Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 186

 

Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06514 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат,

Хариуцагч С.Энхжаргалд холбогдох,

 

12 620 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

19 724 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Мөнхбат,

Хариуцагч С.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие автомашин худалдан авч, засвар үйлчилгээ хийж, буцаагаад сонирхсон хүмүүст худалддаг үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд сайн танил С.Энхжаргал 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр над руу утасдаад “Тоёота Ланд Круйзер маркийн автомашинаа зармаар байна, чи миний автомашиныг авч яваад зарчих, мөнгөний хэрэг гараад байна” гэхээр нь очиж уулзсан. Тэгээд тухайн үед “жаахан засвар хийхгүй бол болохгүй байх шүү” гэхэд, “чи өөрөөсөө мөнгө гаргаад хийчих, автомашин зарагдахаар чамд мөнгийг нь өгье” гэсэн. Анх автомашиныг С.Энхжаргалыг өөр хүнээс авахад би хамт очиж байсан ба нийт 111 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа тэрээр 3 өрөө орон сууцаар сольсон, энэ автомашиныг тэрээр жил хүрэхгүй хугацаанд эзэмшиж, ашигласны дараагаар бусдад худалдахдаа намайг 100 000 000 төгрөгөөс доошоо битгий оруулаарай, дээшээ гаргаж худалдсан тохиолдолд илүү гарсан хэсгийг зардлын хамт аваарай гэсэн.

Ингээд зарж чадахгүй бол би буцааж автомашиныг өгөхөөр, засвар хийсэн зардлыг С.Энхжаргал надад төлөхөөр тохиролцсон. Харин автомашин авч явах гэхэд тэрээр чамд мөнгө байна уу, Япон улс руу шилжүүлэх гэсэн юм гэхэд миний бие түүүнд 11 400 ам.доллар зээлдүүлсэн. Би, автомашиныг тус өдөр хүлээн авч, 2 000 000 төгрөгөөр бүтэн будаг, гэрэл гуперт 1 900 000 төгрөг, радиатор 800 000 төгрөг, тосоол 50 000 төгрөг, дормомуфтны суурь 300 000 төгрөг, наклад 80 000 төгрөг, өндөрлөгөө 60 000 төгрөг, ажлын хөлс 150 000 төгрөг, угаалга 150 000 төгрөг, түлш 100 000 төгрөг, зогсоол 150 000 төгрөг, нийт 5 820 000 төгрөгийн засвар хийсэн.

Зээлдүүлсэн 11 400 ам.доллар буюу 21 000 000 төгрөг дээр засварын зардлыг нэмэхэд 26 820 000 төгрөгийн авлагатай болсноос бэлнээр 3 000 000 төгрөг, гранд марк 2 автомашин 12 000 000  төгрөгт тооцож Л.Энхжаргалаас авсан. Түүний автомашин зарагдахгүй байсан учир буцаан өгсөн ба үлдэгдэл 11 820 000 төгрөгөө авъя гэхэд өгөхгүй байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, шалгуулсан ч иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү маргааны улмаас миний бие өмгөөллийн хөлс 800 000 төгрөг төлсөн. Иймд, С.Энхжаргалаас түүнд зээлдүүлсэн болон автомашинд засвар хийсэн мөнгөний үлдэгдэл болох 11 820 000 төгрөг болон өмгөөллийн хөлс 800 000 төгрөг, нийт 12 620 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Мөнхбатад автомашинаа өгч, заруулах гээгүй, харин түүнд 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, өөрөө ч шүүх хуралдаанд тухайн автомашиныг 100 000 000 төгрөгөөс доош битгий оруул, үүнээс дээш худалдсан тохиолдолд зөрүү чинийх болно гэж тайлбарлаж байна. Яг энэхүү тохиролцооны дагуу Д.Мөнхбаттай тохирч, автомашинаа өгч явуулсан бөгөөд засан сайжруулалтын талаар огт ярилцаагүй, учир нь, автомашиныг худалдан авч байгаа этгээд тухайн автомашиныг засаад зарна уу эсхүл өөрөө хэрэглэнэ үү гэдэг нь тухайн хүний асуудал, Д.Мөнхбат бусдаас автомашин худалдан авч, засварлаад бусдад худалдаж, ашиг олдог.

Надад автомашиныг бусдаар засварлуулах шаардлага байхгүй, би өөрийн гэсэн автомашины сэлбэгийн дэлгүүртэйгээс гадна миний ажиллуулдаг буудлын доод давхарт автомашины кузов засвар ажилладаг. Ийм учраас Д.Мөнхбатаар автомашиныг засуулах ямар ч шаардлага байхгүй, харин автомашиныг засварласан нь түүний өөрийнх н асуудал юм. Нэхэмжлэгч Д.Мөнхбат автомашиныг ийнхүү худалдан авах зорилгоор авсан гэдгийг тэрээр үгүйсгэж байна, гэтэл би 100 000 000 гаруй төгрөгийн үнэтэй хөрөнгөө ямар ч үнэ төлбөргүйгээр хүнд өгөхгүй, харин ч энэхүү худалдан авах тохиролцоогоо бататгаж, тэрээр надад 11 400 ам.долларыг урьдчилгаа болгож өгсөн, надад түүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй, автомашины урьдчилгаанд авсан болно. Энэ өдрөөс хойш хэсэг хугацааны дараа Д.Мөнхбат таны автомашин зарагдахгүй байна гээд ирэхэд би, за яахав наймаанаасаа буцаж байгаа юм байна, гэхдээ миний автомашин өмнө ямар байсан тэр хэвэнд оруулж өгчихөөд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлсэн.

Миний бие, Д.Мөнхбатад 3 000 000 төгрөгийг бэлнээр, 12 000 000 төгрөгт Тоёото гранд маркийн автомашиныг тооцож өгсөн бөгөөд үлдэх 6 000 000 төгрөгийг автомашинаа өмнөх байдалд орсны дараа өгнө гэдгээ түүнд байнга хэлдэг. Д.Мөнхбат миний автомашиныг засварлахдаа өнгө хольж будсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн жинхэнэ биш сэлбэг хэрэгсэл тавьсан, шаардлага хангахгүй муу будгаар автомашиныг будаж, өнгө үзэмжийг нь алдагдуулсан, миний зүгээс 6 000 000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй, хамгийн гол нь автомашиныг ямар байсан тэр байдлыг сэргээсэн тохиолдолд өгнө.

Засвар, үйлчилгээний зардалд нийт 5 820 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад надаас автомашин худалдан авна гэж тохиролцчихоод өөрөө мэдэж засвар үйлчилгээ хийсэн байхад би түүнд төлбөр төлөх үүрэг хүлээж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхбат миний өмчлөлийн УНО 11-17 улсын дугаартай LAND-200 маркийн автомашиныг 100 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөр 11.400 ам.долларыг 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгч, үлдэгдлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өгөхөөр тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж мөнгөө авъя гэхэд тэрээр уг тохиролцооноосоо буцаж, автомашиныг надад эгүүлэн өгсөн. Миний хувьд наймаа буцахад дургүй байсан бөгөөд ийнхүү наймаа буцахдаа автомашиныг муутгасан байсан, одоо тус автомашиныг буцаан хуучин хэвэнд оруулахад надаас их хэмжээний зардал гарна.

Д.Мөнхбат надад автомашиныг буцаан өгөхдөө чанар байдлыг нь хэт муутгасан тул анхны байдалд нь эгүүлэн оруулахыг шаардсан ч тэрээр татгалзаж, улмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгүүлж, намайг шалгуулсан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Дүүргийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон. Ингээд зардлаа гаргуулан авахаар Д.Мөнхбатаас шаардахад надаас урьтан тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ би автомашиныг нь 2 000 000 төгрөгөөр бүтэн будганд, гэрэл гуперт 1 900 000 төгрөг гаргаж хэмээн бичсэн байгаа тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Автомашиныг будуулсан гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрч байх ба ийнхүү будуулахдаа зарим хэсгийн өнгийг нь илтэд зөрүүлсэн байна. Тэгэхээр үндсэн өнгийг гаргах шаардлагатай байх тул түүний ажлын хөлс болох 3 000 000 төгрөгийг гаргуулмаар байна. Үйлдвэрлэгдсэн оныг нь залуу болгож харагдуулах зорилгоор үндсэн гэрэл, гуперыг нь аваад БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэрэл, гупер авч тавьснаа хүлээн зөвшөөрч 1 900 000 төгрөг зарцуулснаа бичсэн байна. Гэрэл, гупер болон түүний дагалдах сэлбэгийг шинээр тавихад нийт 16 724 000 төгрөг болж байна.

Иймд, Д.Мөнхбатаас 19 724 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Автомашины үндсэн өнгийг гаргуулахаар дахин будуулахад шаардлагатай 3 000 000 төгрөг, гэрэл, гупер болон түүний дагалдах сэлбэгийг шинээр тавихад 16 724 000 төгрөг, нийт 19 724 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь, түүний тээврийн хэрэгсэлд бүх засвар үйлчилгээг өөртэй нь зөвлөлдөж зөвшөөрснийх нь дагуу хийсэн, тэр засвар хийсэн хэвээр түүнд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Автомашиныг хүлээлгэж өгөхдөө гарсан төлбөр тооцоогоо хэлэхэд мөнгө орж ирэхээр өгье гээд салж байсан. Бүх баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Намайг, БНХАУ-д үйлдвэрлэсэн сэлбэг, хэрэгсэл тавьсан гэж мэдүүлж байна, би жинхэнэ сэлбэг тавьсан, энэ байдлыг гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нотолно, анх автомашин ямар байсан, дараа нь ямар болсон талаар гэрчүүд бүгд нэгэн адил мэдүүлсэн. Маргааны зүйл болсон автомашины эд зүйлийг солих, будаг хийхэд нийт 19 724 000 төгрөгийн зардал гарна гээд “Таван богд моторс” ХХК-ийн үнийн саналыг хавсаргасан байна, энэ бол зөвхөн худалдагчаас бусдад санал болгосон үнэ, нэхэмжлэх бөгөөд албан ёсны нотлох баримт биш юм. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Энхжаргалаас 11 080 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мөнхбатаас 19 724 000 төгрөг гаргуулах тухай С.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Мөнхбатаас төлсөн 216 870 төгрөгийг, хариуцагч Л.Энхжаргалын төлсөн 257 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Энхжаргалаас 192 230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргахад түүнийг хангахаас татгалзснаар Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан. Миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг авч очсон ч өмгөөлөгчгүй байсны улмаас түүнийг гаргаж өгч чадаагүй болно. Мөрдөн байцаалтын явцад өгсөн Д.Мөнхбатын “миний нэр дээр
шилжүүлчих” гэсэн мэдүүлэг болон бусад баримтыг үндэслэн талуудын хооронд
худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн зөв дүгнэсэн ч засварын мөнгийг
төл гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, худалдан авсан эд зүйлээ буюу өөрийн өмчийг хэрхэн засварлах нь тухайн этгээдийн хүсэл сонирхол юм. Хэрэв засварын мөнгийг төл гэж байгаа нь үндэслэлтэй бол зарагдахгүй байгаа эд зүйлийг нь бусдаас хямд худалдаж аваад засвар хийгээд өөрт нь буцаан өгч засварын мөнгөө шаардах нөхцөл бүрдэх тул засварын мөнгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн автомашиных нь чанар байдлыг муутгасан тал дээр шүүхээс ямар нэгэн байдлаар дүгнэлт хийсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Д.Мөнхбат хариуцагч С.Энхжаргалд холбогдуулан гаргасан зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг, автомашины засварын зардал 5 820 000 төгрөг, өмгөөллийн зардал 800 000 төгрөг, нийт 12 620 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 6 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан ба 19 724 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Д.Мөнхбат нь автомашиныг засварлахдаа оригинал эд ангийг Хятад улсад үйлдвэрлэсэн чанаргүй эд ангиар сольсон, дахин будаг хийх шаардлагатай тул хуучин байдалд оруулахад ийм хэмжээний зардал шаардагдана гэж тайлбарлажээ.

            Д.Мөнхбатаас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр С.Энхжаргалд 11 400 ам.доллар буюу 21 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг  хариуцагч зээл биш гэж үгүйсгэсэн боловч 3 000 000 төгрөгийг бэлнээр, 12 000 000 төгрөгт тооцож, “Тоёота гранд марк-2” автомашиныг шилжүүлж, 15 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 6 000 000 төгрөгийг төлөхийг татгалзахгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлажээ.

            Мөн хариуцагч С.Энхжаргалын дээрх 11 400 ам.долларыг автомашинаа худалдсан үнийн урьдчилгаанд авсан гэх татгалзал хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй.

            Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбарыг харьцуулж үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч үлдэгдэл 6 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Талууд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр автомашиныг Б.Мөнхбатад шилжүүлж, 11 дүгээр сард буцаан авсан үйл баримтын тухайд маргаагүй боловч С.Энхжаргал нь автомашинаа Б.Мөнхбатад худалдах, Б.Мөнхбат нь худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин хариуцагч С.Энхжаргал автомашинаа өөр бусдад худалдахын тулд засан сайжруулах зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Б.Мөнхбатад автомашинаа өгч явуулсан, энэ хугацаанд автомашинд засвар үйлчилгээ хийснийг хариуцагч үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч Б.Мөнхбат Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

            Иймд 5 080 000 төгрөгийн зардал гаргаснаа баримтаар нотолсон хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. /хх151-153/

             Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч буюу худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардсан гэж тодорхойлсон ч байгуулагдаагүй гэрээнээс татгалзах, үүнээс болж хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосон нь зөв болно.            

            Түүнчлэн шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн  үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэж, өмгөөлөгчийн эзгүйд хариуцагчийг өөрийг нь байлцуулан шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах боломжгүй.

            Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11 080 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 540 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хариуцагчийн 5 080 000 төгрөгийн засварын зардлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүхийн зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүлийн 162.4 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ