Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 175/2020/0220/Э |
Дугаар | 17 |
Огноо | 2019-12-27 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 17
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрбаатарын Гантөмөр, Боржигон овогт Энхцэцэгийн Батхүү нарт холбогдох 1931003140192 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 3 дугаар баг, Цөх гэх газарт оршин суух, Хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/121 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэл эдэлж байсан, Боржигон овогт Төмөрбаатарын Гантөмөр /РД:МА90120236/, Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, ТЗ-ын 2-р 60 айл 39 тоотод оршин суух, Хувиараа мал маллаж тус сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 210- Бтоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхцэцэгийн Батхүү /РД:МЬ90100211/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Гүн нуур” гэх газраас иргэн Г.Түвшинтөгс, Ц.Алтаргана нарын эзэмшлийн аяны майхан нэг, аяны хөнжил 3 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: 2 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Гүн нуур” гэх газраас иргэн Г.Түвшинтөгс, Ц.Алтаргана нарын эзэмшлийн аяны майхан нэг, аяны хөнжил 3 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Т.Гантөмөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би Э.Батхүүг машин бариулах гэж авч явсан. Нуурын эрэг дээрээс майхан авсан нь миний буруу. Хэрэг хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Би тэр үед хадланд явах гэж байсан болохоор сүлжээгүй газар очих юм чинь гэж бодоод авсан зүйлсээ таньдаг эгчийнхээ гэрт үлдээгээд явсан байсан....” гэх мэдүүлэг , Шүүгдэгч Э.Батхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Т.Гантөмөр "Манай ангийнхан ирсэн. Хамт яваад ирье" гэсэн юм. Тэгээд очиж 3 пиво уусан. Шөнө 3,4 цагийн үед ангийнх нь хүүхдүүд явсан. Бид хоёр бас буцах гэтэл машин элсэнд суучихсан байхаар нь Т.Гантөмөрийг ивэх зүйл олоод ир гэж явуулсан. Гэтэл майхан аваад хүрээд ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг , Хохирогч Г.Түвшинтөгсийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн найз Э.Одмандах, түүний найз охин Энхжин нарын хамтаар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн нуур” гэх газар луу амрахаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16-17 цагийн хооронд Э.Одмандахын 40-35 УНА улсын дугаартай “Лексус” маркийн авто машинтай явсан. Тэр газарт маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед очсон. Бид нар очоод тэнд байсан амралт дээр очиход хүн байхгүй, үнэтэй байсан болохоор нуурын эрэг дээр майхнаа барин хоол унд хийж идсэн. Ингээд бид нар сууж байтал 18 цагийн үед цагаан өнгийн “Портер” машинтай 6 залуу ирж, тэр залуучууд “Гүн нуур”-т усанд орсон. Тэгээд яваад өгсөн. 1 цагийн дараа өөр тэдгээр залуучууд “Истима” маркийн машинтай ирсэн. Тэгээд голын эрэг дээр бил нарын хажууд архидаж эхэлсэн. ...Тэгээд майхны гадна талд ирж “хөөе майхан руу чинь бие засаж болох уу?” гэхэд хамт явсан эмэгтэй нь “боль” гэж хэлж байсан. Тэгээд бид майхан дотроос хэрэгтэй зүйлээ авч машинд сууж явсан. Бид Алтанбулаг сумын төв рүү явсан. Араас нөгөө хүмүүсийн машин маш хурдтай ирж хажуугаар гарч явсан. Ингээд бид сумын цагдаагийн хэсэг рүү орж хэлсэн. Тухайн үед бид нар шахатуун аваад буцаж “Гүн нуур” очиход бид нарын майхан, мишок алга болсон болохоор цагдаад хэлсэн. Миний мишок цэнхэр хөх өнгийн 1 хүнийх, дотор тал нь хар саарал өнгөтэй, хэрэглэж байсан юм. Миний мишок зах зээлийн үнээр 176,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар тал/, Хохирогч Ц.Алтарганы 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би яг юу болсон талаар тодорхой мэдэхгүй. Манай найз Э.Одмандах “хөдөө яваад ирэх гэсэн юм” гээд майхан 1 ширхэг, мишок 2 ширхэг зэргийг гуйж авч явсан. Тэгээд ирэхдээ бүх зүйлээ хулгайд алдсан гэж хэлсэн. Өөр болсон явдлын талаар хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, Гэрч Э.Одмандахын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарыг нуурын эрэг дээр амарч байхад зөндөө олон хүмүүс байсан бөгөөд шөнийн 3 01 цагийн үед нуурын эрэг дээр манай машин, бас нэг 8-9 залуучуудтай “Истима” маркийн машин байсан. Тэгсэн нөгөө залуучууд согтуугаар бид нарыг “хаана ямар учиртай хүмүүс ирээд амарч байгаа юм бэ?” гэх мэт зүйл асуугаад байсан. Ингээд майхнаа хурааж амжилгүй үлдээгээд машинтайгаа сумын төв рүү явахад араас нөгөө “Истима” маркийн машинтай хүмүүс хөөгөөд байсан. Нөгөө залуучууд бид нарыг хөөж байгаад бмд нарыг хар зам дээр гүйцэж түрүүлээд явчихсан. Ингээд яваад өгөхөөр нь эргээд байрлаж байсан газартаа очиж майханаа авъя гэж бодоод очиход майхан, мишок алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, Гэрч О.Одхүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн оройн 21 цагийн үед Э.Батхүү, Бат-Эрдэнэ нарын хамт хүн тээвэрт явдаг нэг эмэгтэйгээс “Гүн нуур” хүргээд өгөөч гэж гүйсан. Тэгээд бид нар амралтын газар орох гэж байгаад болиод голын эрэг дээр жаахан юм ярьж сууя гээд голын эрэг дээр ирсэн. Тэгээд миний утаснаас Бат-Эрдэнэ Т.Гантөмөр рүү залгаж дуудсан. Тэгэхэд Т.Гантөмөр нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд бид нар нуурын эрэг дээр юм ярьж суусан. Ингэж суухдаа нуурын эрэг дээр гал асааж хөгжим тавьж суусан юм. Бид нар нуурын эрэг дээр ойролцоогоор шөнийн 02 цаг хүртэл суусан. Ингээд бид нар Алтанбулаг сумын төв рүү ирж тус тусын гэртээ амарсан....” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар тал/, Гэрч Д.Ганчимэгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 сард л байх Т.Гантөмөр манай гэрийн гадна мотоциклтэй ирээд “Ганчимэг эгчээ танайд үүнийг түр тавьчих уу?” гэхээр нь би “за” гэж хэлсэн чинь нэг шуудайтай зүйл тавьсан. Тэгээд 10 хоногийн дараа ирж авсан. Чухам юу байсан эсэхийг би мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-н 35 дугаар тал/, Шүүгдэгч Т.Гантөмөрийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр “Гүн нуур” нэртэй газарт очихдоо дэлгүүрээс “Боргио” пиво 1 ширхэгийг аваад очсон. Э.Батхүү бид хоёрыг очих үед Отгонзул, нөхөртэйгөө, Отгонзулын дүү нар гал түлээд нуурын эрэг дээр сууж байсан. Нуурын эрэг дээр очиж цуг байсан хүмүүстэй нь танилцаад хамт пиво ууцгаасан. Би тухайн үед пиво уугаад жаахан согтсон. Тэгсэн хэдэн цаг болж байсан талаар сайн мэдэхгүй, шөнө дунд Отгонзул “Алтанбулаг сум руу хүргээд өг” гэхээр нь” согтуу болохоор машин барьж чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Алтанбулаг сумаас такси дуудсан. Такси ирээд Отгонзул, нөхөртэйгөө, дүү гурав нь хамт явсан. Э.Батхүү бид хоёр үлдсэн пиво уугаад үлдсэн. Явах гэсэн чинь машин маань элсэнд суучихсан. Тэгэхээр нь ойр орчим дугуйн доор хийчих зүйл хайгаад явж байхад бид нарын байсан газраас жаахан цаахан талд майхан байсан, тэр майханд хүмүүс байгаа байх гэж бодоод очоод майхныг онгойлгож харсан чинь хүнгүй байсан ба майханд мишок 3 ширхэг, гудас 1 нэг ширхэг байсан. Тэгэхээр нь согтуу хүмүүс хаяад явсан юм байна гэж бодоод тухайн мишок, гудас, майхан зэргийг аваад машиныхаа ачаан дээр тавиад гэр рүүгээ явсан. ...Тухайн үед унаж хэрэглэж байсан “Портер” маркийн машин 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шатаад дахин ашиглах боломжгүй болсон байгаа. Би “энэ машинаараа гэмт хэрэг үйлдэх гэж нуурын эрэг ороогүй гэдгээ хэлэх гэсэн юм”. Нуурын эрэг явахдаа машинтайгаа очсон, тухайн эд зүйлсийг авсан болохоор машиндаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 67-69 дүгээр хуудас/, Шүүгдэгч Э.Батхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний орой Алтанбулаг сумын Цөх нэртэй хөдөө гэртээ амарч байхад Т.Гантөмөр намайг дуудаж уулзаад “Гүн нуур” нэртэй газарт очиж пиво ууя, бас манай ангийнхан ирчихсэн намайг дуудаад байна, хамт явчихаад ирье гэхээр нь зөвшөөрч хамт явахаар болсон. Т.Гантөмөр манай урд талын хөрш айл байсан. Орой хэдэн цаг байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан цаг орой үед Т.Гантөмөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй “Гүн нуур” явсан. Нуурын эрэг дээр очих үед Т.Гантөмөрийн ангийн хүүхэд болох нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүмүүс байсан. Т.Гантөмөр бид хоёр төвөөс авчирсан 2 том “Нийслэл” нэртэй пиво ангийнхан хүүхдүүдтэй хувааж уусан. Нуурын эрэг дээр барагцаагаар шөнийн 04 цаг хүртэл суусан. ...Ингээд байж байхад Т.Гантөмөрийн ангийн хүүхдүүд төвөөс 4 такси дуудсан юм шиг байна лээ. Нэг “Истима” маркийн авто машин ирээд нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс явцгаасан ба Т.Гантөмөр бид хоёр нуурын эрэг дээр үлдсэн. Нуурын эрэг дээр Т.Гантөмөр бид 2 үлдсэн тал пиво хувааж уугаад явах гэтэл портер машин нь элсэнд суугаад гарахгүй байсан. Тэгэхээр нь элс гараараа малтаж байхад Т.Гантөмөр ойр орчим дугуйнд ивэх зүйл хайж явсан. Тэгсэн Т.Гантөмөр 1 майхан, мишок зэрэг зүйлсийг машиныхаа ачаан дээр гаргаж тавьсан. ...ямар ч байсан машинаа элснээс гаргаад гэр рүүгээ очоод Т.Гантөмөр надад нэг мишокийг өгсөн. Би 1 мишокийг нь аваад гэртээ орж амарсан...Бусдын эд зүйлийг хулгайлах санаа зорилго надад байгаагүй. Нада мишокийг зарж, ашиг олъё гэж бодоодгүй. Т.Гантөмөр бид 2 анхнаасаа хулгай хийх гэж “Гүн нуур” руу яваагүй. Миний мэдэхийн 1 ширхэг майхан, 1 ширхэг мишок, 1 ширхэг гудас байсан. Т.Гантөмөр бид 2 болохоор буцаад машинтайгаа явах учраас тухайн эд зүйлийг машины ачаа хэсэг дээр нь тавиад явчихсан....” гэх мэдүүлэг /хх-н 59- 61 дүгээр хуудас/ зэрэг болно. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-017 үнэлгээний тайлан /хх-н 43-45 дугаар тал/, Эд мөрийн баримт хураан авч, утасанд үзлэг хйисэн тухай тэмдэглэл /хх-н 05-07 дугаар тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 09-13 дугаар тал/, Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-17 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ххийн 72 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 75 дугаар тал/, Шүүгдэгч Т.Гантөмөрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 99дүгээр тал/, Шүүгдэгч Э.Батхүүгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 100 дугаар тал/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48,49,50,51 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 54-56, 62-64 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь хохирогч хохирогч Г.Түвшинтөгс, Ц.Алтаргана нарын 1 ширхэг майхан, 3 ширхэг аяны хөнжлийг хулгайлан авч бусдад 1.037.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт 5 заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нарын гэмт үйлдлийн улмаас бусдад 1.037.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Түвшинтөгс, Ц.Алтаргана нарт шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нарын зүгээс эд зүйлийг бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Улсын яллагчаас санал болгосон хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Гантөмөр, Боржигон овогт Энхцэцэгийн Батхүү нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Гантөмөр, Боржигон овогт Энхцэцэгийн Батхүү нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 01 6 /нэг/ жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Т.Гантөмөр, Э.Батхүү нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ