Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 011

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-н Ж-д холбогдох эрүүгийн 1910010200770 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 1999 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өошөөл үзүүлэх тухай комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3001 дүгээр тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг зааснаар 1 жил 2 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-н Ж /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ж- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Батбаянгийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух О.Цэрэнпилийн гэрт хууль бусаар нэвтэрч, Самсунг загварын зурагт, Алтанчингис архи 1 ширхэг, Соёрхол архи 1 ширхэг, хайруулын таваг, ширмэн тогоо, пластик аяга, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Ж: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шил лааз түүх гээд хог ухаад явж байгаад цагаан байшинг харсан, тухайн цагаан байшингийн цонхоор нь харахад авдар дээр нь шилтэй архи харагдахаар нь цонхоор нь орж архийг нь уусан, тэгээд тухайн айлаас зурагт, хайруулын таваг, тогоо, архи зэрэг эд зүйлийг аваад явсан, тэгээд өөрөө очиж хонодог байсан дулааны шугамын доор очин айлаас авсан архиа уусан, тэгээд тасраад тэндээ унтсан байсан. Өглөө нь ам цангаад сэрсэн, тэгэхээр нь айлаас авсан хайруулын таваг, тогоо хоёрыг нь 4000 төгрөгөөр зарсан, тэр мөнгөөрөө 3500 төгрөгөөр нь жижиг архи авч уусан, эргээд нөгөө газраа очиход зурагт нь алга болчихсон байсан.

Цагаан байшингийн цонхыг хагалж орсон, бөөгийн эд зүйлийг аваагүй, гэрт нь бөөгийн эд зүйл болох маск зэрэг хэрэглэл байсан, тэр зүйл рүү нь ойртоогүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэр оронгүй өссөндөө өөртөө гундуу явдаг, ажил төрөл хийж байгаад хохирлоо төлнө, сая хоригдож байхдаа их л зүйлийг бодлоо, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд хашаандаа ороход зүүн талын хаалганы хажуу талын цонх хагарсан байсан. Гэрийн хаалганы цоож хэвээрээ, гэртээ ороход бүх зүйлийг тараагаад хаясан байсан. Гэрт байсан самсунг зурагт, 0.75 литрийн Алтанчингис архи 1 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 1 ширхэг, хайруулын таваг, тогоо, 3 ширхэг пластик аяга, 2 ширхэг модон аяга, бөөгийн хэрэглэл болох бардаг 1 ширхэг, эмэгтэй хүний арьсан хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлс алга болсон байсан. Зурагтаа 2013 онд авч байсан, одоо 200,000 төгрөгөөр үнэлнэ, алдагдсан архи, эд зүйлээ үнэлнэ. ...Зурагтаа дараа нь олж авсан, бөөгийн тойвгуураа гэрийн ойролцоогоос олсон, бусад гутал, хайруулын таваг, ширмэн тогоо, бөөгийн ташуур бардаг, 5 ширхэг аяга, 2 шил архи зэргийг нэхэмжлэхгүй...” /хх-ийн 28-30, 31-32/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шил лаазаа түүгээд явж байхад төмөр замын хажууд хашаа нь нурсан цагаан байшин байхаар нь хашаа руу ороод цонхоор нь харсан чинь авдар дээр нь архи харагдсан. Тэгэхээр нь би цонхыг хагалж ороод авдар дээр байсан архи, зурагт, хайруулын таваг, хоолны тогоо зэргийг аваад явсан. Архийг нь уусан, маргааш нь хайруулын таваг, тогоо хоёрыг Нарантуул зах дээр янз бүрийн юм зардаг хүмүүст 4,000 төгрөгөөр өгчихсөн, зурагтыг нь цагдаад хураалгасан....” /хх-ийн 75-76/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №05/192, №05/189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 45-49, 58-62/,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18, 19-23/,

- Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-43/,

- Шүүгдэгч Н.Ж-ын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах орон байранд буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Батбаянгийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух С.Ц-н гэрт нэвтэрч, Самсунг загварын зурагт, архи 2 ширхэг, хайруулын таваг, ширмэн тогоо, аяга, бөөгийн хэрэглэл, гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 336,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Ц “... 2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд хашаандаа ороход зүүн талын хаалганы хажуу талын цонх хагарсан, хаалганы цоож хэвээрээ байсан. Намайг гэрт ороход бүх зүйлийг тараагаад хаясан байсан. Гэрт байсан самсунг зурагт, архи, хайруулын таваг, тогоо, аяга, модон аяга, бөөгийн хэрэглэл болох бардаг 1 ширхэг, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлс алга болсон байсан...” /хх-ийн 28-30, 31-32/ гэсэн, шүүгдэгч Н.Ж-ын “...Би 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шил лаазаа түүгээд явж байхад төмөр замын хажууд хашаа нь нурсан цагаан байшин байхаар нь хашаанд ороод цонхоор нь харсан чинь авдар дээр нь архи харагдсан. Тэгэхээр нь би цонхыг нь хагалж ороод авдар дээр байсан архи, зурагт, хайруулын таваг, хоолны тогоо зэргийг аваад явсан. Архийг нь уусан, маргааш нь хайруулын таваг, тогоо хоёрыг Нарантуул зах дээр 4,000 төгрөгөөр зарсан, зурагтыг нь цагдаад хураалгасан....” /хх-ийн 75-76/ гэсэн мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №05/192, №05/189 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18, 19-23/, эд мөрийн баримт, хураагдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-43/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц-д 336,500 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 40-43/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч архи, хайруулын таваг, тогоо, аяга зэрэг эд зүйлсийг нэхэмжлэхгүй, харин зурагтыг эргүүлж өгсөн боловч эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон, мөн бөөгийн хэрэглэл алга болсныг нэхэмжилнэ /хх-ийн 30, 31/ гэж мэдүүлж, шүүхийн шатанд “...Зурагтаа буцааж авсан боловч унагаагаад ажиллагаагүй болгосон байна, иймээс зурагтны үнэ 450,000 төгрөг, бурхан тахилгын зэмсэг 200,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Бусад жижиг зүйлсийг алдсан боловч орхиж байна...” гэж бичиж өгсөн /хх-ийн 137/ байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид зурагтыг буцааж өгсөн хэдий боловч эвдэлж ашиглах боломжгүй болгосон, бөөгийн хэрэглэлээ олоогүй нэхэмжилнэ гэсэн тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэмжээнд хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсан үнэлгээний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг” загварын зурагт 140,000 төгрөг, бөөгийн хэрэглэл 40,000 төгрөг /хх-ийн 42/ гэсэн, хохирогч эдгээд эд зүйлсийг нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлөгдөөгүй тул гэм буруутай этгээд болох Н.Ж-аас гаргуулж, хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад бурхан тахилгын зэмсэг алдагдсан талаар огт яриагүй, шүүхийн шатанд шинээр нэхэмжлснийг шүүх энэ хэрэгт хамааралгүй, ач холбоголгүй гэж үзэн хангаж шийдвэрлээгүй болно.

 

Шүүгдэгч Н.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс /хх-ийн 118/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1910010200770 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг татсан тамхины иш хураагдаж ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ж-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээны хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэснийг шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэн хүлээн аваагүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н-н Ж-г  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ын цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-аас 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ц-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1910010200770 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг татсан тамхины ишийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст дуулгасугай.

 

7. Эрүүгийн 1910010200770 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ж-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР