| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00987/и |
| Дугаар | 1357 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1357
с
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00987/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Дархан–Уул аймаг, Шарын гол сум, хайрхан баг, *** тоотод оршин суух С*** С*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** сувилалын эрхлэгчид холбогдох
““*** сувилалын эрхлэгч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, *** сувилалын няравын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажилласан хугацааны амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.С*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагада болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.С*** би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шарын гол сумын *** сувилалд асрагчаар анх орсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нярав болон асрагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мэргэжлээс шалтгаалах өвчний эрхлэгч эмч Ш.Ю*** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэсэлн ажлаас чөлөөлсөн ба ажлаа 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Уг тушаалын эрх зүйн үндэслэлийг судлан үзэхэд намайг ажлаас чөлөөлөсөн нь үндэслэлгүй байна.
... Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мэргэжлээс шалтгаалах өвчний эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, *** сувилалын няравын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажилласан хугацааны амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Манай сувилалын 4 сувилагч бүгд ажил хавсран хийдэг. Монгол улсын стандарт “Сувилалын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2013 гэсэн стандартад заагдсан бүтэц орон тоонд няравын бүтэн орон тоо байхгүй үндэслэлээр, мөн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 27 тоот албан бичгийг үндсэлэн түр тушаалтай ажиллаж байсан Г.С*** ог ажлаас чөлөөлсөн болно. Г.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С*** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** сувилалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.С*** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сум мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувилалын эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ** тоот тушаалаар тус сувилалд үйлчлэгчээр түр ажилд орсон бөгөөд үргэжлүүлэн мөн сувилалын эрхэгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ТҮ-4-1 шатлалаар цалинжин няраваар ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч ажил олгогч Дархан-Уул аймаг Шарын гол сум мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувиалалын эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Энэ үндэслэлээ хариуцагч ... Сувилалын бүтэц үйл ажиллагааны MNS 5232:2013 гэсэн стандартыг мөрдөж ажилладаг бөгөөд, уг стандартад 35 ортой сувилалд няравын орон тоо бүтнээр байхгүй, 2004-2015 он хүртэл нярав 0,5-р сувилагч нярав хариуцан хийж ирсэн тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа болно. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Мэргэжлийн өвчний бүсийн сувилал ажиллуулах, сувилалын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ 1** тоот тогтоолоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдсэн эмнэлэгт 25 ортой бүсийн сувилалыг байгуулан гэрээ байгуулан ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт, сувиллуулагчийн нэг ор хоногийн тарифийг 2600 төгрөгөөр тогтоон санхүүжилтыг Үйлдвэрлэлийн осол, мэргэжээс шалтгаалах өвчний даатгалын сангаас гаргаж байхыг тухайн сувилалын харьяалах нийгмийн даатгалын хэлтэст даалгасан бөгөөд 2014 оны 35 тоот тогтоолоор 35 ортойгоор жилд 828 иргэнд үйлчилгээ үзүүлэх эрхтэйгээр ажиллаж байгаа бөгөөд, гүйцэтгэлээр санхүүжилтыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс олгодог болох нь 1** тоот тогтоол, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн *** тоот зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзалд дурдсан Сувилалын бүтэц үйл ажиллагааны MNS 5232:2013 гэсэн стандартад сувилалын хүний нөөцийн талаар нярав доод хязгаар тоо 1 гэсэн бөгөөд нэхэмжлэгч Г.С*** нь тус сувилалд асрагч-няравын ажил хавсран гүйцэтгэж байсан гэж хариуцагч няравын орон тоог 2004-2015 он хүртэл 0,5-р буюу хавсран гүйцэтгүүлдэг гэж тайлбарлаж байгаа атлаа тус сувилалын эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар сувилагч Р.Ахмараалыг няраваар хавсран ажиллуулсан байна.
Хариуцагч нэхэмжлэгч Г.С*** асрагч-няраваар ажиллаж байсныг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд, хавсран ажиллаж байсан бол түүнийг ажлаас чөлөөлж түүний ажиллаж байсан орон тоон дээр өөр этгээдийг няраваар хавсран ажиллуулсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн, хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримтлан ажлаас чөлөөлжээ.
Тодорхой орон тооны албан тушаалын ажлын ачааллыг үзэхэд энэ нь нэг орон тооны ачааллыг бүрдүүлэх бололцоогүй бол ачаалал нь нэг орон тоонд хүрэхгүй буй тэр ажил үүргийг өөр ойролцоо албан тушаалын ажил үүрэгтэй нэгтгэж болох бөгөөд Г.С гүйцэтгэж буй ажлын ачаалал нь хэтэрсэн, багассан талаархи нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна.
Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасах явдал юм. Энэ үед ажиллаж байгаа ажилтнуудаас аль чадвартай, мэргэжилдээ илүү сайныг нь үлдээх зарчмыг болон аттестачлалын дүнг ажлын ачааллыг үндэс болгох юм.
Энэхүү хэргийн хувьд ажилтны орон тоог цөөрүүлсэн, хасагдсан гэх үндэслэл таарахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа тухайгаа ажилтанд уг хугацааны өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр буюу тухайлбал мэдэгдэх хуудас өгөх, гарын үсэг зуруулах зэргээр баталгаажуулсан тухайгаа нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Иймд Дархан-Уул аймаг Шарын гол сумын мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувилалын эрхлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Г.С*** үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул Няравын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2016 оны 05 дугаар сарын 16 -ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17 хүртэлхи хугацааны цалин 2 173 150 /434 630 х 5 сар/ төгрөгийг Дархан-Уул аймаг мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувиалалаас гаргуулан нэхэмжлэгч Г.С*** д олгож, олговол зохих цалингаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санд нэг удаа шимтгэлийг тооцон авч төвлөрүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.С*** нь Дархан-Уул аймаг Шарын гол сум мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувиалалын няравын ажилд эргэж орох хүсэлгүй татгалзаж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардагын талаархи татгалзалыг баталж цалинг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.С*** нь Дархан-Уул аймаг Шарын гол сум мэргэжлээс шалтгаалах өвчний “*** “ сувиалалын няравын ажилд эргэж орох хүсэлгүй татгалзаж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардагын талаархи татгалзалыг баталсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 16-наас 2016 оны 10 дугаар сарын 17-ныг хүртэлхи хугацааны цалин 2 173 150 төгрөгийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум мэргэжлээс шалтгаалах өвчний “*** ” сувилалаас гаргуулж ажилтан нэхэмжлэгч Г.С*** д олгосугай
3.Хөдөлмөрийн тухай хууулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заанаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дундажаас ажил олгогчын төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч Дархан-Уул аймгийн мэргэжлээс шалтгаалах өвчний “*** ” сувилалд даалгасугай.
4.Нэхэмжлэгч Г.С*** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мэргэжлээс шалтгаалах өвчний “*** ” сувилалаас тэмдэгийн хураамж 49 720.4 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ