| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0550/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 622
2020 04 06 2020/ШЦТ/622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Я.О., Д.Ц., шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярням /ҮД:0694/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Я.гийн О., Б. овогт Д.гийн Ц. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00191 0346 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтлаг нар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, тус ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар тэнссэн, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Ш. овогт Я.гийн О..
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн машинист мэргэжилтэй, “Алтлаг нар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж байсан, Б. овогт Д.гийн Ц..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.О. нь Д.Цэрэндоржтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна байсан З.Тамирын эзэмшлийн 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
Я.О. нь Д.Ц.той бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан Х.Баярцогтын эзэмшлийн 07-94 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Ц. нь Я.О.тай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна байсан З.Тамирын эзэмшлийн 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Ц. нь Я.О.тай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан Х.Баярцогтын эзэмшлийн 07-94 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О. мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Д.Ц.ийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц. мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Я.О.ын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хулгайлсан энэ хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярням шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн үед улс орон даяар коронавирусын халдвар гарсны улмаас хохирлоо барагдуулах боломжгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
/2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна байсан 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн З.Тамирын эзэмшлийн автомашины янданг хулгайлсан үйлдлийн талаарх/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,
- Хохирогч З.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Байрны гадна зогсоол дээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машинаа байрлуулаад өглөө 06:40 цагт гарч ирээд автомашинаа асаатал нүүрсэн яндан нь алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- Гэрч Т.Хүрэлтогоогийн өгсөн: “51-71 УБТ улсын дугаартай микро автобусаар нийтийн тээвэрт явдаг. Миний машин Я.О. ахын гаражид байх хугацаанд. Я.О. ахад би түлхүүрээ үлдээсэн болохоор машиныг маань ойр зуур хэрэглэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 30/,
- Яллагдагч Я.О.ын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 02:00 цагийн үед найз Д.Ц.ийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны төмөр замын ногоон байрны гадна авто зогсоол дээр байсан 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зөөлөн янданг хулгай хийж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,
- Яллагдагч Д.Ц.ийн өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 02:00 цагийн үед найз Я.О.ын хамтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо төмөр замын ногоон байрны 9 дүгээр байрны гадна авто зогсоол дээр очоод Я.О. намайг “хүн хараад зогсч бай” гэхээр нь би хажуу талд нь хүн хараад зогсч байсан. Найз Я.О. 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зөөлөн янданг хулгай хийгээд, хамт Я.О.ын гэр лүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,
/2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан 07-94 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн Х.Баярцогтын эзэмшлийн автомашины янданг хулгайлсан хэргийн талаарх/
- Хохирогч Х.Баярцогтын өгсөн: “Өглөө 08:00 цагт гарч машинаа асаатал муухай дуугарахаар нь хартал яндан нь байхгүй болсон байсан. Машины янданг 800.000 төгрөгөөр худалдаж авч хийгээд, унаад ажилдаа гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/,
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-133/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 135/,
- Яллагдагч Я.О.ын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 51-71 УБГ улсын дугаартай микро автобустай хүн зөөж байгаад мөргөлдчихсөн юм. Тэгээд хүний микро автобусыг засуулах гээд мөнгө хэрэгтэй болоод хулгай хийхээр найз Д.Ц.той ярилцаж байгаад шийдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180/,
- Яллагдагч Д.Ц.ийн өгсөн: “Зорилго гэвэл хуурай дүүгийн микро автобусаар халтуур хийж байгаад 2019 оны 12 дугаар сарын 13-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Асайт” худалдааны төвийн урд талын засмал зам дээр явж байгаад мөргөлдсөн. Тэгээд тэр машиныг нь засварт оруулахаар болсон. Тэгээд хулгай хийж мөнгө олъё гэж шийдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 183-184/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Я.О. нь бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна байсан З.Тамирын эзэмшлийн 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
Я.О. нь Д.Ц.той бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан Х.Баярцогтын эзэмшлийн 07-94 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Д.Ц. нь бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна байсан З.Тамирын эзэмшлийн 18-35 УБР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Ц. нь Я.О.тай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан Х.Баярцогтын эзэмшлийн 07-94 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч З.Тамир, Х.Баярхүү, гэрч Т.Хүрэлтогоо нарын мэдүүлэг, Я.О., Д.Ц. нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.О., Д.Ц. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Я.О., Д.Ц. нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч З.Тамирт 950.000 төгрөг, Х.Баярцогтод 550.000 төгрөгийн хохирол тус тус учирч, хохирол барагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Я.О., Д.Ц. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.О., Д.Ц. нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт Я.гийн О., Б. овогт Д.гийн Ц. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.О., Д.Ц. нарт тус тус 300 цаг /гурван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.О., Д.Ц. нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА