Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00609/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 22-р хороолол, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг, *** тоотод оршин суух Х*** М*** /РД: ***/

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг, *** тоотод оршин суух /одоо оршин суугаа хаяг: Дархан-Уул аймаг, Орхон сум, *** тоот/ Х*** Б*** /РД: ***/ нарт холбогдох

8,806,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** , Б.Э*** , хариуцагч Ю.М*** , хариуцагч Д.Б*** , хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, орчуулагч Ж.***, гуравдагч этгээдийн төлөөлөгч С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:  

“Манай компани ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, *** дугаар байрыг өмчлөгч /ОХУ/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээмшдэг. Уг байрны 5-17 тоот орон сууыг иргэн Ю.М*** д сарын 80,000 төгрөгийг хөлстэй, 1 жилийн хугацаатайгаар 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулан түүнд хөлслүүлсэн. Иргэн Ю.М*** нь орон сууцыг эзэмшж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд хариуцагчаас байрны хөлс 3,085,861 төгрөг, алданги 1,519,351 төгрөг, цахилгааны төлбөр 38,230 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал болох 4,400 төгрөг, нийт 4,647,842 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Уг байрны *** тоот орон сууцыг иргэн Д.Б*** д сарын 110,000 төгрөгийг хөлстэй 1  жилийн  хугацаатайгаар  2014  оны  05  дугаар  сарын  31-ний  өдөр  “Орон  сууц хөлслөх гэрээ”-г байгуулан түүнд хөлслүүлсэн. Иргэн Д.Б*** нь орон сууцыг эзэмшиж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймд хариуцагчаас байрны хөлс 2,505,910 төгрөг, алданги 1,384,600 төгрөг, цахилгааны төлбөр 263,290 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал болох 5,000 төгрөг, нийт 4,158,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*** ХХК нь хариуцагч Ю.М*** аас 2012 оны 11 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний дагуу байрны хөлс 3.085.861 төгрөг, алданги 1.519.351 төгрөг, цахилгааны төлбөр 38.231 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 4.400 төгрөг буюу нийт 4.647.842 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримтын хүрээнд хангах бүрэн хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Учир нь Оросын холбооны улсын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлалтай *** байрыг 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газартай байгуулсан *** дугаартай түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмших эрхээ олж авсан. Тухайн обьектын хууль ёсны эзэмшигч нь болно. Уг орон сууцны 5-17 тоотыг хариуцагч болох Ю.М*** нь сарын 80.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар 2012 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөлслүүлсэн. Хариуцагч нь гэрээ байгуулан тус орон сууцыг эзэмшиж эрхийг олж авсан боловч өнөөдрийг хүртэл хөлс төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын товч утган дээр дурдсан төлбөрүүдийг хариуцагч Ю.М*** аас гаргуулах юм. Мөн нэхэмжлэгч тал хариуцагч нараас гэрээний хугацаан дахь алдангийг л тооцсон байгаа. Бичгээр гэрээ байгуулаагүй хугацааны хувьд зөвхөн байрны сарын түрээсийн төлбөр болох 80.000 төгрөгийг гаргуулахаар мөн тооцсон байгаа. Хариуцагч Д.Б*** ы хувьд *** ХХК нь хариуцагч Д.Б*** аас 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний дагуу байрны хөлс 2.505.910 төгрөг, алданги 1.384.600 төгрөг, цахилгааны төлбөр 263.290 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 5.000 төгрөг буюу нийт 4.158.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримтын хүрээнд хангах бүрэн хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Хариуцагч нар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.2, 1.3-т хөлслөгч нарт заасан үндсэн үүргийг биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэлтэй холбогдолтой бусад тайлбарыг шүүх хуралдааны явцад хэлье.

Би Л.Цуурай өмгөөлөгчийн хэлсэн зүйлтэй санал нэг байна. Шүүх хуралдааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх боломжтой. Хариуцагч нарт тооцож гаргасан алданги дээр манай зүгээс буулт хийсэн. Бид 2016 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр 2016 оны 10 дугаар сар болж байна. 5, 6 сарын төлбөрийг бид өнөөдөр нэхэмжлээд шүүх хуралдаан дээр аваад ирэх боломж бидэнд байсан. Гэхдээ бид хариуцагч нарыг харгалзаж үзэж байна. Мөн эвлэрэн хэлэлцэх асуудлыг цаашид анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Мөн талууд түрээсийн гэрээг ямар нэг дарамт шахалтанд байгуулаагүй. Дархан хотод 100.000, 80.000 төгрөгөөр түрээсэлдэг байр гэж байхгүй байх. Гэрээний 1.2 дахь хэсэгт хөлслүүлж буй орон сууцны үндсэн төлбөрийг заасан байдаг. Мөн гэрээний 1.3 дахь хэсэгт үүнээс гадна цахилгааны төлбөрийг нэмж тооцно гэж заасан байдаг. Тэгвэл энэ гэрээ нь нэг цогц гэрээ юм. Өмчийн эзэн Оросын холбооны улстай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээн дээр бид ямар үүрэг хүлээдэг вэ? гэвэл тухайн байр буюу объектыг бүхэлд нь цогц байдлаар хадгална гэж үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээ бол ямар нэгэн задаргаа байхгүй гэрээ юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2 дахь хэсэгт түрээсийн үндсэн төлбөр, гэрээний 1.3 даь хэсэгт цахилгааны төлбөрийг хэзээ ямар хугацаанд яаж төлөх талаар тодорхой зохицуулсан байгаа. Улмаар гэрээний 1.4 дэх хэсэгт дээрх төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлүүлнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн төлбөр дээр алданги тооцно, цахилгааны төлбөр дээр алданги тооцно гэж байгаа. Яагаад цахилгааны төлбөр дээр алданги тооцддог юм бэ гэвэл оршин суугчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Бид цаанаа Оросын холбооны улстай гэрээ байгуулсан байдаг болохоор бидэнд алданги тооцддог учраас бид цахилгааны төлбөр дээр алданги тооцохоор гэрээндээ тусгасан юм. Гэрээний 1.4 дэх хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байгааг илэрхийлж байгаа тул, мөн хууль болон гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй тогтооосон анзыг хэлнэ гэж хуульд заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцэж байгаа тул алданги тооцож нэхэмжлэх эрх нь бидэнд нээлттэй байгаа тул эвлэрэн хэлэлцэх санал хэвээрээ байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай гэрээнд бол бүх зүйл орж тооцогдсон байгаа. Ганцхан кабель, утасны мөнгө л тусдаа бодогдож байгаа. Цахилгаанаа хэрэглээгээрээ төл, бусад бүх зардал түрээсийн мөнгөд орж байна гэж ойлгож болно. Манай зүгээс жил болгон мөнгөний хашнаас болоод түрээс өөрчлөгддөг. Өнөөдөр Ю.М*** ын хувьд маш ашигтай байна гэж үзэж байна. Сард 80.000 төгрөгийн түрээс төлөөд сууж байгаа айл одоо байхгүй. Доод тал нь 120.000 төгрөгийн түрээс төлж байгаа. Д.Б*** ы хувьд 2014 оны 6 сард л хамгийн сүүлд 70.500 төгрөг төлөөд тэрнээс хойш 2 жилийн турш ямар ч төлөлт хийгээгүй байна. Гэтэл энэ хугацаанд манай компани Д.Б*** ы түрээсийн үнийг төлж байсан болохоор бид алдангаа нэхэмжлэх эрхтэй” гэжээ.      

 

Хариуцагч Ю.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Би 2008 оны 09 дүгээр сарын 21-нд анх *** ХХК-тай гэрээ хийж өмнөх айлын өр гэж надаас 310,000 төгрөг авсны үндсэн дээр орсон юм. Би анх сарын 50,000 төгрөгийн түрээстэй байранд орж түрээсээ төлж байгаад 2010 оноос өрөөгөөр томсгон орж сард 60,000 төгрөгийг түрээс төлдөг болсон. 2013 оны 5 сар хүртэлх хугацаанд би түрээсийн төлбөрөө цалингаа буух болгонд аваачиж төлдөг байсан боловч ихэнхийг алдангид тооцоод авчихдаг бөгөөд үндсэн түрээсийн үлдэгдэл өр хэвээр үлддэг.  Бидний цалин байнга тогтмол өдөртөө буудаггүй учир хугацаандаа төлж чаддаггүй байсан. Ер нь бол 1 сар орчим л алдаж төлдөг байсан. Анх гэрээ хийхэд алдангийг сараар тооцно гэсэн боловч гэрээнд 0,5%-ийн алдангийг хоног тутам тооцно гэсэн заалт байсан. Энэ заалт нь бидний эрх ашгийг хохироосон заалт байсан.

*** ХХК нь сарын  түрээсээ байнга нэмэгдүүлдэг. Учир нь гэрээнд /2.4 дэх заалт/ хангагч байгууллага ОХУ үнийн өөрчлөлт оруулаагүй тохиолдолд үнийн өөрчлөлт оруулахгүй байх гэж заасан. Гэвч энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл хийдэггүй. ОХУ-д хэдэн төгрөг бидний мөнгөөс өгдөгийг ч мэдэгддэггүй. Нэг л мэдэхэд сар тутам түрээс нэмэгдүүлж авдаг болсон. Үүнийг би гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

*** ХХК нь цахилгаан, ус,  дулааны мөнгийг бас авдаг. 2011 оныг хүртэл манайх тоолуурын заалтаар гэрлээ төлж байсан боловч энэ нь шууд *** ХХК гүйцэтгэдэг. Цахилгаан хэдэн төгрөг гарсныг тус компани бичнэ. Бид мөн *** ХХК-д төлдөг. Сүүлдээ мөнгөө төлсөн байсан айлыг хамруулан нэлэнхүйд нь цахилгааныг хязгаарлаж 2014 оны 3 сараас бүх тоолуурыг хураан авч подвалд тавин түгжсэн. Энэ цагаас би ямар хэмжээний цахилгаан хэрэглэж байгаагаа ч мэдэхээ больж одоо 3 дахь жилдээ албан ёсны цахилгаан тоггүйгээр амьдарч миний эрх ашгийг дэндүү хохироож байна. Түүгээр ч зогсохгүй цахилгааны төлбөрөөс ч хүртэл алданги тооцож авдаг. Түрээснээс алданги авч алданги нь үлдэгдэлтэй бол мөн л алдангаас алданги тооцож авах болсон. Иймээс би дээрх компанитай гэрээ хийхээс больсон.

*** ХХК-иас гаргаж өгсөн тооцоог харахад намайг түрээс цахилгааны мөнгийг хэдэн хоног хоцруулж өгөөд хэдэн төгрөг тооцсоныг ч мэдэх боломжгүй, алданги гэж төлөөд байхад л алдангийн үлдэгдэл гэж үлдээд байгаагийн учрыг ойлгохгүй байна.

Мөн 2013 онд цахилгаан тасалснаас хойш сар бүр 600 төгрөгийн цахилгаан хэрэглснээр тооцоо гаргаж өгснөөс үзэхэд тус компанийн төлбөрийн тооцоо үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин цаашид ОХУ-ын гэрээ хэлцэлийг үндэслэн үзэж харж байж түрээсийн төлбөр өгнө. Цахилгаан, ус, дулааны төлбөрийг хуульд заагдсаны дагуу хэрэглээнийхээ хэрээр холбогдох байгууллагад нь төлж байхыг хүсч байна. Бид айл өрх байж албан байгууллагын үнэлгээгээр төлөх боломжгүй.

*** ХХК-ийн иргэдээс түрээсийн мөнгө авах эрх нь 2016.02.19-нд албан ёсоор зөвшөөрөгдсөн байгааг харгалзан үзнэ үү” гэжээ.

 

Хариуцагч Ю.М*** нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 2008 онд *** ХХК-тай гэрээ хийж байранд орсон намайг орох үед Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газартай байгуулсан *** дугаартай түрээсийн гэрээ нь цуцлагдчихсан байсан. Миний зүгээс цахилгаан хэрэглээгүй учраас цахилгааны төлбөрийг төлөхгүй, мөн алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаанд гарсан төлбөрийг төлнө. Гэрээнээс хойш гарсан төлбөрийг төлөхгүй.

Би энэ байранд орохдоо урьд нь байсан хүний өр болох 310.000 төгрөг бэлэн төлж орсон. Хэрэгт энэ тухай баримтыг хавсаргасан байгаа.    Алдангийн 50 хувийг хассан үнийн дүнг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна.

3.883.766 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч Д.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Би 2009 оны 03 дугаар сарын 04-нд*** байрны 407 тоот байранд орсон юм.  гэрээ хийж өмнөх айлын өр гэж надаас 310,000 төгрөг авсны үндсэн дээр орсон юм. Анх орохдоо *** ХХК-тай гэрээ хийж өмнө нь байсан айлын үлдэгдэл өр гэж надаар 238,000 төгрөг төлүүлж оруулсан. Манайхыг анх ороход түрээсийн төлбөр 60,000 төгрөг байсан ба дээр нь цахилгаан, ус, дулааны мөнгө гэж өөрсдийн дур зоргоороо нэмж авдаг болсон юм.

*** ХХК нь энэ байранд оршин суугчидын амьдралын чадавхийг үл харгалзан сар бүрийн 10-ны дотор төлөхгүй бол 0,5%-иар алданги тооцно гэж хатуу заалт оруулан алданги тооцохгүй төлбөр түрээс гэж байхаа больсон билээ. Иймд байдалтай байсаар сүүлдээ хоног сараар түрээсээ нэмэгдүүлж 2014.05.31-нд хийсэн гэрээгээр сарын түрээсийг 2014.06.01-нээс 2014.07.01 хүртэл 100,000 төгрөг, 2014.07.01-нээс хойш 110,000 төгрөг гэж нэхэх болсон. Энэ байрны оршин суугчид өөрийн гэсэн орон гэр авах чадалгүй, амьдрал ахуйн хувьд дорой буурай хүмүүс байдаг. Гэтэл бид сард хэрэглэж байгаа ус, цахилгааныхаа тоолуурын заалтаар биш *** ХХК-ийн дур зоргоороо хувааж тавьсан мөнгийг цахилгааны мөнгө гэж төлж энэ тухай тус байгууллагын удирдалагад олон удаа хэлж хэрэглээнийхээ хэрээр төлдөг газарт нь төлж баймаар байна гэхэд ямар ч нэмэр болоогүй. Манай тогийг 2014 оны 8 сард тасалсан. Өнөөдрийг хүртэл тоггүй харанхуй орчинд байна. Иймээс тус компанитай 2014.05.31-нээс хойш дахин гэрээ хийгээгүй. Энэ талаар зохих байгуулагад нь хандаад хариугаа хүлээж сууна. *** ХХК-ийн гаргаж өгсөн  нэхэмжлэлийг үзэхэд 2014.06 сараас 2016.04 сарыг хүртэл над дээр цахилгааны төлбөр сар болгон  гаргасан байна. Энэ хугацаанд цахилгаан тасалчихаад ямар үндэсэлэлээр ийм өр надад тавьж байгааг ойлгохгүй байна.

2014.05.31-нд надтай хийсэн *** тоот гэрээний 2.4-р заалтаар хангагч байгууллагаас түрээсийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн байхад яагаад түрээсийг нэмээд байгааг мэдэхгүй.

Ер нь энэ компани ОХУ-тай гэрээтэй эсэхийг бид мэдэхгүй, гэрээгээ бидэнд танилцуулдаггүй. Энэ байрыг тус компани ямар эзэмших эрхтэйг бид мэдэхгүй.

Иймд *** ХХК яг одоогийн байдлаар ОХУ-ын өмч гэгдэх энэ байрыг хууль ёсоор эзэмших эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрэл тог хэрэглээгүй учир гарсан төлбөрийг зөвшөөрөхгүй” гэжээ.  

 

 

 

Хариуцагч Д.Б*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би дээрх байранд өөрөө амьдардаггүй. Сургуулийн 2 жил оюутан хүүхдийг*** сараас 9 дүгээр сар хүртэл суулгадаг юм. Түрээсийн төлбөрийг 2008 оноос 2014 он хүртэл тасралтгүй төлж ирсэн. Би сургуулийн 2 хүүхдийг байлгахын тулд энэ байрыг түрээсэлдэг юм. 2 жил миний хоёр хүүхэд тоггүй, усгүй байсан. Би 196 дугаар тоочикт замчин хийдэг ажилтай. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндсэн дээр энэ маргааныг үүсгэсэн юм. 2014 оны 8 дугаар сараас хойш *** ХХК-тай гэрээ байгуулаагүй юм. 8 дугаар сард манай тогийг тасдсан. Тог тасалсанаас хойш *** ХХК-тай гэрээ байгуулаагүй энэ хооронд байрны түрээс 2.505.910 болсон юм байна. 5 дугаар сараас эхлэн дулаан авдаггүй юм. Гэтэл түрээсийн гэрээнд ус, дулааны үнэнд өөрчлөлт ордоггүй байгаа. Тэгэхээр би 2.505.910 төгрөгөнд задаргаа хийгээд дулаан, усны үнийг тусад нь гаргаж ирвэл үлдсэн мөнгийг ярилцаж болно гэсэн саналыг нэхэмжлэгч талд тавьсан боловч зөвшөөрөөгүй. Байрны хөлсөнд түрээс төлөх нь үнэн боловч дулааны үнийг 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хасуулах саналтай байна.

2014 оны*** сарын 1-ээс 2015 оны 5 дугаар сарын 30 хүртэл цахилгааны төлбөр 263.290 төгрөг гарч байгааг ойлгохгүй байна. Учир нь манай байрны цахилгааныг тухайн үед тасалсан байсан” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.Б*** аас *** ХХК-нь 2.505.910 төгрөг нэхэмжилж байгаа боловч гэрээн дээр нийт түрээсийн төлбөр гэж байдаг. Гэхдээ энэ нь дулаан, ус, цахилгаанаас бусад төлбөр орж байгаа. Усгүй, дулаангүй, цахилгаангүй байгаа үед оршин суугчид бүгд л тодорхой хэмжээгээр хохирч байгаа. Тень тавьж байна, усыг энд тэндээс зөөж байна. Цаашилбал гэрэл цахилгаан дээр хүртэл гаазан плитка хэрэглэж байна. Үүнд хамгийн нэгдүгээрт хүний эрх ашиг зөрчигдөж байна. Түрээсийн төлбөр дээр задаргаа гаргах шаардлага байхгүй. Шүүх хурал дээр шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эвлэрэх боломж байдаг тул өнөөдрөөс эхлээд дулаан, усыг тавиад айлуудад цахилгааныг өгч болохгүй юм уу, *** ХХК-нь дулааны байгууллагатайгаа ярилцвал дулааныг тавих боломжтой юм. Мөн талууд гурвалсан гэрээ хийх боломжтой юм. Гэтэл хариуцагч нарыг 100 хувь мөнгөө төлж байж ус, дулаанаа ав гэж байгаа нь хариуцагч нарт хүнд байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газартай байгуулсан *** дугаартай түрээсийн гэрээ нь хэлэлцээр №2-оор 2010 онд хугацаа нь дууссан. Харин хэлэлцээр №3-аар Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газартай байгуулсан *** дугаартай түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан байна.

Ю.М*** ын хувьд эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан өнөөдрийг хүртэлх төлбөрөө төлнө. Энэ  дээрээ график тогтоогоод, шинэ  гэрээ байгуулах ёстой. Цаашид ус, цахилгаантай байх бололцоог өнөөдөр хангах ёстой юм. Талуудын байгуулсан гэрээг хууль зүйн талаас харахад *** ХХК-ны энэ гэрээ зарим талаараа хууль зөрчиж гаргасан гэрээ гэж харагдаж байна” гэжээ.

 

Гуравдагч этгээд С.С.Жилинский шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газартай байгуулсан *** дугаартай түрээсийн гэрээний өмчлөгчийг төлөөлж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дэмжиж байна. Миний зүгээс санаа зовж байгаа зүйл бол хөрөнгө мөнгө эвдрэх асуудал дээр санаа зовж байна. Хариуцагч нараас шаардаад байгаа мөнгийг хариуцагч нараас гаргуулах ёстой гэж үзэж байна. Энэ газар бол Оросын холбооны өмч болно. Дархан-Уул аймгийн үл хөдлөх газрын бүртгэлд байдаг.Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газар учраас Оросын холбооны өмч болно.

*** ХХК-ийн дотоод аж ахуйн үйл ажиллагаанд манай зүгээс оролцох асуудал эрх зүйн хувьд байхгүй” гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ю.М*** аас байрны хөлс 3 085 861 төгрөг, алданги 1 519 351 төгрөг, цахилгааны төлбөр 38 230 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан  нэхэмжлэгч, хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийн дагуу нэхэмжлэгч  *** ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзах  эрхийн дагуу  нэхэмжлэлийн шаардлагын алдангийн хэмжээг багасган 3.883.766 төгрөг болгон нэхэмжилж байгааг хариуцагч Ю.М*** хүлээн зөвшөөрч байгаа нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул  зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.Б*** д  холбогдуулан байрны хөлс 2 505 910 төгрөг, алданги 1 384 600 төгрөг, цахилгааны төлбөр 263 290 төгрөг  тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргааны  зүйл болж байгаа хариуцагчийн оршин сууж байгаа Дархан сум 22 дугаар хороолол*** байр нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар”–ын өмч бөгөөд тус Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар “Холбооны Засгийн газрын Үйлдвэр“-тэй “*** “ ХХК  түрээсийн гэрээгээр эзэмшихээр гэрээ байгуулсан бөгөөд  2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот түрээсийн гэрээний хавсралтад эзэмших эрхтэй хөрөнгийн жагсаалтад орсон байна.

Талууд түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан Монгол Улс Дархан хот 22 дугаар хороолол 4,*** байрыг 1 ам метр талбайг сарын 0,5 доллараар, жилийн 16 927.5 доллараар, 2008 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ,  гэрээний 1, 2 дугаар хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн гэрээнд  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  нэмэлт хэлцэл №3-ийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Хэлцэл №3, гэрээний хавсралт 1, 2 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Энэ гэрээгээр түрээслэн авагчийн төлөх түрээсийн үнийн нийт дүнг тогтоосон байх тул гэрээгээр  ОХУ-ын өмчийг захиран зарцуулах эрх үүссэн тул оршин суугчдаас төлбөр шаардах эрхтэй байна.

Дээрхи үйл баримт нь  Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар “Холбооны Засгийн газрын Үйлдвэрийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15 хүртэл хугацаанд олгосон итгэмжлэлтэй гуравдагч этгээд Жилинский Сергей Станиславовичийн шүүх хуралдаанд гаргасан ...  Энэ газар бол Оросын холбооны өмч болно. Дархан-Уул аймгийн үл хөдлөх газрын бүртгэлд байдаг. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хилийн чанд дахь өмчийн газар учраас Оросын холбооны өмч болно. *** ХХК-ийн дотоод аж ахуйн үйл ажиллагаанд манай зүгээс оролцох асуудал эрх зүйн хувьд байхгүй ... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.Б*** тай  2014 оны  05 дугаар сарын  31-ний өдөр Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол,*** байрны *** тоот 1  том өрөөг, 12 сарын хугацаатай буюу 2014  оны*** сарын 01-ний өдрөөс  2015  оны*** сарын 01-ний өдөр хүртэл сарын 110 000 төгрөгөөр төлбөрийг тооцох,  хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ны дотор төлөх, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлөх, дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ *** , зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа, гэрээг бичгээр байгуулж,  үүрэг гүйцэтгэх хугацаа, хөлс төлөх журмыг тохирсон, хуулийн шаардлага хангасан, мөн хуулийн  287 дугаар зүйлийн 287.1–д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй  байна.

Нэхэмжлэгч “*** ” ХХК нь хариуцагч Д.Б*** тай байгуулсан *** тоот орон  сууц хөлслөх гэрээний дагуу сууцны  хөлсийг 2014 оны*** сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 30  хүртэл  хугацаанд гэрээнд зааснаар байрны түрээс 1 310 000 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 256 690 төгрөг, алданги   914 200 төгрөг гэж тооцож байгаа бөгөөд  үүнээс түрээсийн төлбөрт 2014 оны 06 дугаар сард 60 000 төгрөг төлсөн байна.

Гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 01–нд дууссан бөгөөд Д.Б*** 4/07 тоот 1 өрөөг үргэлжүүлэн ашигласаар байсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй бөгөөд энэ хугацааны төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 04 дүгээр сар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд байрны түрээс 1 210 000 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөрт орц хонгилыг гэрэлтүүлгийн төлбөрт 6 600 төгрөг, нийт 1 216 600 төгрөг нэхэмжилж байгаа болно.

Энэ нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч Д.Б*** ... ямар үндэслэлээр төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй,   сард авч байгаа  110 000 төгрөгөөс хэд нь дулаан, усны төлбөрт төлж байгаа талаар задаргаа хийсний дараа төлнө, тог тасалсан, мөнгө өгөхөөр алданги гээд авчихдаг, байрны үнийг гэрээнд зааснаар илүү үнээр нэхдэг тул гэрээнд тусгаагүй түрээсийн төлбөрийг төлөхгүй, хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлнө, алданги төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд  байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 5.3-д “Гэрээний хугацаа дуусмагц хөлслүүлэгч талын зөвшөөрлөөр гэрээг сунгах ба цуцална” гэж заасан боловч гэрээг   бичгээр сунгаагүй боловч  хариуцагч нь одоог хүртэл амьдарч байгаа нь *** тоот гэрээний  нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа, гэрээг сунгагдсан талаар хэн аль зөвшөөрч байгаа гэж үзэхээр байх   тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

    Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн бичгээр гэрээ байгуулсан хугацааны буюу 2014 оны*** сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэл гэрээнд зааснаар байрны  төлбөрийн шаардаж байгаа хэсэгт алданги нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Д.Б*** нь  Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар“ Холбооны Засгийн газрын Үйлдвэрийн газрын өмчийн байранд амьдарч байгаа, дээрхи орон сууцыг *** ХХК нь гэрээний үндсэн дээр ашиглах, эзэмших үүрэг хүлээж  байгаагийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.Б*** нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний дагуу хөлслөн сууж байгаа орон сууцны төлбөр төлөх үүргийг  тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т заасан хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлөх,  292 дугаар зүйлийн 292.3-т заасан талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз  гэх бөгөөд  анзын төрөл болох гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон   алданги  төлөх гэрээг бичгээр байгуулсан тул үүрэг гүйцэтгүүлэгч алданги шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан гэрээгээр хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ны дотор төлөх, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлөх буюу сар тутам төлбөр төлж байхаар хугацаатай, дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцсон тул алдангийг тухайн сарын төлбөрийг  хугацаанд нь төлөөгүй хоногт тооцсон нь буруу биш байна.

       Хариуцагч Д.Б*** нь байрны үнийг гэрээнд зааснаас илүү үнээр нэхдэг, алданги төлөхгүй, тог тасалсан гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 1.2-т “Хөлслүүлж буй орон сууцны сарын түрээсийн төлбөр нь 2014.06.01-ний өдрөөс 2014.07.01-ний өдөр хүртэл 100 000 төгрөг, 2014.07.01-ний өдрөөс хойш 110 000 төгрөг бөгөөд хөлслөгч орон сууцны хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ний дотор төлнө”, 1.3-д “Хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлнө”, 1.4-д “Дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно”, 2.5-д “Төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд цахилгаан болон усны хязгаарлалт хийх” гэж заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагч Д.Б*** нь гэрээгээр хүлээсэн үүргээс гадна  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2-т заасан эрхээ хэргжүүлэх боломжтойгоос гадна мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т заасан хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах 289 дүгээр зүйлийн 289.2.2-т заасан хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.

         Мөн гэрээний 4.1-т зааснаар гэрээний хугацаанд гэрээний талаар харилцан ойлголцолын журмаар асуудлыг шийдвэрлэхээр тусгасан бөгөөд, тухайн байранд оршин сууж байгаа талаар маргаагүй нөхцөлд гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргах, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлэхийг шаардах, маргах эрхтэй байсан байна.

                Гэрээнд заасан сар бүрийн төлбөр  нь тухайн орон сууцыг хөлслөн сууж байгаагийн хувьд сард 1 удаа төлж буй төлбөр бөгөөд  үүнээс дулааны эрчим хүч, цэвэр болон бохир усны тооцоог зохих байгууллагатай яаж тооцож байгааг тооцсоны дараа төлбөрийг төлнө гэж байгаа нь үндэслэлгүй байна. “*** ” ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дах  Өмчийн газар“ Холбооны Засгийн газрын Үйлдвэрийн газрын өмчийн  орон сууц, зочид буудал зэргийг  “*** ” ХХК нь гэрээний үндсэн дээр ашиглах, эзэмших үүрэг хүлээж  байгаагийн хувьд хангагч байгууллагатай  объектоор  нь гэрээ байгуулан нэгдсэн   байдлаар төлбөр тооцоог барагдуулж байгаа, оршин суугч нар өмчлөгч биш тул хангагч байгуулага оршин суугч бүртэй гэрээ байгуулах боломжгүй тул сарын төлбөр болох 110 000 төгрөгийн хэд нь дулаан, усны хэрэглээнд зарцуулагдаж байгааг тооцох боломжгүй байна.

           Мөн Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх тул дулаан, цахилгаан эрчим  хүч, цэвэр усаар хангагдах  зэрэг хүний наад захын хэрэглээг боогдуулсан үйлдэл гаргаж байгаа, энэ талаар гэрээгээр зохих хязгаарлалт хийж байгаа нь нэхэмжлэгчийн буруу боловч, хангагч байгуулагатай объектийн бүхэл хэрэгцээгээр 1 гэрээ байгуулж байгаатай холбоотой, энэ үйлдэлд хариуцагч нар өөрсдөө буруутай байна.

Дээрхи зөрчил үйлдэл, орон сууны үнэ зэргийг дахин гэрээ хийх үед анхаарвал зохино. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ю.М*** 3 883 766 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хариуцагч Ю.М*** д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул “*** ” ХХК, хариуцагч Ю.М*** нар нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 89 316 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 3 883 766 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 77 090.26 төгрөгийг хариуцагч Ю.М*** аас гаргуулан нэхэмжлэгч “*** ” ХХК-д олгосугай.

4.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 232.6-д зааснаар хариуцагч Д.Б*** аас  4 158 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*** ” ХХК-д олгосугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*** ” ХХК-иас 2016 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр ХААН  банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж   81 491  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч  Д.Б*** аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох  4 158 800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж  81 491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “*** ” ХХК-д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Б***   нь шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хариуцагч  Д.Б*** , түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ