 төгрөг гаргаж өгөх юм байна. Энэ гэрээний дагуу хүү нэхэх үндэслэл байхгүй байна. Хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага хэрэгт байхгүй  байна. Иргэн Б.Д*** нь бусдын өмнөөс 26,000,000 төгрөгийг З.Б*** ын дансанд хийсэн байна, харин 4,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь н.Б*** байна гэж үзэж байна. Б.Д*** нь н.Б*** ын өмнөөс 4,000,000 төгрөгийг нээхмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болох 13,000,000 төгрөг болон, 4,000,000 төгрөгийг хасч өгнө үү.

43,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрлийн санал өгч байхдаа Б*** нь “*** ” ХХК-ийг төлөөлж тус саналыг явуулсан байсан. Гэтэл эвлэрлийн гэрээ нь энэ хэргээс халиад байгаа, тухайн үед саналыг хүлээж аваагүй учраас одоо хүүг хүлээн зөвшөрөхгүй байгаа, энэ эвлэрэх саналыг иргэн З.Б*** бичээгүй, “*** ” ХХК-ийн захирлын хувьд бичсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д*** нь хариуцагч З.Б*** аас 30 000 000 төгрөг, хүү 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д*** нь хариуцагч З.Б*** д ХААН банкны *** 2 тоот дансанд тухайн үеийн нэрээр “Эрэл” банкны Дархан салбарын *** тоот данснаас 26 000 000 төгрөгийг 2013 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлгэээр шилжүүлсэн, мөн 4 000 000 төгрөгийг бэлнээр  өгсөн, нийт 30 000 000 төгрөг өгсөн гэж, хариуцагч З.Б*** 30 000 000 төгрөгийг  Б.Д*** гээс зээлээр хүлээн авсан болон хүлээн авсан үнийн дүнд маргахгүй байгаа боловч “*** ” ХХК-ийн хэрэгцээнд зээлж авсан, компани төлөх ёстой гэж маргаж байгаа  болно.

Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, 26 000 000 төгрөгийг хариуцагч З.Б*** ын ХААН банкны дансанд иргэний хувьд шилжүүлсэн, энэ талаархи мемориалын баримт ***-р нотлогдож байгаа, 4 000 000 төгрөгийг мөн З.Б*** д хүлээлгэн өгсөн, хариуцагч З.Б*** нь маргааны зүйл болж байгаа 30 000 000 төгрөгийг “*** ” ХХК-ийн дансанд буюу бусад байдлаар хүлээн авсан гэдгээ нотлоогүй тул  зээлдэгч  З.Б*** нь  шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, хэргийн хариуцагч нь хуулийн этгээд гэж үзэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Талууд 30 000 000 төгрөгийг хэлэлцэн тохиролцон хүлээн авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээг байгуулсанд тооцох болно.

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар  30 000 000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч З.Б*** нь тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд бичгээр хугацааг тохироогүй тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн  208.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй , мөн хуулийн  283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх байсан байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид  хүлээлгэж өгөөгүй тул хариуцагч З.Б*** аас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д*** д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д*** хариуцагч З.Б*** аас зээлийн хүү 13 000 000 төгрөг  нэхэмжилж байгаа үндэслэлээ  ... надаас авсан мөнгийг 3 жил хэрэглэсэн, гаалийн татвар төлөх гэсэн юм. 10 хувийн хүү өгнө гэж хэлж авсан тул банкны зээлийн хүүгийн хамгийн бага хэмжээ болох 1,5 хувийн хүүгээр тооцсон гэж байгаа болно.

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар  талууд  зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож хүү тогтоогоогүй, буюу  хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх  шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсний дагуу  зээлийн хүү шаардах  эрхгүй байна.

Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүргийг хуулиар хуульчилсан байна. Энэ хүү бол нэг талаас  авсан мөнгөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйд хуулиар тогтооосн хүү төлөхийг хэлэх бөгөөд Арилжааны банкууд дахь энгийн хугацаатай хадгалмжийн хүүгээр дүйцүүлэн тооцохоор байна.

Хариуцагч З.Б*** нь 2013 оны 11 дүгээр сарын 18-нд  шилжүүлэгээр авсан   26 000 000 төгрөг, бэлнээр авсан 4 000 000 төгрөгийг буцааан төлөх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд хариуцагч компани боломжтой болохоороо төлнө гэж зээлэн авсан гэж, нэхэмжлэгч Б.Д*** ... 2015 оны 02 дугаар сард банкны зээл гарахаар өгнө гэж авсан гэж хугацаа тодорхойлж байгаа бөгөөд мөн нэхэмжлэгч Б.Д*** нь хариуцагч З.Б*** аас ... өнгөрсөн хугацаанд З.Б*** аас зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилсэн боловч өгнө гэсэн боловч өгөлгүй өдий хүрсэн ... гэж байгаа боловч шаардах эрхээ хэдийд хэрэгжүүлсэн, түүнээс хойш хэдий хугацаанд хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулсанаас хойш үүргээ биелүүлээгүй бол мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх ёстой үүрэг гүйцэтгэгч З.Б*** ыг үүргээ хэдийнээс хугацаа хэтрүүлснийг тоолох боломжгүй байх тул Арилжааны банкууд дахь 24 сар хүртэлхи хугацаатай хадгаламжийн хүүгээр   30 000 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгээгүйд тохирсон хүү тооцох боломжгүй байна.

Иймд  нэхэмжлэгч Б.Д*** гийн хариуцагч З.Б*** аас  13 000 000 төгрөгийн хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч З.Б*** аас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д*** д олгож хүү 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар  сарын  20-ны өдөр  Худалдаа хөгжлийн  банк Төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 372 950  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч З.Б*** аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 30 000 000 төгрөгт  ногдох тэмдэгийн хураамж 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д*** д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ