Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 246

 

Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийг төлөөлж З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвабаатар, гуравдагч этгээд Г.Мөнхжаргал нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаар магадлалтай, Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Г.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрыг төлөөлж тус газрын дарга З.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Хэрлэн суманд боловсролын салбарын нэгдсэн төв “Боловсрол цогцолбор” барилга барих асуудал Монгол Улсын Засгийн газраас томилон ажиллуулсан 4 яамны ажлын хэсгийн эрэмбэлсэн жагсаалтад хоёрт бичигдсэний дагуу эзэмшил газар сунгах хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 270 тоот хүсэлт гаргасны дагуу хариу ирүүлэхдээ тус байгууллагын арын гарц, хашаа орсон хэсгийг иргэн Батгүн овогтой Энхбаатарт аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжаар өмчлүүлсэн тул манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Энэ нь 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон, манай байгууллагын гарах гарцыг хаасан, галын аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц байршил үүсгэсэн зэрэг зөрчлүүд байгаа гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу өмчлөх эрх авах нэрсийн жагсаалтанд байгаа иргэн Б.Энхбаатарыг нэрийг жагсаалтаас хасч, өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвабаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн иргэн Б.Энхбаатар нь Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот захирамжаар Хэрлэн сумын 3 дугаар баг, хуучин нэрээр Боловсрол төвийн хойд талд 450 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж авсан ба уг газрыг өмчлөх хүсэлтээ 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэрлэн сумын газрын даамалд гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26- ны өдрийн 104 тоот захирамжаар уг газрыг өмчилж авсан байна.

Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104 тоот захирамжийн 34 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Энхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ нэг удаа өмчлөн авах эрхтэй. Миний өмчлөлийн газар нь Боловсрол төвийн газарт ороогүй, давхцаагүй байгаа нь кадастрын зурагт тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Хэрлэн суманд боловсролын салбарын нэгдсэн төв “Боловсрол цогцолбор” барилга барих асуудал Монгол Улсын Засгийн газраас томилон ажиллуулсан 4 яамны ажлын хэсгийн эрэмбэлсэн жагсаалтад хоёрт бичигдсэн гэдгээс үзэхэд бичигдсэн, эрэмбэлэгдсэн гэдэг нь нотолгоо ч болохгүй, үнэхээр тийм бол заавал хүний өмчлөлийн газар руу биш аймаг орон нутгийн удирдлагуудад хүсэлт тавьж өөр байдлаар шийдвэрлэх боломжтой юм.

Мөн “Боловсрол цогцолбор” барилга байгууламж барих экспертизээр батлагдсан зураг төсөл, төсөв хөрөнгө батлагдсан эсэх газрын техникийн нөхцөлийн зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн аймаг сумын удирдлага, хуралд барилга барих тухай гаргаж байсан материал байхгүй. Уг газар нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотыг 2002-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны төлөвлөлтөөр батлагдсан бөгөөд энэ төлөвлөгөөнд нийцүүлэн 2007 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийгдсэн.

Манай байгууллагын гарцыг хаасан гэдэг бол ор үндэсгүй бөгөөд уг газар нь 18x25 харьцаатай 0,07 га хүрэхгүй 450 м.кв газар бөгөөд кадастрын зургаараа хашааны хаалганы зайг баруун талд нь 8 м газар үлдээсэн ба газрын дөрвөн өнцөгт нь эргэлтийг цэгийг зоолгосон нь газар дээрээ харагдаж байдаг. Галын аюулгүй байдалд “шууд нөлөөлөхүйц байршил үүсгэсэн” гэдэг нь ямар үндэслэлээр зөрчил гэж үзсэн юм бол энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байна.

Аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтад 2175 м.кв гэж заасан бөгөөд кадастрын зурагт мөн адил 1-20 тэмдэгтээр 2175 м.кв газрын байршлыг тодорхой зааж өгсөн нь иргэний газартай давхцаагүй тул манай газар гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний өмчийн газрыг хэн нэгэн албан тушаалтан гомдол гаргаад хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд тиймдээ ч Газрын тухай хуулийн 5-1-д “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 5-2-т “бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан байдаг.

Эзэмшил газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх гэж хандах болохоос иргэний өмчийн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28, 31, 35 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Мөн иргэний газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд Боловсрол төв удаа дараа саад учруулж хашаагаа дур мэдэн сунгах, дүнзэн байшингийн торх тавих, мөн газар дээр айл буулган 2 жил болгосон.

Энэ тухай Хэрлэн сумын Засаг даргад газар чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. 3.Бат-Эрдэнэ дарга дүү Б.Энхбаатарыг байнга дарамталж, мөн хуулийн байгууллагаас дуудахаас нь залхаж хөдөө ганц гэрээрээ хүн бүл муутай, газрын талаар мэдлэг муутай тул нэр дээр шилжүүлэх гэрээг бид хамтран үйлдэж хавсаргасан байгаа. Уг газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3-т заасан эрхийнхээ дагуу дүү минь зөвшөөрч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба тэр эрхийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй болно.

Дүүгийнхээ газрыг ярьж тохиролцон гэрээ байгуулж тодорхой мөнгөөр зарах үйлдэл хийсэн нь иргэний хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь бусад хуулийг зөрчөөгүй, тэгээд ч өөр хүнд шилжүүлээгүй. Газар эзэмших гэрээг хийх үед би газар зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд Баярхүүгийн гарын үсгийг дуурайлган зураагүй хэн зурсныг нь санахгүй байна.

Мөн Сумын засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот захирамжийн 1 дүгээр заалтад “сумын 2007 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэснийг үзэхэд хуулийн дагуу эзэмшсэн. Дүү Б.Энхбаатартай анх 2012 оны 6 дугаар сард газраа зарах, цаашид хоорондоо яаж зохицох тухай гэрээ байгуулсан билээ гэжээ.

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийн Батгүнгийн Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 283 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Г.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Энэ газар нь манай дүүгээс надад шилжин ирж одоогоор газрын хууль ёсны өмчлөгч нь би билээ. Уг газар нь Боловсрол төвийн гарцыг хаагаагүй тухай дурдвал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан кадастрын зурагт 7 солбицлоор тэмдэгжүүлж гарц гаргасан нь нотлогдож байна. Мөн хуулийн 23.2-т заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Н.Золбоогийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт хэрэгт байдаг.

Өнөөдрийг хүртэл өмчлөлөөр олгогдсон газарт өмчлөгч хашаа хатгаагүй, газраа хөндөөгүй. Харин Боловсрол төв хашаагаа дур мэдэн барьж одоогоор өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй балк хураасан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчсөн, мөн иргэний өмчлөх эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Галын аюултай байдал үүсгээгүй, өмчлөгчийн аливаа үл хөдлөх хөрөнгө энэ газарт одоогоор байхгүй ба харин зүүн талын өмчлөгч Батзориг нь блокон хашаа барихдаа хэтрүүлж барьсныг Боловсрол төвийн дарга З.Бат-Эрдэнэ өөрөө надад хэлсэн ч зарга үүсгээгүй байна.

Газрыг өмчлүүлэхдээ тухайн шатны Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2-т заасныг удирдлага болгосон ба энэ газарт Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны төлөвлөлтөөр төлөвлөгдсөн, мөн Хэрлэн сумын 2007 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тус тус төлөвлөгдсөний дагуу өмчлүүлээд 9 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба Боловсрол төв газраа сунгах хүсэлт гаргасан ч зохих хариуг нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар өгсөн байсан.

Уг газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгөхийг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргад тавьсан боловч арга хэмжээ авч өгөөгүй тул дахин аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаад байгаа юм. Анхан шатны шүүх иргэний өмчийн газарт хүндэтгэлтэй хандсан гэж үзэж байгаа бөгөөд харин давж заалдах шатны шүүх нь хуралдаан дээр иргэний өмчийн газрын эрх ашиг хөндөгдөх талаар нэг ч үг дуугараагүйд гомдолтой байна.

Бид шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа уг газрыг дүүдээ бүрэн шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болно. Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол соёлын газар нь “...2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олгосон нь тус байгууллагын арын гарц, хашаа орсон хэсгийг хааж, галын аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц байршил үүсгэсэн, Г.Мөнхжаргал газрын даамлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар эзэмших болон өмчлөхтэй холбоотой бичиг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “газар өмчлүүлэх тухай” 104 дүгээр захирамжийн иргэн Б.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс “Б.Энхбаатарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэснийг шүүх уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй болох нь тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, энэ хэргийн гуравдагч этгээд Б.Энхбаатар нь маргаан бүхий газрыг эзэмшсэн, өмчилсөн гэдгээ мэдээгүй, газар  эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй, Хэрлэн суманд газрын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нагац ах Г.Мөнхжаргал нь түүний иргэний үнэлэхийг ашиглан бичиг, баримт бүрдүүлэн хүсэлт гаргаж, өөрөө хүлээн авч шийдвэрлэсэн /шийдвэрлүүлсэн/, тухайн газрыг бодитойгоор ашиглаагүй, харин нэхэмжлэгч байгууллага нь эзэмшлийн газраа нэмэгдүүлэн эзэмших зорилготойгоор уг газрыг дур мэдэн хашаалж эзэмшилдээ авсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Г.Мөнхжаргалын буруутай үйлдэл тогтоогдож байна гэж үзсэн боловч газар өмчлүүлэх шийдвэрийг гаргах үндэслэл болсон бичиг, баримтыг бусдын нэрээр бүрдүүлсэн болон уг бичиг баримтыг хүлээн авч, нягтлах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн үед сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Мөнхжаргал болохыг анхаараагүй, маргаан бүхий захиргааны актад эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна”, 72 дугаар зүйлийн 72.4-т “үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасантай нийцэхгүй болжээ.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан “давж заалдах шатны шүүх иргэний өмчийн газрын эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан” гэх хяналтын гомдлын хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ