Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт орших, Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”,

Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б,

Гомдлын шаардлага: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11-06-040/09 тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Г.Г, хариуцагч эрх бүхий албан тушаалтан Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын  шүүхэд гаргасан гомдол болон тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын салбар нэгж болох Сайншанд Татах хэсэг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтаар Сайншанд татах хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа 4 түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөрт 43.200.000 төгрөгийг гаргуулах, 1500 нэгжээр торгох шийтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11-16-040/09 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан бөгөөд энэхүү шийтгэлийн хуудсыг илт хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “...ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж,... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгийн харъяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй этгээд юм. Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээдийг торгох шийтгэл ногдуулахыг тодорхой зохицуулсан байхад улсын байцаагч нь Сайншанд татах хэсгийг бие даасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газар тогтооно” гэж заасан ба Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №26 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлж байхаар журамласан.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь УБТЗ-ын салбар нэгж болох Сайншанд татах хэсгийн үйл ажиллагаанд 2015, 2016 оны байдлаар шалгалт хийхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөг/ баримтлах ёстой байсан. Гэтэл улсын байцаагч нь Сайншанд татах хэсгийн 2015-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот тогтоолоор тогтоосон /240000 төгрөг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон байна.

Гурав. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн /Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэн эрх/-ийн 9.3.1-т Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавина гэж Мэргэжлийн хяналтын байгууллагын хэм хэмжээг тогтоож өгсөн байна. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь удирдамжийн дагуу хяналт шалтгалтыг хийхдээ дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэнийг ажиллуулах ёстой, ажиллуулаагүй бол нөхөн төлбөрийг ногдуулна гэсэн заалт байгаа боловч манай байгууллагад хэрэгжүүлэх боломжгүй. Яагаад гэхээр Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 70 тоот тушаалаар батлагдсан галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтанд эрүүл мэндийн үзлэгийн журам гэж байдаг. Үүний дагуу эрүүл мэндийн хувьд тэнцсэн хүнийг авч ажиллуулдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт хууль бус захиргааны акт гэж ямар актыг хэлэх вэ гэхээр эрх зүйн зөрчилтэй актыг хэлнэ гээд заасан байгаа. Тэгэхээр энэ акт маань хууль зүйн зөрчилтэй акт гэдгийг улсын байцаагч тайлбартаа хэлчих шиг боллоо. Яагаад гэхээр улсын байцаагчийн тавьсан акт нь 2015, 2016 оныг бүтэн тооцоолол хийгээд төлбөрийн хэмжээг тогтоосон байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйл шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд гэдэг зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл ногдуулна гэсэн байна. Улсын байцаагч нь мөн хууль буцаан хэрэглэх талаар ойлголтгүй байсан гэсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацааг заасан.  Хугацаан дээр хэлэхэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болно гэж заасан байдаг. Хэрэв улсын байцаагч 2015, 2016 оны байдалд хяналт шалгалт хийгээд сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн үед мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг удирдлага болгох байсан.

Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  №11-06-040/09 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн  хяналтын улсын байцаагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б миний бие Улаанбаатар төмөр замын харъяа Татах хэсэгт  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/28 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.       

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У Т з” нийгэмлэгийн харъяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй гэж гомдолдоо дурджээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “...хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангилалыг үндэслэнэ” гэж зааснаар хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага нь хэд хэдэн объектоос бүрдэж байвал зөвхөн эрсдэлийн шалгуурт үндэслэн тухайн объектыг төлөвлөн хяналт шалгалтыг хийдэг. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь заавал бие даасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлөвлөж хяналт шалгалтыг хийдэггүй, эрсдэл өндөртэй салбар нэгж, объектыг сонгож эрсдлийг бууруулах зорилгоор хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцдаа илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах үндэслэл байвал тухай бүр шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж зөрчил арилгуулах арга хэмжээг авах үүрэгтэй байдаг.

Сайншанд татах хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагыг төлөвлөн хяналт шалгалтад хамааруулсан. Тус Татах хэсэг нь УБТЗ-ын харъяа салбар нэгж хэдий боловч эрх бүхий албан тушаалтантай, эрх бүхий албан тушаалтан нь ажилчид албан хаагчидтайгаа Сайншанд татах хэсгийн дотоод журамд зааснаар хамтын гэрээ буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил, албан тушаалд томилж, ажлаас чөлөөлж, хариуцлага алдсан албан хаагчиддаа сахилгын шийтгэл оногдуулж, дээд байгууллагаасаа төсөвлөгдөж ирсэн хөрөнгө санхүүг бие даан захиран зарцуулж байдаг нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд тухайн байгууллага ажлын байрны сар бүр төлөх төлбөрийг жишээ болгож тооцоолол оруулсан. Тухайн зөрчлийг илрүүлж илэрсэн зөрчилд ногдох шийтгэлийг 11-06-040/09 тоот шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцож нөхөн төлбөр тавих үед 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан ба тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэснийг үндэслэн улсын байцаагч зөрчлийг илрүүлэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн 240000 /хоёр зуун дөчин мянган төгрөг/ байсныг үндэслэн Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40 хувь, 51-ээс дээш ажилчидтай бол 50 хувь, харин бусад аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувиар тооцно гэсний дагуу нөхөн төлбөрийг тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн харъяа салбар нэгжүүд нь 2015, 2016 оны байдлаар нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зөрчил нь 2017 онд дахин үргэлжилсэн байгаа нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Харин хууль эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэвэл 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл 192000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг байхаар тооцвол тухайн байгууллагын төлөх төлбөр сар бүр 57600 /тавин долоон мянга зургаан зуу/ төгрөг Сайншанд татах хэсэг нь 25 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэн ажиллуулаагүйн нөхөн төлбөр буюу сар бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг төлж, нийтдээ  20160000 /хорин сая нэг зуун жаран мянга/ төгрөг төлөх ба 2017 онд сар бүр нэг хүний төлөх төлбөр  72000 /далан хоёр мянга/ төгрөг ба нийт 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж, бүгд 2017 оны 10 дугаар сарын байдлаар 18 000 000 /арван найман сая/ төгрөг, 2015, 2016, 2017 оны байдлаар нийт 38 160 000 /гучин найман сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг төлөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учир Сайншанд татах хэсэгт шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй болно. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан  нь Мэргэжлийн хяналтын төв байгууллага буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын бүрэн эрхийг тусгасан байна. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг тусгасан байдаг гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №11-06-040/09 тоот “Шийтгэлийн  хуудас”-аар  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Сайншанд Татах хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн /ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй эсхүл одой хүнийг авч ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй/ гэх үндэслэлээр тус Татах хэсгээс 43200000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 1500 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулжээ.

Зөрчилд холбогдсон Сайншанд Татах хэсгийн удирдах байгууллага болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас /цаашид “УБТЗ”  гэх/ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын шаардлагынхаа үндэслэлийг “... хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй нэгжид төлбөр тавьж шийтгэл оногдуулсан нь хууль бус, мөн нөхөн төлбөрийн хэмжээг буруу тооцсон...” гэж, хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “...заавал бие даасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлөвлөж хяналт шалгалтыг хийдэггүй, эрсдэл өндөртэй салбар нэгж, объектыг сонгож эрсдлийг бууруулах зорилгоор  хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн энэ явцдаа илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах үндэслэл байвал тухай бүр шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж зөрчил арилгуулах арга хэмжээг авах үүрэгтэй” хэмээн маргаж байна. Харин талууд тухайн зөрчлийг үйлдсэн эсэх асуудлаар маргаагүй болно.

            Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/28 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн   дагуу УБТЗ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Сайншанд Татах хэсгийн үйл ажиллагаанд холбогдох шалгалтыг хийж 2015, 2016 он, 2017 оны 10 дугаар сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй буюу одой 28 хүн авч ажиллуулахаас 3-ыг ажиллуулж, 25 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлбөл зохих төлбөрийг төлөөгүй зөрчлийг илрүүлж улмаар уг зөрчилд холбогдуулан тухайн зөрчлийг гаргасан УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн албаны нэгж болох Сайншанд Татах хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 2015, 2016 онуудад тус тус 25 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан 240000 төгрөгөөс тооцон нийт 43200000 төгрөгийг мөн тус Татах хэсгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  нь дараах байдлуудаар тогтоогдож байна.

            -Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж зааснаас үзвэл  шийтгэлийг хүнд эсхүл хуулийн этгээдэд оногдуулахаар байх ба хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл…” байхаар тодорхойлогджээ.

            Зөрчил үйлдсэн гэх УБТЗ-ын Сайншанд Татах хэсэг нь хариуцагчийн тайлбарт дурдаж байгаачлан “...эрх бүхий албан тушаалтантай, уг албан тушаалтан нь ажилтан албан хаагчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаалд томилж, ажлаас чөлөөлж, сахилгын шийтгэл оногдуулж улмаар дээд байгууллагаасаа төсөвлөгдөж ирсэн хөрөнгө санхүүг бие даан захиран зарцуулах үйл ажиллагааг эрхлэн явуулж буй этгээд” байх боловч тэрээр дээр дурдсан Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагуудыг хангасан бие даасан хуулийн этгээд бус харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нэртэй хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. Эндээс дүгнэвэл Сайншанд Татах хэсэг нь нэгэнт эрх зүйн харилцаанд бие даан оролцож үүрэг хүлээх чадваргүй этгээд байх тул тухайн нэгжид өөрт нь тусгайлан үүрэг хүлээлгэж нөхөн төлбөр гаргуулж, шийтгэл оногдуулах боломжгүй бөгөөд харин тухайн нэгжийн гаргасан зөрчилд тус нэгжийг харьяалдаг хуулийн этгээд нь өөрийн нэрээр үүрэг хүлээх учиртай байна.

            -Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн...хуулийн этгээдэд оногдуулах...албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн Албадлагын арга хэмжээ гэсэн Дөрөвдүгээр бүлгийн 4.3 дугаар зүйлд “Хохирол, нөхөн төлбөр гаргуулах”, уг зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн...хуулийн этгээдээс...нөхөн төлбөрийг гаргуулж...улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тус тус заажээ. Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд “хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг ажиллуулаагүй орон тутамд сар бүр төлбөл зохих төлбөрийг нөхөн гаргуулах тухай асуудал нь Зөрчлийн тухай хуульд зааснаар албадлагын арга хэмжээний нэг төрөл байх бөгөөд гомдлоор үүсгэсэн тухайн маргааны хувьд, уг “албадлагын арга хэмжээ”-ний хэмжээг дээр дурдсанаар зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

            Эрх бүхий албан тушаалтны илрүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй зөрчил нь  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөтлөгдсөн тэмдэглэл,  хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсанаар 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн гэж үзэхээр байх боловч тухайн эрх бүхий албан тушаалтнаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийтгэл оногдуулсан албан ёсны шийдвэр болох 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11-06-040/09 тоот “Шийтгэлийн хуудас”-т  нөхөн төлбөрийн хэмжээг 43200000 төгрөг гэж, улмаар уг нөхөн төлбөрийн тооцоог нарийвчлан гаргасан №11-06-040/09 тоотын хавсралт  дахь он, сар нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл дугаарлагдсан байгаа зэргээс үзвэл тухайн зөрчил нь цаг хугацааны хувьд 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсэн байх ба энэ тохиолдолд уг нөхөн төлбөрийн хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан 240000 төгрөгөөс бус, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу буюу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөөс, Монгол Улсын Засгийн газрын “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолд заасны дагуу 30 хувиар тооцож  гаргуулахаар байжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан уг нөхөн төлбөрийн хэмжээг тухайн зөрчил үйлдэгдсэн  цаг хугацаанаас хойш дагаж мөрдсөн хууль тогтоомж /2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоол/-ийг үндэслэн тогтоосон нь зөрчил үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан  үйл ажиллагаа болжээ.

            - Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг мөн адил тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр заажээ.

Эрх бүхий албан тушаалтны илрүүлсэн “хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх  төлбөрийг төлөөгүй” зөрчил нь цаг хугацааны хувьд 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилсэн нь өмнө дурдсанаар тогтоогдсон учир уг зөрчилд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу буюу тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна”, 111.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө”, 141 дүгээр зүйлийн 141.1.5-д “энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч... торгох” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр байжээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь “хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх  төлбөрийг төлөөгүй” энэхүү зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь хууль бус байна.

Мөн түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байна.

            Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх тухайн үед Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байсан ба уг хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар  заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт  заасан торгох шийтгэлийн хэмжээг  арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус  тус заажээ. Хуулийн эдгээр зохицуулалтаас тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй хөөн хэлэлцэх хугацааг дүйцүүлэн тооцож үзвэл уг зөрчлийг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар  байна.

Харин тухайн зөрчил үйлдэх үед “зөрчилд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулж байсан” 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг авч үзвэл мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн  тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заажээ.

 

            Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хууль нь зөрчил үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль байх тул  уг хуулийг буцаан хэрэглэхгүй харин тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах  үндэслэлтэй байна. Улмаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцвол уг зөрчилд холбогдуулан захиргааны хариуцлагад татах хугацаа  /сүүлийн зөрчил гарсан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 сар/ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэхээс өмнө дууссан байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан, тухайн зөрчилд   холбогдох этгээдийг хариуцлагад татаж шийтгэл оногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулжээ.

Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11-06-040/09 тоот “Шийтгэлийн хуудас”-аар УБТЗ-ын Сайншанд татах хэсгээс 43200000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж, тус Татах хэсэгт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль болон гомдол гаргагч хуулийн этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хууль /зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1992 оны/-ийн  5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “У т з”-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11-06-040/09 тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330750 /гурван зуун гучин мянга долоон зуун тавь/ төгрөгөөс, 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 260 550 /хоёр зуун жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж тус тус гомдол гаргагчид олгосугай.

3. Хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА