| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0043/Э |
| Дугаар | 0051 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Сарнайсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0051
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч М.Сансарсайхан (томилолтоор),
шүүгдэгч Х.А---р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х....чи овогт Хи.....ын А---рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908047911872 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х...и овогт Х....ын А---р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй 28 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ........
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Х.А---р нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 06-аас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ил зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.....йн өмчлөлийн ..... Гранд марк-2 загварын, иргэн ....... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслүүдийн салхины урд шилүүдийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас иргэн Д.Н....нд 130.000 төгрөгийн, иргэн Д.....ад 250.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А---р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1.Гэрч Р.Н......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......талын төлбөртэй зогсоолын харуулын ажил хийдэг. 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед манай зогсоол дээр дөрвөн залуу хоёр машинаа манай зогсоол дээр байрлуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа уг залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд, муудалцаад нэгнийхээ машины салхины шилийг хагалаад байх шиг байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11)
2. Гэрч Д.Н....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай тээврийн хэрэгсэл байршуулдаг ил зогсоол Сонгинохайрхан дүүргийн ..... буудлын зүүн талд байрладаг. ...Би ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ил зогсоол дээрээ очсон чинь тухайн шөнө жижүүрт гарч байсан Норовсамбуу нь надад хэлэхдээ “урьд шөнө 4 залуу ирээд машинаа манайд байрлуулаад шөнө буцаж ирээд машиндаа орж сууж байгаад маргалдаад гарч ирээд 1 нь тэнд байсан 2 машины урд салхины шилийг цохиод хагалчихсан гэж хэлсэн. Өөр зүйлийн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
3. Хохирогч Д.Ня....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр багын найзууд болох А---р, Тулга, Цэ....ом нартай уулзана гээд тохирчихсон байсан. Тэгээд би тухайн орой 22 цагийн үед ажлаа тараад ...Сонгинохайрхан дүүргийн 19.... буудлын ард байрлах төлбөртэй ил зогсоол дээр өөрийн унаж явсан ... улсын дугаартай “Grand Mark 2” тээврийн хэрэгслээ байрлуулсан. Мөн манай найз Т....аа нь ..... “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслээ уг зогсоолд байрлуулсан. Тэгээд бид нар замын эсрэг талд байрлах Жавхлант төвийн хоёр давхарт байрлах “Жи” нэртэй бааранд орж тэндээ 0.75 граммын “Eden” нэртэй архи аваад хувааж уусан. Бид нар тэндээс 02 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Kenzo” нэртэй бааранд орж пиво ууж, бүжиглэж байгаад 04 цагийн үед гараад буцаад машин байрлуулсан газраа такси бариад ирсэн. Тухайн үед манай найз Цэ....ом нь уг такситай гэртээ харилаа гээд явсан. Тэгээд А---р, Тулгаа бид 3 машин дээрээ очоод би машинаасаа гэрийн түлхүүрээ аваад явах гэтэл Тулгаа, А---р хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад би Тулгааг аваад зам хөндлөн гараад алхаад явсан. Тухайн үед А---р ард буцаад хүрээд ир гээд орилоод байсан. Тэгж байснаа А---р нь Т....йн машины урд салхины шилийг хагалсан. Дараа нь миний машины шилийг хагалсан. Тэгээд би уг ил зогсоолын манаачид наадхаа болиулаач гэсэн чинь тухайн манаач нь цагдаа дуудаад цагдаа нар ирээд бид гурвыг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...А---р нь газраас юм аваад машины шилийг нэг удаа цохиж хагалсан. Яг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй, чулуу байж магадгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
4. Хохирогч Б.Т.....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр багын найз А---р, Ня.....эн нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр болох Цахилгаан тээврийн урд талд байрлах төлбөртэй зогсоолд найз Д.Н....ийн ...... улсын дугаартай машины хамтаар өөрийн ...... улсын дугаартай машинаа зэрэгцүүлэн зогсоолд байрлуулсан. Тэгээд замын эсрэг талын “Жи” нэртэй баарны караокед орж сууж байгаад тэндээсээ 01 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 1-р дүгээр хороололд байх “Kenzo” нэртэй бааранд очиж бүжиглэж байгаад нэлээн согтсон байсан. ...шөнийн 04 цагийн үед А---р нь “би нисэх явна, тэрний оронд та хоёрын машинд ороод хоноод явчихъя” гэхээр нь би “чи одоо шууд гэр лүүгээ яв, бид хоёр шууд гэр лүүгээ явлаа” гэж хэлтэл А---р “та хоёр нийлж намайг хаях” гэлээ гэж уурлаж эхэлсэн. Тэгээд бид гурав тэндээсээ гараад машин дээрээ очтол А---р “машинд чинь сууя” гээд байхаар нь “чи одоо харьчихаа бид хоёр одоо явлаа” гээд баахан зууралдаж байгаад бид машиныхаа хажууд А---рыг үлдээчхээд замын эсрэг талд гараад “А---р удахгүй явчих байх” гээд Нямцэрэнтэй ярилцаад зогсож байтал А---р “машины чинь шилийг хагаллаа шүү” гээд орилоод байхаар нь арай ч хагалахгүй байх гэж бодож байтал хагалчихсан. Тэгтэл нөгөө төлбөртэй зогсоол хариуцаж байсан ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33)
5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 1350 дугаар тайланд “...“Grand Mark 2” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил ...130.000 төгрөг, ...“Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил ...250.000 төгрөг, ...нийт дүн 380.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 38-41),
6. Шүүгдэгч Х.А---рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз Н....эн, Ту...а нартай маргалдсан уурандаа машины цонхнуудыг нь гараараа цохиж хагалсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 ),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 77), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 69-70, 78, 81-81), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 80), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 83-84) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.А---рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.А---р нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр найз Д.Н....эн, Б.Т...аа, Ц....ном нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Депогийн автобусны буудлын зүүн талд байрлах ил зогсоолд байрлуулсан найз Д.Ня...эн, Б.Т...аа нарын тээврийн хэрэгслүүд дээр 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн орчим иржээ. Ийнхүү Д.Н...эн, Б.Т.....аа нар нь өөрсдийн тээврийн хэрэгслээс эд зүйл аван гэр гэртээ харих болоход Х.А---р нь “манай гэр хол машинд чинь хоночхоод явъя” гэж маргаан үүсгэн тэдний тээврийн хэрэгслүүдийн урд салхины шилийг хагалсан болох нь
- Гэрч Р.Но...угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудлын ар талын төлбөртэй зогсоолын харуулын ажил хийдэг. 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед манай зогсоол дээр дөрвөн залуу хоёр машинаа манай зогсоол дээр байрлуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа уг залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд, муудалцаад нэгнийхээ машины салхины шилийг хагалаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11)
- Гэрч Д.Ня...н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ил зогсоол дээрээ очсон чинь тухайн шөнө жижүүрт гарч байсан Н....буу нь надад хэлэхдээ “урьд шөнө 4 залуу ирээд машинаа манайд байрлуулаад шөнө буцаж ирээд машиндаа орж сууж байгаад маргалдаад гарч ирээд 1 нь тэнд байсан 2 машины урд салхины шилийг цохиод хагалчихсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Хохирогч Д.Н.....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр багын найзууд болох А---р, Тулга, Ц....ном нартай уулзсан. ...би ...орой 22 цагийн үед...Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудлын ард байрлах төлбөртэй ил зогсоол дээр өөрийн унаж явсан ..... улсын дугаартай “Grand Mark 2” тээврийн хэрэгслээ байрлуулсан. Мөн манай найз Т..аа нь ...... улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслээ уг зогсоолд байрлуулсан.
Тэгээд бид нар замын эсрэг талд байрлах Жавхлант төвийн хоёр давхарт байрлах “Жи” нэртэй баар... Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Kenzo” нэртэй бааранд орж пиво ууж, бүжиглэж байгаад 04 цагийн үед гараад буцаад машин байрлуулсан газраа ....ирсэн. ...А---р, Ту...аа бид 3 машин дээрээ очоод би машинаасаа гэрийн түлхүүрээ аваад явах гэтэл Т....аа, А---р хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад би Тулгааг аваад зам хөндлөн гараад алхаад явсан. ...Тэгтэл А---р нь Тулгаагийн машины урд салхины шилийг хагалсан. Дараа нь миний машины шилийг хагалсан.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Хохирогч Б.Ту....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 04 цагийн үед А---р нь “би нисэх явна, тэрний оронд та хоёрын машинд ороод хоноод явчихъя” гэхээр нь би “чи одоо шууд гэр лүүгээ яв, бид хоёр шууд гэр лүүгээ явлаа” гэж хэлтэл А---р “та хоёр нийлж намайг хаях” гэлээ гэж уурлаж эхэлсэн. Тэгээд бид гурав тэндээсээ гараад машин дээрээ очтол А---р “машинд чинь сууя” гээд байхаар нь “чи одоо харьчихаа бид хоёр одоо явлаа” гээд баахан зууралдаж байгаад бид машиныхаа хажууд А---рыг үлдээчхээд замын эсрэг талд гараад “А---р удахгүй явчих байх” гээд Нямцэрэнтэй ярилцаад зогсож байтал А---р “машины чинь шилийг хагаллаа шүү” гээд орилоод байхаар нь арай ч хагалахгүй байх гэж бодож байтал хагалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33)
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 1350 дугаар тайланд “...“Grand Mark 2” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил ...130.000 төгрөг, ...“Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил ...250.000 төгрөг, ...нийт дүн 380.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 38-41),
- Шүүгдэгч Х.А---рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз Ня...эн, Ту...аа нартай маргалдсан ууран даа машины цонхнуудыг нь гараараа цохиж хагалсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 ) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.А---р нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.А---рын нэг цаг хугацаанд хэд хэдэн өмчлөгчийн эд хөрөнгийг хагалсан үйлдэл нь дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.А---рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А---р нь бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь бусдад учруулсан дээрх хохирлыг төлсөн болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 83, 84) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэх үзэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Х.А---рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А---р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.А---рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.А---рт торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1908 0479 11872 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ха....чи овогт Х....хын А---рыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А---рыг 1500 ( мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А---р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ