Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 004

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Т.У, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Т-н У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910021450907 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан ажилтай, ам бүл 2, охины хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-н У /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.У нь 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын 3 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байсан хохирогч Д.М-ын эзэмшлийн 60-85 УБП улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашины гадна талыг үзүүртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.У: “...Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын 3 дугаар байрны хойд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 60-85 УБП улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус 30” маркийн автомашинаа байрлуулж тавиад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 45 минутын үед ажилдаа явах гээд машин дээрээ иртэл миний машиныг тойруулаад хурц үзүүртэй зүйлээр зурчихсан байхаар нь ойр орчимд камер байгаа эсэхийг хартал 3 дугаар байрны үзүүрт хяналтын камер байхаар нь ирж байгаад шүүе гэж бодоод шууд ажилдаа явсан. Орой нь ирээд “Нарлаг” СӨХ-ны камерыг шүүх гэтэл шүүдэг хүн нь байхгүй байсан. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камер шүүж үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг 10 минутанд үл таних нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн 3 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд машинаас буугаад орцны үүдэнд утсаар яриад байснаа, гэнэт наашаа алхаад миний машины ойролцоо газраас нэг зүйл аваад миний машин дээр очиж хойд талаас нь эхлүүлээд зүүн талын жолоочийн хаалга хүртэл юмаар зурж байснаа буцаад 2 дугаар орцны үүдэнд очоод утсаар ярьж байснаа орц руугаа орсон. Тэгэхээр нь би тэр хүнийг хэзээ гарч ирэх бол гээд бүтэн шөнийн бичлэгийг шүүхэд өглөө 08 цаг 25 минутын үед 2 дугаар орцноос миний машиныг зурсан эмэгтэй яг урьд шөнийн хувцастайгаа гарч ирээд өөрийнхөө автомашинд суугаад хөдлөөд явсан. Тэгээд тэр эмэгтэйн автомашин дээр байсан 99193041 гэсэн дугаараар нь шүүлгэхэд 3 дугаар байрны 2 дугаар орцны 20 тоотод оршин суудаг Ундармаа гэдэг эмэгтэй байсан. Ингээд би Ундармаатай утсаар ярьж миний машиныг зурсан байна, яаж байгаа юм бэ, би танд гомдол гаргаад цагдаад өргөдөл өгсөн гэхэд би хэзээ ч хүний машин зурахгүй, би хийсэн үйлдлээ мэднэ гээд байсан. Сүүлд утсаар ярихад эгч нь хохирлыг нь төлье, чи харин гомдолгүй гээд хүсэлтээ өгчих гэхээр нь би за гээд дансаа өгтөл надад 200,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг чамайг гомдолгүй гэж бичиж өгсний дараа шилжүүлье гэсэн. Миний машинд учирсан хохирол нь автын үнэлгээгээр 700,000 төгрөгөөр үнэлэгдсэн, үнэлгээний ажлын хөлс 40,000 төгрөг, нийт 740,000 төгрөгийн хохирол учраад байна. Надад мөн сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсанд гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 16-18/ гэсэн,

 

Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт Т.У ирж бид хоёр хамт хоносон. Би өглөө нь ажил хөөцөлдөх гээд эрт гарсан, Ундармаа манайд үлдсэн. Өглөө гарахдаа жаахан маргалдаад гарсан. Ундармаа над руу байнга залгаад байсан ба би нэг найзтайгаа уулзаад архи ууж байсан. Миний  утас цэнэггүй болоод унтарчихсан байхад Ундармаа хамт ууж байсан найзруу залгаж надтай ярьсан. Би согтуу байсан учраас одоо хоёулаа болъё, дахин надтай уулзах хэрэггүй гэж ярьсан байна лээ. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Төмөр замд найз Отгонбаярын гэрт нь хамт хоносон, өглөө Отгонбаяр ажилтай гээд явсан, би гэрт нь үлдсэн. Отгонбаяр гадуур архи уугаад явсан учир би Отгонбаяр луу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би уурандаа гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байр, 20 тоот руу шөнө гэртээ очсон. Би тухайн үед яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Би гэртээ орохдоо дээрх үйлдлийг хийсэн байх, би өөрөө юу ч санахгүй байна, бичлэг үзээд ч би өөрийгөө гэж бодоогүй. Тэр үед өглөө нь намайг машиндаа суух бичлэгийг надад харуулсан. Би үнэлгээтэй танилцсан, 2 удаа үнэлгээ гаргуулсан, одоо үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, би хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 4-5/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/,

- “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-28-31/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 44, 85, 86/,

- “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-51/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1402 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65/,

- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 75-84/,

- Шүүгдэгч Т.У-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ану-Үжин /хх-ийн 63/-ийн мэдүүлэг, ял шалгах хуудас /хх-ийн 69/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Уд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Т.У нь 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 3 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан Д.М-ын эзэмшлийн 60-85 УБП улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашины гадна талыг үзүүртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М-ын “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 45 минутын үед ажилдаа явах гээд машин дээрээ иртэл миний машиныг тойруулаад хурц үзүүртэй зүйлээр зурчихсан байхаар нь ойр орчимд камер байгаа эсэхийг харахад 3 дугаар байрны үзүүрт хяналтын камер байхаар нь орой ирж шүүлгэе гэж бодоод ажилдаа явсан. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камер шүүж үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг 10 минутанд үл таних эмэгтэй 3 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд машинаас буугаад орцны үүдэнд утсаар ярьж байснаа, гэнэт наашаа алхаад миний машины ойролцоо газраас нэг зүйл аваад миний машин дээр очиж хойд талаас нь эхлүүлээд зүүн талын жолоочийн хаалга хүртэл юмаар зурж байснаа буцаад 2 дугаар орцны үүдэнд очоод утсаар ярьж байснаа орц руугаа орсон. ...Тэгээд тэр эмэгтэйн автомашин дээр байсан 99193041 гэсэн дугаараар нь шүүлгэхэд 3 дугаар байрны 2 дугаар орцны 20 тоотод оршин суудаг Ундармаа гэдэг эмэгтэй байсан...” /хх-ийн 16-18/ гэсэн, гэрч Д.Отгонбаярын “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт Т.У ирж бид хоёр хамт хоносон. Би өглөө нь ажил хөөцөлдөх гээд гарсан. Ундмараа манайд үлдсэн. Өглөө гарахдаа жаахан маргалдаад гарсан...” /хх-ийн 24-25/ гэсэн, шүүгдэгч Т.Угийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүрэг, төмөр замд найз Отгонбаярын гэрт нь хоносон, өглөө Отгонбаяр ажилдаа яваад би гэрт нь үлдсэн. Отгонбаяр гадуур архи уугаад явчихсан. Тэгээд би Отгонбаярлуу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би уурандаа гэр лүүгээ шөнө явсан, тухайн үед цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Би гэрлүүгээ орохдоо дээрх үйлдлийг хийсэн, миний хувьд өөрөө юу ч санахгүй байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлгүүд, өргөдөл /хх-ийн 4-5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/, “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-51/ хохирол төлсөн баримт /хх-ийн 44, 85, 86/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын автомашинд 730,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 48-51/, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогчид эд хөрөнгөнд учирсан хохиролд 730,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 44, 85, 86/, хохирогч Д.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 89/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Т.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Т.У-г бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Хэрэг болох үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, тухайн үед юу болсон талаар санахгүй байна, найз залуу Д.Отгонбаярт уур хүрээд хяналтаа алдсан байсан, хяналтаа алдсан учир тухайн үйлдлийг хийсэн юм шиг байна, яг машиныг зурснаа санахгүй байна...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын дүгнэлтээр /хх-ийн 64-65/ дээрх мэдүүлэг няцаагдаж байна.

 

Эрүүгийн 1910021450907 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг сиди хураагдаж ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.У энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.М нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.У-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.У оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1910021450907 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 1910021450907 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР