Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 0073

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Ундрах,

шинжээч эмч О.Оюунбаясгалан

шүүгдэгч А.М.......ой түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Б.........он овогт А.......лын М.......ойг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0051 90235  дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт А.......лын М.......ой, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... оршин суух бүртгэлтэй гэх, регистрийн дугаар ..........., урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар саырн 03-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураагүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.М.......ой нь Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........худалдааны төвийн 2 давхарт байрлах биллиард дотор иргэн Г.Д....ржийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан барьж байсан биллиардын цохиур мод болон шаригаар гар толгой тус газар нь цохиж хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч А.М.......ой мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шинжээч эмч О.Оюунбаясгалан мэдүүлэхдээ: “...хохирогчийг биеэр үзээгүй. Мөрдөгчөөс ирүүлсэн баримт дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Тус материал дээр Г.Д....рж эрэгтэй, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед гэмтсэн 00 цаг 10 минутад ирж үзүүлсэн. Зүүн гарын чигчий хурууны алганы далд хугарал гэсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зураг дээр хугарал нь тодорхой харагдаж байгаа. Зүүн гарын чигчий хурууны алганы ясны далд хугарал гэсэн байгаа...Түргэний эмч тухайн хавдартай байгаа гарны гэмтлийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Тухайн гэмтсэн хэсгийг ойролцоогоор тогтооно. Нарийвчилж зураг авахуулж байж тухайн гэмтсэн хэсгийг тогтоодог...Гар хавдана, улайна, өвдөлттэй байна...Эмч нь бичихдээ андуурсан байх...Алганы ясыг шивнүүр ч гэж нэрлэж болно...Эмч нарын өөр өөрсдийн бичиглэл байдаг. Гэхдээ эдгээр нэр томъёо нь нэг нэр томъёо ...Савхан яс хугарахыг хөндлөн хугарал гэнэ...Сэтэрсэн гэдэг нь хугарлын шинж чанар. Харин шивнүүр гэдэг нь тухайн ясны нэршил...Алга ясны толгой хэсгээр гэмтэл учирсан байх...Рентген зургаас харагдаж байна...Тухайн сиди дээр нь нэр, он сар нь бичээтэй байдаг ...Сидиг өвчтөн өөрөө хадгална. Аппарат дээр ойрын 5, 6 жилийн зургууд хадгалаатай байдаг... Сиди үзсэн. Тус угаалгасан зургийг хохирогчийнх гэдгийг ... Сиди уншуулахаар нэр нь гарч ирдэг ...Зайлшгүй шаардлагатай үед үздэг. Гэхдээ энэ тохиолдолд заавал хохирогчийг биечлэн үзэх шаардлага байгаагүй ...Хэрвээ тэр баримтууд шаардлагатай бол байцаагчаас нь авч үздэг...Гэмтлийн эмнэлгийн ирүүлсэн баримт, сиди, томографи зураг зэрэг баримтуудаар үндэслэн дүгнэлт гаргасан тул үндэслэлтэй...Түргэний эмч шууд нүдээр хараад мэдэх боломжгүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, гэмтлийн зураг авч байж тодорхой мэдэх боломжтой...Эмч нь бичихдээ андуурч бичсэн байх гэж бодож байна ...Цэцэгмаа эмчийн дүгнэлт буруу дүгнэлт байна...Мэс заслын оёдол тавигдсан байх тул бага хэмжээгээр гарна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Г.Д....ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан .дүгээр хоро..оны нутаг дэвсгэрт байрлах Гү....ваа худалдааны төвд байдаг биллиардын газарт 2019 оны 01 дүгээр сарын 20-ны 19 цагийн үе байж байсан чинь зүс таних М.......ой гэх залуу хүрч ирээд намайг биллиард тоглуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй байж байсан чинь намайг биллиардын цохиур модоор миний зүүн чихний орчимд цохисон. Тэгэхээр нь би “чи согтуу байна боль” гэж хэлээд байж байсан чинь улам над руу дайраад агсарч байснаа дахиж намайг цохиход нь би цохиур модыг нь зүүн гараараа хаасан. Тэгтэл дараа нь над руу гурван ширхэг биллиардын цохиур бөмбөг шидсэн. М.......ойн эхэлж шидсэн 2 цохиур бөмбөг нь намайг оноогүй 3 дахь ... нь миний толгойг онож, миний толгойг хагалсан. Тэгээд намайг дахиж цохих гээд дайраад байсан...миний зүүн гарын сарвууны яс хугарсан, одоо биеийн байдал сайжирч байгаа миний бид учирсан гэмтлийг зүс таних М.......ой гэх залуу биллиардын цохиур мод, бөмбөгөөр цохиж учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

2. Гэрч Э.Б........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.......ой, М......т, У......р нарын хамт миний ажилладаг нүүрс буулгадаг газарт бид нар хоёр шил архи уучхаад 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.........аа худалдааны төвийн хоёр давхарт байрлах биллиард тоглоомын газар тоглох гэж ороод тоглож байтал найз М.......ойг зүс таних танил залуу нь хамт тоглоё гээд байх шиг байсан. М.......ой дагуулаад цаад буланд очсон удалгүй нөгөө залуу орилж гараад хоёр цагдаа дагуулж орж ирээд М.......ойг аваад гарсан...тэр залуу бид нартай хамт тоглох гээд байх шиг байсан М.......ой үгүй гэж татгалзаад түүнийг биллиардын газрын булан руу дагуулаад аваад явсан юугаар хаана нь цохисон үгүйг мэдэхгүй байна намайг зодсон гээд...ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

3. Гэрч Г.У......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.......ой, М......т, Б........д гэх гурван найзын хамт эхлээд Б........дын ажил дээр очиход манай хоёр найз Б........дтой хамт ажилладаг хүмүүстэй 2 шил архи хувааж уусан. М......т бид хоёр архинаас нь уугаагүй 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...........дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.........аа худалдааны төвийн хоёр давхарт байрлах биллиард тоглоомын газар тоглож байтал зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай М.......ой муудалцаад эхэлсэн. Тэр үед М.......ой барьж байсан биллиардын цохиур модоор сүүлд нэрийг мэдсэн Д....рж гэх залууг цохиод авахаар нь би очиж салгасан. Тэгтэл Д....рж...цагдаа дагуулж орж ирээд М.......ойг аваад гарсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. М.......ой модон цохиураар цохиод авахаар нь би салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1602 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...эрүүний зүүн талд тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн шууны дээд хэсгээс хурууны уг хүртэл гөлтгөнөн боолттой. Зүүн зулайд босоо байрлалтай 2 см мэс заслын оёдол бүхий шархтай.

...2019.01.22-ны өдрийн толгойн КТГ-д: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...зулайн ар хэсгийн зөөлөн эдэд хаван хавдар ихтэй... гэжээ.

1. Г.Д....ржийн биед ...зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18)

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 55 дугаартай дүгнэлт

...ГССҮТ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд: Ганчимэг овогтой Д....рж /ТД89103091/, нас 30, эрэгтэй 2019.01.20-ны 19:00 цагийн үед гэмтсэн. 2019.01.21-ний 00:10 цагт эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн онош: зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, толгойд няцарсан шарх, тархи доргилт. ...гэжээ.

-2019.01.21-нйи гавал, зүүн сарвуун рентген /CD-1ш, хэвлэмэл зураг-2ш/-р: Г.Д....рж, эрэгтэй, 29 настай, Гавал ясанд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй. Зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр яс толгой хэсгээр хөндлөн хугарч, бага зэрэг зөрсөн. 2019.12.31 эмч О.Оюунбаясгалан гэжээ...ДҮГНЭЛТ

1. Хохирогч Г.Д....ржийн зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Сэлтэрсэн хугарал гэдэг нь хугарлын шинжийг зааж байгаа, шивнүүр гэдэг нь ясны нэршил зааж байгаа хоёр өөр ойлголт юм. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.

4. Хохирогчийн зүүн зулайд босоо байрлалтай 2 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 138-146)

6. Шүүгдэгч А.М.......ойн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Б........д М......т У......р нарын хамт хоёр шил архи хувааж уучхаад 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.........аа нэртэй худалдаан төвийн хоёр давхарт байрлах биллиард тоглоомын газарт ороод тоглож байтал зүс таних танил Д....рж тэнд тоглоогүй байж байсан. Би найзуудтайгаа тоглож байтал хүрч ирээд “хамт тоглох уу” гэхээр нь би “чамтай тоглохгүй би найзуудтайгаа тоглож байна” гээд хэлтэл Д....рж чи “баяжчихсан юм уу” гээд хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд би түүнтэй маргалдаж байгаад барьж байсан биллиардын модон цохиураар нэг удаа толгой руу нь цохиход зүүн гараараа хааж байсан. Би биллиардын цохиур бөмбөг шидэхдээ толгой руу нь шидээгүй доошоо шидсэн түүнийг оноогүй өнгөрсөн. Тэгтэл Д....рж гүйж гарч яваад удалгүй хоёр цагдаа дагуулж орж ирээд намайг авч яваад саатуулсан...би дээрх гэмтлийг гартаа байсан модон цохиураар нэг удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 67), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 41-50), Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 30), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 51) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.М.......ойд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.М.......ой 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г.........аа” худалдааны төвийн ......... давхарт байрлах биллиард тоглоомын газарт тоглож байхад хохирогч Г.Д....рж нь тухайн тоглоомын төвд байсан байна. Улмаар хохирогч Г.Д....рж нь А.М.......ой болон түүний найз нартай хамт тоглох санал тавьжээ. Ингэхэд нь А.М.......ой татгалзсан байх бөгөөд ийнхүү татгалзсаны хариуд Г.Д....рж нь түүнийг “баяжчихсан юм уу” гэх зэргээр зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжилсонд нь А.М.......ой нь уурлаж Г.Д....ржийн толгой тус газар нь биллиардын цохиур модоор цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн зулайд шарх гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан болох нь

- Хохирогч Г.Д....ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.........аа худалдааны төвд байдаг биллиардын газарт 2019 оны 01 дүгээр сарын 20-ны 19 цагийн үе байж байсан чинь зүс таних М.......ой гэх залуу хүрч ирээд намайг биллиард тоглуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй байж байсан чинь намайг биллиардын цохиур модоор миний зүүн чихний орчимд...цохиход нь би цохиур модыг нь зүүн гараараа хаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- Гэрч Э.Б........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...биллиард тоглоомын газар ...тоглож байтал найз М.......ойг зүс таних танил залуу нь хамт тоглоё гээд байх шиг байсан. ...М.......ой үгүй гэж татгалзаад түүнийг биллиардын газрын булан руу дагуулаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- Гэрч Г.У......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.........аа худалдааны төвийн хоёр давхарт байрлах биллиард тоглоомын газар тоглож байтал зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай М.......ой муудалцаад эхэлсэн. Тэр үед М.......ой барьж байсан биллиардын цохиур модоор сүүлд нэрийг мэдсэн Д....рж гэх залууг цохиод авахаар нь би очиж салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1602 дугаар дүгнэлт “...1. Г.Д....ржийн биед ...зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 55 дугаартай дүгнэлт “...1. Хохирогч Г.Д....ржийн зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ....4. Хохирогчийн зүүн зулайд босоо байрлалтай 2 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 138-146),

- Шүүгдэгч А.М.......ойн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.........аа нэртэй худалдаан төвийн хоёр давхарт байрлах биллиард тоглоомын газарт ороод тоглож байтал зүс таних танил Д....рж тэнд тоглоогүй байж байсан. Би найзуудтайгаа тоглож байтал хүрч ирээд “хамт тоглох уу” гэхээр нь би “чамтай тоглохгүй би найзуудтайгаа тоглож байна” гээд хэлтэл Д....рж чи “баяжчихсан юм уу” гээд хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд би түүнтэй маргалдаж байгаад барьж байсан биллиардын модон цохиураар нэг удаа толгой руу нь цохиход зүүн гараараа хааж байсан. Би биллиардын цохиур бөмбөг шидэхдээ толгой руу нь шидээгүй доошоо шидсэн...би дээрх гэмтлийг гартаа байсан модон цохиураар нэг удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М.......ой нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.М.......ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.М.......ой нь хохирогч Г.Д....рж нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цагт буюу өдрийн 13 цагт эмнэлэгт үзүүлсэн байна. Тиймээс миний цохисны улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна гэж, түүний өмгөөлөгчөөс  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон гавал, зүүн сарвуун рентген CD-1ш, хэвлэмэл зураг-2ш зэрэг нь хохирогчийнх мөн эсэх, мөн бол хохирогч нь хэзээ авхуулсан зураг эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон, түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны гэмтсэн он, сар, өдөр, цаг минут: гэх хэсэгт 19/01/20 1900, ... үзүүлсэн он, сар, өдөр, цаг минут: гэх хэсэгт 19/01/21 0016 гэж, ...авсан арга хэмжээ: гэх хэсэгт ...R0 толгой, шуу гэж (хавтаст хэргийн 138-146), шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шинжээчийн 2020 оны 55 дугаар дүгнэлтийн үндэслэл болсон CD бичлэгийн “syngo_fV” гэх файлыг тоглуулахад “FastVeiw Browser” гэх файл нээгдэх бөгөөд дээрх файлын дэс дугаар 4 дэх гарын рентген зураг дээр дарахад тухайн зургийн зүүн дээд өнцөгт  латинаар “dawaadorj,ganchimeg_n, ID: TD89103091, *89.10.30, M, 19.01.21, 0:26:57” гэж (хавтаст хэргийн 142-143) бичигдсэн байна.

Дээрх баримтаас үзвэл хохирогч нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн байх бөгөөд тухайн гэмтлээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 00 цаг 26 минут 57 секундэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зургаар үзүүлсэн байна. Тиймээс шүүгдэгчийн хохирогч нь өдөр эмнэлэгт үзүүлсэн байна гэх болон түүний өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар 128.000 (хавтаст хэргийн 16, 17) төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 71, 72) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.М.......ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 188 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх.

Шүүгдэгчид оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийн хорих ялын 1 нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан торгох ялыг 160 хоногийн хорих ялаар тогтоож 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.М.......ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй. Харин А.М.......ой нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял нь 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Мөн тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэгт тооцогдох ба мөн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал гэх ойлголт 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдаагүй. Тиймээс А.М.......ойд урьд үйлдсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.М.......ой нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч А.М.......ой нь гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын хэр хэмжээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.0000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.М.......ой нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Ийнхүү тэнсэж хянан харгалзсан хугацаанд түүний урьд үйлдсэн гэмт хэрэг илэрч тухай үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураагүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

Тодруулбал 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2 жилээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан тул оногдуулах ялын дээд хэмжээ нэмэгдэж хүндэрчээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М.......ойн урьд тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарч байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад 8 жил болж, гурван жилээр нэмэгдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.” гэж зааснаар түүнд урьд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн тогтоох буюу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн тэрээр урьд 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялгүй болж хөнгөрчээ.

Шүүгдэгч А.М.......ой нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаа биечлэн эдлээгүй ялтан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хууль зүйн үр дагавар үүсгэсэн 188 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй юм. Харин тус тогтоолоор нэмж нэгтгэсэн буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөндөлгүйгээр шүүгдэгч А.М.......ойд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.М.......ойд энэ тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож нийт 60 хоногийн ялыг өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг шинжээчийн дүгнэлт хамт шүүхэд хүргэгдэж ирсэн цагаан өнгийн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 1908 0051 90235 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус  дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А.......лын М.......ойг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.......ойг 900 (есөн зуу) нэгж буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.М.......ойд оногдуулсан 900 нэгжийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан  торгох ялыг 60 хоногоор тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М.......ойд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгж буюу 60 хоногийн ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав)  жил 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М.......ойн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирсэн цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ болон урьд шийтгүүлсэн хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.М.......ойд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний  эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ