| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01302/и |
| Дугаар | 1358 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01302/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багт байрлах, *** ХХК /РД: 2050331, утас: 9937 9002/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д*** хэлтэст холбогдох
“Өмчлөгчөөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг дахь *** ХХК-ийн захирал Ц.Н*** би хуучнаар Дархан дахь *** ХХК-ийн өмчлөлд байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 81 мкв гарашийг Монгол дахь *** компаниас Ц.Н*** надад 201 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн актаар шилжүүлж өгч үүнээс хойш би өөрөө ашиглах, мөн бусдад түрээслүүлэх зэргээр өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд уг гараашийг өөрийн өмчлөлд авах хүсэлтээ Улсын бүртгэлийн хэлтэст гаргахад хууль ёсны өмчлөгч болохыг нотолсон шийдвэр байхгүй байна гэсэн. Иймд 2010 оноос хойш минйи өмчлөлд ирсэн гэж ойлгож байгаа тул миний өмчлөх эрхийг баталгаажуулж өгнө үү. Би энэ хугацаанд уг гараашийг өөрийн өмчлөлд ашиглах, бусдад түрээслүүлж цахилгаан, дулааны эрчим хүч ашигласны төлбөрийг гэрээ хийсэн газарт тасралтгүй төлж ирсэн. Одоо уг гараашийг бусдад худалдах, барьцаалах зэрэгт эрх маань зөрчигдөж байгаа тул уг гараашийг *** ХХК-ийн үндсэн хөрөнгөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж өгнө үү.
Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримтуудыг хавсаргаж өгөхөөр заасан боловч уг заалтын 13.5.1-д өмчлөлөө бүртгүүлэхээр хүсэлт гаргаж буй этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо нотолсон баримт бичиг гаргаж өгөхөөр хуульчилсан боловч уг баримт бичиг нь манай компанид байгаа Монгол дахь *** ХХК-ийн захирал Д.П.Р*** 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн “Өмч хүлээж авах болон хүлээлгэн өгөх тухай” акт байгаа тул хуулиар тогтоосон журмын дагуу хууль ёсны өмчлөгч нь мөн гэдгийг шүүх тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.5, 13.5 дахь хэсэгт заасан баримт бичгийн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу “Иргэн, хуулийн этгээд нь 3 дугаар зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэснийг үндэс болгон 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэсэлэл үгүй бол улсын бүртгэлд бүртгэх боломжтой болно.
*** ХХК нь манай байгууллагад хандаж байсныг би сайн мэдэхгүй байна. дарханд байгаа Оросын байруудын хувьд улсын бүртгэлд орсон байгаа. Тухайн үед гараашийг бүртгэх асуудлыг ярьж байгаагүй. Таны өмч мөн гэдгийг нотлох баримт байвал манайх бүртгэхүй байх шалтгаан байхгүй. “*** ” ХХК-иас хүлээж авахдаа үнэ тусгасан болон үнэ төлсөн баримт байвал бүртгэхэд татгалзах зүйл байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *** ХХК нь Дархан сумын*** хороололд байрлах 81мкв талбайтай автомашины гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *** ХХК нь Дархан сумын*** хорооололд байрлах 81мкв автомашиныг гараашийг эзэмшиж байгаа нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн түрээслэгч Т.Т*** тай түрээсийн төлбөр аван 2010 оны 11 дүгээр сарын 15-наас 2011 оны 12 дугаар сарын 31 хүртэл эзэмшүүлэх “Автомашины гарааш түрээслүүлэх гэрээ”, түрээслэгч Г.М*** той түрээсийн төлбөр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01 хүртэл эзэмшүүлэх “Автомашины гарааш түрээслүүлэх гэрээ” зэргээр тогтоогдож байна.
Маргааны зүйл болж байгаа Дархан сумын*** хорооололд байрлах 81мкв автомашины гараашийг өмчлөгч Монгол дахь “*** “ компани нь “Өмч хүлээж авах болон хүлээлэгэн өгөх тухай“ актаар 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн, өмчийн нөхцөл байдлыг дунд зэргийн зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн зохицуулалтын дагуу Монгол дахь “*** ” компанийн өмчлөх эрх дуусгавар болно.
Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн “Өмч хүлээж авах болон хүлээлэгэн өгөх т ухай“ акт нь нэршлийн хувьд акт гэж бичигдэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийг нөгөө этгээдэд шилжүүлэн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг зурж баталгаажуулсан байх тул талуудын хооронд байгуулсан хэлцэл гэж үзнэ.
Талууд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тухай актад үнийн талаар дурдаагүй бөгөөд, одоог хүртэл *** ХХК эзэмшилдээ байлган ашиглаж байгаа нь нотдлогдож байгаа, талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсогүй мөн өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзсан тохиолдол гараагүй байна.
Иймд *** ХХК нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1–д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь Дархан сумын*** хороололд байрлах, 81мкв талбайтай гараашийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ